Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/132

 

 

 

 

2023           07            07                                   2023/ШЦТ/132

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.*******т холбогдох эрүүгийн 2315000000141 дугаартай, 163/2022/0125/Э индекстэй хэргийг 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогтой Эрдэнэжавын *******, Булган аймгийн ******* суманд 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, Булган аймгийн ******* сумын 4 дүгээр баг, Хялганат тосгон ******* тоотод оршин суух бүртгэлтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, 41 настай, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, РД: ГЙ82090117.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.******* нь Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “*******” уулын “Т*******” гэх газрын ойгоос 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 58-31 БУА улсын дугаартай ЗИЛ-131 загварын тээврийн хэрэгсэл ашиглан талбайн тусгаарлалт хийгдээгүй ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 11.154 м3 буюу 14 ширхэг нойтон шинэс төрлийн модыг тайрч 39 ширхэг болгон бэлтгэж байгаль экологид 5,374,806 төгрөгийн шууд /Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т заасны дагуу 3 дахин өсгөж үнэлгээг тооцоход 16,124,418 төгрөг/ хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг болон эрүүгийн 2315000000141 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Э.******* нь Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “*******” уулын “Т*******” гэх газрын ойгоос 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 58-31 БУА улсын дугаартай ЗИЛ-131 загварын тээврийн хэрэгсэл ашиглан талбайн тусгаарлалт хийгдээгүй ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 11.154 м3 буюу 14 ширхэг нойтон шинэс төрлийн модыг тайрч 39 ширхэг болгон бэлтгэж байгаль экологид 5,374,806 төгрөгийн шууд /Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т заасны дагуу 3 дахин өсгөж үнэлгээг тооцоход 16,124,418 төгрөг/ хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. 

Энэ үйл баримт нь

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.*******ийн өгсөн: Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

2. Иргэний нэхэмжлэгч П.*******ийн өгсөн: “...2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр манай ажлын газрын ******* ах миний нэр дээр байдаг 58-31 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч яваад хууль бусаар мод бэлтгэж байгаад цагдаад баригдсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/,

3. Гэрч Г.ын өгсөн: “...2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 08 цаг өнгөрч байхад ******* над руу утсаар залгаад модонд явалцаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд намайг гэрээс ирж авсан. Тэгээд ******* сумын 1 дүгээр баг ******* гэх газар руу яг ямар газар руу гарсан гэдгийг мэдэхгүй ******* өөрөө машин барьж явсан болохоор мод бэлтгэх газраа шууд яваад очсон. ******* ах өөрөө хөрөөгөө бариад 14 ширхэг босоо мод тайрч унагаад 4 метрээр нь тайраад машинд ачих гэж байхад цагдаа нар ирсэн...3ил-131 маркийн машинаар 3-4 ширхгээр нь доош нь цагаалаад доор 4 метрээр нь таслаад ачих гэж байхад цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51 дэх тал/,

4. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-11 дэх тал/,

5. Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 12-16 дахь тал/,

6. Шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 07 дугаартай дүгнэлт: Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “Т*******” гэдэг газарт 2023 онд мод бэлтгэлийн талбай тусгааралалт хийгдээгүй. Хууль бусаар бэлтгэсэн гэх 39 ширхэг мод нь 11.154 м3 буюу эдийн засгийн 5,374,806 төгрөг болж байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 55 дахь тал/,

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч П.*******, гэрч Г.а нарын өгсөн мэдүүлэг болон шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 07 дугаартай дүгнэлт, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэгт битүүмжлэгдсэн тээврийн хэрэгсэл, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгахад,

Шүүгдэгч Э.******* нь Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “*******” уулын “Т*******” гэх газрын ойгоос 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 58-31 БУА улсын дугаартай ЗИЛ-131 маркын тээврийн хэрэгсэл ашиглан талбайн тусгаарлалт хийгдээгүй ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 11.154 м3 буюу 14 ширхэг нойтон шинэс төрлийн модыг тайрч 39 ширхэг болгон бэлтгэж байгаль экологид 5,374,806 төгрөгийн шууд /Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т заасны дагуу 3 дахин өсгөж үнэлгээг тооцоход 16,124,418 төгрөг/ хохирол учруулсан үйл баримт хөтөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна.

Ойн тухай хуулийн 35.4 дүгээр зүйлд гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга технологийг зөрчиж мод бэлтгэсэн, зохих гэрээ зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, засварласан, хуурамч хүчингүй гэрээ эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэсэн бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр хуульчилсан байна.

Мөн хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн гэдгийг сум дундын болон сум, дүүргийн ойн ангиас мод бэлтгэх эрхийн бичиг авалгүйгээр, эсхүл эрхийн бичигт заасан хэмжээнээс хэтрүүлж, эрхийн бичигт зааснаас өөр төрлийн мод, өөр төрлийн ойгоос мод бэлтгэхийг ойлгохоор хуульчлан зохицуулжээ.

Шүүгдэгч Э.******* нь эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авалгүйгээр улсын ойн сан бүхий газарт халдаж ургаа модыг тайрч бэлтгэж, тээвэрлэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

 Шүүгдэгч Э.*******ийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан байгаль орчны эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, байгаль экологид хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Э.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Э.*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас улсын ойн санд 5,374,806 төгрөгийн шууд хохирол учирсан нь шинжээчийн 07 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон  бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж 16,124,418 төгрөгийн хохирол, нөхөн төлбөрийг тооцсон байна.

Уг хохиролыг шүүгдэгч Э.*******  нь шүүхийн шатанд 10.000.000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх 6.124.418 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгчээс 6.124.418 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Э.*******ийг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Э.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.*******ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэв.

Хавтаст хэргийн 96-107 дахь талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, Булган аймгийн Хялгант тосгоны захирагчийн албаны тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Э.******* нь Булган аймгийн ******* сумын 4 дүгээр баг, Хялганат тосгон ******* тоотод оршин суух бүртгэлтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, 41 настай, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Улсын яллагч шүүгдэгч  Э.*******ийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, уг ялыг Булган аймгийн ******* сумын Хялганат тосгоны тохижилт үйлчилгээний газарт хийлгэх, шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны шатанд 10.000.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, үлдэх 6.124.418 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байх тул уг хохирлыг гаргуулах саналыг,

Шүүгдэгч Э.******* нь тусгайлан гаргах саналгүй гэдгээ шүүх хуралдааны явцад илэрхийлсэн байна.

Шүүх Э.*******ийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ,хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь түүний  гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус зохицуулсан.

 

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 58-31 БУА улсын дугаартай ЗИЛ-131 маркын тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч П.*******ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох нь иргэний нэхэмжлэгч П.*******, шүүгдэгч Э.******* нарын мэдүүлэг,тээврийнхэрэгслийн гэрчилгээний хуулбараар нотлогдсон байна. /тээврийн хэрэгсэл нь Д.******* гэх хүний нэр дээр бүртгэлтэй байна./

 

Иймд хэрэгт мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 58-31 БУА улсын дугаартай ЗИЛ-131 загварын тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч П.*******ийн өмчлөлд үлдээж, тээврийн хэрэгслийн үнэ 5.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулах,  гэмт хэрэг үйлдэж олсон 11.154 м3 буюу 14 ширхэг нойтон шинэс төрлийн мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 210.000 төгрөгийн үнэлгээ бүхий Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн моторт хөрөө зэргийг тус тус хурааж улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Э.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогтой Эрдэнэжавын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Э.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван /15/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Э.******* нь  цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.*******оос байгаль экологид учруулсан хохирол, нөхөн төлбөрт 6.124.418 /зургаан сая нэг зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун дөрвөн арван найм/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт заасныг журамлан мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 58-31 БУА улсын дугаартай ЗИЛ-131 загварын тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Боржигон овогт Пүрэвдоржийн ******* /РД:ФЖ84091907/-ийн эзэмшилд үлдээж, шүүгдэгч Э.*******оос уг тээврийн хэрэгслийн үнэ 5.000.000 /таван сая/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах, гэмт хэрэг үйлдэж олсон 11.154 м3 буюу 14 ширхэг нойтон шинэс төрлийн модыг хурааж, улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 210.000 төгрөгийн үнэлгээ бүхий Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн маниул хэсэг нь улаан өнгөтэй, шар өнгийн цахилгаан моторт хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хурааж улсын орлого болгосугай.

 

8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэж, урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.СУВД-ЭРДЭНЭ