Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 26

 

 

 

 

 

 

Г.Номин-Эрдэнийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Д.Көбеш, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 154/ШШ2018/00120 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн ТОСК-ын Б байрны 23 тоотод оршин суух, Ширээт овогт Ганзоригийн Номин-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Ховд их сургуульд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

             Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Номин-Эрдэнэ түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамцэцэг түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Ховд их сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаартай тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан багшийн ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг тооцуулан дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Миний бие 2016 оны 6 дугаар сард Ховд их сургуулийн Төрийн захиргааны менежментийн ангийг төгссөн. Улмаар 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн түүх, нийгмийн ухааны тэнхимд Төрийн захиргааны менежментийн гэрээт багшаар ажилд орсон. Гэрээт багш гэдэг нь гэрээний хугацаанд магистр хамгаалсан тохиолдолд дадлагажигч багшаар дэвшүүлэн ажиллах учиртай. Би гэрээний хугацаанд багшлахын зэрэгцээ 2017 оны 6 дугаар сарын 9-нд төрийн захиргааны удирдлагын магистр хамгаалсан. Ингээд Ховд их сургуулийн захирлын 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн Б/138 дугаартай тушаалаар дадлагажигч багш болсон. Гэтэл Ховд их сургуулийн захиралын үүрэг гүйцэтгэгч В.Сайнбаяр 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаартай тушаалаар Ховд их сургуулийн захирлын 2017 оны 06 сарын 05-ны өдрийн Б/138 дугаартай тушаалыг хүчингүй болгож миний Монгол улсын үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн. Би тус сургуульд багшлах хугацаандаа багшийн ёс зүй болон Ховд их сургуулийн дотоод дүрэм, журмыг зөрчөөгүй, ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээгээгүй. 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаартай тушаалыг гаргахдаа намайг Ховд их сургуулийн багшид тавигдах нийтлэг шаардлага хангаагүй, сонгон шалгаруулалтад ороогүй гэх үндэслэлээр амарч байх хугацаанд ажлаас халсан. Би Ховд их сургуулийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/138 дугаартай тушаалаар дадлагажигч багш болсон тул багш сонгон шалгаруулалтад орох хууль зүйн үндэслэл байхгүй байна. Тус сургуулийн Төрийн захиргааны Менежментийн ангид 4 жил суралцаж төгссөн. Гэрээт багшаар ажиллаж байх хугацаандаа төрийн захиргааны менежментийн магистрийн зэрэг хамгаалсан. Намайг авто осолд орж 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Ач заяа эмнэлэгтт хэвтэн эмчлүүлж байх үед 2017 оны 8 дугаар сарын 23-нд намайг ирж уулз гэж дуудуулсан байсан. Би эмнэлэгт хэвтэж байгаа очих боломжгүй гараад очиж уулзана гэж хэлсэн. Гэтэл Ховд их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч В.Сайнбаяр 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаар тушаалаар намайг ажлаас халсан. Иймд Ховд их сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг тооцуулан дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.

 

                Хариуцагчийн хариу тайлбар: Г.Номин-Эрдэнэ нь Ховд их сургуулийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/137 дугаартай тушаалаар дадлагажигч багшаар томилогдсон байх бөгөөд 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр магистрийн зэрэг хамгаалсан нь дадлагажигч багшаар томилогдох үедээ магистрийн зэрэг хамгаалаагүй, их дээд сургуулийн багшид тавигдах шаардлага хангаагүй гэж үзэж байна. Их дээд сургуулийн багш нь багшлах эрхийн үнэмлэхтэй, магистраас доошгүй зэрэгтэй байх ёстой.Мөн нэхэмжлэгч нь ямар нэгэн сонгон шалгаруулалтанд орохгүйгээр Ховд их сургуулийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/137 дугаар тушаалаар дадлагажигч багшаар томилогдсон. Хөдөлмөрийн тухай хуульд ажилд авах, сонгон шалгаруулалт явуулах талаар тодорхой заагаагүй учир салбарын яамны сайдын тушаалаар баталсан зааврын дагуу Ховд их сургууль нь өндөр мэргэшил, мэргэжилтэй хүнийг урилгаар, бусад багш ажилтныг Ховд их сургуулийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журмын дагуу жил бүрийн хичээлийн шинэ жилийн эхэнд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, зарын сонин бусад мэдээлэл түгээх хэрэгслээр сонгон шалгаруулалт зарлаж, шалгалтын дүнг үндэслэн захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн ажилд авдаг. Нэхэмжлэгч Г.Номин-Эрдэнэ өөрт ногдох амралтыг эдэлсэн. Багш шинээр авах асуудлыг Ховд их сургуулийн захирлын тушаалаар шийдвэрлэнэ. Дээд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д Их дээд сургууль, дээд сургууль, коллежийн багшийн албан тушаал нь профессор, дэд профессор, ахлах багш, багш, дадлагажигч багш байна., 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар магистраас доошгүй зэрэгтэй хүний сонгон шалгаруулалтын оноог үндэслэн, хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулдаг онцлог бүхий ажлын байр юм. Гэтэл нэхэмжлэгч Г.Номин-Эрдэнэ нь дээрхи хуулийн шаардлыг хангаагүй. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг тооцуулан дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага мөн адил үндэслэлгүй юм гэжээ. 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 154/ШШ2018/00120 дугаар шийдвэрээр:“ Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Ховд их сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 тушаалын Г.Номин-Эрдэнэд холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Номин-Эрдэнийг Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүх нийгмийн ухааны тэнхимд төрийн захиргааны менежментийн дадлагажигч багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Номин-Эрдэнэд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3,808,059 /гурван сая найман зуун найман мянга тавин ес/ төгрөгийг хариуцагч Ховд их сургуулиас гаргуулан олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговор 3,808,059 /гурван сая найман зуун найман мянга тавин ес/ төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Ховд их сургуульд даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч Ховд их сургуулиас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг, цалин хөлсийн олговор 3,808,059 /гурван сая найман зуун найман мянга тавин ес/ төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 75,878 /далан таван мянга найман зуун далан найм/ төгрөг нийт 146,078 /нэг зуун дөчин зургаан мянга далан найм/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

            Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн журмыг зөрчиж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Нэхэмжлэгч Г.Номин-Эрдэнэ нь Ховд их сургуульд Төрийн захиргаа менежментийн багшаар ажиллаж байсан ажлын байр нь Хөдөлмөрийн тухай хуулинд заасан байнгын ажлын байр эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Хариуцагч нь энэ талаар тайлбарлаж, холбогдох байгууллагын дотоод журмыг нотлох баримтаар үнэлүүлэхээр гаргаж өгснийг шүүх үнэлсэн эсэх нь тодорхойгүй. Нэхэмжлэгч Г.Номин-Эрдэнэ нь байнгын ажлын байранд биш, харин хугацаатай гэрээгээр ажил үүрэг гүйцэтгэж байсанд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.  Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байхад шүүх тодруулалгүйгээр шийдвэрлэсэн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан журамд нийцээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

           

ҮНДЭСЛЭХ нь:

            Анхан шатны шүүх зохигчдын хоорондох Хөдөлмөрийн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцээгүй байна.

            Нэхэмжлэгч Г.Номин-Эрдэнэ нь Ховд Их Сургуулийн захиралын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах,нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцуулан дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах” тухай шаардлагыг Ховд Их Сургуульд холбогдуулан гаргажээ.

            Шүүх Ховд Их Сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Номин-Эрдэнийг  Ховд Их Сургуулийн Ховд Их Сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүх нийгмийн ухааны танхимд төрийн захиргааны менежментийн дадлагажигч багшийн ажилд эгүүлэн тогтоож,  ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцуулан дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3.808.059 төгрөгийг гаргуулж,нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцуулан дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байна.

            Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч  Ховд Их Сургуулийн захирал нь хуулийн зөвлөх Ц.Буянбатад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25,26 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчдын эрх эдэлж үүрэг хүлээлгэж 2017 оны  10 дугаар сарын 05-ны өдөр 6 сарын хугацаатай итгэмжлэл олгожээ. /хх-ийн 31 дүгээр тал/ Уг итгэмжлэлээр Ц.Буянбат нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан бөгөөд өөр ажилд шилжсэн тул үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн гэх үндэслэлээр 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалзсан тухай хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байна. / хх-ийн 197 дугаар тал/ Хэргийг 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээр товлогдсон байх бөгөөд хариуцагчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг нь шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч өөр ажилд томилогдсон учир шүүх хуралдаанд би өөрөө өмгөөлөгч биш итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох хүсэлт гаргаж байна гэх хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэж, шүүх хуралдааныг 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүртэл   хойшлуулжээ. 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хойшлуулсан байна. Дээрх хугацаанд хариуцагч талаас хэн нэгэнд олгосон итгэмжлэл ирүүлээгүй бөгөөд шүүх хуралдаанд хариуцагч болон түүний өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаан хүрэлцэн ирээгүй нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т зааснаар хэргийг шийдвэрлэжээ./хх-ийн 209 дүгээр тал/

