Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/153

 

 

 

 

                                   

      2022         09           05                                        2022/ШЦТ/153

 

                                                           

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн,

         Улсын яллагч Б.Дашням,

         Хохирогчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг,

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан,

         Шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

        Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,.

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Яллагдагч Л.Б нь 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 05 дугаар баг Зүүнбаян, булгийн 2-11 тоот хашаанд байх Ц.О-н өмчлөлийн монгол гэрт М.М-г ямар нэгэн шалтгаангүйгээр толгой хэсэгт нь архины шилээр цохиж эрүүл мэндэд нь тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 -Шүүгдэгч Л.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн өдөр өглөө ажилдаа яваад бид Хаан банкны хажууд шугам хагарахад манай мастер, жолооч бид гурав шугамын хоолой боож байхад над руу өдөр Ч ах залгаад ахын дүү хүрээд ир, ах нь чамайг ирээд удаагүй байхад явчихлаа гээд намайг гэртээ дуудсан. Намайг үдийн цайндаа яваад гэрт нь очиход надад пиво авч өгсөн. Бид нар ууж байгаад гадагшаа гарч дахиж нэг юм аваад явж байхад О аймгаас мотоциклтой орж ирсэн байсан. Тухайн үед О би аав болсон гэж хэлсэн. Тэгээд бид нар хөдөө гарч ууж байгаад нэлээн оройхон О-н очоод бид хоёр ажил явсан. Тухайн өдөр М ээлжтэй байсан тул орой 8 цагт очсон. Тэгээд ээлжтэй үед нь Отгонбаатар бид хоёр очиж М.М-ийг авч О-ын гэрт ирсэн. Тэгээд О явж нэг юм аваад ирье гэж гарсан. Тэгээд М.М гал галлаад, би баруун орон дээр нь хэвтэж байгаад унтсан байсан. Намайг унтаж байхад хүмүүс шуугиад юу болоод байна гэж сэрээд харахад Ч эхнэртэйгээ, М нар ирээд юм уугаад сууж байсан. Намайг О босоод ир хөгшөө, наашаа суу гэж архинаас 2 хийж өгөхөд нь уугаагүй. Тэр үед Ч ах эхнэртэйгээ маргалдаад, эхнэрээ элдэв үгээр доромжлоод байхаар нь Ч ах хоёулаа гаръя, хоёр үг сольё гэж авч гараад та хүний эмэгтэй хүнийг авч суучихаа ингэж доромжилж болдог юм уу гэж хэлээд хавираад унагасан. Тэгэхэд М.М гарч ирээд Ч ахыг өмөөрөөд над руу хүрээд ирсэн. Тэгэхээр нь би түлхэж унагачихаад гэр рүү орсон. Тэгээд гэрийн баруун талд би, О, нэг өвгөн бид гурав сууж байхад М. гаднаас орж ирээд зүүн урд талын эргэнэгээс заазуур барид над руу дайрсан. Тэгээд над руу Л.Б ээ чи битгий одоо давраад байгаараа гээд заазуур бариад хүрээд ирэхээр би сандарсандаа хажууд байсан ууж дууссан архины шилийг авч цохисон. Тэгээд М.М унаад О ирэхэд М бид хоёрыг салгасан гэсэн мэдүүлэг,

 -Хохирогч М.М-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би очоод Б-ийг “Боль” гэж хэлтэл миний нүүр рүү 2 удаа цохиод “Чамд ямар хамаатай юм” гэж хэлээд гэр лүү орсон. Б-д цохиулаад миний толгой өвдөж, хэсэг хугацаанд манарч байгаад гэр рүү ортол Б миний толгой руу ууж байсан архины шилээр цохисон...” гэх мэдүүлэг /хх 13-14 ху/

            -Гэрч Ц.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай гэрийн үүдний хэсэгт Б Ерөөл нэртэй архины шилээр М-н толгой руу цохисон. Би сууж байгаад “Боль” гэж хэлээд босоод иртэл Б намайг боож унагаасан. Тэгтэл М Б-ийг салгаад гаргаж явуулсан... Л.Б надтай хамт ажилладаг, манайхаар орж гардаг болохоор манайх ямар заазуур хэрэглэдэг гэдгийг мэднэ...” гэсэн мэдүүлэг /хх 32 ху/,

           -Гэрч Г.М-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Гэрт орж иртэл Б М-ийн толгой руу архины шилээр цохичихсон М толгойгоо барьчихсан гэрийн үүдний хэсэгт байж байсан... би ямар заазуур юм бол гэж хайхад гэрт ил ямар нэгэн заазуур хутга байгаагүй. Архины шил хагарч бутарсан байсан. Тэгтэл О М-ийг өмөөрч Б-тэй барилцаж авахаар нь би салгасан. Араас Ч ах эхнэртэйгээ хамт гэрт ирсэн...” гэсэн мэдүүлэг / хх 28 ху/,

          -Гэрч О.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Намайг гэрт орж ирэх үед гэрт ил заазуур харагдахгүй байсан. М.М толгойгоо барьчихсан сууж байсан. О сэрчихсэн байсан... гэсэн мэдүүлэг /хх 183 ху/,

          -Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 02/153 дугаартай шинжээчийн “...М.М-ийн биед тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо... Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 96-97 ху/,

          -Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-9 ху/,

          -Эмнэлгийн бичиг баримтууд /хх 193-196 ху/,

          -Хохирлын баримтууд / хх 119 ху/,

          -Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 197-199 ху/,

          -Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 201 ху/,

          -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 115 ху/,

          -Шийтгэх тогтоолын хуулбар /118-137 ху/,

          -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 101, 105-107 ху/ зэрэг болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

          Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Л.Б нь 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 05 дугаар баг Зүүнбаян, булгийн 2-11 тоот хашаанд байх Ц.О-ын өмчлөлийн монгол гэрт М.М-тэй маргалдсаны улмаас ямар нэгэн шалтгаангүйгээр толгой хэсэгт нь архины шилээр цохиж эрүүл мэндэд нь тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал гэмтэл бүхий хүнд гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд дээрхи үйл баримт нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд хууль бусаар халдаж хүнд хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

 

          Тус гэмт хэргийг шүүгдэгч Л.Б нь үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Л.Б-ийн “... би хажууд байсан ууж байсан архины шилийг авч цохисон...” гэсэн мэдүүлэг, хохирогч М.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би очоод Б-ийг “Боль” гэж хэлтэл миний нүүр рүү 2 удаа цохиод “Чамд ямар хамаатай юм” гэж хэлээд гэр лүү орсон. Б-д цохиулаад миний толгой өвдөж, хэсэг хугацаанд манарч байгаад гэр рүү ортол Б миний толгой руу ууж байсан архины шилээр цохисон...” гэсэн мэдүүлэг, гэрч Ц.О, Г.М, О.Ч нарын мэдүүлэг, М.М-ийн биед “...тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл...” учирсныг тогтоосон Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 02/153 дугаартай шинжээчийн дүгнэлт, эмчилгээний баримтууд, хохирлын баримтууд, яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлсний зардлын баримт, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ.

 

          Шүүгдэгч Л.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв, үйл баримттай тохирсон байна гэж шүүх дүгнэв.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” заасны дагуу шүүгдэгч Л.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

           Уг гэмт хэрэг нь шүүгдэгч, хохирогч нарын архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлсэн хэрэглэсний улмаас шалтгаалан гарсан байна.

          

           Шүүгдэгч Л.Б болон түүний өмгөөлөгчийн зүгээс “...М.М гаднаас орж ирээд зүүн урд талын эргэнэгээс заазуур барид над руу дайрсан. Тэгээд над руу Л.Б ээ чи битгий одоо давраад байгаараа гээд заазуур бариад хүрээд ирэхээр би сандарсандаа хажууд байсан ууж дууссан архины шилийг авч цохисон...” гэж гэмт хэргийг үйлдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, тус гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдлын талаар шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарладаг.

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “...Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй...”, 3-т “...Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй...” гэж гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдлын нэгэн төрөл болох аргагүй хамгаалалтын талаар тусгасан бөгөөд үүнийг онолын хувьд аюул заналхийлсэн довтолгоон бодитой хийгдэж эхэлсэн бөгөөд тус довтолгоон дуусаагүй байх үндсэн шинжийг агуулдаг.

 

           Өөрөөр хэлбэл гэмт халдлага, хүч хэрэглэсэн довтолгоон бодитой нэгэнт эхэлсэн, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд хохирол учруулах нь хэн бүхэнд илэрхий, тодорхой ойлгомжтой болсон, аюул заналхийлэл бодитой оршиж, халдлага үргэлжилж буй, довтолгоо дуусаагүй үед аргагүй хамгаалалт хийх эрх шүүгдэгчид үүсдэг.

