Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагжавын Болормаа |
Хэргийн индекс | 147/2020/00095/и |
Дугаар | 237 |
Огноо | 2020-04-01 |
Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 237
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Сын
Хариуцагч: Б.Гэд холбогдох
хүүхдийн эцэг тогтоож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.С, хариуцагч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.С шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Гтэй 2015 онд танилцаж, улмаар үерхэж дотноссон. Бид 2016 оны 04 сарын 28-ны өдөр хүүхэдтэй болсон. Хүүхэдтэй болсноос хойш буюу 2016 оны 11 сараас хойш Г нь биднээс хөндий харьцаатай болсон. Би одоо өөр хүнтэй гэр бүл болсон тул Гтэй дахин нийлж амьдрах боломжгүй болсон. Бидний хүү Д нь төрсөн цагаасаа миний асрамжид амьдарсан. Г нь хүүхэд рүүгээ ирдэггүй, асарч халамжилдаггүй. Иймд Б.Гийг хүү Дийн эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Г шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С бид хоёр хамтын амьдралтай байхдаа хүү Дийг төрүүлсэн. С Баяндэлгэрийнх, би Түмэнцогтынх учраас өрх тусгаарлаж гараагүй ч хадмынх, манайхны дунд ирж, очин амьдардаг байсан. Хүүгээ нэг нас хүртэл нь хамтдаа амьдарч байсан. Харин Сын ааш зан хувирч, чамтай амьдарч чадахгүй сална гээд хүүхдээ аваад явсан. Чи салах гэж байгаа бол би хүүгээ авч үлдэнэ гэхэд би өөрөө хүүгээ өсгөнө гээд явсан. Би хөдөө байдаг учраас тэр бүр аймагт ирээд байж чаддаггүй. Эхэндээ хүүтэйгээ уулзах гэхээр уулзуулдаггүй, хөөж туугаад байдаг байсан. Утсаар ярих гэхээр утсаа ч авдаггүй, авсан тохиолдолд хүүг минь яриулдаггүй. Одоо С хүнтэй суусан. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон.
Миний хувьд Түмэнцогт суманд хөдөө аав, ээжтэйгээ амьдардаг. Өрх тусгаарлаагүй, өөрийн гэсэн мал эд хөрөнгөгүй. 2019 оны 6 сард автын осолд орж зүүн хөлөө хугалснаас хойш хүнд ажил хийж чадахаа больсон. Хүү С.Дийг миний хүү гэдэгт маргах зүйлгүй. Харин ажилгүй, орлогогүй учраас хүүхдийн тэтгэлэг төлөх чадваргүй. Миний амьдарлын нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч Б.Гэд холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Б.Г нь хүүхдийн эцэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд хүү С.Д нь миний хүү мөн тул зөвшөөрнө гэж, харин хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй гэж татгалзжээ.
Д.С, хариуцагч Б.Г нар нь 2015 оноос эхлэн дотно харилцаатай болж тэдний дундаас С.Д 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрж, эрүүл энх бойжиж байгаа болох нь Сүхбаатар аймгийн Тэмүүлэн өрхийн эмнэлгийн тодорхойлолт, зохигчийн тайлбар, С.Дийн 2207000058 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Хариуцагч Б.Г нь “С.Д нь миний хүүхэд мөн тул маргах зүйлгүй” гэж нэхэмжлэлийн эцэг тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн С.Дийн эцэг нь Б.Г нь мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна.
Хариуцагч Б.Г нь 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн С.Дийг харж асрамжилж, тэжээн тэтгэдэггүй, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг хүний үүргээ биелүүлдэггүй болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Иймд С.Дийг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар эцэг Б.Гээр сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Сын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Гээс улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэгт 1 жилд төлвөл зохих 1 210 200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 33 595 төгрөгийг хариуцагч Б.Гээс гаргуулж улсын төсвийн орлогод тус тус оруулахаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн С овогтой Дийн эцэг нь Бурмаа овогтой Г мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн С.Дийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Бурмаа овогтой Гээр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасныг баримтлан Д.С, Б.Г нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх хүлээх учиртай болохыг мэдэгдсүгэй.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Сын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Гээс улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэгт 1 жилд төлвөл зохих 1 210 200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 33 595 төгрөгийг хариуцагч Б.Гээс гаргуулж улсын төсвийн орлогод тус тус оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
6. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА