Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2021/0846

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М.н ХХК /РД:**/, Улаанбаатар хот,**

Хариуцагч: Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэс.

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал газрын тосны газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 72 дугаар шийдвэрийн М ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М ХХК-ийн төлөөлөгч А.О шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ... М ХХК нь Ашигт малтмал газрын тосны газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэрээр Хэнтий аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт байрлах Өндөр дэнж нэртэй талбайд XV-020021 дүгээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмших болсон. Манай компани нь ашигт малтмалын хайгуулын XV-020021 дүгээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2-т тус тус заасны дагуу төлж ирсэн бөгөөд 5 дахь жилийн төлбөрийг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төлсөн. Ашигт малтмал газрын тосны газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтсээс тусгай зөвшөөрлийн 6 дахь жилийн төлбөр төлөх мэдэгдлийг 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөр огноологдон ирүүлсэн бөгөөд тус мэдэгдэлд ... Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д заасан алдангийг мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд төлөх боломжтойг мэдэгдэж байна хэмээн дурдсан байдаг. Ашигт малтмал газрын тосны газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 8/779 дүгээр мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авсан бөгөөд Ковид-19 цар тахлын улмаас үүссэн эдийн засгийн хүндрэлтэй үед манай компани нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг мэдэгдэлд заасан хугацаа буюу Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6, 34.7-д тус тус заасны дагуу төлөхөөр ажиллаж байсан. Гэвч Ашигт малтмал газрын тосны газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн дарга Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэг болон 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 8/779 дүгээр мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг тус тус зөрчиж 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 72 дугаар шийдвэрээр манай компанийн эзэмшиж буй зөвшөөрлийг цуцалсан талаарх мэдээллийг 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөр огноологдон ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Энэхүү мэдэгдлийг 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авсан.

Өөрөөр хэлбэл, 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 8/779 дүгээр мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх боломжтой талаар мэдэгдсэн атлаа тус мэдэгдэл болон хуульд заасан хугацаа дуусахаас өмнө манай компанид мэдэгдэлгүйгээр хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд дээрх хууль зүйн үндэслэлгүй шийдвэрийн улмаас Ашигт малтмалын тухай хуульд заасан манай компанийн эрх ашиг сонирхол зөрчигдөж байна.

Мөн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 72 дугаар шийдвэрээр манай компанийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын XV-020021 дүгээр тусгай зөвшөөрлийг цуцлахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана гэснийг зөрчиж, тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл тогтоогдсон талаарх мэдэгдлийг ирүүлээгүй. Ийнхүү Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг зөрчсөний улмаас манай компани нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ гэж заасан эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал хүрсэн юм.

Дэлхий даяар гарсан Ковид-19 цар тахлын улмаас Монгол Улсын Засгийн газар 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шинэ коронавирусын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 30 дугаар тогтоолыг гаргаж Монгол Улсын гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Улмаар 2020 оны 01 дүгээр сараас 2021 оны 04 дүгээр сарыг хүртэл хугацаанд Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудаар өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Монгол Улс ковид-19 цар тахлыг дотооддоо алдсаны улмаас Монгол Улсын Засгийн газар дээрх тогтоолуудыг гаргаж улсын хэмжээнд 2020 оны 01 дүгээр сараас 2021 оны 04 дүгээр сарыг дуустал хугацаанд өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн бөгөөд дээрх хугацаанд манай компани нь тогтвортой үйл ажиллагаа явуулах эдийн засгийн болон нийгмийн боломж бололцоо огт байгаагүй. Ковид-19 цар тахлын улмаас Монгол Улсад үүсээд буй дээрх нөхцөл байдал болон дотоодын нэгж байгууллагад үүссэн дээрх санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлын талаар Монгол Улсын Засгийн газар түүний харьяа төрийн байгууллага түүний албан тушаалтнууд сайтар мэдэж буй атлаа Ашигт малтмал газрын тосны газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 72 дугаар шийдвэрээр манай компанийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл Ашигт малтмал газрын тосны газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтэс нь Монгол Улсад үүсээд буй гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлсийн нөлөөллийг харгалзан үзэлгүйгээр манай компанийн эзэмшиж буй хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгон шийдвэрлэсэн байна. иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэл болон гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлсийн нөлөөллийг харгалзан үзэж Ашигт малтмал газрын тосны газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 72 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... М ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэрээр Хэнтий аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт байрлах Өндөр дэнж нэртэй талбайд ХҮ-0*1 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшсэн. Эзэмшиж эхэлснээс хойш 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж байсан. Гэтэл 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдэл мөн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 72 дугаар шийдвэрээр тус тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Цаг хугацааны хувьд 2020 оноос 2021 оны хооронд дэлхийн нийтийг хамарсан Ковид-19 /цар тахал/-ын улмаас хүнд нөхцөл байдалтай байсан. Эдийн засгийн хувьд орлого олох, төлбөр төлөх боломж бололцоо хомс байсан. 2020 оноос 2021 оны хооронд Засгийн газрын нийт 19 удаагийн тогтоолоор бүх нийтийн бэлэн болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Тухайн төлбөрийг төлөх хугацаа нь хөл хориотой өдрүүд байсан. Бүх нийтийн хөл хориог харгалзан үзэлгүй хугацаандаа төлөөгүй гэдэг үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан нь үндэслэлгүй байна. Ковид-19 /цар тахал/-тай холбоотойгоор хайгуулын тусгай зөвшөөрлийг тухайн цаг хугацаанд төлж чадаагүй. Хуульд заасан боломжийг дээрх тушаал шийдвэр нь хаасан гэж үзэж байна.

Тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх тухай Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д заасны дагуу 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төлөх ёстой байсан. Энэ өдөр төлөөгүй тохиолдолд мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6, 34.7-д зааны дагуу хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэлх хоног байх. Энэ хугацаанаас хэтэрвэл тусгай зөвшөөрлийг цуцална гэж заасан байдаг. 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гарсан тушаалыг цаг хугацаагаар хөөж үзвэл Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаа нь 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр юм. Алданги төлөх 30 хоногийн хугацааг хуульд заасан хугацаатай харьцуулан үзвэл 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 30 хоногийн хугацаа дуусаж байгаа гэтэл хариуцагчийн зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаа дуусаагүй байхад хугацаа дуусахаас 3 хоногийн өмнө 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай мэдэгдэнэ ирүүлсэн байгаа. Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д зааснаар 30 хоногийн хугацаа өнгөрвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална гэж заасан.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл нь тогтоогдсоноос хойш буюу 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэнэ гэж заасан байна. 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс хойш ажлын 10 хоногийг гэж тооцвол 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдлийг хүргүүлэх ёстой байсан. Гэтэл хариуцагчийн зүгээс энэ хуулийн хугацаа болоогүй байхад цуцлах үндэслэл бүрдээгүй байхад 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн мэдэгдлийг өгсөн нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.2-т заасан нэхэмжлэгчийн эрхийг хязгаарласан мэдэгдэл болсон. Мэдэгдлийн үр дагавар нь 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцалснаар үр дагавар гарсан.

Ашиг малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т заасны дагуу энэ хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан мэдэгдэх хугацааг хүлээн зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрлийг эзэмшигч түүнийг нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ гэж заасан, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д заасан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийн цуцална. Үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэнэ гэж заасан байна. Үүнийг цаг хугацааны хувьд үзэхэд мэдэгдлийн үр дагаврыг 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр мэдэгдсэн. Гэтэл мэдэгдэх хугацаа 2021 оны 03 дугаар сарын 6-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдэх ёстой байтал 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр буюу хуульд заасан хугацаанаас 4 хоногийг өмнө мэдэгдсэн. Мөн 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 24-ний хооронд 72 дугаар шийдвэр бичгээр гараад нэхэмжлэгчид хүрснээр хуульд заасан боломжоо хэрэгжүүлэх бололцоо олдоогүй нь цаг хугацаа болон хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. 72 дугаар шийдвэр гарахдаа Ашигт малтмалыг тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 56.4, 34 дугаар зүйлийн 34.7-д заасныг үндэслэж гарсан. Шүүх үзлэг хийх явцад авагдсан тусгай зөвшөөрлийг цуцлах үйл ажиллагааны дотоод хяналтын хуудасны 8 дугаар хүснэгтэд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т заасны дагуу нягтлан шалгах ажиллагаа хийсний дагуу 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хийсэн гэж тэмдэглэсэн байдаг. Гэвч бодит байдалд энэ ажиллагаа хийгдээгүй Ашигт малтмалыг тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 56.4-т заасан ажиллагаа хийгдээгүй 2021 оны 03 дугаар сарын 24-ны өдөр энэ шийдвэр гарсан нь зөрчилтэй байгаа.

