Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2020/00793

 

 

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2020/00793

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Р.ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Ц.А-т холбогдох

 

Гаражийн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээний үүрэгт 38 850 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Р.ХХК-ийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.ХХК нь хариуцагч Ц.А-тай 2017 оны 5 сарын 04-ний өдөр RGGB-81 дугаар гаражийн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж тус хотхоны автомашины дулаан зогсоолыг нийт 35 900 000 төгрөгөөр захиалан, гэрээ байгуулсан өдөр 10 000 000 төгрөг, үлдэгдэл 25 900 000 төгрөгийг 2017 оны 7 сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон бөгөөд манай компанийн зүгээс гэрээнд заасны дагуу автомашины дулаан зогсоолыг хариуцагч Ц.Аын эзэмшил, ашиглалтанд хүлээлгэн өгсөн боловч хариуцагч нь урьдчилгаа 10 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 25 900 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлж, үлдэгдэл төлбөрөө төлөхийг мэдэгдэж байсан боловч хариуцагч нь үлдэгдэл төлбөрийг төлөх тухай ямар нэгэн арга хэмжээ авахгүй байна. Иймд хариуцагч Ц.Ааас гэрээний 2.2-т төлбөрөө бүрэн төлөөгүй тохиолдолд 0.5 хувь алданги тооцно гэсний дагуу 2017 оны 7 сарын 10-ны өдрөөс 2019 оны 11 сарын 20-ны өдрийг хүртэл буюу 850 хоногийн алданги 12 950 000 төгрөг, гэрээний үлдэгдэл төлбөр 25 900 000 төгрөг, нийт 38 850 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц.Аын төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.А нь 2017 оны 05 сарын 04-ны өдөр Р.ХХК-тай Гражийн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж хотхоны дулаан зогсоол захиалж, урьдчилгаатөлбөр болох 10 000 000 төгрөгийг төлж байсан. Ц.А нь хотхоны байрны  тоот хаягт байрлах 120 мкв орон сууцны өмчлөгч байсан бөгөөд гражийн төлбөрийг 2017 оны 07 сарын 10-ны дотор төлж барагдуулаагүй учир явдлыг тухайн үеийн борлуулалтын албаны менежер Л-д тайлбарлаж байсан. 2018 оны 10-р сард Ц.А нь өөрийн өмчлөлийн орон сууцыг П.А, Ж.О нарт худалдсан. Орон сууцыг худалдах, худалдан авах харилцааны явцад О зогсоолыг авъя гэхэд нь урьдчилгаа 10 000 000 төгрөгийг төлөөгүй байгаа, үлдэгдэл төлборийг нь төлчихвөл борлуулалтын албанд нь очоод авч болно гэж хэлж байсан ба О. зөвшөөрч 2018 оны 10 сарын 12-ны өдөр Ц.А-ын эхнэр Д.Б Хаан банк дахь  тоот дансанд 10 000 000 төгрөгийг шилжүүлсэн болно Тухайн үед буюу 2018 оны 10-р сард хотхоны борлуулалтын ахлах менежер Н.Л-д орон сууцаа худалдсан тухай мэдэгдэж, гражийн шинээр худалдан авсан Ж.О. гэх хүн үлдэгдэл төлбөрийг төлж авахаар болсон тухай хэлэхэд Тэр хүндээ одоо шууд төлбөрөө төлөхгүй бол зогсоолыг чинь хураана гэж хэлээрэй гэсэн. Ингээд дахиж  хотхоны орон сууц гражийн талаар асуудал үүсээгүй тул болсон гэж бодоод Ц.Аын зүгээс сонирхож лавлаагүй юм. Гэтэл Р.ХХК-иас 2019 оны 11 сарын 21-ний өдрийн 17-06 тоот албан мэдэгдэл ирсэн. Тухайн мэдэгдэлээр бичгээр байгуулсан гэрээг нотариатаар гэрчлүүлэх тухай үлдэгдэл төлбөрийг барагдуулах тухай бичсэн байсан тул Ц.А нь 2019 оны 12 сарын 06-ны өдөр Р.ХХК-д очиж уулзан Ж.О. гзж хүнд орон сууцыг худалдсан тухай гражийг тэр хүн авахаар болж урьдчилгааг төлсөн тухай амаар болон бичгээр тайлбар гаргасан. Р.