 

           Хохирогч М.М нь шүүгдэгч Л.Б рүү заазуур барьж дайрсан, довтолсон гэх бодит аюул тулгарсан нөхцөл байдал хэрэгт цугларсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байх бөгөөд шүүгдэгч Л.Б-ийн тайлбарлаж буйгаар халдагч буюу хохирогч М.М-ийн хийсэн довтолгооныг няцаах зорилгоор түүний толгойд архины шилээр цохисон гэх гэмт хэргийг үгүйсгэх аргагүй хамгаалалтын нөхцөл байдал үгүйсгэгдэж байх тул шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгчийн тайлбарлаж буй хохирогчийн зүй бус үйлдлээс болж аргагүй хамгаалалт хэрэглэж гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

1.2 Хохирлын тухайд:

 

          Уг гэмт хэргийн улмаас хохирогч М.М-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирч, хөдөлмөрийн чадвараа 80% буюу бүрэн алдсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээ сувилгаатай холбоотой 1,128,565 төгрөгийн 31 ширхэг баримтыг бүрдүүлж, мөн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авч буй цалингийн зөрүү зэргийг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хохирогчийн өмгөөлөгч З.Алтанцэцэгээс хохирогч нь шүүгдэгч Л.Б-ээс 500,000 төгрөгийг авсан, түүнийг хохирлоос хасаж тооцоход татгалзах зүйлгүй талаар тайлбарласан болно.

 

         Тиймээс шүүх дүгнээд эмчилгээ сувилгаатай холбоотой 14 баримтын /1,500 төгрөгийн эм, 15,650 төгрөгийн эм, 220,000 төгрөгийн тариа, 70,140 төгрөгийн тариа, 120,000 төгрөгийн шинжилгээ, 8,800 төгрөгийн эм, 22,000 төгрөгийн эм, 4,000 төгрөгийн эм, 80,800 төгрөгийн эм, 34,500 төгрөгийн тариа, 19,500 төгрөгийн эм, 8,000 төгрөгийн шинжилгээ, 14,000 төгрөгийн тасалбар, 15,200 төгрөгийн тасалбар/ нийт 634,090 төгрөгийг хангаж, үүнээс шүүгдэгчийн төлсөн 500.000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 134.090 төгрөгийг шүүгдэгч Л.Б-ээс гаргуулж хохирогч М.М-д олгож,

           -13 баримтын /63,600 төгрөгийн автогаз, 30,900 төгрөгийн автагаз, 70,143 төгрөгийн АИ-92 шатахуун, 65,000 төгрөгийн АИ-92 шатахуун, 40,000 төгрөгийн автогаз, 57,002 төгрөгийн АИ-92 шатахуун, 15,000 төгрөгийн автогаз, 15,000 төгрөгийн автогаз, 15,000 төгрөгийн автогаз, 25,000 төгрөгийн автогаз, 30,000 төгрөгийн автогаз, 15,000 төгрөгийн автогаз, 25,000 төгрөгийн автогаз/ нийт 466,645 төгрөгийг шатахууныг хэзээ, хаана, ямар үед зарцуулсан, уг шатахууныг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг буюу хохирогчийн эрүүл мэндэд учирсан эмчилгээ сувилгаатай холбоотойгоор зарцуулсан эсэх нь тодорхойгүй байх тул хэлэлцэхгүй орхиж,

           -4 баримтын /9,800 төгрөгийн Жонсон приро /биеийн тос/, 6,630 төгрөгийн Натурвит /хүүхдийн витамин/, 8,950 төгрөгийн /саван, өнгөлөгч порлон, тос/, 2,450 төгрөгийн Имопек /гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулах// нийт 27,830 төгрөг нь хохирогчид учирсан хүнд хохиролтой хамааралгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

            Хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас дутуу авсан цалингийн зөрүүний тухайд:

 

            Хохирогч М.М нь тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал бүхий хүнд хохирлын улмаас Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 0610465 шийдвэрээр “Гавал тархины хүнд гэмтэл, няцрал мэс заслын дараа” гэх оношоор хөдөлмөрийн чадвар алдалтыг 80 хувиар 2023.05.03-2024.05.03-н өдрийг хүртэл 12 сарын хугацаагаар тогтоосон байна.

 

            Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 “...1.Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж тус тус заасан.

 

            Иймд хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас дутуу авч буй цалин хөлс, түүнтэй адилтгах орлогод 13.429.416 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ. Тухайлбал:

 

           2022 оны 12 дугаар сар 938,386 төгрөг, 2023 оны 01 дүгээр сард 1,499,796.29 төгрөг, 2023 оны 02 дугаар сард 1,894,172.04 төгрөгийн цалин авч байсан бөгөөд 3 сарын нийлбэр цалин 4,332,354.2/3=1,444,118 төгрөг,

             Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 237 дугаар тогтоолоор хохирогч М.М нь Нийгмийн халамжийн сангаас нийгмийн халамжийн тэтгэвэрт 2023.05.03-ны-2024.05.03-ны өдрийг хүртэл сар бүр 325.000 төгрөгийг авахаар тогтоогдсон.

            1,444,118-325.000=1,119,118x 12=13,429,416 төгрөгийн хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас дутуу авсан цалингийн зөрүү гарч байна.

