| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Одбаатар |
| Хэргийн индекс | 117/2025/0012/З |
| Дугаар | 221/МА2025/0715 |
| Огноо | 2025-11-11 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2025/0715
“Г м” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг
Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Илтгэсэн шүүгч Л.Одбаатар
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Ө
Нэхэмжлэлийн шаардлага: “Дундговь аймгийн Адаацаг сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ээлжит хуралдааны шийдвэр, тэмдэглэлийг албажуулахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, хуралдааны шийдвэр, тэмдэглэлийг албажуулах, тухайн хурлын шийдвэр, тэмдэглэлийг манай компанид хуулбарлан гаргаж өгөхийг даалгах, мөн Адаацаг сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаар "Хуралдаан хүчингүй болгох тухай" тогтоолыг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 13 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч “Г м” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, Э.М
Хариуцагч Дундговь аймгийн Адаацаг сумын 3-р багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.Ч
Хариуцагч Дундговь аймгийн Адаацаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Г.У
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номуунхүслэн
Хэргийн индекс: 117/2025/0012/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 8.4.8-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "Г м" ХХК-ийн хариуцагч Дундговь аймгийн Адаацаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Г.У, Адаацаг сумын 3-р багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.Ч нарт холбогдуулан гаргасан "Дундговь аймгийн Адаацаг сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ээлжит хуралдааны шийдвэрийг албажуулахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, хуралдааны шийдвэрийг албажуулах, тухайн хурлын шийдвэрийг манай компанид гаргаж өгөхийг даалгах, мөн Адаацаг сумын 3-р багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаар "Хуралдаан хүчингүй болгох тухай" тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үлдсэнийг буюу Дундговь аймгийн Адаацаг сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ээлжит хуралдааны Тэмдэглэлийг албажуулахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, хуралдааны тэмдэглэлийг албажуулах, тэмдэглэлийг манай компанид хуулбарлан гаргаж өгөхийг даалгах шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгч “Г м” ХХК-ийн төлөөлөгч П.Ө дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд
2.1. “...Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, хүлээн авахаас татгалзахдаа захиргааны үйл ажиллагаа, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хариуцагч нар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эс үйлдэхүй гаргасан эсэхийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийгээгүй.
2.2. Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлж байгаа багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга хуралдааны шийдвэр, тэмдэглэлээ албажуулахгүй байгаа үйл ажиллагаа, эс үйлдэхүй нь манай компанид шууд нэрлэн заагаагүй боловч үр дагавар нь сөргөөр нөлөөлж 24 байхад Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 8.4.8-д заасантай нийцэхгүй байна гэх шүүхийн дүгнэлт нь дараах байдлаар үгүйсгэгдэнэ.
2.3. Шүүхэд авагдсан нотлох баримтын хүрээнд Дундговь аймгийн Адаацаг сумын Өвөр-Урт нэртэй 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ирц хүрснээр эхэлж, тус хуралдаанаар орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлыг хэлэлцүүлэхгүй хойшлуулсан, 4 иргэний өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмших асуудлыг хэлэлцэн хуралдаанд оролцогч нар 100 хувь дэмжиж, тогтоол гаргахаар шийдвэрлэсэн, мөн манай компаниас байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайлан танилцуулгыг танилцуулсан, хуралдаанд оролцогч нараас “Г м” ХХК-аас нийгмийн хариуцлагын хүрээнд хийх 7 асуудал, саналыг гаргаж, уг асуудлыг иргэдийн олонх буюу 40 хүн дэмжсэн нөхцөл байдал нь тогтоогдсон.
2.4. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8.1-д зааснаар баг нь өөрийн чиг үүрэг үүрэгт хамааралтай асуудлыг 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар хэлэлцсэн. Хурлын тэмдэглэл, гэрч нарын мэдүүлгээр багийн хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан "нутаг Дэвсгэрийн нийгэм эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой асуудал", "газрын асуудал", байгаль орчны тэнцвэрт байдалд тавих хяналт" чиг үүрэгт хамаарах асуудлыг хэлэлцсэн байна.
2.5. Манай компани нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн дугаар зүйлийн 8.4.8 дахь заалтад "төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн төлөөлөлд өртөх нутгийн иргэдийн нийтийн хурлын санал, тэмдэглэл"-ийг үнэлгээний Тайланд тусгана гэж заасны дагуу уг хуралдаанаар тайлангаа танилцуулж, иргэдээс үйл ажиллагаа, нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэх ажлын талаар саналыг иргэдээс авсан. Багийн хуралдааны тэмдэглэлийг хариуцагч нар нь гаргаж өгөөгүйн улмаас манай компани Дундговь аймгийн Засаг дарга, Адаацаг сумын Засаг дарга нартай байгуулсан гэрээний (үүргээ хэрэгжүүлж чадахгүй байдалд хүрсэн.
2.6. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар багийн иргэдийн иргэдийн Нийтийн 4. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай Хуралдаанаас тогтоол гаргана. Энэхүү тогтоолыг гаргахаар хуралдаанд оролцогч нар нь санал хурааж шийдвэрлэсэн нөхцөлд байдал хуралдааны гар тэмдэглэл, түүнийг хөтөлсөн гэрч Б.Х болон бусад гэрч нарын мэдүүлгээр тогтоогдоно. Хуралдаан даргалагч нь Б.Ч нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 10-т зааснаар хуралдааны шийдвэрийг албажуулан гарын үсэг зурах үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлэхгүй байна.
2.7. Мөн хуралдааны шийдвэр, тэмдэглэлийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийг дарга Г.У нь хурлын хэвлэмэл хуудас, тамгыг хадгалдах эрхтэй Мөн хуралдааны шийдвэр, тэмдэглэлийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын боловч 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаан хууль бус болсон гэж тайлбарлан шийдвэр, тэмдэглэлийг гаргаж өгөхгүй эс үйлдэхүй гаргаж байна.
2.8. Багийн иргэдийн Нийтийн Хурлаас гаргах тогтоол нь уг хуралдааны тэмдэглэлийг үндэслэн гаргадаг тул хурлын дарга нь албажуулдаг нь хариуцагч нарын шүүхэд гаргаж өгсөн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хурлын тогтоол, тэмдэглэл зэргээр тогтоогдож байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр 11.2 дахь хэсэгт зааснаар захиргааны үйл ажиллагааны хэлбэрийг хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны байгууллага тухайн хуульд заасны дагуу хэрэглэнэ гэдэгтэй нийцнэ гэж үзэж байна. Мөн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд зааснаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тэмдэглэл гэх байдлаар тусдаа захиргааны байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагааг тодорхойлжээ.
2.9. Багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаас гарах шийдвэрийн үйлчлэл нь шууд манай компанид нэрлэн зааж хандаагүй боловч үр дагавар нөлөөлөх тодорхой байна. Хуралдааны тэмдэглэлийг байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайланд тусгах үүргийг манай компанийн хуулиар хүлээсэн үүрэгт хамаарч байгаад шүүх зөв дүгнэлт хийгээгүй.
2.10. Анхан шатны шүүх багийн иргэдийн Нийтийн хурлын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаар "Хуралдааны тогтоолыг хүчингүй" тогтоолыг болгосноор нэхэмжлэгч “Г м” ХХК-д эрх зүйн үр дагавар үүсэхгүйгээс гадна нэхэмжлэгчид сонсох ажиллагаа явуулаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийг зөрчөөгүй гэх дүгнэлт нь учир дутагдалтай.
2.11. Хуралдааныг хүчингүй болгосон тогтоолд өмнөх хуралдаан хуулийн дагуу товоо зарлаагүй, багийн зарим иргэдэд зар хүргээгүй, тухайн хуралдааны өдөр хэлэлцэх асуудлыг Батлуулсан боловч баг, хорооны чиг үүрэгт хамаарах асуудлыг хэлэлцэн шийдвэрлээгүй, элэлцэх асуудалд оруулаагүй асуудлыг шийдвэрлэсэн гэж тус тус дурдаж, тогтоолын үндэслэлээ болгосон нь хууль бус захиргааны акт болсон гэж үзэж байна.
2.12. Дундговь аймгийн Адаацаг сумын 3 дугаар багийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн иргэдийн Нийтийн Хуралдаанд сумын Засаг дарга Ж.Б, газрын даамал С.Н, хөдөө аж ахуй асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Б нар нь оролцож, манай компани нь Ухаа-Овоо төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайланг иргэдэд танилцуулсан юм. Мөн уг хуралдааныг Адаацаг сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.Ч нь даргалж явуулсан байхад өөрийн даргалсан хуралдааныг холбогдох хууль зөрчиж хүчингүй болгох саналыг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанд гаргаж, шийдвэрлүүлсэн нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эрх зүйн үр дагаврыг бий болгож байна.
2.13. Уг тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэл, оролцоог хангах зарчмыг зөрчсөн. Хүчингүй болгосон 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар манай компанийн танилцуулга, нийгмийн хариуцлагын хүрээнд гаргасан саналыг иргэд хэлэлцсэнээс гадна, дөрвөн иргэний газрын асуудлыг тус тус шийдвэрлэсэн бөгөөд эдгээрт урьдчилан мэдэгдээгүй шийдвэрийг гаргасан юм.
2.14. Иймд Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 117/ШШ2025/0013 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хянаад дараах үндэслэлээр хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэв.
1. “Г м” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дундговь аймгийн Адаацаг сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ээлжит хуралдааны шийдвэр, тэмдэглэлийг албажуулахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, хуралдааны шийдвэр, тэмдэглэлийг албажуулах, тухайн хурлын шийдвэр, тэмдэглэлийг манай компанид хуулбарлан гаргаж өгөхийг даалгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Адаацаг сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 3 дугаар “Хуралдаан хүчингүй болгох” тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
2. Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хуралдааны товыг багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөл зарлаагүй. Хүчин төгөлдөр бус ирцтэй хуралдаан болсон. Хариуцагч албан тушаалтнууд нь хууль бус хурлын тогтоол, тэмдэглэл албан баримт бичигт гарын үсэг зурах, хэрэгжүүлэх үүрэггүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэжээ.
3. Анхан шатны шүүх Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дугаар тогтоолын 8 дугаар хавсралтаар батлагдсан “Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр боловсруулах аргачлал”-ын Шийдвэрийн тодорхойлох хэсгийн 2.1-д заасан “хэрэв нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн, багасгасан, эсхүл өөрчилсөн бол энэ талаар тусгах ба дээрх хэсэгт эцсийн байдлаар тодорхойлсныг бичнэ” гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагын нэмэгдүүлсэн шаардлагыг тодорхойлох хэсэгт өөр агуулгаар тусгасан /шийдвэрийн ТОДОРХОЙЛОХ нь хэсгийн 1.2/. Мөн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт гэрч нарын мэдүүлгийг бүтнээр нь оруулсан боловч гэрч нарын мэдүүлэг ямар үйл баримтыг хэрхэн нотолж байгаа талаар огт дүгнээгүй, Адаацаг сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн ээлжит хуралдааны шийдвэрийг албажуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шийдвэрийг албажуулах, хуулбарлан гаргаж өгөхийг даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа үндэслэлийн талаар шийдвэрт тодорхой тусгаагүй, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 8.4.8 дах заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, “Адаацаг сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ээлжит хуралдааны тэмдэглэлийг албажуулахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, хуралдааны тэмдэглэлийг албажуулах, тухайн хурлын шийдвэр, тэмдэглэлийг манай компанид хуулбарлан гаргаж өгөхийг даалгах” шаардлагын тухайд хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Шийдвэрийн ТОГТООХ хэсэгт шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ холбогдох хуулийн заалтыг /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.1/ баримтлаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудад бүх талаас нь бүрэн гүйцэд үнэлэлт дүгнэлт өгөөгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
4. Гэвч дээрх үндэслэлүүдээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах шаардлагагүй гэж дүгнэв.
5. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.
5.1. Дундговь аймгийн Адаацаг сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хуралдаж, тус хуралдаанд нэхэмжлэгч “Г м” ХХК-ний уурхайг ашиглах зорилгоор байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг иргэдэд танилцуулж, төслийн хэрэгжилтэд тухайн багийн иргэдийн асуултад хариулж, санал хүсэлтийг сонсож хэлэлцүүлэг зохион байгуулагдсан, мөн 4 иргэний газартай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн болох нь тухайн өдрийн хуралдааны гар бичмэл, гэрч нарын мэдүүлэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх105-116-р хуудас 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын тэмдэглэл/
5.2 Дээрх хурлын тэмдэглэлийн эхний хэсэгт: 143 өрхийн 68 иргэн 48 өрхтэйгөөр ирц хангалттай хурал эхэлж байгаа тухай тэмдэглэсэн бөгөөд Адаацаг сумын 3 дугаар багийн 2025 оны хүн амын дэлгэрэнгүй судалгаанд 146 өрхийн 457 иргэн гэх судалгаа гарсан бол, улсын бүртгэлийн байгууллагын статистик тоон мэдээллээр /хх218/ 2024 оны жилийн эцсийн байдлаар Адаацаг сумын 3 дугаар багийн өрхийн тоо 141 гэсэн тоо баримт гарсан байна.
5.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас гэрч нарыг асуулгах хүсэлт гаргасан бөгөөд шүүх хүсэлтийг хүлээн авч гэрч С.Н, Б.Б, О.Г, Ж.Б нарыг гэрчээр асууж мэдүүлэг авсан, мөн хариуцагч талаас гэрч С.Б, Ж.Б, З.А, Д.М нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч гэрчээр асууж мэдүүлэг авсан, мөн З.А, С.Ц, Х.Э, П.С нар 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцсон тухай тодорхойлолтыг гараар бичиж өгснийг шүүх нотлох баримтаар хэрэгт хавсаргасан байна.
5.4. Дээрх баримтуудаас дүгнэвэл хуралд оролцсон 48 өрхөөс гадна тус багийн иргэн С.Ц, Х.Э, З.А, н.Д нар ирцэд бүртгүүлээгүй боловч хуралд оролцсон болох нь тэдгээрийн шүүхэд гаргаж өгсөн тодорхойлолт, хурлын явцад авсан фото зураг зэрэг баримтаар 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн багийн хуралдаанд оролцсон болох нь нотлогдож байна.
5.5. Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д “Тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн болон хорооны хэсэг тус бүрийн төлөөллийг хангах зарчмаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд гурван өрх тутмаас, 400-с дээш дээш өрхтэй багт таван өрх тус бүр нэгээс доошгүй хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хуралдааныг хүчинтэйд тооцно” гэж зааснаар дээрх хурлын ирц бүрдсэн, хуралдааныг хүчинтэйд тооцох үндэслэлтэй байх бөгөөд энэ талаарх нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, давж заалдах гомдол үндэслэлтэй байх бөгөөд хариуцагч нарын тайлбар үндэслэлгүй байна.
5.6. Өөрөөр хэлбэл дээрх хуулийн зохицуулалтаар Адаацаг сумын 3 дугаар багийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн багийн иргэдийн Нийтийн Хуралдаанд тэмдэглэлд тусгаснаар 48 өрх оролцсон нь улсын бүртгэлийн байгууллагын статистик тоо баримтаар тус багийг 141 өрхтэй гэж үзвэл тус багийн нийт өрхийн 47 өрхийн төлөөлөл хуралд оролцоход ирц бүрдэхээр байна. Мөн уг хурлын тэмдэглэл болон хариуцагчийн тайлбарт дурдсанаар тус баг 143-146 өрхтэй гэж үзвэл 47.6- 48.6 өрхөөс төлөөлөл ирэхэд хангалттай ирц бүрдсэн гэж үзэхээр байх бөгөөд дээр дурдсанчлан ирцийн бүртгэлд бүртгэгдээгүй хуралд оролцсон иргэдийг оруулаад тооцох юм бол тус багийн иргэдийн Нийтийн Хуралд 52 өрхийн төлөөлөл оролцсон гэж үзэхээр байх тул ирц хангалттай бүрдсэн, хуралдааныг хүчинтэйд тооцох үндэслэлтэй байна. Энэ талаар анхан шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.
5.7. Мөн анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхдээ багийн иргэдийн Нийтийн Хурлын тэмдэглэлийг “нэхэмжлэгчид чиглэсэн эрх зүйн үр дагаврыг үүсгэхгүй тул захиргааны актын шинжийг агуулахгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
5.8. Тухайлбал Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т “Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд дараах асуудлыг тусгана”, 8.4.8-д т”өсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэдийн нийтийн хурлын санал, тэмдэглэл” гэж заасан, 8.3-т “энэ хуулийн 8.2-т заасан эрх бүхий аж ахуйн нэгж нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний үр дүнгээр тайлан бэлтгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулна”, 9 дүгээр зүйлийн 9.2-т “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг байна”, 9.3-т “Ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага тухайн төслийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлан төсөл хэрэгжүүлэх зөвшөөрөл олгоно” гэж хуульд зохицуулснаас дүгнэхэд төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэдийн нийтийн хурлын санал, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг багийн иргэдээр хэлэлцүүлэн хурлын тэмдэглэлд тусгуулж, уг тэмдэглэлийг тайланд хавсаргаж байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, батлуулах, цаашлаад төсөл хэрэгжүүлэх зөвшөөрөл авах гэх мэт процессуудыг дамждаг нэхэмжлэгч талын үйл ажиллагаануудаас бүрдсэн байх бөгөөд хэрэв 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралдааны тэмдэглэл тайланд тусгагдаагүй тохиолдолд байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлагдахгүй, мөн төсөл хэрэгжүүлэх зөвшөөрөл олгогдохгүй байх нөхцөл байдлыг хуульд зохицуулсан байна. Нэхэмжлэгчийн хувьд дээрх үйл баримт нь эрх зүйн үр дагавар үүсгэх боломжтой тул захиргааны актын шинжийг агуулсан гэж дүгнэхээр байна.
5.9. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар “Хуралдаан хүчингүй болгох тухай” тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
5.10. Учир нь дээр дурдсанчлан /Үндэслэх хэсгийн 5.4, 5.5/ Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д “Тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн болон хорооны хэсэг тус бүрийн төлөөллийг хангах зарчмаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд гурван өрх тутмаас, 400-с дээш дээш өрхтэй багт таван өрх тутмаас тус бүр нэгээс доошгүй хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хуралдааныг хүчинтэйд тооцно” гэж зааснаар дээрх хурлын ирц бүрдсэн 52 өрхийн 70-аад иргэн оролцсон тул хуралдааныг хүчинтэйд тооцох үндэслэлтэй бөгөөд 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар “Хуралдаан хүчингүй болгох тухай” тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
6. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.9-д “Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөл нь иргэдийн төлөөллөөс гадна баг, хорооны Засаг дарга болон Хуралдааны дарга, хорооны хэсгийн ахлагч нараас бүрдэх бөгөөд гагцхүү иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, дараагийн хуралдаанд бэлтгэх, хуралдааныг товлон зарлах үүрэгтэй” гэж зааснаар Адаацаг сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 05 дугаартай “Багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөл байгуулах тухай” тогтоолоор байгуулагдсан Зөвлөлийн дарга Б.Ч, гишүүд болох О.Г, Ж.Б, Б.Х, Л.А нар нь хуралдаж багийн иргэдийн Нийтийн Хуралдааныг товлон зарлах үүрэгтэй байна. Гэтэл 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанд зөвлөлийн дарга Б.Ч, зөвлөлийн гишүүн Багийн Засаг дарга О.Г, зөвлөлийн гишүүн Б.Х нар нь биечлэн оролцсон байх бөгөөд дээрх хурлын тов зарлах үүрэгтэй зөвлөлийн дарга, гишүүд тов зарлахгүйгээр хуралдаан явуулсан хариуцагчийн буруутай асуудалд нэхэмжлэгч компанийг буруутгах үндэслэлгүй байна.
7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ” гэж зааснаар нэхэмжлэгч нь 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, шийдвэр тэмдэглэлийг албажуулж, хуулбарлан нэхэмжлэгчид гаргаж өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох маргаанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргыг хариуцагчаар татан оролцуулсан нь ойлгомжгүй, хариуцагчийг зөв тодорхойлоогүй, үндэслэлгүй байгаа болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтыг заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 117/ШШ2025/0013 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6, 32.9, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 8.4.8-т заасныг тус тус баримтлан Дундговь аймгийн Адаацаг сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн ээлжит хуралдааны шийдвэр, тэмдэглэлийг албажуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хуралдааны шийдвэр, тэмдэглэлийг албажуулж, тухайн хурлын шийдвэр, тэмдэглэлийг хуулбарлан нэхэмжлэгчид гаргаж өгөхийг Адаацаг сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.Ч-д даалгаж, Адаацаг сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаар "Хуралдаан хүчингүй болгох тухай" тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Л.ОДБААТАР