Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагжавын Болормаа |
Хэргийн индекс | 147/2020/00002/и |
Дугаар | 151 |
Огноо | 2020-02-20 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Цалин хөлсний маргаан, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 151
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Оийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Онгон сумын Ед холбогдох
Сургуулийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 сарын 16-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О, хариуцагч Сүхбаатар аймгийн Онгон сумын Еийн захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.О шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2019 оны 12 сарын 04-ний өдөр хууль бусаар хөдөлмөрийн гэрээгээ цуцлууллаа. 1987 оны 04 сарын 23-ны өдрөөс эхлэн цэцэрлэг, сургуульд 32 жил ажилласан. Энэ хугацаанд би ажлын зөрчил доголдол гаргаж байгаагүй. 2017 онд хөдөлмөрийн аварга ажилчин болж байсныг манай хамт олон мэднэ. Сахилгын зөрчил гаргасан гэж захирал Энхбаатар 2019 оны 12 сарын 03-ны өдрийн Б/34 тоот тушаалаар ажлаас халсан. Тушаалдаа намайг ажлын цагаар архи ууж, ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ирж, хамт олон сурагчдын дунд бүдүүлэг авирлаж, хүн гүтгэн доромжилсон гэсэн. Би тэр өдөр өдрийн ажлаа хийчихээд явсан. Ажлын цагаар архи уугаагүй. Орой ажил тараад хоёр найзтайгаа нэг шил архи хувааж уусан. Тийм согтуу байгаагүй. Тэгээд манай хурлын зааланд маргааш нь аймгаас ирсэн Онгон сумаас сонгогдсон иргэдийн төлөөлөгч уулзалт хийнэ гэж байсан болохоор заалаа цэвэрлэчихэе гээд сургууль руу очсон. Өдөр 12 дугаар ангийн хүүхдүүд урлагийн үзлэг бэлдэж байсан болохоор заалаа цэвэрлээгүй явсан. Захирал надаас Б багшийг асуусан. Би нөгөө коридорт явж байсан гэж хэлэхэд чи архи уусан юм биш үү гээд сумын хэсгийн төлөөлөгчийг дуудан ирүүлж, энэ согтуу байна уу гэж хэлсэн. Цагдаа Гантулга та архи уусан байна. Гэртээ харьж амар гэсэн. Би заалаа цэвэрлэчихээд явна гээд заалаа цэвэрлэчихээд л харьсан. Би Б багшийг архи уусан гэж маргаагүй. Намайг энэ асуудлаас болж хамт олны хурлаар хоёр удаа оруулсан. Би тухайн өдөр ажлын бус цагаар жаахан юм уучихаад ажил дээрээ очсон нь миний буруу. Б багшийг гүтгээгүй, зүй бус авирлаагүй. Би маргааш нь зааланд ажилтай гэсэн болохоор заалаа цэвэрлэх гэж л очсон. Ер нь захирлыг анх томилогдоход нь манай сургуулийнхан хүлээж авахгүй гэж гарын үсэг зурсан. Тэрэнд намайг гарын үсгээ зурсан гэж загнаж байсан. Тэрнээс болсон гэж бодож байна. Намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэв.
Хариуцагийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Отгонцэцэг нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/34 тоот тушаалаар ажлаас халагдсан. Тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан. Сахилгын шийтгэл бол сануулах, үндсэн цалингаас хасах, ажлаас халах гэсэн шаталсан төрөлтэй. Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолын 7.1-д ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, хадгалсан гэсэн байдаг. Отгонцэцэгийн хувьд ажлын байранд архи уусан зүйл байхгүй. Тушаалд ажлын цагаар гэж заасан байгаа. Хавтаст хэргээс харахад гэрч Чоймборолжав, Батмөнх нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас харахад 21-22 цагийн хооронд болсон байдаг. Хөдөлмөрийн тухай хуульд ажлын цагийг долоо хоногийн ажлын цаг нь 40 хүртэл, ердийн ажлын өдрийн үргэлжлэл 8 хүртэл цаг байна гэж заасан. Тухайн өдөр Отгонцэцэг өөрийн үүрэгт ажлаа 18 цагт хийж дуусгаад тарсан байдаг. Тийм учраас ажлын цагаар архи уусан зөрчил гаргасан гэж үзэхгүй байна. Маргааш нь үйл ажиллагаатай байсан учраас орой цэвэрлэгээ хийхээ ирэхдээ захиралтайгаа таарсан байдаг. Хөдөлмөрийн гэрээг цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг заавал барих ёстой. Гэтэл Отгонцэцэгийг ажлаас халсан тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг барьсан зүйл байхгүй. Мөн тушаалд хүн гүтгэж, доромжилсон, ёс зүйгүй хандсан гэж бичсэн. Хэргийн материалаас харахад ийм зүйл байхгүй байна. Тиймээс уг тушаалыг үндэслэлгүй гэж үзэж Отгонцэцэгийг ажилд эгүүлэн тогтоож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Сүхбаатар аймгийн Онгон сумын Еийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.О нь Онгон сумын Еийн үйлчлэгчээр ажиллаж байсан ба 2019 оны 11 сарын 21-ний өдөр ажлын цагаар ажлын байранд архи ууж, согтуу ирж сурагчдын дунд зүй бус авирлан, дуу хөгжмийн багш Ч.Бийг гүтгэн доромжилсон. Миний хувьд шаардлага тавьсан боловч “би найзуудтайгаа архи уусан тэгээд яадаг юм” гэж зүй бус харилцсан болно. Д.Оийг ажлын цагаар архи уусан, зүй бус авирлаж байсныг нотлох гэрч болох сумын хэсгийн төлөөлөгч Г.Г, сургуулийн нийгмийн ажилтан Б.Б, сургуулийн жижүүр М.Ч нар байсан болно.
Д.Оийг гаргасан зөрчил дутагдалтай нь холбогдуулж ажилчдын хурлаар 2 удаа оруулсан боловч өөрөө гэмшсэн шинжгүй ямар нэгэн тайлбар хийгээгүй ба хамт олон нь ч ари уусан байсныг мэдсэн байсан тул хамгаалаагүй болно. Миний хувьд хуулийн дагуу арга хэмжээ авсан тул гаргасан шийдвэрээ дэмжиж байна. Энэ хүн ажил тараад орой 21.30 цагт заал цэвэрлэхээр ирсэн гэж байна.
Энэ бол худлаа. Би хүмүүс чанга ярих чимээнээр өрөөнөөс гарч ирэхэд дуу хөгжмийн багш Б энэ хоёр би уусан, чи уусан гээд маргаад зогсож байсан. Тэр үед 16-17 цагийн орчимд л болсон үйл явдал. Харин тэр үед нь сумын хэсгийн төлөөлөгч Г.Г сургууль дээр явж таарсан. Би энэ хоёр маргаад байна. Хэн нь уусан байна. Чи шалгачих гэсэн. Отгонцэцэгийг уусан байна. Та харьж амар гэж байсан. Гэрчүүд цагийн тухайд яагаад зөрүүтэй мэдүүлэг өгснийг мэдэхгүй. Эвлэрэх боломжгүй. Гаргасан шийдвэрээ дэмжинэ. Намайг томилогдоход тэр сургуулийн бүх хүмүүс хүлээж авахгүй гэж гарын үсэг зурж байсан. Тийм болохоор би алиныг нь зохион байгуулсан гэдгийг мэдэхгүй. Тийм үндэслэлээр Отгонцэцэгт хандаагүй. Хуучин захирал энэ хоёр ах, дүүгийн хүүхдүүд юм гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Сүхбаатар аймгийн Онгон сумын Ед холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Сүхбаатар аймгийн Онгон сумын Еийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/34 тоот тушаалаар тус сургуулийн үйлчлэгч Д.Оийг үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Байгууллагын дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.3.1, Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолын 1.7 дахь заалтыг тус тус үндэслэсэн байна.
Хариуцагч, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч нь “Ажлын байрандаа ажлын цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүн гүтгэж, ёс зүйгүй авирлаж, хувь хүний болон байгууллагын нэр хүндийг гутаасан ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн” гэж маргаж, тус сургуулийн “Дотоод журам”, хариуцагчийн хүсэлтээр Сүхбаатар аймгийн Онгон сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч Г.Г, тус сургуулийн нийгмийн ажилтан Б.Б, жижүүр Чоймборолжав нарыг гэрчээр асуулгаж гэрчийн мэдүүлгүүд хавтаст хэрэгт авагдсан байна.