 

            2023 оны 03 дугаар сард 1,444,118-605,922.39=836.196 төгрөгийн зөрүү.

            2023 оны 04 дүгээр сард 1,444,118-550,000= 894,118 төгрөгийн зөрүү.

            13.429.416+836.196+894.118=15.161.730 төгрөгийн хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас дутуу авсан цалингийн зөрүүг хохирогчид олгох боломжтой хэдий ч шүүх хохирогчийн өмгөөлөгчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс давж хохирлын зардлыг гаргах боломжгүй гэж үзсэн тул хохирогчийн өмгөөлөгчийн нэхэмжилсэн шаардлагын хүрээнд /2023.05.03-2024.05.03 хүртэлх хугацааны/ хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас дутуу авах цалин хөлс, түүнтэй адилтгах орлогод 13.429.416 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй гэж дүгнэсэн.

 

            Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 “...гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад...” нөхөн төлүүлэхээр хуульчилсан бөгөөд хохирогчид Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт яаралтай эмнэлгийн тусламж авч, эмчилгээ хийлгэхэд эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эмчилгээ тусламж, үйлчилгээний зардал болох 6,157,000 төгрөгийг шүүгдэгч Л.Б-ээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын төрийн сангийн 100900020080 дансанд оруулахаар шийдвэрлэв.

 

            Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа болон хэлэлцэхгүй орхисон шатахууны зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:   

           

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Л.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

          Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

           

            Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Л.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан ба хохирогчийн өмгөөлөгчөөс “...тусгайлан гаргах саналгүй...”, харин шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал болон бусад зүйлсийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын хамгийн доод хэмжээ буюу 02 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулах…” саналыг тус тус гаргасан.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж тодорхой тусгасан.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 10.000-40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар тус тус заасан сонгох санкцитай гэмт хэрэг байх бөгөөд шүүхийн зүгээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний эрхэлсэн тодорхой ажилтай, бага насны хүүхдүүдтэй, ажил хөдөлмөр эрхэлж, ар гэрээ тэжээдэг зэрэг хувийн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 11,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломжоор хангаж  шийдвэрлэлээ.

 

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.Б-д хорих ял оногдуулах нь түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэх боловч түүний эрх чөлөөг хязгаарласнаар хохирогч М.М-ийн зөрчигдсөн эрх буцаан сэргээгдэх боломжгүй, мөн түүний эрүүл мэндэд учирсан бодит хохирол болоод шүүхээс тогтоосон хохирлыг нөхөн төлөх боломжгүй нөхцөл байдал үүсэх өндөр эрсдэлтэй.

            Тийм учраас шүүх хууль болон эрх зүйн ухамсар, эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон хохирогч, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж торгох ял оногдуулах нь зүйтэй байна гэж дүгнэсэн болно.

 

            Бусад асуудлаар: Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

            Хэрэгт шүүгдэгчийн зүгээс гаргаж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн гэрч У.Мандахмаатай ярьсан яриа бүхий зүйл бичигдсэн дуу-дүрсний бичлэгтэй CD-г шинжлэн судалсан бөгөөд уг ярианы бичлэгийг шүүгдэгч нь хийхдээ харилцан ярьж буй этгээдэд урьдчилан мэдэгдээгүй, хууль бус аргаар цуглуулсан, мөн гэрч У.Мандахмаа нь “...сэтгэцийн хоёр туйлт эмгэг өвчинтэй...болсон зүйлийн сэргээн санаж үнэн зөвөөр мэдүүлэх чадваргүй...” талаар гэрч мэдрэл, сэтгэцийн эмч Б.Г тодорхой мэдүүлсэн байх тул шүүх тус яриа бүхий бичлэгтэй CD-г нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй, үнэлэх боломжгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-д 11,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 11,000,000 /арван нэгэн сая/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

         4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар хохирогч М.М-ийн нэхэмжилсэн эмчилгээний зардал 1,128,565 төгрөгөөс 27.830 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 466,645 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, 634,090 төгрөгийн эмчилгээний зардлаас шүүгдэгчийн төлсөн 500.000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 134.090 төгрөгийг, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогод 13.429.416 төгрөг, нийт 13.563.506 төгрөгийг шүүгдэгч Л.Б-ээс гаргуулан хохирогч М.М-д олгож, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн Эрүүл мэндийн даатгалын санд учирсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал 6.157.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын төрийн сангийн 100900020080 тоот дансанд оруулсугай.

         6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хараа нэртэй архины шилний хүзүү хэсгийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, 1 ширхэг сиди бичлэгийг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.

         7.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа болон хэлэлцэхгүй орхисон шатахууны зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

          8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

          9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Б.ОДБАЯР