            Шүүх хариуцагчийн төлөөлөгч Ц.Буянбатыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарснаас хойш 2 удаа шүүх хуралдааныг хойшлуулсан байх бөгөөд энэ хугацаанд тухайн хэргийн хариуцагч В.Сайнбаярт хэргийн материал танилцуулаагүй, шүүх хуралдааны тов мэдэгдээгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2.-т заасан хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн байна. Нэхэмжлэгч шүүхэд 4 шаардлагад гаргасан байх бөгөөд түүний нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг шүүхээс тодруулаагүй байна. Тухайлбал түүний шаардлагын урьд эрхэлж байсан багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагыг тодруулаагүй атлаа нэхэмжлэгч Г.Номин-Эрдэнийг Ховд Их Сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүх нийгмийн ухааны танхимд төрийн захиргааны менежментийн дадлагажигч багшийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.-т заалттай нийцээгүй байна. Шүүх Г.Номин-Эрдэнийг  Ховд Их Сургуулийн аль танхимд ямар мэргэжлээр багшилж байсан, тус сургуульд гэрээт эсхүл дадлагажигч багшаар ажиллаж байсан, тухайн ажлын байр нь байнгын ажлын байр эсхүл түр ажиллаж байсан эсэх, мөн ажил олгогчийн тушаалыг хүчингүй болгуулах гэж буй үндэслэл, шалтгаан, зорилго үр дагаврыг  тодруулаагүй байна. Нэхэмжлэгчийн дээрх 4 шаардлагын үндэслэл, шалтгаан, зорилго үр дагавар тус бүрийг шүүхээс тодруулах байжээ.

            Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг татгалзаж, үгүйсгэх зорилгоор хүний нөөц, хөдөлмөр зуучлал хариуцсан мэргэжилтэн   Х.Цэцэгханд, сургалтын бодлого төлөвлөлт эрхэлсэн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Нямдорж нарыг гэрчээр асуулгах, Г.Номин-Эрдэний багшлах эрхийн үнэмлэх гаргуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн бөгөөд  Б.Нямдоржийг  гэрчээр асуугаагүй, багшлах эрхийн үнэмлэх гаргуулаагүй  нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь заалтыг  зөрчсөн гэж давж заалдах гомдол дээрээ нэмэлт тайлбар гаргаж  байна./хх-ийн 70 дугаар тал/

            Нэхэмжлэгч Г.Номин-Эрдэнэ нь магистрт болон багшлах эрхийн үнэмлэх олгох сургалтанд зэрэг суралцах боломжгүй учраас магистрт суралцаж төгссөн тул надад багшлах эрхийн үнэмлэх байхгүй гэхдээ хичээлдээ сууж болзол шаардлагыг хангасан байгаа гэж тайлбарлаж байна.

            Анхан шатны шүүх Б.Нямдоржийг гэрчээр асуулгах тухай хариуцагч талын гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн, Номин-Эрдэнэд багшлах эрхийн үнэмлэхгүй  байх тул   захирамжийн биелэлтийг хангаагүй байна гэж үзэх боломжгүй байна./хх-ийн 99-101 дүээр тал/  Энэ талаар   гаргаж байгаа хариуцагч талын гомдол үндэслэлгүй байна. 

            Иймд дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь үндэслэлтэй байна. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж байгаа тул маргааны үйл баримтын талаар  дүгнэлт хийх  боломжгүй гэж үзлээ.

            Хуульд зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 153/ШШ2018/00120 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3.-т зааснаар хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарсугай.

 

 

     ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.ЖАМБАЛСҮРЭН

 

            ШҮҮГЧИД                                           Д.КӨБЕШ

 

Н.ТУЯА