| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2023/0261/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/327 |
| Огноо | 2023-09-11 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Т.Т |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/327
2023 09 11 2023/ШЦТ/327
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж, ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг, шүүгч Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Т.Т
Иргэдийн төлөөлөгч Г.Б
Хохирогч Д.Я
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц
Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т-т холбогдох эрүүгийн 2325001400185 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Б.Т
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Б.Т нь 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Манханы *-** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Д.Я той пиво уулаа гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогчийг газарт түлхэж унагаан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Т-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ “Эхнэртээ хүнд гэмтэл учруулсандаа харамсаж байна. Цаашдаа эхнэр хүүхдүүдээ анхаарч халамжлана. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү. Тэр өдөр ажлаа тараад ирэхэд эхнэр маань пиво уучихсан байсан. Тэрнээс болж маргаан үүссэн.” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Д.Я мэдүүлэхдээ “Манай хүн 6 цаг өнгөрөөгөөд ажлаа тараад орж ирсэн. Би уучихсан байсан нь үнэн. Тэгээд маргалдаад би заазуур барьсан чинь нөхөр маань заазуурыг булааж аваад намайг түлхэхэд би унасан. Эмчилгээ хийлгэсэн. Одоо биеийн байдал сайн байгаа. Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /1 дэх хавтаст хэргийн 4-8 дахь тал/
2. Даваат багийн хамтарсан багийн хурлын тэмдэглэл. /1 дэх хавтаст хэргийн 15-16 дахь тал/
3. Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ. /1 дэх хавтаст хэргийн 17-23 дахь тал/
4. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл. /1 дэх хавтаст хэргийн 24-26 дахь тал/
5. Хохирогч Д.Я ын “Би 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нөхөр Б.Т-той утсаар маргалдсан юм. Тэгээд нөхөр маань ажлаасаа тараад гэртээ ирсэн. Тэгээд нөхөр маань намайг түлхсэн бөгөөд би заазуур авч араар нь нөхрийнхөө шилбэ рүү цохьсон юм. Тэгтэл нөхөр уурлаад цагаан өнгийн сандал авч шал руу шидсэн юм. Би ШШХ-ийн шинжээч эмч Ж.Г-н 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №214 дугаартай дүгнэлттэй танилцсан бөгөөд миний биед учирсан гавал тархины битүү гэмтэл, тархины баруун тал бөмбөлгийн дух хэсгийн хатуу хальсан доорх их хэмжээний цусан хураа, тархины эдийн цусархаг няцрал бүхий гэмтлүүдийг манай нөхөр Б.Т нь намайг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гэрт байхад түлхэхэд би том өрөөнд байдаг хувцасны шкафыг толгойгоороо мөргөөд тэгээд шалан дээр унасан юм. Тэгэхдээ л би тус гэмтлүүдийг авсан байх. Тэрнээс намайг нөхөр маань гар болон хөлөөрөө цохиж зодоогүй, мөн намайг ямар нэг зүйлээр цохиж зодоогүй. Тухайн үед над руу нөхөр маань цагаан сандлыг шидсэн боловч намайг оноогүй тэгээд шалан дээр буугаад хөлнүүд нь салчихсан юм. 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гэртээ байхад 12 цагийн үед миний толгой эргээд байсан бөгөөд нэг мэдэхэд би таталт өгөөд эмнэлэгт ирчихсэн байсан. Тухайн үед манай гэрт ээж М болон хүүхдүүд маань байсан. Тухайн үед нөхөр маань эрүүл байсан бөгөөд миний хувьд 0,5 литрийн 2 ширхэг пиво уучихсан байсан юм. Нөхөр маань намайг пиво уулаа гээд уурлахаар нь би түүнд хандан чи дуугүй бай гээд л маргаан эхэлсэн юм. 2020 оны 12 дугаар сард нөхөр маань намайг зодсон асуудлаар шүүхээр орж байсан юм. Тэрнээс өмнө болон түүнээс хойш нөхөр маань намайг зодож байгаагүй. Тухайн үед нөхөр маань нэг хүүхэнтэй нэр холбогдоод тэгээд маргаан болж надад гар хүрч байсан юм. Би нөхөр Б.Т-гоо албан ёсны гэрлэлтийн батлахтай, бид 2 хамт амьдраад 10 гаруй жил болж байна, дундаасаа 4 хүүхэдтэй. 2020 оноос манай нөхөр Говьд ажилладаг байхдаа нэг хүүхэнтэй холбогдож тэгээд гэр бүлийн уур амьсгал эвдэгдсэн юм. Түүнээс нь болж би сардаа 2-3 удаа согтууруулах ундаа хэрэглэчихдэг бөгөөд нөхөр маань архи дарс уулаа гээд дургүй байдаг юм. Тийм л асуудал байгаа юм. Надад одоо нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 66-67, 69 дэх тал/
6. Гэрч С.Б-н “2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 17 цагийн үед төрсөн дүү Я-н том хүү Ү нь над руу утсаар залгаад “ээж маань ухаан алдаад уначихлаа, өглөөнөөс хойш 2 удаа ухаан алдаж байна” гэж хэлэхээр нь би “түргэн тусламж яаралтай дуудаж бай, очлоо” гэж хэлээд гэрээсээ гараад Я-н гэрт нь буюу Даваат баг Манханы *-** тоотод очиход Я ыг түргэн тусламж аваад явчихсан байсан. Гэрт нь ороход манай ээж М , Я-н бага 3 хүүхэд нь цуг байсан. Тэгээд эмнэлэг дээр иртэл эмнэлгийн ажилчид цагдаа дууд гэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан. Б.Т нь дүү Д.Я ыг яг зодож байхыг нь би харж байгаагүй. 2023 оны 01 дүгээр сарын эхээр би ээж М гийн гэрт очиход дүү Д.Я той тааралдсан юм, тэгэхэд Д.Я ын 2 хацар нь хөхөрчихсөн, мөн зулгарчихсан байсан бөгөөд би дотроо бодохдоо нөхөртөө зодуулсан байна гэж бодсон. Тэрнээс би яг юу болсон талаар асуугаагүй. Т нь хэдэн жилийн өмнө говьд удаан хугацаагаар ажиллаж байгаад эмэгтэй хүнтэй болсны улмаас хоорондоо муудалцан гэр бүл салах дээрээ тулж байгаад хүүхдүүдээ бодоод салахаа больсон. Тэрнээс хойш хоорондоо харьцаа жаахан таарамжгүй болсон юм байна лээ. Т нь манай дүүг үе үе зоддог байсан, 2022 оны сүүлээр манай дүүг зодчихоод салаад явчихсан гэж байсан, тэгсэн 7 хоногийн өмнө ирчихсэн байна гэж манай ээж хэлж байсан” гэх мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 71-73 дахь тал/
7. Гэрч Д.Б-н “2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн орой би ээж М гийн гэрт ганцаараа очсон юм. Тэгтэл ээж маань хэлэхдээ дүү Я чинь нөхөртөө зодуулаад өнөөдөр ухаангүй эмнэлэгт хэвтлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би эмнэлэг дээр очсон бөгөөд яг юу болсон талаар нарийн ширийн юмыг нь мэдэхгүй байна. Миний төрсөн дүү Д.Я нь Б.Т-той гэр бүл болоод удаж байна, дундаасаа 4 хүүхэдтэй юм. Б.Т нь миний дүү Д.Я ыг урд өмнө цохиж зодож байсныг надад харсан болон мэдэх зүйл байхгүй ээ. Би хааяа л тэднийхээр очдог бөгөөд дүү бид 2 байнгын холбоотой байдаггүй юм” гэх мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 87 дахь тал/
