Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2020/00095

 


 

 

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2020/00095

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ф.ХХК /РД:5567319/-ийн нэхэмжлэлтэй

 

  Хариуцагч: Н.д холбогдох

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Г ХХК

 

  Үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч Ф.ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Итгэмжлэгдсэн төлөөлөгч би Хан-Уул дүүрэг, тойргийн шийдвэр гүйцэтгэгч хошууч Г.Г-ийн 2019.7.18-ны өдрийн 222 дугаартай Шинжээч томилуулах тухай тогтоолоор томилогдсон Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь тус тогтоолд дурдагдсан эд хөрөнгө болон Ф.ХХК-ийн өмчлөлийн газарт байрлах цехд хөрөнгийг үнэлгээг гүйцэтгэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хууль зөрчиж, Ф.ХХК-ийн санхүүгийн баримтад үндэслээгүй тул Хөрөнгөн үнэлгэний төв ХХК-ийн 2019.7.25-ны өдрийн Хөрөнгө үнэлсэн тайланг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй болно. 1. Үнэлгээний тайланд ашигласан зах зээлийн мэдээллийн судалгаа, эх үүсвэрийн барим линк, дугаар мэдээллийн эх үүсвэр тусгагдаагүй. Баяжмал боловсруулахад түрээсийн үнэд 5 ам.доллар төлөх боломжтой гэсэн болохоос ямар судалгаа, мэдээлэлдүндэслэж гаргасан нь тодорхой бус. БНХАУ-н зах зээлийн судалгаа хийв гэсэн боловч энэ талаар баримт нотолгоо байгаагүй. Судалгаа хийх хугацаа ч бодт биш байсан, боломжгүй байсан нь илт байна. Төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрийн Эдийн засгийн тооцооны талаар мэдээллгүй, Техник эдийн засгийн үндэслэлтэй танилцаагүй, батлагдсан нөөц ашигласан нөөц үлдэгдэл нөөц тэдгээрийн хэмжээний талаар ямар ч ойлголтгүй байж орлогын хандлагаар үнэлж түүнийгээ онцолж сонгож, үнэлэх үндэслэлгүй байна. Уурхайн орлого, зарлагын тооцоог ямар үндэслэлээр тооцсон нь тодорхойгүй, ашгийг ямар үндэслэлээр 25 хувь гэж тооцсон болох нь мэдэгдэхгүй байна. Орлогын хандлагаар үнэлэхэд хорогдуулгын хувийг нийлбэрийн аргаар тооцоолохдоо 8 хүчин зүйлийг авч үзсэн боловч ямар мэдээллийн эх үүсвэр ашигласан, яагаад ийм коэффициент ашигласан нь тодорхойгүй байна. Өртгийн хандлагаар үнэлгээний тооцоололд мэдээллийн эх үүсвэр тодорхойгүй, хөрөнгүүдийг хэдэн жил ашиглах нормтой, хэдэн жил ашигласан, цаашид хэдэн жил ашиглах нь тодорхойгүй, элэгдэл хорогдлын тооцооллыг нарийн тусгаагүй байна. Компанийн олон жилийн ажлын явц, хөрөнгийн үнэлгээний болон жил жилийн санхүүгийн тайлангуудтай танилцаж, ажл хэргийн баримт материалыг судлан танилцаагүй, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчсөн, өөрийн үнэлгээний тайланг үгүйсгэсэн тайлан байх тул зөвшөөрөх боломжгүй байна. Хөрөнгийн үнэлгээний тайланг бид ямар ч мэргэжлийн бус хүн уншиж танилцаад бүрэн ойлголттой болохуйц ойлгомжтой тодорхой нотолго бүхий тооцооллын болон техникийн алдаагүй бичиг баримт байна гэсэн шаардлагыг хангаагүй байна. Үнэлгээний тайланд үнэлгээний үнэ цэнийн сууийг тодорхойлоогүй байгаа нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9.2.-д хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байхыг мөн хуулийн 9.2.3-т хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий тодорхой байхыг хангаагүй байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-д зааснаар Хөрөнгө үнэлгээний төв ХХК-ийн 2019.7.25-ны өдрийн Хөрөнгө үнэлсэн тайланг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Н-ын төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Тус шүүхийн шүүгчийн 2016.11.03-ны өдрийн 1042 дугаар захирамжаар Ф. ХХК-иас 2 915 826.2 ам.доллар, улсын тэмдэгтийн хураамжид 29 803 881 төгрөгийг гаргуулж, Голомт банк ХХК-д олгохоор, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд цехийг 2019.6.25-ны өдрийн 06-01 дүгээр тогтоолоор битүүмжилж, 06/02 дугаар тогтоолоор хурааж тус компанийн хамгаалалтын ажилтан Т.Х-д, Б.Б нарт тогтоолын хувийг гардуулсан. Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу төлбөрт хураагдсан хөрөнгөд үнийн санао ирүүлэхийг 2019.7.10-ны өдрийн 4/15814 дүгээр албан бичгээр мэдэгдэж, төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Этай 88013438 дугаар утсаар холбогдоход эмнэлэгт хэвтэж байна. Наад мэдэгдлийг чинь авахгүй, үнийн санал өгөхгүй гэх тайлбары өгсөн. Талууд үнийн санал ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55-д заасны дагуу төлбөрт хураагдсан хөрөнгөнд үнэлгээ тогтоолгохоор 2019.7.18-ны өдрийн 222 дугаар тогтоолоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг томилоход, Үндсэн үйлдвэрийн цех нь 6 201 360 000 төгрөгөөр үнэлэгдсэн тайланг тус газарт 2019.7.25-ны өдөр ирүүлсэн. Үнэлгээг талуудад 2019.7.29-ний өдрийн 4/16438, 4/16437 дугаар албан бичгээр мэдэгдэж, мэдэгдлийг төлбөр төлөгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э нарын оршин суугаа хаягаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулий 14.3-т заасны дагуу баталгаат шуудангаар хүргүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-д талууд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасныг зөрчсөн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэв.