Ашигт малтмалыг тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч хаяг, утас, факс өөрчлөгдсөн тохиолдолд төрийн захиргааны байгууллагад 14 хоногийн дотор мэдэгдэхээр хуульчилсан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс энэ хууль заасан хугацаанд мэдэгдсэн гэж үзэж байна. Үзлэг хийх явцад тухайн нэхэмжлэгч компани улсын бүртгэлийн гэрчилгээ, компани дүрэм, хувийн хэрэгт авагдсан байдаг. Улсын бүртгэлийн гэрчилгээг 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хаягийн өөрчлөлт орсон үүнтэй холбоотойгоор 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нотариатаар гэрчлүүлсэн дүрмийг хүргүүлсэн энэ дүрмээр хаягийн өөрчлөлт хийгдсэн байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т зааснаар К4 маягтаар бүртгүүлэхээр зохицуулагдаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс хаягийн өөрчлөлтийг мэдэгдээгүй байсан бол энэ 4-н гэрчилгээ тухайн хувийн хэрэгт авагдахгүй байсан. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т заасны дагуу компани дүрэм, хаягийг өөрчлөлтийг хуульд заасны дагуу төрийн захиргааны байгууллагад мэдэгдэж үүнийг мэдэгдсэнээр хувийн хэрэгт авагдсан байдаг. Үүнээс үзэхээр тухайн мэдэгдэл 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн мэдэгдэл, 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 72 дугаар шийдвэрийг төрийн захиргааны байгууллага нэхэмжлэгчийн хуучин хаягаар явуулсантай холбоотойгоор мэдэгдэл цаг хугацаандаа ирээгүй цаг хугацаандаа ирээгүйгээс үүдэн хууль зүйн ажиллагаа хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн.

2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр тусгай зөвшөөрлийн цуцлахаас нэг сарын өмнө төлбөрийг төлөх ёстой буюу 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр тусгай зөвшөөрлийн төлбөрийг ёстой байсан. Энэ хугацаандаа тусгай зөвшөөрлийн төлбөрийг барагдуулаагүй учир 72 дугаар шийдвэрийг цуцлах үндэслэл болсон гэх тайлбар шүүх хуралдааны явцад хариуцагчийн төлөөлөгч гаргасан. Хуульд зааснаар ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д засаан нэг сарын өмнө гэдэг хуулийн зохицуулалт байхгүй тэгэхээр 72 дугаар шийдвэрийг гаргах үндэслэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар үндэслэлгүй байгаа юм. шийдвэрийн үндэслэл хуулийг буруу тайлбарлан хэргэлж энэ төлбөрийг төлөх ёстой гэж үзсэн 72 дугаар шийдвэр үндэслэлгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар 30 хоногийн хугацаа дууссаны дараа мэдэгдлийг хүргүүлэх ёстой үүний дараа ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т заасан ажиллагаа хийгдэж 72 дугаар шийдвэр энэ хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар эцсийн байдлаар гарах ёстой байсан. Үүнийг цаг хугацааны хувьд харахаар 2021 оны 03 дугаар сарын 21-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн хооронд 3 хоногийн хугацаанд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 56.4-т заасан хариу тайлбар нотлох баримт гарган эцсийн шийдвэрийг гаргах боломж байгаа нь илэрхий байна. Тусгай зөвшөөлийг авснаас хойш нэхэмжлэгчийн зүгээс 5-н жилийн төлбөрийг төлсөн. Хайгуулын ажилд холбогдох баримт тайланг хүргүүлж байсан. Эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан 72 дугаар шийдвэрийг хуульд заасан хугацааг баримтлаагүй шийдвэрээс болон дээрх бүх зүйл үгүйсгэгдэх болсон тул дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж 5-н жилийн аж ахуй эрхлэн татвар төлсөн байгууллагыг харгалзан үзэж Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 72 дугаар шийдвэрийн М ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... Хэнтий аймгийн Мөрөн, Хэрлэн сумдын нутаг дэвсгэрт байрлах Өндөр дэнж нэртэй 2341.99 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХB-020021 дугаар тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 33 дугаар шийдвэрээр М ХХК-д анх олгосон. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 25 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын ХB-020021 дугаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөр тооцож 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байна.