8. Гэрч Д.Я-н “2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр над руу манай том эгч Б утсаар залгаж дүү Я чинь ухаан алдаад түргэн аваад эмнэлэг явлаа гэж ярьсан. Тэгэхээр нь би эмнэлэг дээр очиж тус өдрийн орой дүүгээ сахиж хоносон юм. Тухайн үед дүүтэйгээ ярилцаж чадаагүй бөгөөд учир нь ярих чадваргүй, ухаан санаа нь орж гараад байсан. Би яг юу болсон талаар мэдээгүй бөгөөд дүүгээ ухаан орсны дараа би түүнтэй уулзаж чадаагүй өдийг хүрлээ. Би ажил ихтэй болохоор цаг зав багатай байдаг юм. Д.Я нь миний төрсөн дүү бөгөөд тэрээр Б.Т-той гэр бүл болоод 10 гаруй жил болж байна, дундаасаа 4 хүүхэдтэй юм. Б.Т нь дүү Д.Я ыг урд өмнө цохиж зодож байсныг би ёстой мэдэхгүй байна. Миний хувьд тэднийхээр бараг очдоггүй бөгөөд дүү Д.Я маань надад хандан нөхөртөө зодууллаа гэж хэлж ярьж байгаагүй юм” гэх мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 89 дэх тал/
9. Гэрч Ч.Б-н “Биеийн байдал хүнд, ухаан санаа бүдгэрсэн, хөөрлийн байдалтай, асуултад тод зөв хариулж байсан. Томографикын шинжилгээ хийхэд тархины баруун тал бөмбөлгийг дагсан хатуу хальсан доорх их хэмжээний цусан хураа үүссэн. Хэсэг газрын үзлэгт нүүрээр, хацар шанаа хэсэгт, бусад их биеэр хөхөрч няцарсан, зулгарсан шархнуудтай байсан. Яаралтай мэс засал хийх заалттай байсан. Одоо би тухайн хөхөрсөн, няцарсан нь шинэ, хуучин байсан эсэх, яг биеийнх нь хаана байсныг санахгүй байна. Бид нар ерөнхийд нь бичдэг бөгөөд нарийн бичиж, тэмдэглэдэггүй” гэх мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 105 дахь тал/
10. Б.Т ын сэжигтнээр өгсөн “Яг унахдаа юм мөргөж унаагүй, харин шалан дээр унахдаа бие болон толгойгоороо шал мөргөсөн байх. Би их хүчтэй газарт түлхэж унагаасан бөгөөд тэгэхэд л эхнэр маань толгойгоороо шал цохиод тэгээд түүнд учирсан гэмтэл үүссэн байх. Тэрнээс би түүнийг гараараа болон ямар нэг зүйлээр цохиж зодоогүй. Мөн би түүнийг ямар нэг зүйл мөргүүлээгүй юм. Үгүй ээ, яг намайг цохисны дараа бол түүнээс булааж аваагүй хэсэг хугацааны дараа түүнээс булааж авсан. Би түүнээс заазуур булааж авчхаад түлхэж унагаасан юм” гэх мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 107 дахь тал/
11. Орхон аймгийн ШШХ-ийн шинжээч эмч Ж.Г-н 2023 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн №214 дугаартай “Д.Я ын биед гавал тархины битүү гэмтэл, тархины баруун тал бөмбөлгийн дух хэсгийн хатуу хальсан доорх их хэмжээний цусан хураа, тархины эдийн цусархаг няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно” гэх дүгнэлт. /1 дэх хавтаст хэргийн 95-96 дахь тал/
12. Шинжээч эмч Ж.Г-н “Би Д.Я ыг 2023 оны 02 дугаар сарн 28-ны өдөр буюу эмнэлэгт хандсанаас нь хойш 12 хоногийн дараа үзсэн. Намайг үзэхэд тархины гэмтлээс өөр биеийн бусад хэсэгт зөөлөн эдийн гэмтлүүд болох хөхөрсөн няцарсан, зулгарсан гэмтэл байгаагүй. Эмчлэгч эмч өвчтнийг эмчилсэн онош нь тархины гэмтэл байсан тийм учир өөрийн үзлэг, эмчилж буй онош хоёрыг үндэслэн тархины гэмтлээр дүгнэлтийг гаргасан. 2023.02.16 болон 2023.02.17-ны өдрүүдийн эмчийн үзлэгүүдэд нүүр болон биеийн бусад хэсгүүдэд зулгаралт, хөхөрсөн, няцарсан байдлууд бичигдсэнээс үзэхэд зөөлөн эдийн гэмтлүүд үүссэн байж болно. Намайг үзлэг хийх үед шимэгдэж эдгэрсэн байж болно. Ийм богино хугацаанд шимэгдэж эдгэрч байгаа тул гэмтлийн зэрэгт хамрагдахгүй зөөлөн эдийн гэмтэл байсан байж болно” гэх мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 246-247 дахь тал/
13. Гэрч Ц.Г-н “Миний бие мэдээгүйжүүлэлтийн эмч, тухайн тэмдэглэлд Ү.Б эмч шиг нэг бүрчлэн дурьдах шаардлагагүй байдаг. Ерөнхий мэдээ алдуулалт хийх боломжтойг тодотгосон тэмдэглэл бичсэн юм. Мөн би гэмтлийн эмч шиг бүх гэмтлийг нарийн нэг бүрчлэн дурьдах шаардлагагүй, өөрт тод санагдсан хэсгийн гэмтлийг дурьдсан” гэх мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 249-250 дахь тал/
