Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2020/00796

 

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Г.Н-д холбогдуулан Т-ыг өөрийн нэрээр овоглох, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч Г.Н нь хүү Т-г өөрийн асрамжид авах, эцгээс нь тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Б хариуцагч Г.Н нь 2008 оноос эхлэн хамтран амьдарсан бөгөөд тэдний дундаас 2012 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Т төрсөн болох нь Канад улсаас олгосон NBPB /2008/03/ дугаартай төрсний гэрчилгээ, НИ 077372 дугаар паспорт болон талуудын тайлбараар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч, хариуцагч нар хоорондын таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарч байгаа бөгөөд хэн аль нь цаашид хамтран амьдрах боломжгүй гэж хүү Т-ыг өөрсдийн асрамжид авах талаар маргаж байна.

 

 Хүүхдийн насны байдал, мөн хүүхдийн дасан зохицож буй орчинг өөрчлөх бодит шаардлага нь тодорхой бус байдал, хүүхдийн санал зэргийг харгалзан үзэж Т-ыг эхийнх нь асрамжид байлгах нь түүний эрх ашигт нийцнэ гэж үзэв.

 

Иймд эцэг Б.Б-аас хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуульд эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй гэж заасан байдаг тул Т-ыг эхийнх нь асрамжид байлгахаар шийдвэрлэсэн ч эцэг Б.Б дээрх үүргээс чөлөөлөгдөхгүй юм.

 

Мөн Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх гэж заасан байдаг тул Б.Б-ийн хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй байна.

 

Б.Б нь хүү Т-ыг өөрийн нэрээр овоглох шаардлагаасаа татгалзаж байх тул энэхүү шаардлагаасаа татгалзсаныг баталж шийдвэрлэв.