| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Одбаатар |
| Хэргийн индекс | 158/2025/0020/З |
| Дугаар | 221/МА2025/0739 |
| Огноо | 2025-11-24 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2025/0739
Ш.Н-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүн шүүгч Т.Энхмаа
Илтгэсэн шүүгч Л.Одбаатар
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогчид: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, хариуцагчийн өмгөөлөгч Х.О
Нэхэмжлэгч: Ш.Н
Хариуцагч: Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн VII/35 дугаартай тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, түүнийг хүчингүй болгуулах, нийгмийн даатгалын хувь хэмжээ ба тухайн үед албан томилолтоор ажилласан хөлс, шүүхээр шийдвэрлүүлэх хугацааны явцад өөрөөс гарсан зардлууд болох замын зардлууд, өмгөөлөгчийн үйлчилгээний хөлс, тэмдэгтийн хураамж зэргийг буруутай этгээдээр төлүүлэх, 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд авад байсан цалин 23,766,235 төгрөгийг гаргуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 25 дугаар шийдвэр;
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Ш.Н
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Г
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А
Хариуцагчийн өмгөөлөгч Х.О, Р.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг
Хэргийн индекс: 125/2025/0048/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ш.Н нь Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн VII/35 дугаартай тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, түүнийг хүчингүй болгуулах, нийгмийн даатгалын хувь хэмжээ ба тухайн үед албан томилолтоор ажилласан хөлс, шүүхээр шийдвэрлүүлэх хугацааны явцад өөрөөс гарсан зардлууд болох замын зардлууд, өмгөөлөгчийн үйлчилгээний хөлс, тэмдэгтийн хураамж зэргийг буруутай этгээдээр төлүүлэх, 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд авад байсан цалин 23,766,235 төгрөгийг гаргуулах”-аар маргасан байна.
2. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 63 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Ш.Н нь нэхэмжлэлийн шаардлагын "Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ ба тухайн үед албан томилолтоор ажилласан хөлс, шүүхээр шийдвэрлүүлэх хугацааны явцад өөрөөс гарсан зардлууд болох замын зардлууд, өмгөөлөгчийн үйлчилгээний хөлс, тэмдэгтийн хураамж зэргийг буруутай этгээдээр төлүүлэх" хэсгээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 2. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1, 53 дугаар зүйлийн 53.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 100 дугаар зүйлийн 100.1, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын "Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн VII/35 дугаартай тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох" шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үлдэх хэсгийг ханган Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн VII/35 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хариуцагчаас Ш.Н-ын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс мөн оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд авах байсан цалин хөлстэй тэнцэх хохирол 23,766,235 (хорин гурван сая долоон зуун жаран зургаан мянга хоёр зуун гучин тав) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А болон хариуцагчийн өмгөөлөгч Х.О нараас дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:
3.1. “...Нэхэмжлэгч Ш.Н-ын нэхэмжлэлийн шаардлага хэсэгт "Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025.04.24-ны өдрийн 7/35 дугаартай тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, түүнийг хүчингүй болгох гэж тодорхойлсон ба Нэхэмжлэлийн үндэслэл хэсэгт зөвхөн "Илтэд хууль бус" гэх үндэслэлээ тайлбарлан нэхэмжлэл гаргасан байдаг тул шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхэд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, асуухад "Илтэд хууль бус болохын тогтоолгох үндэслэлээр гэж тодорхойлж, уг хүрээнд хэргийн оролцогч нар тайлбараа гаргасан. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тал "хүчингүй болгох" шаардлага байгаа гэх тайлбар гаргасан атлаа тухайн шаардлагын "нэхэмжлэлийн үндэслэлээ" тайлбарлаагүй. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг 2 тусдаа гаргасан шаардлага гэж үзэж, "Илтэд хууль бус" гэж гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ Тухайн "захиргааны акт" гарахдаа Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35-р зүйлийн 35.1.2, 39-р зүйлийн 39.1.1, 39.1.339.1.4,47-р зүйлийн 47.1, 48-р зүйлийн 48.1 дэх хэсгүүдийг баримталж гаргасныг дурдаж, улмаар Захиргааны ерөнхий хуулийн 47-р зүйлийн 47.1.6 дахь заалтаар "Илтэд хууль бус болохыг тогтоолгох" үндэслэл тогтоогдохгүй буюу акт гарахдаа хуулийн үндэслэлтэй байсан талаар дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Шүүх дүгнэлт хийсэн "Үндэслэл" нь Хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэх эрхзүйн үндэслэлтэй болох тул гэж дүгнэсэн нь хариуцагчийн үйлдэл хууль зөрчөөгүй гэж үзэх дүгнэлт байх ба уг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон атлаа "Хүчингүй болгох" шаардлагыг хүлээн авч, хангаж шийдвэрлэхдээ "Хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэх эрхзүйн үндэслэлтэй гэх дүгнэлтээ үгүйсгэж, нэг үйл баримтад хоёрдмол агуулгатай ойлгомжгүй дүгнэлт хийсэн.