14. Гэрч Ц.Б-н “Би нарийн тодорхой санахгүй байна гэхдээ үзлэгийн тэмдэглэлд дурьдсан байхыг харахад Д.Я нь уг гэмтлүүдийг авсан байна. Гэмтэл байсан учир тэмдэглэлд дурьдана. Тус гэмтлүүд нь амь насанд аюулгүй учир хэлбэр хэмжээ тодорхой бичигдээгүй юм. Асуумжаар нөхөртөө зодуулсан л гэж байсан” гэх мэдүүлэг. /2 дахь хавтаст хэргийн 2-3 дахь тал/
15. Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/73 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/116 дугаар шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч нарын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Т дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Т нь 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Манханы *-** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Д.Я той пиво уулаа гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогчийг газарт түлхэж унагаан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Шүүгдэгчийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул уг үйл хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц дүгнэлтдээ “Шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй. Шүүгдэгч хүлээн зөвшөөрч байгаа. Харин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж хүндрүүлэн зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй мэтгэлцэж оролцоно. Гэр бүлийнхээ хүрээнд үйлдэгдсэн зөрчил, гэмт хэрэг бүрийг гэр бүлийн хүчирхийлэл гэж үзэж болохгүй. Гэр бүлийн хүчирхийлэл өөрөө айлгаж дарамтлах, өөрийн эрхшээлд оруулах зэрэг шинжүүдтэй байх ёстой. Гэтэл энэ хэргийн хувьд нөхөр нь гэртээ ирэхэд эхнэр нь согтууруулах ундаа хэрэглэсэн байснаас маргаан үүсэж, эхнэр нь эхэлж заазуур барьж дайрсан байна. Заазуурыг ирээр нь эсхүл араар хэрэглэж дайрсан эсэхийг тухайн үед мэдэх боломжгүй. Эхнэрээ түлхэж унагааснаас уг гэмтэл учирсан. Энэ үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл гэж үзэх боломжгүй. Иймд шүүхэд хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байна. Шүүгдэгчийн хувийн байдал хэргийн нөхцөл байдлыг харгалзан хуульд заасан торгох ялыг оногдуулж өгнө үү.” гэв.
Иргэдийн төлөөлөгч Г.Б дүгнэлтдээ “Гэр бүлийн хоорондох маргаанаас үүдэлтэй шүүх хуралд оролцов. Эхнэрээ түлхсэний улмаас тархиндаа гэмтэл авсан. Эмчилгээ хийлгэж одоогоор өвдөх зүйлгүй. Шүүгдэгч хохирогч хоёр дундаасаа 2-14 насны 4 хүүхэдтэй. Хохирогч согтууруулах ундаа уусан байсан. Хохирогч ажил эрхэлдэггүй, нөхөр ганцаараа ажил эрхэлдэг, хохирогч өөрөө согтууруулах ундаа хэрэглэж заазуур барьж шүүгдэгч рүү дайрсан гэхээр бараг өөрийгөө хамгаалсан гэж үзэж байна. Шүүгдэгч гэм буруугаа ойлгосон, хохирогч гомдолгүй гэдгээ хэлсэн учир шүүгдэгчийг яллах бодолгүй байна” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, Даваат багийн хамтарсан багийн хурал, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, хохирогч Д.Я ын “түлхэхэд би том өрөөнд байдаг хувцасны шкафыг толгойгоороо мөргөөд тэгээд шалан дээр унасан юм. Тэгэхдээ л би тус гэмтлүүдийг авсан байх. Тэрнээс намайг нөхөр маань гар болон хөлөөрөө цохиж зодоогүй, мөн намайг ямар нэг зүйлээр цохиж зодоогүй” гэх мэдүүлэг, гэрч С.Б-н “дүү Д.Я той тааралдсан юм, тэгэхэд Д.Я ын 2 хацар нь хөхөрчихсөн, мөн зулгарчихсан байсан бөгөөд би дотроо бодохдоо нөхөртөө зодуулсан байна гэж бодсон.” гэх мэдүүлэг, гэрч Д.