Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/143

 

 

 

2023          07            31                                  2023/ШЦТ/143

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэрэнчимэд,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Байгалмаа

шүүгдэгч Л.******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Л.*******д холбогдох эрүүгийн 2315001980169 дугаартай, 163/2023/0142/Э индекстэй хэргийг 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Боржигин овогт Лувсандагвын *******,******* суманд төрсөн 1994 оны 06 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаан засварчин мэргэжилтэй, туслах малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, 29 настай, эрэгтэй, РД:НС94062419.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Булган аймгийн ******* сумын 1 дүгээр баг Хужирт Улиастай гэх газарт оршин суух хохирогч Г.*******той ахуйн чанартай зүйлээс шалтгаалан хоорондоо маргалдаж улмаар хохирогчийн гуя цээж рүү өшиглөн зодож Г.*******гийн биед зүүн 7 дугаар хавирганы гуравласан, 8,9,10,11 дүгээр хавирганы хоёрлосон, 5,6 дугаар хавирганы зөрүүтэй далд хугарал, цээж, хэвлий, баруун бугалгад цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2315001980169 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Л.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Булган аймгийн ******* сумын 1 дүгээр баг Хужирт Улиастай гэх газарт оршин суух хохирогч Г.*******той ахуйн чанартай зүйлээс шалтгаалан хоорондоо маргалдаж улмаар хохирогчийн гуя цээж рүү өшиглөн зодож Г.*******гийн биед зүүн 7 дугаар хавирганы гуравласан, 8,9,10,11 дүгээр хавирганы хоёрлосон, 5,6 дугаар хавирганы зөрүүтэй далд хугарал, цээж, хэвлий, баруун бугалгад цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг хавтаст хэргийн 73-78 дахь тал, хохирогч Г.******* өгсөн мэдүүлэг хавтаст хэргийн 6, 46-48 дахь тал, гэрч Д.Баасанжаргал, П.Алтансүх, Д.Баттөр, Д.Болормаа нарын өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээч эмч Э.Баасанжавын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 5896 дугаартай шинжээчийн дүгнэлт хавтаст хэргийн 24-26 дахь тал зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоосон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч Л.******* нь  бусдын бие, эрх чөлөөнд  халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн,  хууль зүйн хувьд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүндэвтэр хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Шүүгдэгч Л.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Л.*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Г.******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Г.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Л.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******д оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Булган аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт хийлгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигин овогт Лувсандагвын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******г 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******д оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Булган аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт хийлгэхээр зааж, уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Л.*******д сануулсугай.

 

4. Энэ хэрэгт шүүгдэгч Л.******* нь цагдан хоригдсон хоноггүй шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Л.******* нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.*******д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.СУВД-ЭРДЭНЭ