3.2. Өөрөөр хэлбэл тухайн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэх эрхзүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа нь хариуцагч хуулийн дагуу шийдвэрлэсэн гэж дүгнэх ойлголт. Энэхүү хоёрдмол агуулгатай дүгнэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 -р зүйлийн 106.2-т зааснаар Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
3.3. Анхан шатны шүүхийн Шийдвэрийн 18.2.19, 18.2.20-т Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Дэг-ийн холбогдох заалтыг дурдаж, Уг дэгийн дагуу Хариуцагч Хурлын Дэгийн 6-р зүйлийн 6.7 дах заалтыг баримтлан Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж, хэлэлцсэн байна гэж дүгнэсэн. Уг Дэг-ийн заалтын дагуу хурлын төлөөлөгч Т.Б Хурлын дарга-д итгэл эс үзүүлэх, итгэл үзүүлэх санал оруулсан нь буруу мэт ойлгогдохоор, ойлгомжгүй дүгнэлт хийсэн байна. Учир нь Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2024.11.18 ны өдрийн 2/08 дугаартай "Дэг" - ийг өнөөдрийг хүртэл дагаж мөрдөж байгаа бөгөөд тухайн "Дэг" хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан байхгүй, өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа болно. Тухайн Дэгийн дагуу "Горимын санал" гаргасан Хурлын төлөөлөгчийн үйлдэлд Хурлыг буруутгах үндэслэлгүй. Уг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зарим хангах үндэслэл болгож байгааг заасан нь хуульзүйн үндэслэлгүй байна. Хурлын Төлөөлөгч Хуралд Санал оруулах эрх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47-р зүйлийн 47.1-т зааснаар зохицуулагдах бөгөөд санал гаргах эрх, гаргасан саналын үндэслэл нотлох баримттай эсэхийг Хурал шаардах эрхгүй болно. Харин Хурал нь Саналыг хуралдаанаар хэлэлцүүлэх эсэх-д анхаарах хуулийн зохицуулалттай. Анхан шатны шүүхийн Шийдвэрийн 18.2.16-дах дүгнэлт нь тухайн анхан шатны шүүхийн шийдвэрийнхээ 16-д заасан ...актын эрхзүйн үндэслэлийг хянахгүй гэх журмаа зөрчиж, дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.
3.4. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06 ны өдрийн А/192 тоот Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2-р зүйлийн 2.3 дах заалтыг баримтлаагүй, харин ....авах байсан цалин хөлсийг тооцох... гэх үндэслэлээр /шийдвэрийн 18.3.6 /Цалин хөлсийг тооцоолон олгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох дүрэм журмын зохих заалтыг зөрчсөн.
3.5. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Хурлын 2024.11.18-ны өдрийн 2/08 дугаартай "Дэг"-ийн дагуу Хурлын төлөөлөгч Т.Б санал гаргасан. Уг санал гаргах эрхэд шүүх халдаж, "Горимын санал"-д хавсаргах баримтыг хариуцагч тал ирүүлээгүй гэх дүгнэлтийг шийдвэрийн 18.2.16, 18.2.18 -д заан, Дүгнэжээ. "Горимын санал" гаргах эрхэд нь хариуцагчид олгогдоогүй эрх бөгөөд Эрх бүхий этгээдээс гаргасан санал-даа холбогдох баримт ирүүлсэн тохиолдолд хариуцагч хавсарган холбогдох этгээдүүд хүргүүлэх юм. Хурлын Төлөөлөгчийн гаргасан "Горимын санал"-д хариуцагч нь заавал тооцоо лавлагаа судалгаа, төслийг бүрдүүлснээр, хүлээн авах үүрэгтэй байсан гэж ойлгогдохоор дүгнэлт хийж байгаа нь хуулийг буруу тайлбарласан байх ба энэхүү үндэслэлээр Төлөөлөгчийн гаргасан Горимын санал нь хууль бус мэт үзэж, уг үндэслэлд хариуцагчийг давхар буруутгах нь хууль хэрэглээг буруу тайлбарлаж, хэрэглэх үндэслэл болжээ.