Б-н “ээж маань хэлэхдээ дүү Я чинь нөхөртөө зодуулаад өнөөдөр ухаангүй эмнэлэгт хэвтлээ гэж хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч Д.Я-н “Б.Т нь дүү Д.Я ыг урд өмнө цохиж зодож байсныг би ёстой мэдэхгүй байна. Дүү Д.Я маань надад хандан нөхөртөө зодууллаа гэж хэлж ярьж байгаагүй юм” гэх мэдүүлэг, гэрч Ч.Б-н “Хэсэг газрын үзлэгт нүүрээр, хацар шанаа хэсэгт, бусад их биеэр хөхөрч няцарсан, зулгарсан шархнуудтай байсан.” гэх мэдүүлэг, Б.Т ын сэжигтнээр өгсөн “Би их хүчтэй газарт түлхэж унагаасан бөгөөд тэгэхэд л эхнэр маань толгойгоороо шал цохиод тэгээд түүнд учирсан гэмтэл үүссэн байх” гэх мэдүүлэг, Орхон аймгийн ШШХ-ийн шинжээч эмч Ж.Г-н 2023 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн №214 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Ж.Г-н “Би Д.Я ыг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр буюу эмнэлэгт хандсанаас нь хойш 12 хоногийн дараа үзсэн. Намайг үзэхэд тархины гэмтлээс өөр биеийн бусад хэсэгт зөөлөн эдийн гэмтлүүд болох хөхөрсөн няцарсан, зулгарсан гэмтэл байгаагүй” гэх мэдүүлэг, гэрч Ц.Б-н “Асуумжаар нөхөртөө зодуулсан л гэж байсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Т нь 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Манханы *-** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Д.Я той пиво уулаа гэсэн шалтгаанаар маргалдаж, хохирогчийг түлхэж унагааснаас эрүүл мэндэд нь гавал тархины битүү гэмтэл, тархины баруун тал бөмбөлгийн дух хэсгийн хатуу хальсан доорх их хэмжээний цусан хураа, тархины эдийн цусархаг няцрал бүхий хүнд хохирол учирсан үйл баримт тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шүүх хуралдааны явцад өгсөн хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Т нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Хохирогч согтууруулах ундаа хэрэглэсэн байдлаас үүдэн маргаан үүсэж, хохирогч шүүгдэгчийн эрүүл мэндэд халдах явцад хохирогчийг түлхэж унагасан гэх үйлдлийг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Т нь санаатай үйлдлээр хүнийг түлхэж унаган, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэл, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг /хохирогчийн эрүүл мэндийн байдал/ шүүгдэгчийн хувийн байдал /гэр бүлийн байдал/ зэргийг харгалзан хуульд заасан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Я ын эрүүл мэндэд гавал тархины битүү гэмтэл, тархины баруун тал бөмбөлгийн дух хэсгийн хатуу хальсан доорх их хэмжээний цусан хураа, тархины эдийн цусархаг няцрал бүхий хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн одоо биеийн байдал сайн байгаа гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар ирүүлсэн цагаан өнгийн модон сандлын тавцан 1 ширхэг, бүтэн сандлын хөл 3 ширхэг, хугартай сандлын хөл 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Орхон аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Б овгийн Б-ны Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-г 15 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15 000 000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-т оногдуулсан 15 000 000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар ирүүлсэн цагаан өнгийн модон сандлын тавцан 1 ширхэг, бүтэн сандлын хөл 3 ширхэг, хугартай сандлын хөл 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС
ШҮҮГЧИД Д.АРИУНЦЭЦЭГ
Б.НАРМАНДАХ