Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2022/00505

 

“МД” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/00599 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 999 дүгээр магадлалтай,

“МД” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Ц.Н, Э.Г нарт холбогдох,

Түрээсийн гэрээний төлбөр болон барьцаанд шилжүүлсэн 29,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “МД” ХК нь хариуцагч Ц.Н, Э.Г нарт холбогдуулан түрээсийн гэрээний төлбөр болон барьцаанд шилжүүлсэн 29,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нар нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй.

Хариуцагч Ц.Н нэхэмжлэгч “МД” ХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 35,760,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан, нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/00599 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 233 дугаар зүйлийн 233.2, 287 дугаар зүйлийн 287.1-д заасныг баримтлан хариуцагч Э.Гэс 29,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “МД” ХК-д олгож, хариуцагч Ц.Нд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ц.Нгийн “...гэрээнээс учирсан хохиролд 35,760,000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “МД” ХК-аас 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн 305,450 төгрөгийг, хариуцагч Ц.Нгаас 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн 336,750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Гэс улсын тэмдэгтийн хураамжид 305,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “МД” ХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 999 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/00599 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэн Ц.Н, Э.Г нар нь Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167.5, 172.1, 172.2.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2 /Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна/ -д дахь заалтыг зөрчсөн гэж үзэн энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна.

4.1. Анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хэт нэг талыг барьж, үндэслэлгүй шийдвэр гаргасан. Үүнд: Талууд 2019/08/09-ний өдөр эд хөрөнгө хөлслөх гэрээнээс татгалзаж, гэрээний зүйлийг буцаан хүлээлгэн өгсөн талаар маргаагүй хэмээн үндэслэлгүй дүгнэсэн. 2019/08/09, 2019/09/06-ны өдрүүдэд түрээслэгч тал нь “оффис хөлслөх гэрээ”-г цуцлах тухай мэдэгдлүүдийг түрээслүүлэгч талд хүргүүлж, түрээслүүлэгч нь уг мэдэгдлийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд тухай бүрд нь үндэслэл бүхий тайлбаруудыг хүргүүлж байсан. Хөлслөх гэрээг цуцлах, татгалзах, эд хөрөнгийг хүлээлгэн өгөх, хүлээн авах асуудал дээр талууд ямар ч тохиролцоонд хүрээгүй бөгөөд “МД” ХХК нь 2019/11/04-нд иргэний шүүхэд хандсанаар асуудал шүүхийн журмаар шийдвэрлэгдэхээр болсон нь хэрэгт авагдсан нотлох баримтаас ойлгомжтой байсан. Мөн гэрээний зүйлийг буцаан өгсөн талаарх нэг ч баримт, акт өнөөдрийг хүртэл талууд үйлдээгүй, хүлээж авах болон хүлээлгэн өгөх ямар ч ажиллагаа хийгдээгүй юм.

4.2. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь хэргийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болох түрээслэгч талын 2019/08/09, 2019/09/06-ны өдрүүдийн албан тоотууд, түрээслүүлэгч талын 2019/08/31, 2019/09/11-ний хариу албан бичгүүд, мөн шүүх хуралдааны явцад талуудын өгсөн мэдүүлэг, тайлбараас харахад үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээ нь талуудын тохиролцоогоор 2020 оны 08 сард цуцлагдсан гэж үзэх ямар ч үндэслэл тогтоогдоогүй. Түрээслэгч тал нь 2019/08 сард хүлээлгэн өгсөн гэх боловч нь энэ нь 2019/09/06-ны өдрийн тоотоор няцаагддаг. Түрээслэгч нь тухайн түрээсийн талбайг огт хүлээлгэж өгөөгүй бөгөөд 2019/10 сарын сүүлээр түрээслүүлэгч нь түлхүүрийг тухайн барилгын жижүүрээс очиж авсан байдаг. Түрээслэгч нь энэ хугацаанд буюу 2019 оны 10 сарын сүүлч хүртэл уг түрээсийн талбайг ашиглаж байгаагүйг нотлох баримт огт байхгүй тул түрээсийн талбайг эзэмшиж, ашиглаж байсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Талууд гэрээг цуцлах асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй тул түрээслэгч тал болох “МД” ХК нь 2019/11/04-ний өдөр ХУД-ийн ИХАШШүүхэд 2019/11/04-ний өдөр иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гэрээ цуцлагдсанд тооцох хууль зүйн үндэстэй юм.

4.3. Анхан шатны шүүх “нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225.1 /Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй./, 226.1 /ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол, үүрэг гүйцэтгэгч гэрээгээр тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй, харин нэмэлт хугацаанд үүргээ гүйцэтгэсэн тохиолдолд гэрээний харилцаа үргэлжлэх ёстой бол, хоёр талын ашиг сонирхлын үүднээс онцгой үндэслэлээр гэрээг нэн даруй цуцлах шаардлагатай бол./ зааснаар оффис түрээсийн гэрээнээс татгалзах эрхтэй” хэмээн дүгнэсэн нь илт үндэслэлгүй. Өөрөө хэлбэл Иргэний хуулийн 225.1, болон 226.1 дэх хэсэгт заасан “түрээслүүлэгч нь үүрэг зөрчсөн” гэх үндэслэл тогтоогдоогүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Түрээслүүлэгч нь гэрээгээр тохиролцсон үүргээ зөрчсөн зүйл огт байхгүй бөгөөд түрээслэгч нь гэрээнд заагаагүй, өөрийнх нь эрх үүрэгт огт хамааралгүй зүйл буюу бусдын хуулиар хамгаалагдсан нууцтай холбоотой мэдээллийг хууль бусаар шаардаж байсан нь үнэн билээ.

4.4. Зээлийн барьцаанд Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 5-р хороолол, Чингисийн өргөн чөлөө гудамж, 17 дугаартай барилгын 501 тоотод байршилтай, 476.7 м.кв талбайтай оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө тавигдсан нь гэрээ цуцлах ноцтой үндэслэл болох талаар ямар ч үндэслэл бүхий дүгнэлт гаргаагүй боловч хөлслүүлэгчийг үүргээ биелүүлээгүй мэтээр /иргэний хуулийн 288.1.4. хууль буюу гэрээнд заасан бусад үүрэг/ тайлбарлаж, гэрээний огт хамааралгүй заалт буюу 5.2.4 болон 5.2.6 дахь заалтуудаас тодорхой өгүүлбэрүүдийг нэхэмжлэгч талд ашигтай байдлаар түүвэрлэн оруулж, гэрээнээс нэхэмжлэгч нь татгалзах эрхтэй хэмээн дүгнэсэнтэй санал нийлэхгүй байна.

4.5. Шийдвэрийг бүхэлд нь товчхон дүгнэхэд “хөлслүүлсэн эд хөрөнгө нь бусдад барьцаалагдсан байгаа нь, мөн түүнийгээ түрээслэгч талд урьдчилан мэдэгдээгүй нөхцөл байдал нь хууль зөрчсөн бөгөөд энэ нь түрээслэгч тал гэрээг цуцлах хууль зүйн үндэслэл болно” гэх агуулгаар шийдвэрээ гаргасан. Гэрээ цуцлагдсан өдрийг нэхэмжлэгчийн тодорхойлсноор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд хөлслөх гэрээ нь 2019/11/04-ний өдрөөр цуцлагдсан ба түрээсийн төлбөрийг МД бүрэн ашигласан болно.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176.2.2 /шийдвэр, магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулах;/-ыг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.

6. Нэхэмжлэгч “МД” ХК нь хариуцагч Ц.Н, Э.Г нарт холбогдуулан 29,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа “Э.Ган-Эрдэнийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 2 жилийн хугацаатай түрээслэхээр тохирч, барьцаанд 7,375,000 төгрөг, эхний улирлын төлбөр 22,125,000 төгрөг шилжүүлсэн боловч уг хөрөнгө зээлийн барьцаанд байсан, хариуцагч энэ талаар мэдэгдээгүй, мэдээлэл авах хүсэлтэд хариу өгөөгүй тул гэрээнээс татгалзсан” гэснийг хариуцагч эс зөвшөөрч, “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээг цуцалж бусдад түрээслэх боломж алдагдуулж их хэмжээний хохирол учруулсан” гэж маргаж, учирсан хохиролд 35,760,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

7. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг болон хариуцагч Ц.Нд холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаж хэвээр үлдээжээ.

8. Хоёр шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

9. Хоёр шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний төрөл, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон хариуцагчийн мэдээлэл өгөх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, хэлцлээр шилжүүлсэн мөнгийг буцаан шаардах эрхтэй гэж үзэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

10. 2019.07.25-ны өдөр “МД” ХК болон Ц.Н (Э.Ган-Эрдэнийн олгосон итгэмжлэлийн үндсэн дээр) нарын хооронд “оффис түрээслэх” гэж нэрлэгдсэн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Э.Ган-Эрдэнийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 5-р хороолол, Чингисийн өргөн чөлөө гудамж 17-р барилга, 5 дугаар давхрын 501 тоот үйлчилгээний зориулалттай талбайгаас 295 м.кв-г оффисын үйл ажиллагаа явуулж хөлс төлөхөөр тохиролцсон, нэхэмжлэгч барьцаа болон эхний улирлын түрээсийн төлбөрт нийт 29,500,000 төгрөг төлсөн нь тогтоогдсон байна. Энэхүү гэрээ нь хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээх эд хөрөнгө хөлслөх гэрээ гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасантай нийцжээ.

11. Нэхэмжлэгч гэрээний зүйл болох талбайг хүлээн авсан хэдий ч тухайн эд хөрөнгө нь “Голомт банк” ХХК-ийн барьцаанд байгааг олж мэдсэн, гэрээний 5.2.4, 5.2.6-д зааснаар хариуцагч нь “...барилгын талаарх мэдээ, мэдээлэл болон бусад мэдээллээр хангах” үүргээ биелүүлээгүйгээс гэрээнээс татгалзах тухайгаа 2019.08.09-ний өдөр мэдэгдсэн, хариуцагч татгалзсан хариу ирүүлсэн боловч шаардсан баримтыг гаргаж өгөөгүй, энэ нөхцөл байдлын улмаас талуудын хоорондох гэрээний харилцаа үргэлжлээгүй, гэрээний зүйлийг нэхэмжлэгч ашиглаагүй гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар нотлогдсон байна.

12. Хөлслүүлэгч нь гэрээний хугацааны туршид гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын доголдолгүй эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлэх үүргийг хүлээдэг ба хөлслөгчийн хөлслөн авсан эд хөрөнгийн талаар гуравдагч этгээд ямар нэгэн шаардлага гаргах эрхгүй байвал тухайн эд хөрөнгийг эрхийн доголдолгүй гэнэ, тухайн эд хөрөнгө нь гуравдагч этгээдийн эрхээр хязгаарлагдсан байвал үр дагаврыг хөлслүүлэгч хариуцна.

13. Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний зүйл нь “Голомт банк” ХХК-ийн барьцаанд байсан боловч энэ нь өмчлөгчийн өмчлөлийн зүйлээ бусдын өмчлөлд шилжүүлэх, гуравдагч этгээдэд шилжүүлэх эрхийг хязгаарлахгүй, гагцхүү нэхэмжлэгч нь талуудын харилцан тохиролцож байгуулсан гэрээний дээр дурдсан 5.2.4-д болон Иргэний хуулийн 188 дугаар зүйлийн 188.1-д зааснаар эд хөрөнгийн талаар мэдээлэл авах эрхтэй, хариуцагч нь шаардсан мэдээллийг өгөх үүрэгтэй. Хариуцагч нь тухайн байр барьцааны эрхээр хязгаарлагдсан тухай түүнчлэн гэрээний үүргийн зөрчилгүй байгаа буюу түрээсийн талбайд хөлслөгч өөрийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэн явуулахад саад болох нөхцөл үүсэхгүй болох талаар урьдчилан сануулж мэдэгдээгүйгээс нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан талаар хоёр шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ. Гэрээний чөлөөт байдлын хүрээнд нэхэмжлэгч 2 жилийн туршид хөлслөх эд хөрөнгийн талаар тухайлбал, ямар нэгэн үүрэг ногдуулаагүй байгааг мэдэж, гэрээ байгуулах эсэхээ, байгуулсан гэрээгээ үргэлжлүүлэх эсэхээ шийдвэрлэх эрхтэй болно.

14. Нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан тул талууд хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцаах үүрэгтэй, үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хоёр шатны шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 287 дугаар зүйлийн 287.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

15. Анхан болон давж заалдах шатны шүүх, Ц.Н нь Э.Ган-Эрдэнийн олгосон итгэмжлэлийн үндсэн дээр “МД” ХХК-тай гэрээг байгуулсан тул уг гэрээтэй холбоотой эрх, үүрэг түүнд үүсэхгүй, тэрээр хариуцагч байх боломжгүй гэж үзэн түүнд холбогдох нэхэмжлэлийг болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй байна.

16. Хариуцагч гомдолдоо, “...хоёр шатны шүүх гэрээ цуцлагдсан цаг хугацааг буруу тодорхойлсон, нэхэмжлэгч 2019.11.04-ний өдөр шүүхэд хандсанаар гэрээ цуцлагдсан” гэсэн байна.

Хэргийн баримтаас үзвэл, нэхэмжлэгч гэрээнээс татгалзах тухайгаа гэрээ байгуулагдсанаас хойш 14 хоногийн дараа буюу 2019.08.09-ний өдөр хариуцагчид мэдэгдсэн, хариуцагч нэхэмжлэгчийн шаардсан баримтыг гаргаж өгөөгүйгээс 2019.09.06-ны өдөр дахин мэдэгдэл өгсөн нь тогтоогдсон, иймд гэрээг мөн өдрөөр дуусгавар болсон гэж үзэх нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасан “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэснийг зөрчөөгүй.

17. Дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/00599 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 999 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ц.Н, Э.Г нар /итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа/-ын 2020.05.27-ны өдөр 305,450 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                        Х.ЭРДЭНЭСУВД