М ХХК-ийн ирүүлсэн тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцаан өгөх өргөдлийн хянан үзээд Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5, 55.6-д заасныг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 46 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын ХB-020021 дугаар зөвшөөрлөөр олгогдсон Хэнтий аймгийн Мөрөн, Хэрлэн сумдын нутаг Өндөр дэнж нэртэй 2341.99 гектар талбайгаас 14.20 гектар талбайг буцаан өгснийг бүртгэж үлдсэн 2327.79 гектар талбайг тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэсэн байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгогдсон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө гэж заасны дагуу М ХХК нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс өмнө төлөх ёстой байсан боловч тухайн өдрөө төлөөгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтгогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухайгаа мэдэгдэж түүнд тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэлийг тодорхой заана гэсний дагуу цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 8/779 тоот албан бичгээр хүргүүлсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна 34 дүгээр зүйлийн 34.7-д Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална гэж заасан байдаг.

М ХХК-ийн зүгээс тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасныг зөрчиж, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан төлбөрийг төлөөгүй тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 72 дугаар шийдвэрээр цуцалж улмаар 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 8/1283 дугаар албан бичгээр мэдэгдлийг хэрэгжүүлэн ажилласан. Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-д заасан мэдэгдэнэ гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүний утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гарагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно гэж заасан ба Ашигт малтмал, газрын тосны газрын баримт бичиг хүлээлцэх 2021 оны дэвтрийн 1136, 1664 дүгээрт тус тус бүртгэгдсэн мэдээллээр нотлогдож байна.

Дээр мэдэгдлийн дагуу тус компанийн 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 2021/14 дүгээр албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын даргад, Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 72 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах тухай гомдол ирүүлснийг хянан үзээд гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүйг 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 1/1966 дугаар албан бичгээр мэдэгдсэн байна.

Ийнхүү төрийн захиргааны байгууллагаас тус компанид хайгуулын XV-020021 дүгээр тусгай зөвшөөрлийг олгохдоо тодорхой эрх үүргийг хүлээж ажиллах тухай мэдэгдлийг компанийн захирал А.Отгонсүрэнд гардуулсныг 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Тодруулбал, лицензийн төлбөрийг жил бүрийн 02 дугаар сарын 04-ний өдрөөс өмнө төлсөн байна, хууль тогтоомжоор хүлээсэн бусад үүргийг биелүүлж ажиллана гэж мэдэгдлийг хүлээн зөвшөөрсөн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 56 дугаар зүйлд заасны дагуу ашигт малтмалын хайгуулын XB-020021 тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар 56.1.2-т заасныг үндэслэн Ашигт малтмал газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 72 дугаар шийдвэрээр цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартай харьцуулан тал бүрээс нь үнэлж, маргаан бүхий захиргааны актад дүгнэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Үйл баримтын тухайд,

Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаар шийдвэрээр Хэнтий аймгийн Мөрөн, Хэрлэн сумын Өндөр дэнж нэртэй газар 2341.99 га талбайд ашигт малтмалын хайгуулын XV-020021 дүгээр тусгай зөвшөөрлийг М ХХК-д 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаагаар олгож,

Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай 25 дугаар шийдвэрээр 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгасан байна.

Ашигт малтмалын хайгуулын XV-020021 дүгээр тусгай зөвшөөрлийн гэрчилгээний нэгдүгээр хавсралтаас үзвэл, нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн нэг дэх жилийн төлбөрийг 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр, 2 дахь жилийн төлбөрийг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр, 3 дахь жилийн төлбөрийг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр, 4 дэх жилийн төлбөрийг 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр, 5 дахь жилийн төлбөрийг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төлсөн талаарх тэмдэглэгээ хийгдэж, холбогдох баримтууд хэрэг авагдсан байна.

Ийнхүү М ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-020021 дүгээр тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд, Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан нөхцөл шаардлагыг хангаж ажиллах үүргийг холбогдох захиргааны байгууллагын өмнө хүлээж, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д: Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө гэж зааснаар нэхэмжлэгч нь ээлжит 6 дахь жилийн төлбөрийг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс өмнө төлөх ёстой боловч уг төлбөрийг төлөөгүй, энэ үйл баримттай маргахгүй байна.

Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд,

Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны акт[1]-аар Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 72 дугаар шийдвэрийг тодорхойлсон ба шүүх хуралдаан дээр дээрх Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 72 дугаар шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсныг тэмдэглэж байна. Уг шийдвэрээр ... Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч М ХХК-ийн эзэмшлийн ХV-020021 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д: тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т: тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө гэж тус тус зааснаар XV-020021 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 25 дугаар шийдвэрийн дагуу анх олгогдсон 02 дугаар сарын 04-ний өдрөөс өмнө тухайн жилийн төлбөрийг урьдчилан төлөх үүрэгтэй байна.

