Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2019/00391

 


 

 

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2020/00391

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Э.А-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Ц.Э-т холбогдох 

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 

Нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч Э.А шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Этай 2004 онд танилцаж, 2006 оны 12 сарын 13-ны өдөр гэрлэлтээ албан ёссор бүртгүүлсэн. Бидний ууган охин Э.Б2008 оны 10 сарын 30-ны өдөр, хүү Э.Э нь 2012 оны 9 сарын 25-ны өдөр төрсөн. Анх бид зүүн салаанд хашаа байшинд хамтран амьдрах хугацаанд нөхөр маань уурхайд өрмийн мастераар ажиллаж байгаад хувиараа бизнестээ болохоор нь одоо амьдрал маань сайхан болох нь гэж бодоод хоёр хүүхдээ асран хэсэг хугацаанд гэртээ байсан. Гэтэл ажил нь бүтэмжгүй болж, олсон орлогогүй болж эхэлсэн. Эхэндээ би хоёр хүүхдээ сургуульд нь явуулж хоосон хонуулахгүйн тулд ах дүү нараасаа мөнгө зээлэн бөмбөгөрт эгчийнхээ лангууны хажуу хананд бага зэргийн бараа тавьж заран сүүлийн 6-7 жил ийм байдалтай амьдарч байна. Нөхөр маань хүүхдүүдийнхээ сургуулийн үйл ажиллагаанд оролцож байгаагүй. Улсын баяр наадмуудаар ахан дүүстэй уулзах баяр ёслолд орж байгаагүй. Гэртээ ирээд байх хугацаандаа ууртай, хоёр хүүхдээ болон намайг үл тоосон элдэв муу үгээр доромжлох нь их байдаг. Хоёр хүүхэддээ эцгийн хайр халамж үзүүлдэггүй. Бид шүүхэд нэхэмжлэл өгөхөөс өмнө эвлэрүүлэн зуучлалаар орж, надаас уучлалт гүйн дахин ийм асуудал гаргахгүй гэсэн боловч хэвээрээ байсаар байна. Иймд хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулж, насанд хүрээгүй охин Э.Б болон хүү Э.Э нарыг өөрийн асрамжинд авах хүсэлттэй байна. Хөдөө гадаа яваад олсон орлогогүй амьдарч байхаар хотод даргын жолооч ч хамаагүй хийгээд ажиллаж болохгүй юм уу гэж урд нь хэлж байсан. Хариуцагч чи яагаад надад өмнө нь хэлж байгаагүй вэ гэдэг. Үр хүүхэддээ хайртай, халамжтай байх гэдгийг хүнээр заавал хэлүүлэх шаардлагагүй, хувь хүний ухамсарт байх ёстой. Шүүх эвлэрүүлэн зуучлалаар ажиллагаа хийлгэх 3 сарын хугацаа олгосон хэдий ч бид эвлэрэх боломжгүй тул Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 54д байрны 43 тоотод байрлах 40.3 мкв орон сууцнаас өөрт болон хүү, охин хоёрт ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх гэсэн боловч нөхөр Ц.Э нь эд хөрөнгийн талаар маргахгүй гэж байгаа тул эд хөрөнгийн асуудлаар нэхэмжлэлээ гаргахгүйгээр шийдвэрлүүлэхээр боллоо гэв.

 

Хариуцагч Ц.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгчийн ярьсан бүх зүйл үнэн. Ажил төрөл урагшгүй байж сүүлийн хэдэн жил ингэж явсан нь үнэн. Ийм байдалтай олон жил явсан учраас хэлэх үг байхгүй байна. Архи ууж, гэр бүлдээ дарамт үзүүлдэг зүйл байхгүй. Өрмийн мастер мэргэжилтэй. 2 жил хэртэй бичил алтны уурхай ажиллуулж байгаад хөрөнгөний асуудалтай болчихоод гаднаас хөрөнгө оруулалт авч одоо ажиллаж байгаа. Энэ асуудлыг шийдчихээд хөдөө явах зорилготой. Нэхэмжлэгч ийм тайлбарыг яриагүй байсан шүүхэд л ийм зүйл ярьж байна. Жилийн дотор дутагдлаа засаад гэр бүлээ буцаагаад авч үлдэхийн тулд бүх зүйл, сэтгэл санаагаа өөрчлөхийг хичээсэн. Эхнэр нэгэнт эвлэрүүлэн зуучлалаар орсон ч эвлэрэхгүй гэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Орон сууцны хувьд заавал ногдох хэсгийг гаргуулах шаардлага байхгүй. Эхнэр, хүүхдүүддээ орон байраа үлдээгээд би хөдөө ажиллахаар явна, үлдээхэд татгалзах зүйлгүй гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,

           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.А нь хариуцагч Ц.Эт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Э.А, Ц.Э нар 2004 онд танилцаж, гэр бүл болж 2006 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин Э.Б, 2012 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн хүү Э.Э нарын эцэг, эх болцгоож, иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 34 дүгээр зүйлийн 34.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэгчид нь шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон үндэслэлээр дуусгавар болсон байна. /хх-27/

Гэрлэгчид цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх боломжгүй, тусдаа амьдраад нилээн хугацаа өнгөрсөн, цаашид хамтран амьдрах нөхцөл байдал байхгүй талаар хэн аль нь тайлбар гаргаж, гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байх тул гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

 

Гэрлэгчид нь хүүхдийн асрамжийн асуудлаар маргаагүй бөгөөд охин Э.Б, хүү Э.Э нарыг эх Э.Аийн асрамжинд үлдэхээр харилцан тохиролцсон нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасан Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ. ... эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэснээр эх Э.Ат хүү охин Э.Б, Э.Э нарыг эцэг Ц.Этай уулзуулах нөхцлөөр хангаж, эцэг нь үр хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа хэдий ч хуульд зааснаар үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэйг тайлбарлах нь зүйтэй.

 

Мөн нэхэмжлэгч нь 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхээр хариуцагчаас гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 54-д байрны 43 тоотод байрлах 40.3 мкв орон сууцнаас өөрт болон хүү, охин хоёрт ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргах гэж байсан талаар тайлбарлаж байх ба хариуцагч Уг орон сууцыг хуваах шаардлагагүй ба уг эд хөрөнгө миний 2 хүүхдийнх тул үлдээхэд татгалзахгүй. Би хүүхдүүддээ өгөхөд татгалзах зүйлгүй гэх тайлбар гаргаснаар нэхэмжлэгч нь уг нэхэмжлэлийг шүүхээр шийдвэрлүүлэхгүй гэж тайлбарласныг дурдах нь зүйтэй байх ба улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг хуульд заасан журмын дагуу буцаан олгох нь зүйтэй байна.

 

Дээрхийг нэгтгээд гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, охин Э.Б, хүү Э.Э нарыг эх Э.Аийн асрамжинд үлдээж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.А , Ц.Э /нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан охин Э.Б, хүү Э.Э нарыг эх Э.Аийн асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан эцэг Ц.Эыг хүүхдүүдтэй нь уулзуулахад болон эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Э.Ат даалгасугай.

 

4. Гэрлэгчид нь эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд илүү төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан Э.Ат буцаан олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