| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Сувд-эрдэнэ |
| Хэргийн индекс | 163/2023/0127/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/130 |
| Огноо | 2023-07-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/130
2023 07 06 2023/ШЦТ/130
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
улсын яллагч Э.Гантулга,
хохирогч Я.*******,
шүүгдэгч П.******* нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.*******т холбогдох эрүүгийн 2215003610128 дугаартай, 163/2023/0127/Э индекстэй хэргийг 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогтой Пүрэвдоржийн *******, ******* аймгийн Дархан суманд 1971 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, Орхон аймаг ******* сум, С******* оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машины механик мэргэжилтэй, группд байдаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, 52 настай, эрэгтэй,
-Урьд Дорноговь аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн 2005 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар 4.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, /РД: *******/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.******* нь Булган аймгийн******* сумын Дэрст 2 дугаар багийн нутаг “*******г” гэх газарт 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Я.*******ыг зодож, түүний эрүүл мэндэд баруун ухархайн дотор хананы хугарал, баруун хацар, хоёр нүдний зовхи, хамрын нуруу, толгойн орой хэсгийн хуйхан доор цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ./ Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн өгсөн мэдүүлэг эрүүгийн 2215003610128 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч П.******* нь Булган аймгийн******* сумын Дэрст 2 дугаар багийн нутаг “*******г” гэх газарт 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Я.*******ыг зодож, түүний эрүүл мэндэд баруун ухархайн дотор хананы хугарал, баруун хацар, хоёр нүдний зовхи, хамрын нуруу, толгойн орой хэсгийн хуйхан доор цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарах хөнгөн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.*******ын өгсөн: Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Я.*******ын өгсөн: 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр найздаа туслах гэж******* суманд очсон. Бороо ороод нэг өдөр амралт болоод өнжсөн. Би урд өдөр нь хоол идээгүй байсан. Тэгээд хоолноос болоод архи ууж байхаар хоол унд хийгээч гэж найздаа уурласан. Хэсэг унтаж байгаад сэрээд хоол хийсэн үү гэхэд хоол хийгээгүй гэхээр нь уурласан чинь тоглосон юм аа одоо хоол болж байна гэж хэлсэн. Тэгээд майхны урд тогоон дээр хоол хийж байхаар нь чанаж байсан махнаас аваад идэж байхад ******* гуай миний дэргэд ирээд чи манай дүүг дээрэлхээд байна уу гэхээр нь би дүүг чинь дээрэлхээгүй гэж хэлсэн. Тэгээд ******* намайг цохиод авсан. Юугаар цохисон гэж би мэдээгүй, хажууд байсан хүмүүс сүхээр цохисон гэж байсан. Тэгээд өлссөндөө махаа аваад идэж байхад дахиад төмрөөр цохих шиг болоод би ухаан алдсан. Нэг сэрсэн чинь хажууд хүмүүс наадах чинь үхчихлээ гээд байсан. Тэгээд амь орчихлоо гэсэн. Тэгсэн ******* наадахыг чинь дайраад гүйцээчихье гээд машинаа асаагаад над руу чигээрээ явахаар нь би мөлхөөд зугтаахад яг миний хажуугаар гарсан. Тэгээд би Эрдэнэтээс машин дуудаад тэр оройдоо явсан. Маргааш нь эмнэлэгт үзүүлсэн. Төлбөрийг эхнэр нь шилжүүлсэн. Эмийн сангаас эм авах гэж 200.000 төгрөг авсан маань үнэн. Дараа нь таараад эмнэлэгт үзүүлсэн, хагалгаанд орох шаардлагатай гэж байна, солир болох магадлалтай гэж байна гэж хэлсэн. Тэгэхэд ах нь болно, тооцоог нь хийчихье гэсэн. Тэгээд эмнэлэг дээр хамт очно гэж тохиролцсон боловч хамт очоогүй. Тэгээд нэлээн удаан хугацааны дараа цагдаад өргөдөл өгсөн. Өргөдөл өгснөөс хойш чимээгүй болчихоор нь 2023 оны 01 үгээр сард Булган аймгийн цагдаа руу залгасан. Баруун талын маань нүд 1.8 сантиметр цууралттай, энэ чигээрээ их удвал солир болно гэсэн. Эмчид үзүүлсэн чинь хагалгаанд орох шаардлагатай гэсэн. “Орбито” эмнэлэгт үзүүлэхэд ийм хагалгаанд орох шаардлагатай зардал 4.000.000 төгрөг гарна гэсэн болохоор зардлаа нэхэмжилнэ гэх мэдүүлэг,
3. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Я.*******ын өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 29-ний өглөө бороо ороод өвсөө хураагаагүй. Хүнсэндээ хэрэглэхээр нэг ямаа байсныг би нядалж байхад тэд нар 0.75 литрийн Хараа нэртэй архи хувааж ууж байсан. Тэд нар намайг ямаа гаргаж байхад ирж ганц нэг татаач наадах аа орхи хэдүүлээ өнөөдөр амаръя гэж хэлэхээр нь би очоод архинаас нь 2 хундага уусан. Тэгээд архи нь дууссан. Архи дуусахаар нь бид нар бөөндөө 2 дугаар тасгийн дэлгүүр орж би тэд нар нэг шил 0.75 литрийн Хараа нэртэй архи авч өгөөд буцаад өвс хадаж байгаа газар очоод би уугаагүй, тэд нар миний авч өгсөн архийг уусан. Би урд өдөр нь юм идээгүй болохоор өлсөөд******* орж юм идэх гэж байсан чинь тэд нар “Тогоон дээр хоол хийгээд өгье” гэж хэлэхээр нь би******* орж чадаагүй тэд нартай буцаад өвс хадаж байгаа газар аа очсон. Өвс хадаж байгаа газар очоод би архинаас нэг хундага уугаад унтаад өгсөн. Би ойролцоогоор 2 цаг орчим унтаад босч ирээд Ж.оос хоол хийсэн үү гэж асуусан чинь Ж. хоол хийгээгүй гэж хэлэхээр нь би уурлаад би энд ажил хийж чамд туслах гэж ирсэн, архи уух гэж ирээгүй чи архи авч өгч байхаар аяга хоол хийгээд өгөхөд яадаг юм гэсэн чинь хажууд сууж байсан залуу тоглосон юм аа тогоон дээр мах чанасан байгаа тэр махыг ид гэхээр нь тогоо руу очсон чинь тэд нар мах чанасан байсан. Тэгээд тогоотой махыг идэхээр очоод мах гаргаад идээд сууж байсан чинь Төмөрөө “Чи манай ийг дээрэлхээд байна уу?” гэхээр нь би “Бид хоёр нэгнийгээ дээрэлхэх хүмүүс биш ээ багаасаа хамт өссөн найзууд” гэж хэлээд тонгойгоод мах идээд сууж байтал миний баруун нүд рүү Төмөрөө цохисон. Юугаар яаж цохисныг би мэдээгүй. Толгой манарсан.Тэгээд миний баруун нүд юм харахгүй байхаар нь би Төмрөө рүү “Чи яагаад намайг цохиж байгаа юм бэ?” гэж хэлээд уурлаж бид хоёр барьцалдаж авсан чинь Ж. ирээд бид хоёрыг салгасан. Ж. бид хоёрыг салгасны дараа Төмрөө надад “Уучлаарай ахынх нь буруу” гэж хэлэхээр нь би буцаж зуухны хажууд очоод дахиад нэг мах аваад суугаад идэж байтал толгой дээр төмрөөр цохиж байгаа дуу сонсогдсон. Тэгээд би ухаан алдаад унасан. Намайг ухаан алдаад унасан хойгуур тэд нар “Наадах чинь үхчихлээ, яанаа одоо нэгнийгээ алчихлаа ш дээ” гээд ярилцаад байхыг би сонсоод хэвтэж байсан. Би хэвтэж байхдаа бие маань хөдөлж чадахгүй урдаа байгаа хүмүүсийг хараад тэд нарын яриаг сонсож байсан. Хэр удсаныг нь мэдэхгүй ямар ч байсан амьсгаа аваад бие тавираад сэргэсэн чинь Төмөрөө дайраад нэг мөр гүйцээчихье гээд машин руугаа гүйгээд машинаа асаагаад хаазлаад над руу чиглээд ирж байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 08 дахь тал/,
4. Гэрч Ж.ийн өгсөн: “...Булган аймгийн******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “*******г” нэртэй газарт 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Адилбиш, Я.*******, П.*******, Энхбат бид тав ногоон тэжээл хурааж байсан. Энэ өдөр бороотой байсан учир Адилбиш, ******* бид гурав нэг шил 0.75 граммын архи хувааж уусан. Өглөөнөөс хойш архи уусан байсан учир Адилбиш бид хоёр тасраад майхны гадаа унтаад өгсөн байсан. Дуу чимээгээр намайг босоход Я.*******,П.******* хоёр хоорондоо хоол унднаас болоод зодолдоод салсан байсан. Энэ хоёрыг зодолдож байхад хадам ах өвс ачихаар ирээд салгасан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,
5. Гэрч М.гийн өгсөн: "... Булган аймгийн******* суманд 2022 оны 09 дүгээр сарын сүүлээр хадлан авахаар би Орхон аймгаас очсон юм. Намайг очиход манай хүргэн ******* нь хоол хийчихсэн сууж байсан. ******* нь архи уучихсан согтуу хоол унд хийсэнгүй гээд хэрүүл хийгээд байсан. ******* нь архи уудаггүй хүн байгаа юм. Ж. нь архи уучихсан унтаж байсан. Машин руугаа очоод ирэхэд *******, ******* хоёр ноцолдоод газарт *******ыг ******* доороо хийчихсэн байхад нь салгаад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дахь тал/,
6. Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн №07 дугаартай дүгнэлт: “...Я.*******ын биед баруун ухархайн дотор ханын хугарал, баруун хацар, хоёр нүдний зовхи, хамрын нуруу, толгойн орой хэсгийн хуйхан доор цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дахь тал/, зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Я.*******, гэрч Ж., М. нарын өгсөн мэдүүлэг, Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн №07 дугаартай дүгнэлт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч П.*******ын өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгахад,
Шүүгдэгч П.******* нь Булган аймгийн******* сумын Дэрст 2 дугаар багийн нутаг “*******г” гэх газарт 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Я.*******ыг зодож, түүний эрүүл мэндэд баруун ухархайн дотор хананы хугарал, баруун хацар, хоёр нүдний зовхи, хамрын нуруу, толгойн орой хэсгийн хуйхан доор цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон байна.
Хохирогч Я.******* нь П.******* зодсон гэж мэдүүлснийг гэрч Ж., М.Цомон нар давхар гэрчлэн мэдүүлсэн бөгөөд тэдний мэдүүлгийг няцаан үгүйсгэх нотлох баримт хэрэгт цуглараагүй байна.
Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн №07 дугаартай дүгнэлт: “...Я.*******ын биед баруун ухархайн дотор ханын хугарал, баруун хацар, хоёр нүдний зовхи, хамрын нуруу, толгойн орой хэсгийн хуйхан доор цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтлийг хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол гэж ойлгох бөгөөд энэ хохирол, хор уршиг нь шүүгдэгч П.*******ын гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
П.*******ын гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Мөн П.******* нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Шүүгдэгч П.*******ын бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн, хууль зүйн хувьд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд гэж үзсэн болно.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч П.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч П.******* нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.******* нь мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардалд 200.000 / хоёр зуун/ мянган төгрөгийг төлсөн бөгөөд П.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Я.******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хагалгаанд ороход шаардлагатай 4.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаагаа, мөн шүүхийн хэлэлцүүлэгт Орбита эмнэлэгт нүдний хагалгаанд орох шаардлагатай 4.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаагаа тус тус илэрхийлж оролцсон бөгөөд нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Шүүх П.*******ыг бусдад төлөх төлбөргүйг, эмчилгээний зардалд 200.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, хохирогч Я.******* нь цаашид эмчилгээ хийлгэхтэй холбоотой гарсан зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч П.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч П.*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч П.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялын саналыг,
Шүүгдэгч П.******* нь тусгайлан гаргах саналгүй гэх байр суурийг тус тус илэрхийлсэн байна.
Шүүх шүүгдэгч П.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Хавтаст хэргийн 59-65 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Дорноговь аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоол зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч П.******* нь Орхон аймаг ******* сум, С******* оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машины механик мэргэжилтэй, группд байдаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч П.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогтой Пүрэвдоржийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван /15/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч П.******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч П.******* нь бусдад төлөх төлбөргүй, эмчилгээний зардалд 200.000 / хоёр зуун/ мянган төгрөг төлсөн болохыг дурдаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй,хохирогч Я.******* нь цаашид эмчилгээ хийлгэхтэй холбоотой гарсан зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэнэ.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СУВД-ЭРДЭНЭ