Ийнхүү дээрх хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж чадаагүй тохиолдолд дахин нэг боломж нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д: Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги төлнө, мөн хуулийн 34.7-д: энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд ... гэж зааснаар нэхэмжлэгч компанийн хувьд тухайн төлбөр төлөх жилийн 3 дугаар сарын 06-н хүртэл хугацаанд төлбөр болон төлбөрт ногдох алдангийг төлөх боломжтой байжээ.

Хариуцагч захиргааны байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 8/779 дүгээр албан бичгээр[2] Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит 6 дахь жилийн төлбөр төлсөн баримтаа ирүүлээгүй тохиолдолд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэх-ийг мэдэгдэж мэдэгдэл хүргүүлсэн байна.

Маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгч талаас хуульд заасан хугацааг баримтлахгүйгээр шийдвэр гаргасан, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар 30 хоногийн хугацаа дууссаны дараа мэдэгдлийг хүргүүлэх ёстой байтал уг мэдэгдлийг 3 хоногийн өмнө хүргүүлсэн нь хууль зөрчсөн гэж маргасныг шүүх дүгнэхдээ, тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх эрхийг хадгалагч нэхэмжлэгч М ХХК-ийн зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31, 34 дүгээр зүйлийн 34.2-д зааснаар тухайн жилийн тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүйгээрээ дээрх хуулийн заалтууд зөрчигдсөн байсан. Нөгөө талаас Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална гэж заасныг захиргаа заавал 30 хоног өнгөрсний дараа гэж ойлгож хэрэгжүүлэхгүй, ийнхүү зохицуулагдаагүй, хариуцагч захиргааны байгууллага нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ, 11.1.20-д үйлчилгээний хөлс, түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг хураан авах, 31 дүгээр зүйлийн 31.1-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална гэж заасныг зөв хэрэгжүүлж, 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 8/779 дүгээр албан бичгийг хүргүүлсэн нь хуульд нийцсэн байна.

Нэхэмжлэгч нь энэ мэдэгдлийг 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдөр мэдсэн гэж тайлбарласан ба энэ хугацаанаас хойш Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т: Энэ хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрлийг эзэмшигч түүнийг нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д: Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэнэ гэж заасныг хэрэгжүүлэх боломж нэхэмжлэгчид байсан, уг заалтын дагуу захиргааны байгууллагад хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ холбогдох нотлох баримтын хамт гаргаж байгаагүй, энэ тохиолдолд хариуцагчийг шууд буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн тухайн жилийн төлбөрөө төлөөгүй, төлсөн талаарх баримтаа ирүүлээгүй байгааг тогтоож, хариуцагч захиргааны байгууллагын хэрэгжүүлсэн үйл ажиллагаа хуульд нийцсэн, маргаан бүхий захиргааны акт хууль зүйн үндэслэлтэй, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т: тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй гэснээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр хууль зөрчөөгүй, маргаан бүхий харилцаа нь нарийвчилсан хуулийн зохицуулалттай байгааг нэхэмжлэгч тал анхаараагүй гэж шүүх дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс улсын бүртгэлийн гэрчилгээнд 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хаягийн өөрчлөлт орсон үүнтэй холбоотойгоор 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нотариатаар гэрчлүүлсэн дүрмийг хүргүүлсэн энэ дүрмээр хаягийн өөрчлөлт хийгдсэн, Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т зааснаар К4 маягтаар бүртгүүлэхээр зохицуулагдаагүй гэж маргасныг,

Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т: Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсын дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ, Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 9 дүгээр тогтоолд: Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-д заасан мэдэгдэнэ гэдгийг төрийн захиргааны эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүний утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно гэж зааснаар нэхэмжлэгч компани нь хаягийн өөрчлөлтөө захиргааны байгууллагад мэдэгдэх үүрэгтэй байсан, энэ үүргээ хэрэгжүүлээгүй нь захиргааны байгууллагыг буруутгах үндэслэл болохгүй гэж үзсэнээс гадна, хаягийн өөрчлөлтийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн нөхцөл байдал байхгүй байна.

Нэхэмжлэгчээс төлсөн тэмдэгтийн хураамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д: Улсын тэмдэгтийн хураамжийг хэргийн оролцогчид хуваарилах асуудлыг энэ хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг ... нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэсний дагуу шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М ХХК-аас, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 72 дугаар шийдвэрийн М ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйлийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ           У.Б