| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Сувд-эрдэнэ |
| Хэргийн индекс | 163/2023/0117/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/122 |
| Огноо | 2023-06-21 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 2023/ШЦТ/122
2023 06 21 2023/ШЦТ/122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж, Ерөнхий шүүгч Э.Энэрэл, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
улсын яллагч П.Шижиртуяа
иргэдийн төлөөлөгч Т.*******,
амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******,
шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир,
шүүгдэгч Х.******* нарыг оролцуулан,
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.*******д холбогдох эрүүгийн 2215002890314 дугаартай, 163/2023/0117/Э индекстэй хэргийг 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт Хишигхүүгийн *******, Булган аймгийн ******* суманд 1979 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, Булган аймгийн ******* сумын Жаргалант 5 дугаар багт оршин суух бүртгэлтэй, бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, урьд
-2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Сум дундын 4 дүгээр шүүхийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар 03 сарын баривчлах ялаар,
-2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Булган аймгийн сум дундын шүүхийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хорих ялыг тэнссэн,
-2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Булган аймгийн сум дундын шүүхийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор 11.7 дугаар зүйлийн 1, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 07 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, 43 настай, эрэгтэй, /РД:*******/.
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Х.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 03-ны орой 22 цаг 40 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ******* сумын Жаргалант 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Д.*******тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, бие эрх чөлөөнд нь халдан толгойн зүүн зулай хэсэгт төмрөөр цохиж гавал тархины ил гэмтэл, зүүн зулай ясны цөмөрсөн бяцарсан хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн цусархаг няцрал, хуйханд зүүн зулайд язарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч Д.******* нь 2022 оны 12 сарын 25-ны орой 21 цаг 05 минутын орчимд Орхон аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2215002890314 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Х.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 03-ны орой 22 цаг 40 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ******* сумын Жаргалант 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Д.*******тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, бие эрх чөлөөнд нь халдан толгойн зүүн зулай хэсэгт төмөр мэт зүйлээр цохиж гавал тархины ил гэмтэл, зүүн зулай ясны цөмөрсөн бяцарсан хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн цусархаг няцрал, хуйханд зүүн зулайд язарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч Д.******* нь Орхон аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлж байгаад 2022 оны 12 сарын 25-ны орой 21 цаг 05 минутын орчимд нас барсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.*******гийн өгсөн: 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өглөө хохирогчийн гэрт очсон. Өвсөнд хэн нь явах талаар асуух гэж гэрт нь очиход талийгаач надаас ганц юмны мөнгө байна уу гэхээр нь 5.000 төгрөг байна гэхэд та нэг юм аваад ирээч, өчигдөр уучихсан гэхээр нь дэлгүүрээс нэг шил архи авч ирээд баруун талын амбаарынх нь үүдэнд хувааж уусан. Тэгээд намайг явах гэхэд та орой хүрээд ирээрэй жимбий хийнэ гэсэн болохоор нь орой нь дахиад очсон. Тэгэхэд талийгаач Ганбаагийнд жаахан юм уусан гэж байсан. Аав, ээж нь хадам ээжийнх нь хамаатантай орж ирээд жимбийг хувааж идээд аав, ээж, хамаатны хүн нь гараад явсан. Тэгээд юм яриад сууж байхад Мөнхсайхан ах хэдэн хүн авч ирээд самарт явна гэж байна гэхээр нь олон хүнээр яахав дээ, унаа тэрэг хүрэлцэхгүй гэж би хэлсэн. Тэгсэн эхнэр нь тэр архичнаар яах юм гэхэд эхнэрийнхээ гарыг хөшиж, үсдээд чирсэн. Тэгэхээр нь би авч гараад яах гээд байгаа юм, саяхан баривчилгаанд явсан биз дээ, хадам ээж чинь дахиад өгчихнө, болохгүй гэж зөндөө гуйсан. Тэгээд овоо тайвшраад гайгүй болохоор нь авсан чинь гэрлүүгээ ороод цээжээ нүцгэлээд хайч аваад гараад ирэхээр нь тэвдэхдээ урдаас нь өшиглөсөн. Мотоцикл маань машин, довжоо хоёрынх нь дунд байсан болохоор би мотоциклоо авч чадалгүй үлдээгээд явсан. Маргааш нь ирэхэд гэртээ байхгүй байсан. Тэгээд өвсөн дээр байхад манай ах утсаар ярьсан. Тэгээд эргээд давхиад ирсэн чинь сумын хэсгийн төлөөлөгч та хаашаа ч явахгүй эндээ байж бай гэсэн. Эхлээд лоомоор цохисон гэж байгаад дараа нь бууны гол төмрөөр цохион гэсэн. Гол төмөр хаана байсныг мэдээгүй. Би гол төмрөөр цохиогүй гэх мэдүүлэг,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******ын өгсөн: 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр *******ээс зодуулсан гээд өглөө нь Булганаар дайраад Орхоны аймгийн нэгдсэн эмнэлэгт ирсэн. Тэгээд хүнд зүйлээр цохисон байна гээд яаралтай хагалгаанд орсон. Сүүлдээ эмнэлгээс гараад унадаг болсон. Дүүд 2.500.000 төгрөг өгсөн гэсэн. Би гомдолтой байна. Шүүгдэгч үнэнээ хэлэхгүй байна. Чи миний дүүг төмрөөр цохиж алсан. Бид хэд хэргээ хүлээтэл нь явна. Архи уугаад маргасан зүйл байхгүй гэсэн. Эхнэр лүү нь махаа хураалаа гэж уурлаад ийм зүйл болсон гэсэн. Төмрөөр цохиод явсных нь дараа эхнэр нь гарч ирээд хүмүүс дуудсан байсан. Оршуулгын зардлыг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн баримтаа сая гаргаж өгсөн. Шатахууны зардлыг нэхэмжлэхгүй гэх мэдүүлэг,
3. Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн газарт үзлэг хийсэн: ...үзлэгийг цааш үргэлжлүүлэн байшингийн хойд талд очиход машинуудын дугуй байх ба дугуйнуудын хажууд загвар марк тодорхойгүй бууны төмөр гол байх ба...хэргийн газрын үзлэгээр хураан авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 07-08 дахь тал/,
4. Нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 09 дэх тал/,
5. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.*******ын өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 09 цагийн орчимд босоод байж байхад ******* ах манай гэрт ирсэн. ******* ах ирээд чи айлд өвсөнд явах гэж байгаад больсон юм байна би оронд чинь явчих уу гэж асуухаар нь би тэг тэг та явчих гэж хэлэхэд за би тэгвэл Баяраатай утсаар яриад хэлээд үзье гэж хэлсэн. ******* ах манай гэрээс гарч яваад удалгүй 1 шил 0.5 литрийн "Стандарт" гэх нэртэй архи бариад ирэхээр нь бид хоёр манай хашаан дотор байдаг жижиг байшингийн хажуу талд хувааж уучихаад байж байтал ******* ах явлаа гээд яваад өгсөн. Би өдөр гадуур явж ойр зуурын ажлаа амжуулчихаад 20 цагийн орчимд гэртээ харьсан. Би гэртээ хариад жимбий гэдэг хоол хийгээд байж байхад 21 цагийн орчимд ******* ах манай гэрт ирсэн, ******* ахыг ирэхэд манай хадам аав, ээж, хоёр хоол идэх гээд ирчихсэн сууж байсан. ******* ах гаднаас орж ирээд хадам аав, ээж хоёртой юм ярьж сууж байгаад хоол идсэн. Манай хадам аав, ээж хоёр хоол идчихээд яваад өгсөн, ******* ах гэрт үлдсэн. ******* ах бид хоёр юм яриад сууж байхдаа би эхнэр *******д хандаж үлдсэн хоолоо хураачих гэж хэлэхэд та нар хоосон ясаа харамлаад байгаа юм уу? гэж хэлэхээр нь би харамлаагүй ээ идээд болчихсон болохоор нь хураачих гэж хэлсэн юм гэхэд ******* ах уурлаад бид хоёр гэрээс гараад би та яагаад байгаа юм бэ гэж хэлэхэд намайг пизда минь чам шиг чацга тэгдэггүй юм гээд бид хоёр 2-3 удаа хоёр биенийгээ заамдаж аваад цохилгүйгээр салсан. Би гэр лүүгээ орж өмсөж явсан цамцаа тайлж тавьчихаад буцаад гараад ирэхэд ******* ах байхгүй байсан би байшингийнхаа урд талаар явж байгаа үгүйг нь харчихаад харагдахгүй болохоор нь буцаад гэртээ орох гээд явж байтал ар талаас маань юмаар цохиод авахад нь толгойноос цус гараад би шууд доошоо хэвтсэн манай эхнэр ******* гарч ирээд аав, ээж хоёрыг дуудсан байсан тэр хоёр ирээд намайг эмнэлэг авч явж толгойд маань оёдол тавиулсан. Гэрийн гадаа байсан бууны гол төмрөөр цохисон байх гэж бодож байна... гомдолтой байна эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-16 дахь тал/,
6. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.*******ын өгсөн: “..манай нөхөр гэртээ орж ирээд ******* ах явчих шиг боллоо гээд цамцаа тайлаад суух гэснээ болиод нэг мөсөн бие засчихаад ирье гээд гараад явсан. Би нөхрөө орж ирэхгүй болохоор нь яасан юм бол гээд араас нь гарахад довжооныхоо хажууд уначихсан байхаар нь сандраад ээж рүүгээ залгаж дуудсан, манай ээж удалгүй эгчтэй хамт ирээд байж байхад нь эмнэлгээс эмч ирж үзээд эмнэлэг рүү аваад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-25 дахь тал/,
7. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.ийн өгсөн: “...Манай хүргэн ******* 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 21 цагийн орчимд манай гэрт ирж мах идээрэй гэж байсан. Манай охин ******* залгаад та хүрээд ирээч ******* унтахгүй үснээсээ зулгаагаад байна гэхээр нь очиход манай хүргэн ******* газар хэвтэж байхаар нь гайхаад юу болсон бэ? гэж асуухад ******* ах ******* 2 ноцолдоод байх шиг байсан чинь толгойг нь хагалчихаад явчихсан байна гэсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,
8. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.ийн өгсөн: “...******* газар хэвтэж байхаар нь яваад очиход *******ын толгойноос цус их гарсан байсан ба юу болсон талаар нь асуухад ******* ******* ах төмрөөр цохиод явчихлаа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,
9. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 673 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Д.*******ын биед гавал тархины ил гэмтэл, зүүн зулай ясны цөмөрсөн бяцарсан хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн цусархаг няцрал, хуйханд зүүн зулайд язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1 3-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 48-49 дэх тал/,
10. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч Д.*******ын өгсөн: “...Намайг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож байгаа дээр ямар нэг маргаан гараад байх зүйл байхгүй. Эхнэр гэх ******* нь холбогдсон этгээд болох Х.*******тай ах дүүсийн хүүхдүүд байгаа юм. Хагалгаанд орохынхоо өмнө хашаан дотор байсан бууны гол төмрөөр цохиулсан гэж хэлж байсан. Тэр бууны гол төмөр нь хашаан дотор нь нэлээн удаан байгаа гэж байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 09 дэх тал/,
11. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.*******ын өгсөн: “...буух хооронд манай талийгаач намайг цохичихлоо ш дээ гээд орилох шиг болоод гараад очтол гэрийн үүдээр дүүрэн цус болсон байсан. Тэгээд манай талийгаач ухаан алдаж унаад удалгүй босож ирээд ...тэгээд эмнэлэг ирээд толгойд нь оёдол тавиад Орхон аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд очиж үзүүлээд хагалгаанд орсон. 2022 оны 09 сарын 07-ны өдөр тархины хагалгаанд орсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 99-100 дахь тал/,
12. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.гийн өгсөн: “...Би *******ыг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн эмчлэгч эмчээр үзэж эхэлсэн. 2022 оны 12 сарын 18-ны өдөр ухаантай биеийн зовиураа хэлж байсан. 2022 оны 09 дүгээр сард манай эмнэлэгт тархины хагалгаанд орсон хүн байсан. 2022 оны 12 сарын 19-ний өглөө эхний үзлэгээр толгой өвдөх зовиуртай, хөдөлгөөн хөөрлийн байдалтай, тайван бус, төвийн гаралтай амьсгал зүрх зогсож хөхөрсөн, ухаангүй болсон. Эмч нарын нарийн үзлэг хийсэн халуурч эхэлсэн, учир үрэвслийн эсрэг антибиотек эмчилгээ эхлүүлсэн. Тархи маш их хавантай дүрс оношилгооны эмчийн дүгнэлтээр аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, хоёрдогчоор тархины зөөлөн бүрхүүлийн идээт үрэвсэл, тархины буглаанаас ялгаж оношлоё гэсэн дүгнэлт бичсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 106-107 дахь тал/,
13. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.ын өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр дуудлагын хуваарьтай байхад ******* гэх хүний толгой хагарсан цус алдаад байна гэж дуудлага ирсэн. Намайг дуудлага аваад очиход ******* нь гэрийнхээ гадаа газар хэвтэж толгойгоо дарсан байдалтай байсан ба тухайн үед гадаа харанхуй болсон байсан учраас яаралтай тусламж үзүүлэх зорилгоор эмнэлэг авч явсан. Сумын эрүүл мэндийн төвд авч очоод үзлэг хийж, цус тогтоох, өвчин намдаах шингэн сэлбэх эмчилгээ хийсэн мөн толгойн оройн хэсэгт 7-8 ширхэг оёдол тавиулсан, оёдол тавихын өмнө толгойн оройн хэсгийн шархны гүнийг үзэхэд гавлын яс цөмөрсөн байдалтай байсан....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 114-115 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хэв загвар тодорхойгүй бууны гол төмөр болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлд зааснаар шүүхийн хэлэлцүүлэгт иргэдийн төлөөлөгч Т.******* нь гэм буруугийн талаарх дүгнэлтдээ давтан шалгаж өгнө үү гэх дүгнэлтийг гаргасан байна.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлан эх сурвалжийг сэргээн тогтоох замаар шалгахад,
Шүүгдэгч Х.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 03-ны орой 22 цаг 40 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ******* сумын Жаргалант 5 дугаар багийн нутаг дэвсгэрт амь хохирогч Д.*******ын гэрт хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, бие эрх чөлөөнд нь халдан толгойн тус газар нь төмөр мэт зүйлээр цохиж гавал тархины ил гэмтэл, зүүн зулай ясны цөмөрсөн бяцарсан хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн цусархаг няцрал, хуйханд зүүн зулайд язарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч Д.******* нь Орхон аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлж байгаад 2022 оны 12 дугаар сарын 25-ны орой 21 цаг 05 минутын орчимд нас барсан үйл баримт тогтоогдсон байна.
Хэрэгт цугларсан хохирогч Д.*******ын мэдүүлэг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******ын мэдүүлэг, Г.*******, О., П., М.Баяржавжаа нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтүүд нь хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн талаар хохирогч Д.*******ын амьд байх цаг хугацаандаа мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийн эх сурвалж, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн хэрэгт ач холбогдол бүхий байна.
Шинжээчийн 673 дугаартай дүгнэлтэд “Д.*******ын биед гавал тархины ил гэмтэл, зүүн зулай ясны цөмөрсөн бяцарсан хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн цусархаг няцрал, хуйханд зүүн зулайд язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1 3-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана” гэх дүгнэлт,
Шинжээчийн 07 дугаартай дүгнэлтэнд “Талийгаачийн биед шинэ гэмтэл тогтоогдсонгүй, талийгаачийн үхлийн шалтгаан нь тархины аалзан бүрхүүлийн үрэвсэл, хатуу хальсны идээт үрэвсэл гэх дүгнэлтүүд тус тус гарсан бөгөөд амь хохирогч Д.*******ын биед 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр учирсан гавал тархины ил гэмтэл, зүүн зулай ясны цөмөрсөн бяцарсан хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн цусархаг няцрал, хуйханд зүүн зулайд язарсан шарх бүхий гэмтэл нь талийгаачийн үхэлд хүргэсэн тархины аалзан бүрхүүлийн үрэвсэл, хатуу хальсны идээт үрэвсэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
Шүүгдэгч Х.*******гийн гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтанд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсаны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч Х.******* нь бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус бөгөөд бусдыг төмрөөр цохих үед хүний биеийг гэмтээж хохирол, хор уршигт хүргэнэ гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд ”санаатай”, нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.
Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч: Яллах талын байр сууринаас оролцохдоо шүүгдэгч Х.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтанд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир: Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө гэм буруугийн тал дээр маргахгүй, шинжлэн судлуулах нотлох баримтгүй гэж хэргийн онолоо танилцуулж, шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэм буруугийн талаар маргаж, цагаатгаж өгнө үү гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Х.*******: Бууны гол төмрөөр цохиогүй, өшиглөсөн гэж маргаж,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.******* : Төмрөөр толгойн тус газар цохиж уг гэмтлийн улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж,
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн төлөөлөгч Т.******* нь гэм буруугийн талаарх дүгнэлтдээ давтан шалгаж өгнө үү гэж талууд харилцан мэтгэлцэж оролцсон болно.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч П.Ган-Очир нь төмрөөр цохисон гэж яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, хэргийн газрын үзлэгээр хураагдсан эд мөрийн баримтаар тооцогдсон зүйл бол бууны гол төмөр байна, энэ төмрөөр цохисон болох нь тогтоогдохгүй тул цагаатгаж өгнө үү гэх дүгнэлтийг шүүхийн хэлэлцүүлгийн явцад гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэв.
Учир нь амь хохирогч Д.******* нь хэрэг гарсанаас хойш 3 хоногийн дараа буюу 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө ... ******* ар талаас маань юмаар цохиод авахад нь толгойноос цус гараад би шууд доошоо хэвтсэн, гэрийн гадаа байсан бууны гол төмрөөр цохисон байх гэж бодож байна гэх мэдүүлгийг өгсөн бөгөөд хохирогчийн уг мэдүүлгийн эх сурвалж нь давхар
Гэрч Г.*******ын өгсөн: “ ... буух хооронд манай талийгаач намайг цохичихлоо ш дээ гээд орилох шиг болоод гараад очтол гэрийн үүдээр дүүрэн цус болсон байсан. Тэгээд манай талийгаач ухаан алдаж унаад удалгүй босож ирээд ...тэгээд эмнэлэг ирээд толгойд нь оёдол тавиад Орхон аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд очиж үзүүлээд хагалгаанд орсон гэх мэдүүлэг,
Гэрч О.ийн өгсөн:“ ... ******* ах ******* ах 2 ноцолдоод байх шиг байсан чинь толгойг хагалчихаад явчихсан байна гэсэн гэх мэдүүлэг,
Гэрч П.ийн өгсөн: “ ... ******* газар хэвтэж байхаар нь яваад очиход *******ын толгойноос цус их гарсан байсан ба юу болсон талаар нь асуухад ******* ******* ах төмрөөр цохиод явчихлаа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Ж.ын өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр дуудлагын хуваарьтай байхад ******* гэх хүний толгой хагарсан цус алдаад байна гэж дуудлага ирсэн. Намайг дуудлага аваад очиход ******* нь гэрийнхээ гадаа газар хэвтэж толгойгоо дарсан байдалтай байсан ба тухайн үед гадаа харанхуй болсон байсан учраас яаралтай тусламж үзүүлэх зорилгоор эмнэлэг авч явсан. Сумын эрүүл мэндийн төвд авч очоод үзлэг хийж, цус тогтоох, өвчин намдаах шингэн сэлбэх эмчилгээ хийсэн мөн толгойн оройн хэсэгт 7-8 ширхэг оёдол тавиулсан, оёдол тавихын өмнө толгойн оройн хэсгийн шархны гүнийг үзэхэд гавлын яс цөмөрсөн байдалтай байсан....” гэх мэдүүлэг,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******ын өгсөн: “..хагалгаанд орохынхоо өмнө хашаан дотор байсан бууны гол төмрөөр цохиулсан гэж хэлж байсан.Тэр бууны гол төмөр нь хашаан дотор нь нэлээн удаан байгаа гэж байсан...” мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр Х.*******гийн үйлдэл нотлогдсон, уг нотлох баримтууд нь хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, учирсан хохирол, хор уршгийн талаар хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн хэрэгт ач холбогдолтой бөгөөд хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэх, нөхцөл байдал хэрэгт цуглараагүй байна.
Түүнчлэн хохирогчийн бууны гол төмрөөр цохисон гэсэн мэдүүлгийн дагуу 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хэргийн газарт нөхөн үзлэг хийж, амь хохирогч Д.*******ын байшингийн хойд талд бууны гол төмөр байсныг хураан авч гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн байна.
Амь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг болон гэрч нарын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өгсөн мэдүүлгийг тус тус үнэн зөв гэж шүүх бүрэлдэхүүн үнэлэв.
Шүүх бүрэлдэхүүн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж дүгнэв.
Шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн бөгөөд хэрэгт авагдаагүй нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Энэ хэрэгт гаргасан шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан бөгөөд уг дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Х.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсаны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Х.*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.******* нь мөрдөн байцаалтын шатанд оршуулах зан үйлтэй холбоотой гаргасан 4.665.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг, шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлагыг 2.000.000 төгрөг нэхэмжилж нийт 6.665.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.
Шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэсний дагуу дараах байдлаар тооцов.
Мөрдөн байцаалтын шатанд амь хохирогч Д.*******ын эхнэр Г.*******ыг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр, түүний эгч эгч Д.*******ыг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр тус тус хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон байна.
Амь хохирогчийн оршуулах зан үйлтэй холбоотой нэхэмжилсэн 4.665.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шүүгдэгч Х.*******гаас гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******, Г.******* нарт олгуулж, зэдэн дээр тавьсан гэх 2.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.******* нь хүүхдийн тэжээн тэтгэхтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Х.*******гийн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Х.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хавтаст хэргийн 227-242 дугаар талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Сум дундын шүүхийн 4 дүгээр шүүхийн 72 дугаартай шийтгэх тогтоол, 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Булган аймгийн сум дундын шүүхийн 72 дугаартай шийтгэх тогтоол, 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн сум дундын шүүхийн 15 дугаартай шийтгэх тогтоол зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Х.******* нь Булган аймгийн ******* сумын Жаргалант 5 дугаар багт оршин суух бүртгэлтэй, бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн амьдардаг, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, 43 настай зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч Х.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир нь тусгайлан гаргах саналгүй гэж,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тусгайлан гаргах саналгүй гэж тус тус саналаа шүүхэд илэрхийлсэн байна.
Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.*******д 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Х.******* нь 87 хоног цагдан хоригдсон бөгөөд шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Х.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорих нь зүйтэй байна.
Шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хэв загвар тодорхойгүй бууны гол төмөр нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Хишигхүүгийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсаны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.*******г 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******д оногдуулсан 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.*******гийн цагдан хоригдсон 87 /наян долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.*******д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд шүүгдэгч Х.*******гаас 4.665.500 төгрөгийг гаргуулж, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баруун дэнж, 10Б хэсэг 01 тоотод оршин суух Боржигон овогт Дугарын ******* /РД:ЦГ69100321/, Булган аймаг, ******* сум 5 дугаар баг 5 дугаар хороонд оршин суух хаягтай ******* овогт Ганболдын *******д тус тус олгож, 2.000.000 / хоёр сая/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
7. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.******* нь хүүхдийнхээ тэжээн тэтгэхтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хэв загвар тодорхойгүй бууны гол төмөр нэг ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Т.Батсайханд тус тус даалгасугай.
9. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СУВД-ЭРДЭНЭ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