Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 206

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Ц.Гансүлд,

шүүгдэгч О.Алтансүх, түүний өмгөөлөгч Л.Батаа /ҮД:1824/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хиад боржигон овогт Оюуны Алтансүх-д холбогдох 201626012022 дугаартай,  188/2016/0244/Э индекстэй хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 30 дугаар гудамж 3 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Хиад боржигон овогт Оюуны Алтансүх /РД:ЧВ87072379/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

О.Алтансүх нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2016 оны 08 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 4А байрны гадаа талбайд иргэн О.Баянмөнхтэй маргалдаж байгаад явсан хойгуур нь зогсоолд байсан түүний эзэмшлийн 59-80 УБЭ улсын дугаартай “Тоёота Камри” маркийн автомашины зүүн хойд талын их гэрэл, багажны гэрэл, багажны таг, баруун хойд крыло зэрэг эд зүйлсийг хөлөөрөө өшиглөж санаатайгаар гэмтээх, устгах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар. Үүнд:

 

Хохирогч О.Баянмөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “... 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр …Энхбаяр, Алтансүх, Мөнхбат нартай хамт 1 шил архи, 1 том пиво ууцгаасан. Тэр үед Орхонтуул, Батбаатар нар ирээд 2 шил Улаанбаатар гэдэг архи уугаад 22 цагийн үед Орхонтуул Батбаатар нар явсан. Алтансүх, Энхбаяр хоёр хоорондоо юм яриад зогсож байхаар нь явж очоод яагаад байгаа юм больцгоо гэж хэлсэн чинь Алтансүх гэр рүүгээ гүйгээд явсан. Дараа нь Алтансүх аав, ээж хоёрыгоо дагуулж ирээд орилж чарлаад байхаар нь ажил руугаа яваад 04 цаг өнгөрч байхад машин дээрээ иртэл багажны хойд талын 2 ширхэг гэрэл хагарч зүүн талын булангийн 1 ширхэг гэрэл, багааж хонхойсон, баруун талын керлоны замаск хагарсан байсан. …Энхбаяртай архи уухгүй гээд маргах гээд байхаар нь  одоо больцгоо гэсэн, цохиж зодож биед нь гэмтэл учруулаагүй. …Энхбаяр харсан гэсэн тэгээд Алтансүх-д боль гэж хэлсэн гэж ярьж байсан. Дараа нь Алтансүхийг машин төлж өг гэхэд за төлж өгнө гээд төлж өгөөгүй. Би учирсан хохирлоо үнэлгээний байгууллагын тогтоосон үнэлгээгээр нэхэмжилнэ. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 х/

 

Шүүгдэгч О.Алтансүхийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би 2016 оны 08 дугаар сарын 01-ний орой Баянмөнх, Энхбаяр болон хамт явсан хоёр залуутай нь нийт 1 шил архи, 1 том пиво хувааж уусан, өмнө нь Баянмөнх, Энхбаяр нар машин дотроо архи уусан гэсэн. Тэгээд Баянмөнх над руу томроод би одоо эндхийх гээд юм яриад байсан намайг архи ууж байхаад авсан архи голлоо гээд үг өдөөд басамжлаад байсан. Тэгэхээр нь би жаахан уурлаад Баянмөнхийн ажлаас нь гарахад 23 цаг болж байсан байх. Энхбаяр тэр үед ахиад нэг пиво ууя гэхээр нь тэгье гээд 2000 төгрөг өгсөн чинь чиний кармаанд 6000 билүү 7000 төгрөг байгаа бүгдийг нь гаргачих гэхээр нь би чадахгүй гэж хэлэхэд Баянмөнх хажуунаас ахиад ганц юм ууя гээд томроод зогсоод байсан бас чи хэн бэ гээд томроод байхаар нь би өмнөөс юм хэлсэн л байх тухайн үедээ юу гэж хэлснээ санахгүй байна. Дараа нь гэр рүү гээ ороод ээж, аав хоёрыгоо дагуулаад гарч ирсэн. ... Баянмөнх орц руу ороод зугтаад явсан ... Би Баянмөнхийг хайж байгаад машиных нь хойд талын багажны хоёр жижиг гэрлийг өшиглөөд хагалсан. Дараа нь гэртээ очоод амарсан маргааш нь машин төлж өг гэхээр нь төлж өгье гээд хэлсэн мөнгөний бололцоо гарахгүй төлж өгөөгүй байгаа. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 х/

 

Гэрч Б.Энхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг: “...Би 2016 оны 08 дугаар сарын 01-ний орой 21 дүгээр хороолол 8а байрны гадаа Баянмөнх, түүний танил Алтансүх нартай 1 шил архи, 1 том пиво хувааж уусан дахиж нэг шил архи нэмж ууя гэж байгаад больсон, тэр үед Баянмөнх тоглоод Алтансүхийг тоглоомоор нэг удаа гараараа хэвлий рүү нь ёворсон тэгтэл Алтсансүх нь уйлаад ээж, аавыгаа дуудаад гаргаад ирсэн. Баянмөнх ажилтай дуудлаганд явлаа гээд яваад машинаа 4а байрны гадаа орхисон. Би Баянмөнхийн машиных нь ойролцоо байж байтал Алтансүх аав ээжтэйгээ гарч ирээд машины арын гэрэл, багаажийг нь өшиглөөд би энэ муу ямбийг шинээр авч өгнө гээд орилоод байсан. Тэр үед би Алтансүхийг боль гэж хорьж байгаад цагдаа дуудлаа гэсэн чинь яваад өгсөн. Машиныг өшиглөж эвдэх үед аав, ээж нь харж байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 х/

 

Гэрч М.Мөнхтуяа-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 08 дугаар сарын 01-ний шөнө 03-аас 04 цагийн үед Алтансүх орж ирээд хамаатны хүүхэд Энхбаяр болон хамт явсан хүмүүстэй нь уулаа, бид нар хоорондоо маргалдаа,гээд ээж та гараад уулзаадах гэж хэлэхээр нь манай нөхөр гарчихаад буцаж орж ирээд чи гараад уулзаадах хоорондоо маргалдсан юм шиг байна гэхээр нь би Алтансүхтэй хамт гартал Энхбаяртай Алтансүх маргалдах гээд, зууралдах гээд байхаар нь би Энхбаярт хандаж та нар ууж чаддаггүй хүнд архи өглөө гэж хэлсэн чинь Алтансүх нэг машин руу нь гараараа цохисон. … Алтансүх-д гэмтэж бэртсэн зүйл байхгүй, хэн нэгэнтэй зодолдоогүй маргалдаад байсан. …Алтансүх архи ууж байгаагүй, тамхи татдаггүй,  өмнө нь ял эдэлж байгаагүй. Бүрэн дунд боловсролтой, одоогоор ажилгүй гэртээ байгаа, гадуур тэнэдэггүй хүмүүжил сайтай хүүхэд. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 х/

 

Гэрч Д.Оюуны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 08 дугаар сарын 01-с 02-нд шилжих шөнө Алтансүх гаднаас гэртээ архи уучихсан халамцуу орж ирээд  Энхбаяр хоёр хүнтэй хамт архи уучихаад намайг зодох гээд байна гэхээр нь би дагуулаад гартал Энхбаяр гадаа согтуу халамцуу хоёр залуутай байсан. Тэгэхээр нь юу болоод байгаа юм бэ гэж асуухад надад Энхбаяр янз бүрийн зүйл болоогүй гэж хэлсэн. Энхбаяртай хамт байсан залуу согтуурхаад Алтансүхтэй маргах гээд байсан, би цагдаа дуудна шүү та нар адилхан ууж идчихээд гэж хэлтэл Энхбаяр намайг цагдаа дуудуулаагүй. Тэгээд Энхбаяртай хамт байсан хоёр залуу нь цаашаа яваад өгсөн. Алтансүх нэг машины хойд багаж руу нь өшиглөсөн, зүүн хойд хаалганы хойд хэсэг /крыло/ рүү нь өшиглөсөн тэгэхээр нь болиулаад авч орсон энэ үед ээж нь бас гарч ирсэн байсан. Намайг харж байхад ямар нэг зодоон цохион болоогүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 х/,

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл “...хойд талын их гэрлүүд хагарсан, ...багажны таган дээр 1х1 см хэмжээтэй хонхойж будаг нь шинэхэн халцарсан, ... баруун хойд талын крыло хонхойсон байдалтай ...” /хх-ийн 5 х/

 

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-7 х/, автомашины техникийн үнэлгээний тайлан “...зүүн хойд гэрэл, багажны гэрэл 2 ширхэг эвдрэлийн зэрэг их солих шаардлагатай, багажны таг, баруун хойд крыло дунд зэргийн эвдрэлтэй засах шаардлагатай ... нийт үнэлгээ 257,000 төгрөг ...” /хх-ийн 24-25 х/ гэсэн баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

 

Уг автомашин хохирогч О.Баянмөнхийн эзэмшлийнх болох нь тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 35-36 х/-р нотлогдож байгаа.

Хохирлын хэмжээ нийт 257,000 төгрөг гарсан хэдий ч хохиролд 200,000 төгрөг төлсөн, хохирогч О.Баянмөнх илүү мөнгө нэхэмжлэхгүй гэсэн тухай баримтаа нотариатаар батлуулж шүүхэд ирүүлсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэж шүүх үзсэн.

 

           О.Алтансүх урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй болох нь  түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-ийн 34 х/-р  нотлогдон тогтоогдсон.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэж шүүгдэгч О.Алтансүхийг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

О.Алтансүх нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, архидан согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.

 

О.Алтансүх нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн аюулаар их биш, ахуйн хүрээнд үйлдэгдсэн, урьд нь шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлсөн, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа зэргийг харгалзан түүнд хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзсэн болно.

 

О.Алтансүхийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хиад боржигон овогт Оюуны Алтансүхийг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар О.Алтансүхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар О.Алтансүхийн эдлэх 01 /нэг/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.О.Алтансүх-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирлын төлбөрт 200,000 төгрөгийг төлж барагдуулсан, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан О.Алтансүхэд оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал, хүмүүжилд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан О.Алтансүх-д урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