Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2016/0739

 

“Эжбалей” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтуул, Т.Булган, хариуцагч П.Отгонсүрэн, З.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тогосмаа нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 613 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “Эжбалей” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 613 дугаар шийдвэрээр: “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны 06 дугаар сарын 29-ний өдөр батлагдсан/ 13 дугаар зүйлийн 13.1.16, 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “Эжбалей” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын улсын байцаагчийн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 210201529 дүгээр актыг өөрчилж, уг актын хасагдах нэмэгдсэн өртгийн албан татварын дүнд 1,018,223,028.20 /тэрбум арван найман сая, хоёр зуун хорин гурван мянга хоёр зуун хорин найман төгрөг хорь/ мөнгийг нэмэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг актын хасагдах нэмэгдсэн өртгийн албан татварын дүн дээр 1,018,223,028.20 /тэрбум арван найман сая, хоёр зуун хорин гурван мянга хоёр зуун хорин найман төгрөг хорь/ мөнгийг нэмж бичихийг хариуцагчид даалгаж,

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Агбат давж заалдах гомдолдоо: “1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.1.2, 14.7-д зааснаар хасалтыг хийхдээ мөн хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээнд төлсөн буюу нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж орлого олохтой холбоотой худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх албан татвараас хасалт хийхээр зохицуулсны дагуу “Эжбалей” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох борлуулалтын орлогод хувь тэнцүүлэн худалдан авалтын хасалтыг хийж /төсвөөс буцаан олгох/ акт үйлдсэн.

2. Сангийн сайдын 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 283 дугаар тушаалаар баталсан “Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулах журам”-ын 5.1.1-д “үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэн явуулахад зориулан худалдан авсан үндсэн ба туслах материал, түүхий эд, шатахуун, тослох материал, сэлбэг хэрэгсэл, барилгын материал, уур, ус, цахилгаан болон дулааны эрчим хүч, шуудан холбооны үйлчилгээ, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр зэргийг зориулалтын дагуу зарцуулж, тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний өртөгт шингээсэн анхан шатны баримт болон нягтлан бодох бүртгэлийн дансны бичилтийг үндэслэн зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд зарцуулсан хэсэгт ногдох нэмэгдсэн өртгийн албан татварын хасалтыг хийнэ” гэж заасан.Дээр дурдсан үндэслэл “Эжбалей” ХХК-ийн алт хайх хайгуулын ажилд зориулан худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн 1,018,223,028.20 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.1.2, 14.7, мөн Сангийн сайдын 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 283 дугаар тушаалаар баталсан “Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулах журам”-ын 5.1.1-д тус тус заасныг үндэслэн төсөвт төлөх албан татвараас хасч тооцохгүй болно.

Иймд нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 210201529 дүгээр актад холбогдуулан гаргасан “Эжбалей” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 613 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс болон Татварын ерөнхий газрын улсын байцаагч нараас “Эжбалей” ХХК-ийн 2009-2013 онуудын нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг удаа дараа хянан шалгаж, тухайн компанийн төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 1013172,3 мянган төгрөгөөс 6392,7 мянган төгрөгөөр тогтоож акт үйлдэж байсан, Татварын ерөнхий газраас тухайн асуудлаар өөр өөр агуулгатай, хоорондоо зөрүүтэй албан бичгүүдийг татварын байгууллага болон татвар төлөгч нарт хүргүүлж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд хамгийн сүүлд Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч нар 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 210201529 дүгээр актаар “Эжбалей” ХХК-ийн 2010 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын үнийн дүнг 7698079,9 төгрөгөөр тогтоосныг эс зөвшөөрч “Эжбалей” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Маргаан бүхий захиргааны акт болон Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 102 дугаар тогтоолоос үзэхэд татварын улсын байцаагч нар нь акт гаргасан үндэслэлээ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.16, 14 дүгээр зүйлийн 14.7-д заасныг зөрчсөн гэж тайлбарлан төсвөөс авах татварын дүнг 1.018.223.028.20 төгрөгөөр бууруулж баталгаажуулжээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 13 дугаар зүйлийн 13.1.16-д “энэ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7-д зааснаас бусад уул уурхайн бүтээгдэхүүн”-ийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр, уг хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7-д “экспортод гаргасан уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн”-д албан татварын хувь хэмжээ “0”-тэй тэнцүү байхаар,

14 дүгээр зүйлийн 14.7-д “Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортолсон болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зарим хэсгийг нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох, үлдсэн хэсгийг нь уг татвараас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд буюу албан татвар ногдуулахгүй хэрэглээнд ашигласан бол зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд ашигласан хэсгийг нь хасч тооцно“ гэж заажээ.

Хариуцагчийн тайлбар болон хуулийн дээрх заалтуудаас үзвэл хариуцагч татварын улсын байцаагч нар “Эжбалей” ХХК-ийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд буюу албан татвар ногдохгүй хэрэглээнд ашигласан, тодруулбал, хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.16-д заасан уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн гэх үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг үйлджээ.

Гэтэл шалгалтын хугацаанд нэхэмжлэгч “Эжбалей” ХХК нь 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хайгуулын, мөн өдрөөс ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшиж ирсэн боловч ямар нэг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлээгүй, өөрөөр хэлбэл, тус компани 2010-2013 оны хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу өрөмдлөгийн ажил, геофизикийн хайгуулын ажил, шинжилгээ хийлгэсний хөлс, шатахуун худалдан авах болон техникийн түрээс төлөх зэрэг үйл ажиллагаатай холбоотой 10.182.230.282 төгрөгийн худалдан авалт хийсэн, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаа буюу ашигт малтмал олборлох, түүнийг борлуулах ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

Тиймээс нэхэмжлэгчийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6, 12 дугаар зүйлийн 12.1.7 /экспортод гаргасан уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн/-д заасан уул уурхайн бүтээгдэхүүн гаргасан гэх үндэслэлээр тогтоосон маргаан бүхий захиргааны акт үндэслэлгүй байна.

Эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 613 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                       Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                       Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                       Д.БАТБААТАР