3.6. Мөн Хурлын төлөөлөгчийн санал оруулах эрхийн хүрээнд "Горимын санал гаргах, холбогдох тооцоо судалгаа, шийдвэрийн төслийг бэлтгэн оруулах гэх ойлголт нь "итгэл үзүүлэх, эс үзүүлэх "санал гаргах асуудалд шууд хамааралтай эсэх, ялангуяа "огцруулах" шийдвэрийн төслийн урьдчилан бэлтгэх, Хурлын төлөөлөгч нь уг шийдвэрийн төслөө боловсруулж оруулах эрх хэмжээ нь Хуралд байгаа эсэхэд шүүх бодит дүгнэлтийг хийгээгүй байна. Уг итгэл үзүүлэх, эс үзүүлэх тухай санал-д холбогдох тооцоо судалгаа шийдвэрийн төслийг төсөвлөж Хурал оруулах боломжгүй. Үндэслэлгүй юм.
3.7. Анхан шатны шүүхийн Шийдвэрийн 18.2.23, 18.2.24 -т Өргөн мэдүүлэх гэх ойлголтыг тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахдаа ...Хурлын даргын огцруулах уг саналыг шийдвэрлэх шийдвэрийн төсөл, зайлшгүй шаардлагыг нотлох баримт материал хавсаргах тухай дүгнэлтийг хийхдээ Монгол Улсын хууль тогтоомжийн тухай хуулийн 2.1.2 дах заалт буюу "хууль санаачлах эрх" тэй холбон тайлбарласан нь хуулийг буруу тайлбарлан, зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэхээр байна. Итгэл эс үзүүлэх, итгэл үзүүлэх санал- д шийдвэрийн төслийг зайлшгүй боловсруулах, ялангуяа "хууль"-ийн төсөл, адилтган тайлбарлах нь захиргааны акт гаргах шийдвэрийн төсөлтэй хуульзүйн үндэслэлгүй юм. "Хууль" болон "захиргааны акт" ын шинжийг нэг ойлголт мэт холбон үзэж, улмаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47-р зүйлийн 47.2 дахь заалтын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд асуудал оруулах эрхийн холбогдох заалтыг зөрчсөн гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
3.8. Иймд Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025.09.03-ны өдрийн 158/2025/0025 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4. Хариуцагчийн төлөөлөгч Ж.Г анхан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:
4.1. “ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн засаr захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдээс сонгогддог, хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага мөн" гэж тодорхойлсон байдаг бөгөөд энэ утгаараа Хурлын болон төлөөлөгчийн бүрэн эрх нь хуралдааны үед бүрэн утгаараа хэрэгждэг бөгөөд Хурлын хуралдааны шийдвэр нь хамтын шийдвэр байдаг.
4.2. ...Нэхэмжлэгч Ш. Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлохдоо 2025.04.24-ний өдрийн 7/35 дугаартай шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах"-аар илэрхийлсэн. Мөн Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.
4.3. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж дээрх тогтоолыг хүчингүй болгосон боловч 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн IX/05 дугаартай тогтоолоор Ш. Н-ыг Булган аймгийн ИТХ-ын даргаар, мөн 2025 оны 04 сарын 24-ний өдрийн 07/37 дугаартай тогтоолоор Ж.Г-ыг тус тус томилсон байдаг. Шүүхээс зөвхөн Ш.Н-ыг огцруулсан шийдвэрийг хүчингүй болгосон боловч Аймгийн ИТХ-аар томилогдсон 2 субъектийн аль нь эрх зүйн чадвар чадамжтай болохыг тодорхойлж шийдвэрийн үндэслэлд дурдсангүй. Өөрөөр хэлбэл Ш. Ныг огцруулсан шийдвэр хүчингүй болсон боловч түүнийг шууд ИТХ-ын даргын албан тушаалд томилоогүй учир одоогийн ИТХ-ын дарга буюу Ж.Г-ыг томилсон 2025 оны 04 сарын 24-ний өдрийн 07/37 дугаартай ИТХ-ын тогтоол хүчин төгөлдөр хэвээр үйлчлэх боломжтой гэж үзнэ.
4.4. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-т үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гуравдагч этгээдийг талуудын хүсэлтээр болон шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар заасан. Гэтэл уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талууд хүсэлт гаргаагүй байж болох ч шүүх өөрийн санаачилгаар Аймгийн ИТХ-ын даргыг гуравдагч этгээдээр оролцуулаагүй нь түүний хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн болно. Тухайлбал Аймгийн Иргэдийн төлөөлөгч болон аймгийн ИТХ-ын дарга нь тус тусдаа бие даасан субъект бөгөөд зөвхөн хариуцагч буюу Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг төлөөлүүлж итгэмжилсэн төлөөлөгчийг томилсон бөгөөд энэ нь Аймгийн ИТХ-ын дарга гэсэн ойлголт биш юм. Гэтэл тухайн хэрэгт Аймгийн ИТХ-ын дарга Ж.Гыг гуравдагч этгээдээр оролцуулаагүй шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 158/ШШ2025/0025 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.1.4-т заасны дагуу хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхийг хүсэж байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага буюу хариуцагчаар тодорхойлсон захиргааны байгууллага, албан тушаалтанд холбогдуулан нэхэмжлэлийн ямар шаардлага гарган маргаж байгаа болох, тэдгээрийн үндэслэлийг бүрэн тодруулалгүй, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох хохирлын тооцооллыг буруу хийж, хэргийг шийдвэрлэснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нөхцөл байдал тогтоогдож байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
3. Нэхэмжлэгч Ш.Н-аас гаргасан “Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн VII/35 дугаартай тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, түүнийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хүлээн авч 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр захиргааны хэрэг үүсгэжээ.
4. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “нийгмийн даатгалын хувь хэмжээ ба тухайн үед албан томилолтоор ажилласан хөлс, шүүхээр шийдвэрлүүлэх хугацааны явцад өөрөөс гарсан зардлууд болох замын зардлууд, өмгөөлөгчийн үйлчилгээний хөлс, тэмдэгтийн хураамж зэргийг буруутай этгээдээр төлүүлэх, 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд авад байсан цалин 23,766,235 төгрөгийг гаргуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны VII/35 дугаартай тогтоолыг 1/ илт хууль бус болохыг тогтоолгох, 2/ хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүхээс уг акттай холбогдуулан 2 төрлийн шаардлага гаргаж болох эсэх, мөн нэхэмжлэлийн үндэслэлээ бүрэн гүйцэд тодорхойлсон эсэх талаар тодруулалгүйгээр шаардлага тус бүрд нь буюу “Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн VII/35 дугаартай тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох" шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн VII/35 дугаартай тогтоолыг хүчингүй болгож” дүгнэлт өгч шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.2, 106.3, 106.3.1-т заасныг зөрчиж, хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.
6. Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тайлбарын ТАЙЛБАРЛАХ НЬ хэсгийн 8-д “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан “нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн” гэдгийг нэхэмжлэгчээс шүүхэд өөрөө тодорхойлж гаргасан 1) нэхэмжлэл чиглэж буй захиргааны үйл ажиллагаа, 2) түүний үйлчлэлд өртсөн (эсхүл эерэг үйлчлэл хүртэх ёстой) гэх өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, 3) зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй хэмээн маргаж буй эрх, нийтийн ашиг сонирхол, 4) хуульд заасан тохиолдолд захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан шаардлага, тэдгээрийн үндэслэлд хамаарахгүй асуудлыг ойлгоно, Нэхэмжлэгчийн хүсэл зориг нь түүний сонгосон нэхэмжлэлийн шаардлагатай илтэд тохирохгүй, эсхүл энэ нь бичгээр гаргасан нэхэмжлэлээс шууд тодорхойлогдож ойлгогдохгүй тохиолдолд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг шууд тодруулах, эсхүл нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах замаар тодруулна. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж болно.” гэж заасан тайлбарыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна.
7. Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах аль эсхүл илт хууль бус болохыг тогтоолгохыг шүүхээс хүсэж байгаа эсэхийг нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах, нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой болгосны дараа хэрэг үүсгэж, шаардлагатай нотлох баримтыг цуглуулсны эцэст шийдвэрлэх байтал нэг үйл баримтад буюу маргаан бүхий акт болох Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн VII/35 дугаартай тогтоолд хоёр өөр агуулгатай дүгнэлт хийсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
8. Түүнчлэн нэхэмжлэгч Ш.Н шүүх хуралдааны явцад хууль бус захиргааны актын улмаас учирсан хохирол 23.766.235 төгрөгтэй холбоотой баримтыг гаргаж өгсөн бөгөөд шүүхээс тухайн баримтыг үндэслэн учирсан хохирлыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
10. Анхан шатны шүүх нэхэмжлэгчид учирсан ажилгүй байсан хугацааны цалин хөлсний хохирлыг гаргуулахаар шийдвэрлэхдээ Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаартай тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2. Дундаж цалин хөлс тодорхойлох, 2.3.5.хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор” гэж заасны дагуу ажилтанд олгох олговрыг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлж чадаагүй, тооцооллын алдаа гаргасан байна.
11. Түүнчлэн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр шүүхийн шийдвэр гарсан байхад нэхэмжлэгчид ажилгүй байсан цалин хөлсний хохирлыг 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөр тооцсон нь ойлгомжгүй байна.
12. Иймд анхан шатны шүүхийн дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх, маргааны үйл баримт, шийдвэрт хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн тодруулах, нотлох баримтыг бүрэн цуглуулж, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосны дараа нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 158/ШШ2025/0025 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Л.ОДБААТАР