| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Сувд-эрдэнэ |
| Хэргийн индекс | 163/2023/0143/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/146 |
| Огноо | 2023-08-03 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/146
2023 08 03 2023/ШЦТ/146
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа,
улсын яллагч Э.Гантулга,
өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир,
өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхчимэг,
өсвөр насны шүүгдэгчТ.******* нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч Т.*******д холбогдох эрүүгийн 2315001260154 дугаартай, 163/2023/0143/Э индекстэй хэргийг 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******ийн *******, Улаанбаатар хотод 2005 оны 12 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, Булган аймаг Булган сумын 4 дугаар баг, ******* оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Булган аймгийн ******* Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагч, ам бүл 6, аав ээж дүү нарын хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 17 настай, эрэгтэй, /РД: *******/.
Холбогдсон хэргийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч Т.******* нь 2023 оны 02 дүгээр сарын 25-нд Булган аймгийн Булган сумын Зүүн түрүүнд байх *******ийн гэрт хонох үедээ ******* загварын 1.200.000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад зарж борлуулсан гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ./ Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч нарын өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2315001260154 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Өсвөр насны шүүгдэгч Т.******* нь 2023 оны 02 дүгээр сарын 25-нд Булган аймгийн Булган сумын Зүүн түрүүнд байх *******ийн гэрт хонох үедээ ******* загварын 1.200.000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгийн үнэлгээ бүхий гар утасыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад зарж борлуулж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Т.*******ий өгсөн: Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Б.Энхчимэгийн өгсөн: Хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларсан:
1.Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл: “... Хүн, мал, амьтан, цогцос, эд зүйл, тодорхой газар, орон байрыг ямар шинж тэмдэг, онцлогоор таньж чадахыг урьдчилан асууж, энэ тухай тэмдэглэлд тусгана: Хохирогч *******ээр та өөрийн гээгдүүлсэн эд зүйлээ ямар содон шинж тэмдгээр нь таних вэ? гэхэд би өөрийн алдсан гар утсаа хараад танина мөн imie дугаараар нь танина гэх тул таньж олуулах ажиллагааг хийж гүйцэтгэв. Таньж олуулах ажиллагаанд 1-3 дугаарласан гар утсыг ашиглан гээгдүүлсэн гар утсыг таниулахад 2 дугаартай гар утас буюу гэрч Ч.Амгаланбаатараас гаргаж өгсөн хар өнгийн гар утсыг зааж энэ миний гээгдүүлсэн гар утас мөн байна гэж заасныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Гар утаснуудын байрыг өөрчлөн таниулахад мөн адил 1 дугаарт байрлуулсан гар утсыг заасныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. ” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 12-15 дахь тал/,
2. Самсунг А53 загварын гар утсыг Ч.Амгаланбаатараас авсан тэмдэглэл: “...Samsung Galaxy A-53 5G дугаартай хар өнгийн гар утас-1 ширхэг IMEI код 357518810451898, 359658820451898 дугаартай ар хэсэгтээ 3 ширхэг камертай гар утсыг 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 15 цаг 30 минутад хүлээн авч, тэмдэглэл үйлдэв...” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 17 дахь тал/,
3. Хохирогч *******ийн өгсөн:”...2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 00 цагийн орчим манай том хүү Н.Саранцогт дунд хүү А.Цэрэнпүрэв нар найз Отгонбаатарынхаа хамтаар манай хуучин гэр буюу зүүн түрүүний барилгын хороо 1001 тоотод өөр 2 найзынхаа хамтаар тоглож хоносон. Тухайн үедээ манай том хүү Н.Саранцогт миний самсунг А-53 маркийн гар утсыг аваад явсан. Тэгээд өнөө өглөө буюу 2023 оны 02 дугаар сарын 25-ны өглөө хамт хоносон танихгүй 2 хүүхэд нь түрүүлээд явсан гэсэн. Тэгээд дараа нь утсаа хайгаад олоогүй гэж ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дэх тал/,