Дээрх тушаалын үндэслэл сургуулийн хөдөлмөрийн дотоод журам, засгийн газрын тогтоол зэргээс үзэхэд “Д.О нь 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдөр сургууль дээр ажлын байрандаа согтуу байсан болох нь хариуцагчийн хүсэлтээр гэрчээр асуугдсан гэрч тус сургуулийн жижүүр М.Чын “тухайн өдрийн орой 22 цагийн орчим үйлчлэгч Д.О нь сургууль руу ирж биеийн тамирын заал, нэг ангийн цэвэрлэгээ хийчихээд явсан. Д.Оээс архины үнэр жаахан үнэртэж байсан. Тийм айхтар согтуу байгаагүй” гэж, тус сургуулийн нийгмийн ажилтан Б.Бийн “2019 оны 11 сарын 21-ний орой 22 цагийн орчим болсон үйл явдал юм. Тухайн үед Б багш спорт зааланд хүүхдүүдийн урлагийн үзлэгийг бэлдүүлж байхдаа гадаа гарч тамхи татчихаад орж ирж байхад нь сургуулийн захирал чи архи уусан юм уу? гэж Б багшаас асууж байсан. Тэгэхэд хажууд нь зогсож байсан Д.О үйлчлэгч наад хүн чинь уусан. Би уугаагүй гэсэн. Захирал архи үнэртээд байна. Хэнээс чинь үнэртэв гээд зогсож байсан. Дараа нь сумын хэсгийн төлөөлөгч Г.Г ирсэн байсан. Захирал дуудсан эсэхийг мэдэхгүй. Захирал энэ хоёр хүний хэн нь архи уусныг шалгаад өг гэж байсан. Үйлчлэгч Д.Оийг архи уусан байна. Гэрт нь хүргэж өг гэж хэлж байсан. Д.Оийн архи уусан нь мэдэгдэж байсан” гэж, гэрч сумын хэсгийн төлөөлөгч Г.Гантулгын “тухайн өдөр сургууль руу 16-17 цагийн орчим ороход захирал нь үүдэндээ ууртай зогсож байсан. Тэгээд үйлчлэгч Д.Оийг архи уусан гэж хэлж байсан. Намайг чи хар даа гэхээр нь би тухайн анги руу ороход нэг ангийн цэвэрлэгээг хийж байсан. Отгонцэцэгийн нүд нь талимаарсан байдалтай архи үнэртэж байсан. Би та яагаад ажилдаа согтуу ирсэн юм бэ, харьж амар гээд хэлээд явсан” гэж мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна. Харин ажлын цагаар согтуу байсан, ажлын бус цагаар согтуу байсан эсэх нь гэрчүүд цагийн талаар зөрүүтэй мэдүүлсэн нь эргэлзээ төрүүлж байх тул архи уусан цаг нь тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.
Мөн дуу хөгжмийн багш Бийг архи уусан гэж гүтгэсэн, хувь хүний болон байгууллагын нэр хүндийг гутаасан зөрчлийн талаар хавтаст хэрэгт авагдсан баримт байхгүй. Б багшаас гомдол гаргасан баримтгүй, түүний архи ууж, ёс зүйгүй авирласан зөрчлийн талаар хамт олны хурлаар 2 удаа хэлэлцсэн гэх боловч хурлын тэмдэглэлийг бичсэн нярав өвчтэй хүн асраад чөлөөтэй байгаа тул тэмдэглэлийг ирүүлэх боломжгүй байсан гэж хариуцагчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдоогүй гэж шүүх үзлээ. Д.О нь ажлын байранд согтуу ирж зөрчил гаргасан нь тогтоогдсон боловч тус сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 8.3.1-д заасан ажлаас халах ноцтой зөрчилд тооцох “ажлын цагаар архи уух” үндэслэл тогтоогдсонгүй гэж шүүх үзлээ.
Мөн тус сургуулийн үйлчлэгч Д.Отэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэх нь тодорхойгүй, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг хавтаст хэрэгт ирүүлээгүй байна. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, байгаа тохиолдолд ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримтлах байтал ажил олгогч баримтлаагүй. Тушаалын үндэслэл болон хариуцагчийн хариу тайлбартаа ноцтой зөрчил гаргасан гэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэлд хамаарагдах боловч “хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил” гэдгийг гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулахыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулсан. Иймд үйлчлэгч Д.Оийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй байна.
Иймд хариуцагч Сүхбаатар аймгийн Онгон сумын Еийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2019 оны Б/35 тоот тушаалын үндэслэл нь холбогдох нотлох баримтаар нотлогдож, тогтоогдохгүй байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Оийг Сүхбаатар аймгийн Онгон сумын Еийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах болон нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгүүлэх шаардлагын тухайд: Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-ийн а-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүүг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж заасны дагуу Д.Оийн нэг сарын дундаж цалин хөлс нь 557 330 төгрөг /1 671 991 : 3 сар = 557 330/ төгрөг, нэг өдрийн дундаж цалин хөлс нь 25 922 /557 330 : 21.5 хоног = 25 922/ төгрөг болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна. Шүүх нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо түүний нийгмийн даатгалын дэвтрийн сүүлийн гурван сар буюу 2019 оны 9, 10, 11 дүгээр саруудын цалингаас тооцсон болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан учраас Д.Оийн ажлаас халагдсан 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 2 сарын 20-ны өдрөөр тооцож ажилгүй байсан хугацааны буюу ажлын 57 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний олговорт 1 477 554 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч Онгон сумын Ед цалинтай тэнцэх хэмжээний олговор 1 477 554 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр суутган тооцож нэхэмжлэгч Д.Оийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг үүрэг болгох нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.О нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч Онгон сумын Еиас улсын тэмдэгтийн хураамжид 108 791 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Оийг урьд эрхэлж байсан ажил буюу Онгон сумын Еийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговорт 1 477 554 төгрөгийг хариуцагч Онгон сумын Еиас гаргуулж нэхэмжлэгч Д.От олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар цалинтай тэнцэх хэмжээний олговор 1 477 554 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр суутган тооцож нэхэмжлэгч Д.Оийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Онгон сумын Ед даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.О нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч Онгон сумын Еиас улсын тэмдэгтийн хураамжид 108 791 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
6. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА