Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2020/00793

 

 

 

Нэхэмжлэгч А.Д нь хариуцагч Д.Ц-д холбогдуулан хүүхдүүдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

А.Д, Д.Ц нар 2013 оноос хамтран амьдарсан бөгөөд тэдний дундаас 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Ц.З, 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Ц.Х нар төрсөн болох нь хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.

 

Зохигчид гэрлэлтийн байдлаа эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй боловч З, Х нарыг эцэг Д.Ц-оор нь овоглож төрсний бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авсан байна.

 

Д.Ц нь хүүхдүүдээ эх А.Д-ийнх нь асрамжид байлгахад татгалзахгүй гэж тайлбарлаж байна.

 

Иймд З, Х нарт эцгээс нь хуульд заасан хэмжээний тэтгэлэгийг гаргуулан тэднийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуульд эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй гэж заасан тул Ц.З, Ц.Х нарыг эхийнх нь асрамжид байлгахаар шийдвэрлэсэн ч эцэг Д.Ц нь дээрх үүргээс чөлөөлөгдөхгүй юм.

 

Иймд дээрх хуульд заасан үүргээ биелүүлэхийг Д.Ц, энэхүү үүргээ биелүүлэхэд нь саад болохгүй байхыг А.Д-д даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д “хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх” гэж заасан байдаг тул Д.Ц-ийн хүүхдүүдтэйгээ уулзах эрх нээлттэй байгааг дурдаж байна.

 

Нэхэмжлэгч А.Д-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг  улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ц-оос 140 400 төгрөгийг гаргуулан А.Д-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.