4. Иргэний нэхэмжлэгч Ч.Амгаланбаатарын өгсөн: “...Би урьд өмнө мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар ярьсан байгаа. Орхон аймгаас гар утас худалдан авах гэж байгаад хулгайн гар утас авсан юмаа. Одоо өөрийн гар утас худалдан авсан мөнгөө нэхэмжилнэ. Би одоогийн байдлаар 650.000 төгрөгөөр хохирчхоод байна....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,
5. Гэрч Н.Саранцогтын өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 23-ний өдрийн 23 цагийн орчим Булган аймгийн Булган сумын 4 дүгээр баг, Зүүн Түрүү Барилгын 1001 тоотод өөрийн төрсөн дүү Цэрэнпүрэв манай найз Отгонбаатар, манай дүү Цэрэнпүрэвийн найз *******, нэрийг нь мэдэхгүй нэг залуутай нийт тавуулаа очиж хөзөр тоглосон. Тухайн үед би ээжийн ******* маркийн гар утастай явж байсан. Тэгээд өглөө 06 өнгөрч байхад ажилдаа явах гээд утсаа хайтал олдохгүй байсан. Тухайн үед ******* танихгүй найзынхаа хамт явсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,
6. Гэрч О.Отгонбаатарын өгсөн: “...Би 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Булган сумын төвд байдаг найз Саранцогтын гэрээс Булган сумын Зүүн түрүүнд байдаг байшинд нь Саранцогт, Цэрэнпүрэв түүний найз ******* нарын хамтаар очсон. Тухайн үед 22 цаг өнгөрч байсан байх тэгээд ******* гэж залуугийн дүү нь гэж залуу ирсэн тэгээд би найз Саранцогтын хамтаар 0,33 литрийн хэмжээтэй Экс нэртэй архи уусан. Тэгээд 04 цаг болж байхад ******* гэж залуу дүүтэйгээ харих гээд яваад өгсөн гэр нь ойрхон байдаг юм байна лээ. Тэгээд өглөө Саранцогт 09 цагаас ажилтай гээд 08 цагийн үед босоод гар утас байхгүй байна гээд байсан. Тухайн үед би Саранцогтыг шөнө гартаа утсаа бариад унтахаар нь дүү Цэрэнпүрэвт ахын чин гар утас гээд би утсыг нь өгсөн. Тэгээд Цэрэнпүрэв өөрийнхөө утастай зэрэгцүүлээд тавьсан байсан. Тухайн үед миний анзаарч харснаас ******* гэх залуу гар утсыг авсан байх гэнэт явах гээд яараад эхэлсэн тухайн үед би гар утас алга болсныг анзаарч хараагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дахь тал/,
7. Насанд хүрээгүй гэрч Л.Бямбадоржийн өгсөн:”...Би 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 00 цаг 10 минутын үед манай үеэл ах ******* над руу чат бичээд мах чанаж байна давс байвал өгөөч гэхээр нь хаана байгаа юм гэтэл манай урд талын айлд байна гэхээр нь би давс аваад хашаа даваад орсон намайг орох үед Саранцогт дүүгийнх нь бүтэн нэрийг мэдэхгүй Пүрэв гэж дууддаг ******* ах нэг танихгүй ах байсан. Тэгээд би ороод 20-30 минут болсон байх буцаад ******* ахтай хамт гэр лүү гээ явсан. Намайг гэрт орох үед гал тойроод сууж байсан цахилгаан байхгүй харанхуй байсан. ******* ах бид 2 гэрээс гарах үед танихгүй ах унталгүй үлдсэн Саранцогт, Пүрэв нар унтаад үлдсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47 дахь тал/,
8. Гэрч Г.Пүрэвбатын өгсөн: “...Би энэ утсыг Булган аймгаас дайвраар “******* Т.” гэсэн нэртэй фэйсбүүк хаягаас чат бичиж байгаад авсан. Би он сар өдрийг нь сайн санахгүй байна. Би *******ий Булганд гэр нь хаана байдгийг мэдэхгүй надтай 86225080 дугаараар холбогдож байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60-61 дэх тал/,
9. Ашид билгүүн ХХК-ны шинжээчийн дүгнэлт:” ...Самсунг А53 загварын гар утас” /хавтаст хэргийн 73-74 дэх тал/ зэрэг нотлох баримтууд цугларчээ.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч *******, иргэний нэхэмжлэгч Ч.Амгаланбаатар, Гэрч Н.Саранцогт, О.Отгонбаатар, Г.Пүрэвбат Насанд хүрээгүй гэрч Л.Бямбадорж, иргэний хариуцагч Б. Энхчимэг нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,
Өсвөр насны шүүгдэгч Т.******* нь 2023 оны 02 дүгээр сарын 25-нд Булган аймгийн Булган сумын Зүүн түрүүнд байх *******ийн гэрт хонох үедээ ******* загварын 1.200.000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад зарж борлуулсан гэмт хэрэг үйлдсэн үйлдэл хангалттай нотлогдож байна.
Хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтууд нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн талаар эх сурвалжаа заан мэдүүлсэн хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж нар давхар гэрч, яллагдагчийн мэдүүлгээр нотлогдсон бөгөөд тэдний мэдүүлгийг няцаан үгүйсгэх нотлох баримт хэрэгт цуглараагүй, дээрх нотлох баримтууд нь өсвөр насны шүүгдэгч Т.*******ий гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр авч, бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Өсвөр насны шүүгдэгч Т.******* нь бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл идэвхтэй, бусдын өмчлөх эрхэд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу өсвөр насны шүүгдэгч Т.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч Т.*******ий гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******т 1.200.000 төгрөгийн хохирол учирсан нь хохирлын үнэлгээ тогтоосон Ашид билгүүн хязгаарлагдмал хувьцаат компанийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд өсвөр насны шүүгдэгч Т.******* нь 1.200.000 төгрөгийн төлсөн бөгөөд хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлэг өгсөн /гар утсыг хүлээлгэн өгсөн/ /хавтаст хэргийн 16 дахь тал/ талаархи баримт авагдсан байна.
Харин иргэний нэхэмжлэгч Ч.Амгаланбаатарт 650.000 төгрөгийг төлөөгүй байх тул өсвөр насны шүүгдэгч Г.******* болон түүний хууль ёсны төлөөлөгч Б.Энхчимэг нараас гаргуулж, Ч.Амгаланбаатарт олгохоор шийдвэрлэв.
Хоёр. Өсвөр насны шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдлын талаарх хавтаст хэргийн 91-95 талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, насанд хүрээгүй хүний насыг тоолсон тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар өсвөр насны шүүгдэгч Т.******* нь Улаанбаатар хотод 2005 оны 12 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, Булган аймаг Булган сумын 4 дугаар баг, ******* оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагч, ам бүл 6, аав ээж дүү нарын хамт амьдардаг урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлд зааснаар 1 жилийн хугацаагаар хойшлуулж, уг хугацаанд үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир: Тусгайлан гаргах саналгүй гэх саналыг тус тус шүүхэд илэрхийлсэн байна.
Шүүх өсвөр насны шүүгдэгч Т.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирлын хэр хэмжээ болон өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь ижил гэмт хэрэг үйлдсэн насанд хүрсэн хүнд оногдуулах ял, хариуцлагаас ямагт илүү хөнгөн, түүний нас, сэтгэл зүйн онцлогт тохирсон байх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг зарчим, зорилгод нийцүүлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Иймд шүүх өсвөр насны шүүгдэгч Т.*******ий гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн болон ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагч болох түүний нас биеийн онцлог, цаашид сурч боловсрох нөхцөл боломж зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.*******ийг 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 дахин багасгаж, нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 3 сарын хугацаагаар тогтоож, Булган аймгийн Булган сумын нутгаас гарахыг хязгаарлахаар шийдвэрлэв.
Өсвөр насны шүүгдэгч Т.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч ******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт хураан авсан, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, өсвөр насны шүүгдэгч Т.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 2, 3, 4, 6 дахь хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Барт Борогчин овогт Түмэндэмбэрэлийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.*******ийг 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 8.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.*******д оногдуулсан 6 /зургаан/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг хоёр дахин багасгаж, биечлэн эдлэх ялыг 3 /гурван/ сарын хугацаагаар тогтоож, Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Т.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Т.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Өсвөр насны шүүгдэгч Т.******* нь цагдан хоригдсон хоноггүй, өсвөр насны шүүгдэгч Т.******* болон түүний хууль ёсны төлөөлөгч Б.Энхчимэг нараас 650.000 төгрөгийг гаргуулж, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянбулаг баг, 2-38 тоотод оршин суух, Ялгасан овогт Чулуунбатын Амгаланбаатар /РД:ИЦ85042418/-т олгож, хэрэгт хураан авсан, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СУВД-ЭРДЭНЭ