ХХК-ийн захирал Б.Хнь тухайн үед асуудлыг ойлголоо, Ж.О.т гэрээг шилжүүлэх тухай ярилцсан, мөн энэ үед Ж.О. утсаар холбогдож төлбөрийг нь одоохон төлье, гражийг хураахгүй байх арга хэмжээ авч өгөөч гэсний дагуу Ц.А захиалгын гэрээг шилжүүлэх хүсэлтийг 2019 оны 12 сарын 09-ны өдөр Р.ХХК-д бичгээр гаргаж өгсөн юм. Тухайн хүсэлтүүдэд гүйцэтгэгч компаниас ямар нэгэн хариу өгөөгүй нь зөвшөөрсөн утгыг агуулна. Өнгөрсөн 1 жил гаруйн хугацаанд зогсоолыг Ж.О. ашиглаж байсан бөгөөд ашиглалтын зардлыг ч Р.ХХК-д төлж байсан, мөн Ц.Аын хувьд гражийн захиалгын гэрээг Ж.О.т шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч бичгээр хүсэлт гаргасан, үүнийг гүйцэтгэгч компани хүлээн авч, асуудлыг шийдвэрлэхээр болсон байж 2020 оны 01 сард шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Талуудын хооронд байгуулсан Гражийн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээний 3.6-д Захиалагч энэхуү гэрээний 2.2-т заасан төлбөр төлөх хугацааг 15 хоногоос ддээш хугацаагаар хожимдуулсан тохиолдолд гуйцэтгэгч нь энэ талаар 3 удаа сануулах ба эхний 2 сануулгыг утсаар болон амаар өгөх, 3 дахь сануулгыг бичгээр өгснөөс хойш төлбөрийг 15 хоногийн дотор төлөөгүй бол гүйцэтгэгч нь захиалагчийн гэрээний үургээ биелүүлээгүй гэж үзэж гэрээг дангаар цуцлах эрхтэй" гэж заасан ба Ц.А нь 2019.12.06-ны өдөр гүйцэтгэгч компани дээр очиж уулзахдаа хүсэл зоригоо бичгээр илэрхийлсэн болно. Гэтэл гүйцэтгэгч компаниас гэрээний үүрэг үүссэнээс хойш 2 жил 6 сарын дараа шүүүхэд нэхэмжлэл аргаж гэрээний үүргийг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх гэрч Ж.О.ын мэдүүлгийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Р.ХХК нь хариуцагч Ц.Ат холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөр 25 900 000 төгрөг, алданги 12 950 000 төгрөг, нийт 38 850 000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардагын үндэслэлээ ...Р.ХХК нь хариуцагч Ц.Атай 2017 оны 5 сарын 04-ний өдөр RGGB-81 дугаар гаражийн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж тус хотхоны автомашины дулаан зогсоолыг нийт 35 900 000 төгрөгөөр захиалан, гэрээ байгуулсан өдөр 10 000 000 төгрөг, үлдэгдэл 25 900 000 төгрөгийг 2017 оны 7 сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон бөгөөд манай компанийн зүгээс гэрээнд заасны дагуу автомашины дулаан зогсоолыг хариуцагч Ц.Аын эзэмшил, ашиглалтанд хүлээлгэн өгсөн боловч хариуцагч нь урьдчилгаа 10 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 25 900 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй... гэж тайлбарлаж, гаражийн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ, төлбөр төлөлтийн тодорхойлолт зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Нэхэмжлэгч Р.ХХК нь хариуцагч Ц.А-тай 2017 оны 5 сарын 04-ний өдөр RGGB-81 дугаар гаражийн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, автомашины дулаан зогсоолыг 35 900 000 төгрөгөөр захиалж, урьдчилгаа 10 000 000 төгрөгийг 2017 оны 5 сарын 04-ний өдрийн дотор төлж, үлдэгдэл 25 900 000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-ийн 7-9/

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээсэн бөгөөд талууд гаражийг худалдан авч, өөрийн эзэмшилд байлгаж, ашиглаж байсан талаар болон гаражийн төлбөрийг дутуу төлсөн асуудлаар маргаагүй байна.

