Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2020/ДШМ/13

 

Б.Бд холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                          Даргалагч, шүүгч                          Б.Батзориг

                             Шүүгчид                                     Д.Буянжаргал

                                                                                 Г.Давааренчин                               

                                

                            Оролцогчид

                               Прокурор                                       Б.Энхтулга

                               Шүүгдэгчийн  өмгөөлөгч            А.Мөнхбат

                                 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЗ/449 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х ОВОГТ Б-Н Бод холбогдох эрүүгийн 1902003810215 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1972 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт  Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 26-р хороо Эду апарт хотхон 208-34 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нэг удаагийн шийтгэлтэй, Х овогт Б-н Б-д /РД:МЭ72121315/,

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант тосгоны нутаг дэвсгэр “Хавчиргана” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуул, газрын хэвлийд халдсаны улмаас байгаль экологид 15.842.498 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан  шатны  шүүх  Б.Бд  холбогдох  хэргийг  2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд 449 дугаартай шүүгчийн захирамжаар.

“1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2-
 

д зааснаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х ОВОГТ Б-Н Бод холбогдох 1902003810215 тоот хэргийг Нийсэлийн Прокурорын газарт буцаасугай.

2. Шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг Прокурорт очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.” гээд, прокурор эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 05 дугаар эсэргүүцэлдээ:

... Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 4-12 дугаар хуудас/, Гэрч Л.Эрдэнэбилэгийн мэдүүлэг /хх-ийн 18-20 дугаар хуудас/, Гэрч Ч.Төгсжаргалын мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/, Гэрч М.Мөнх-Амьдралын мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/, Гэрч Б.Сүхбаатарын мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/, Гэрч С.Батбаярын мэдүүлэг /хх-ийн 38-40 дүгээр хуудас/, Гэрч Б.Болдбаатарын мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/, Яллагдагч Б.Бын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгсэл болох 30-14 УН улсын дугаартай Doosan DX300LC маркийн, 13-46 УН улсын дугаартай Doosan DX350LC маркийн экскаватороо 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр түрээслэн авсан болохыг нотолж буй түрээсийн гэрээ /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, Шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн №19/01 дугаартай дүгнэлт /хх-ийн 44-69 дүгээр хуудас/, Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн албан бичиг /хх-ийн 88 дугаар хуудас/, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн албан бичиг /хх-ийн 89-90 дүгээр хуудас/, Б.Бын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 133-135 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар яллагдагч Б.Б нь 2019 оны 05 дугаар сарын 11-нээс 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант тосгоны нутаг дэвсгэр “Хавчиргана” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, газрын хэвлийд халдсан үйл баримт хангалттай нотлогдсон болно.

Гэтэл анхан шатны шүүхээс Ойт бүс ХХК-ийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн №19/01 дугаартай дүгнэлтээр тодорхойлогдсон 15.842.498 төгрөгний хохирлын хэмжээг бодитой бус, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй хэмээн үзэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл Шүүхийн шинжилгээний тухай хууль”-ийн 19.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлт тодорхойгүй буюу бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр нэмэлт шинжилгээ хийнэ" гэсэн заалтын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шүүх дахин шинжилгээ хийлгэх хууль зүйн боломж байсаар атал тухайн асуудлыг “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй” гэж дүгнэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЗ/449 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу эсэргүүцэл бичив гээд давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор эсэргүүцлийг дэмжиж оролцов.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... гэм буруугийн асуудалд маргадаггүй. Гол нь учруулсан хор уршиг, хохирлын хэмжээ эргэлзээтэй байдал үүсгээд байна. ...Иймд анхан шатны шүүгчийн захирамжийг дэмжиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Шүүгдэгч Б.Бд холбогдох “2019 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант тосгоны нутаг дэвсгэр “Хавчиргана” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуул, газрын хэвлийд халдсаны улмаас байгаль экологид 15.842.498 төгрөгийн хохирол учруулсан” гэх хэргийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2-д зааснаар хэргийг Нийслэлийн Прокурорын газарт буцааж,  түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг Прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын эсэргүүцлийн дагуу Б.Бд холбогдох эрүүгийн 1902003810215 дугаартай хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон “Ойт бүс”ХХК-ий шинжээч Б.Очмаагийн мэдүүлэг 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн №19/01 тоот дүгнэлттэй зөрчилдсөн, нэмэлт эсхүл дахин шинжилгээ хийлгэхтэй холбогдуулан мөрдөн байцаалтын зарим ажиллагаа зайлшгүй хийх шаардлагатай бөгөөд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй,  мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй байна гэж үзлээ.

 

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЗ/449 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Нийслэлийн Прокурорын газрын прокурорын   2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 05 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЗ/449 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 05 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай

 

 

                                       ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                         ШҮҮГЧИД                            Г.ДАВААРЕНЧИН

                                                                                  Д.БУЯНЖАРГАЛ