 

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ф.ХХК нь хариуцагч Н.холбогдуулан  цехийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсныг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Тус шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1042 дугаар захирамжаар Ф.ХХК-иас 2 915 826.2 ам.доллар, улсын тэмдэгтийн хураамжид 29 803 881 төгрөгийг гаргуулж, Г.ХХК-д олгохоор, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд цехийн үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ф.ХХК шүүгчийн захирамжийг эс биелүүлсэн тул Н. 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, улмаар 2019 оны 06 сарын 25-ны өдрийн 06-01 тогтоолоор  цехийг битүүмжилж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, 2019 оны 06 сарын 25-ны өдрийн 06/02 тогтоолоор уг үл хөдлөх эд хөрөнгийг хураасан байна. 2019 оны 07 сарын 10-ны өдрийг 4/15814 дугаар албан бичгээр талуудад үнийн санал хүргүүлэхэд талууд үнийн санал ирүүлээгүй бөгөөд 2019 оны 7 сарын 17-ны өдөр төлбөр авагч Г.ХХК-ийн төлөөлөгч Д.М-ын шинжээч томилуулах тухай хүсэлтийг үндэслэн 2019 оны 07 сарын 18-ны өдрийн 222 тоот тогтоолоор шинжээч томилжээ./хх-ийн 65-127/

 

Дээрх тогтоолоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 340 тоот дүгнэлтээр барьцаа хөрөнгийг үнэлэхдээ өртгийн хандлагын, орлогын хандлагын үнэлгээ, барилга байгууламжийн нөхөн орлуулах өртгийн тооцооны аргаар нийт 7 533 000 000 төгрөгөөр үнэлжээ.

Нэхэмжлэгч тал үнэлгээчийн Н. 2019 оны 7 сарын 29-ний өдрийн 4/16438, 2019 оны 07 сарын 29-ний өдрийн 4/16437 дугаар мэдэгдлээр нэхэмжлэгч Ф.ХХК болон түүний төлөөлөгч Ж.Э нарт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлд заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 7 533 000 000 төгрөгөөр үнэлсэн болохыг хаягийн дагуу шуудангаар мэдэгдсэн байна.

Нөгөөтэйгүүр, Ф.ХХК-ийн төлөөлөгчөөс Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээчин Ж.У-н дээрх үнэлгээ хийсэн ажиллагаатай холбогдуулан холбогдох мэргэжлийн байгууллагад гомдол гаргасан байх ба 2019 оны 11 сарын 11-ний өдрийн Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын 2019 оны 11 сарын 11-ний өдрийн 07/19 дугаар мэргэжлийн зөвлөлийн тогтоолоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 340 тоот хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгосугай... гэж шийдвэрлэсэн байна.

Дээрх тогтоолын үндэслэлд ...Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 24.1.3, 24.1.5-д заасан ...хөрөнгийн үнэлгээг бодитой бус хийсэн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэж дүгнэжээ.

Дээрхээс дүгнэхэд үнэлгээ тогтоох ажиллагааг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.3-т заасан хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх;, тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж үзэхээргүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар дээрх үнэлгээний талаар шийдвэр гүйцэтгэгч Д.С-г нь Ф.ХХК-д 2019.07.29-ний өдрийн 4/16437, 4/16438 тоот мэдэгдэлийг 2019 оны 07 сарын 30-ны өдөр хүргүүлсэн байх ба нэхэмжлэгч нь уг үнэлгээг зөвшөөрөхгүй талаарх гомдлоо 2019 оны 08 сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан нь мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хуулийн хугацаанд гаргасан байна.

Иймд нэхэмжлэгч Ф.ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дахь хэсэгт заасныг баримтлан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн   цехийг үнэлсэн Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н. газраас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ф.ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

 

 

                                  

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