Хариуцагч тал гаражийн төлбөрийг төлөөгүй шалтгаанаа 2018 оны 10 сарын 04-ний өдрийн гэрээгээр  орон сууцыг П.А, Ж.О нарт худалдсан бөгөөд энэ тухай Р хотхоны борлуулалтын ахлах менежер Н.Л-д орон сууцаа худалдсан тухай мэдэгдэж, гражийн шинээр худалдан авсан Ж.О. гэх хүн үлдэгдэл төлбөрийг төлж авахаар болсон тухай мэдэгдсэн. ... иймд миний бие уг гаражийг эзэмшиж, ашиглаж байгаа зүйлгүй тул төлбөрийг төлөх үндэслэлгүй, ...нэхэмжлэгч тал гаражаа буцаан авсан тул гэрээ цуцлагдсан гэж үзэхээр байна, иймд байх тул хохироод байх зүйлгүй... гэж маргажээ.

Гэрч Ж.О. Ц.А-тай гэрээ байгуулж, бэлэн мөнгөөр 4 өрөө орон сууцыг авсан бөгөөд тухайн үедээ гаражийн хамт авахаар тохироогүй. Хэд хоногийн дараа Ц.А нь залгаад В-112 тоот зогсоол өөрийнх нь гээд 10 000 000 төгрөгийн урьдчилгаа өгсөн тэр мөнгийг надад өгчих, гаражийн асуудлыг би яриад зохицуулна гэж хэлсэн. Бидний хувьд уг В-112 зогсоолыг байр худалдсан авснаас хойш ашиглаж байсан бөгөөд 2019 оны 8 сараас Н.ХХК нь хурааж аваад, манай машиныг зогсоохоо больсон. Гараж авах талаар бид тус компанитай гэрээ байгуулаагүй тул бидэнд хамаагүй... гэж мэдүүлжээ.

Эдгээрээс дүгнэхэд нэхэмжлэгч тал хариуцагч Ц.А-т гэрээгээр шилжүүлсэн гэх В-112 тоот зогсоолыг 2019 оны 8 сард буцаан авсан нь гэрч Ж.О.ын мэдүүлэгээр тогтоогдож байх ба энэ нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. гэснээр нэхэмжлэгч Р.ХХК нь В-112 тоот гаражийг буцаан авсныг гэрээнээс татгалзсан гэж үзэхээр байх тул гэрээний үүрэг шаардсан нь үндэслэлгүй.

 

Өөрөөр хэлбэл В-112 тоот гаражийг хариуцагч У.А болон гэрч Ж.О. нар өөрийн эзэмшил, ашиглалтад байлгаж, түүнийг ашиглаж байгаа гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэхь хэсэгт зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар харилцан буцааж өгөх, мөн зүйлийн 205.7-д зааснаар талууд биечлэн, нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй тул хариуцагч тал сөрөг нэхэмжлэлээр шаардаагүй боловч энэ шүүхийн шийдвэрээр гаражийн урьдчилгаанд төлсөн 10 000 000 төгрөгийг буцаан гаргуулах нь хуульд харшлахгүй, бусдын эрх зөрчигдөхөөс хамгаалах ач холбогдолтой юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Р.ХХК-ийн хариуцагч Ц.Ааас гэрээний үлдэгдэл төлбөр 38 850 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Р.ХХК-иас гаражийн урьдчилгаанд төлсөн 10 000 000 төгрөгийг гаргуулан хариуцагч Ц.Ат олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Р.ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

                                  

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