Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2020/00585

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2020/00585

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Н.Э-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Ц.Х-т холбогдох

 

Гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, 40 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авав.

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч Н.Э-шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Фэйсбүүк цахим сүлжээний Эм зүйч нарын нэгдсэн групп-ээс Эрүүл мэндийн даатгалаар үйлчилдэг эмийн сан зарна гэсэн зарын дагуу 99032630 гэсэн дугаар луу залгаж мэдээлэл авсан юм. Хоёр хоногийн дараа Мишээл Экспо-гийн оройлцоо байрших эмийн санд очиж Ц.Х. гэдэг хүнтэй уулзсан юм. Ц.Х. нь Манай эмийн сан сард 3 550 000 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлттэй эм борлуулах үйлчилгээний эрхтэй. Үүнийгээ жилээр дундажлаад 40 000 000 төгрөгөөр эмийн сангаа зарна гэж хэлсэн. Энэ 40 000 000 төгрөгт компанийн гэрчилгээ, эмийн сангийн тусгай зөвшөөрлийн эрх, компьютер, эмийн сангийн программ, банкны посс төхөөрөмж, 1 000 000 төгрөгний эм, бараа, багтсан. Н.Э-, Б нар Бид судлаж үзээд хариу хэлье гэж хэлсэн. Хэд хоногийн дараа Ц.Х. залгаад Та нар яахаар болсон бэ?, Та хоёрын дараа хоёр эмэгтэй хүн ирж үзсэн. Хурдан хариугаа хэл гэж шавдуулсан. Н.Э, Б нар ярилцаад эмийн санг авахаар шийдсэн юм. Тэгээд дахиад Ц.Х.тай уулзахад тэрээр Эрүүл мэндийн даатгалыг ямар ч асуудалгүй сунгаж өгнө. Асуудал ер үүсэхгүй. Би бүгдийг нь зохицуулж өгнө. Таньдаг хүндээ хэлээд зохицуулсан байгаа гэж тэднийг итгүүлсэн. Улмаар Ц.Х. нь 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр залгаад Та нар 5 000 000 төгрөгийг урьдчилаад өгж байгаач. Татвар энэ тэрээ төлөөд, бичиг баримтаа цэгцлэх гээд байна гэж хэлсэн. Дахин дахин залгаад байхаар нь Н.Э.Хаан банкны данснаасааа мобайлаар Ц.Х.ын дансанд 5 000 000 төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Д.ХХК-ийн гэрчилгээгээ тэдэнд шилжүүлж, баруун 4 замын Хаан банк орж үлдсэн 30 000 000 төгрөгийг Ц.Х.т шилжүүлсэн. Ингээд нэхэмжлэгч нь эхнэрийн хамтаар 2019 оны 06 дугаар сарын 1-ны өдрөөс эхлэн эмийн сангийн үйл ажиллагаагаа эхэлсэн Эрүүл мэндийн даатгалын газраас 2019 оны 07 дугаар сарын 3-ны өдөр эрүүл мэндийн даатгалын гэрээ дүгнэх хурал болсон. Тэдний эмийн сан гэрээ дүгнэлтээр ороогүй. Учрыг лавлахад Танайх 5 дугаар сард шалгалтаар ороод тэнцээгүй. Ц. Х. гэдэг хүнд бүгдийг нь хэлсэн. Өөрөө мэдэж байгаа гэсэн. Н.Э-, Б нар аргаа бариад Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас улсын байцаагч М.У эмийн санг дахин шалгасан. Гэвч өмнөх зөрчилтэй холбоотойгоор гэрээг сунгахгүй гэсэн. 2019 оны 05 дугаар сарын 28-наас 30-ны өдрүүдэд Ц.Х. тэдэнд өөрийн эмийн сангаа худалдахаас хамаагүй өмнө буюу 2019 оны 05 дугаар сарын 14-ны өдөр тэрээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчдад эмийн сангаа шалгуулахаас татгалзсан, эмийн сангийн тусгай зөвшөөрөл нь хүчингүй болж байгааг 2019 оны 05 дугаар сарын 21-ны өдөр мэдэж байсан хэрнээ тэдэнд Ямар ч асуудал байхгүй. Харин ч би та нарт хямдхан зарж байна шүү гэж тэднийг итгэлийг олж хууран мэхэлсэн. Энэ нөхцөл байдал удалгүй илэрмэгц Ц.Х. Би тун удахгүй танайхыг хурлаар оруулж өгнө. Холбогдох хүмүүстэй нь уулзаж байна. Одоо ингээд шийдэгдэнэ. Хүлээж бай гэхчилэн хуурсаар сүүлдээ гар утсаа ч авахаа болиод зугтах болсон. Ердийн эмийн сангийн үнэ бол 5 000 000 сая төгрөгийн үнэлгээтэй байдаг. Тухайн эмийн сан нь 2 ширхэг лангуутай, түрээсийн байр юм. Ерөнхийдөө ашиг олох боломжгүй. Хариуцагч хувьцаа шилжүүлэх гэрээнд энэ компанийн, эрх эзэмшиж байгаа талаараа бүх л мэдээллээ өгөх ёстой байсан. Нэхэмжлэгчийн зүгээс анх худалдах худалдан авах гэрээг цуцалж, гэрээний дагуу төлбөр болгон шилжүүлсэн 40 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг худалдах худалдан авах гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасан хууран мэхэлж хийсэн хүчин төгөлдөр бус гэж тооцож, гэрээний дагуу төлбөр болгон шилжүүлсэн 40 000 000 төгрөгийг гаргуулахаар өөрчилж байна гэв.  

 

Хариуцагч Ц.Х., түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тухайн үед зарын дагуу Х., Б нар ирж уулзсан. Тэдний дараагаар бас зарын дагуу хоёр эмэгтэй ирж уулзсан. Шалгалтын хувьд манай эм зүйч өвчтэй байсан учир ганцаараа явуулах боломжгүй учраас шалгалтыг нэг удаа хойшлуулсан. 2019 оны 05 дугаар сарын 21-нд албан бичиг өгнө гэж хэлээд 06 дугаар сарын 14-ны өдөр албан бичиг ирүүлсэн. Тухайн үед намайг байхад албан бичиг ирээгүй. Иргэний хуулийн 59 дугаар зүйлд хэлцэл хийх зорилгоор хууран мэхэлсэн, хэлцэл хийхэд саад болсон, нөхцөл байдлын талаарх нуун дарагдуулсан асуудал байхгүй. Энэ асуудлын талаарх Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр албан бичгээр ирсэн. Худалдах, худалдан авах гэрээ нь 05 дугаар сарын 31-ны өдөр байгуулсан. Зөвлөлийн хурлаар орж уг гэрээг цуцлах эсэх асуудал яригддаг. Хэдийгээр 05 дугаар сарын 31-ны өдрөөс өмнө шалгалт орсон боловч энэ зөрчлөөр гэрээ цуцлах эсэхийг мэдэх боломжгүй байсан. Манай зөвшөөрөл удахгүй гарах гэж байгаа тул эвлэрлэх боломжтой гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Э.хариуцагч Ц.Х.т холбогдуулан худалдах худалдан авах гэрээг хууран мэхэлж хийсэн хүчин төгөлдөр бус гэж тооцож, гэрээний үнэд шилжүүлсэн 40 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсныг хариуцагч тал зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Талуудын хооронд 2019 оны 5 сарын 31-ний өдөр 1487 дугаар Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 1488 дугаар компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус бичгийн хэлбэрээр байгуулагдсан байх ба уг гэрээгээр Д.ХХК-ийн хувьцаа болон эрхийг шилжүүлж, худалдагч тал болох Ц.Х. худалдан авагч тал Н.Э-д 32 000 000 төгрөгөөр худалдаж, 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-ийн 7-10/

Дээрх гэрээний үнийг 32 000 000 төгрөг гэж гэрээнд тусгасан хэдий ч талууд гэрээний үнэнд 40 000 000 төгрөгийг авсан, өгсөн асуудлаар маргаагүй ба гэрээний дагуу Д.ХХК-ийг нэхэмжлэгч Н.Э.нь өөрийн нэр дээр шилжүүлэн авч, тус компанийн эмийн сангийн үйл ажиллагааг нэхэмжлэгч Н.Э.эрхлэн явуулж байгаа талаар талууд тайлбар гаргасан, энэ талаар маргаангүй байна.

 

Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр ...худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заажээ.

 

Нэхэмжлэгч тал ...Д.ХХК-ийн эмийн сан нь эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй эмээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй гэж бидэнд итгүүлэн гэрээ байгуулж, мөнгө авсан боловч ... тухайн үед тусгай зөвшөөрлийг нь цуцалсан байсныг биднээс нууж хууран мэхэлж энэ гэрээг хийсэн байсан. гэснийг харицагч тал ... худалдах, худалдан авах гэрээ нь 05 дугаар сарын 31-ны өдөр байгуулсан. Зөвлөлийн хурлаар орж уг гэрээг сунгах эсэх асуудал яригддаг бөгөөд уг шалгалт нь гэрээ байгуулахаас өмнө орсон боловч энэ зөрчлөөр гэрээ цуцлах эсэхийг мэдэх боломжгүй байсан. Гэрээ цуцалсан тухай албан бичиг 2019.6.28-ны өдөр гарсан тул хууран мэхлэх санаа зорилго байгаагүй гэж тайлбар гаргажээ.

Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний зүйл нь эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй эмээр үйлчлэх тусгай зөвшөөрөл бүхий эмийн сан-тай компани болох нь тогтоогдож байх ба талуудыг энэ асуудлаар маргаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Харин хариуцагч тал дээрх гэрээний зүйлийг шилжүүлэхдээ хуульд заасан биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой эд хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүйгээс маргаан үүсч, улмаар нэхэмжлэгч нь энэ үндэслэлээр дээрх гэрээнүүдийг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасан хууран мэхэлж хийсэн хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардаж байгааг гэрээнээс татгалзсан агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан гэж үзэхээр байна.

Тодруулбал, нэхэмжлэгчийн гэрээнд заасан эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй эмээр үйлчлэх эмийн сантай болох хүсэл зориг хангагдаагүй нь Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэхь хэсэгт заасан биет байдлын доголдолтой хөрөнгөнд хамаарч байна гэж шүүх үзсэн ба мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч нь гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй байх ба нэхэмжлэгчийн худалдаж авсан эмийн сангийн тусгай зөвшөөрлийг авах асуудлаар хариуцагчид хандсныг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасан үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон гэж үзэхээр байна.

Дээрх гэрээг цуцлах тухай шаардах эрхийг гэрээнээс татгалзах эрхтэй адилтган ойлгох ба энэ тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэхь хэсэгт зааснаар худалдан авагч нь гэрээний гүйцэтгэлд төлсөн 40 000 000 төгрөгийг биет байдлаар буцаан шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэхь хэсэгт зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар харилцан буцааж өгөх, мөн зүйлийн 205.7-д зааснаар талууд биечлэн, нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй тул хариуцагч тал сөрөг нэхэмжлэл гаргаагүй боловч энэ шүүхийн шийдвэрээр компанийн хувьцаа болон компанийн эрхийг худалдагч талд буцаан олгох нь хуульд харшлахгүй, бусдын эрх зөрчигдөхөөс хамгаалах ач холбогдолтой юм.

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хувиарлах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.1, 155.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.7 дахь хэсэгт заасныг баримтлан 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1487 дугаар Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 1488 дугаар компанийн эрх шилжүүлэх гэрээг цуцалж, хариуцагч Ц.Х.аас 40 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Э-д олгож, нэхэмжлэгч Н.Э-гаас Д.ХХК-ийн хувьцаа болон итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхийг хариуцагч Ц.Х.т шилжүүлэхийг даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Э-улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 715 900 төгрөгөөс 357 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 357 950 төгрөгийг /2200203491786 дугаартай/ улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгч Н.Э-д олгож, хариуцагч Ц.Х.аас тэмдэгтийн хураамжинд 357 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Э-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