Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхжаргалын Золбадрах |
Хэргийн индекс | 112/2022/0018/З |
Дугаар | 112/ШШ2022/0018 |
Огноо | 2022-05-09 |
Маргааны төрөл | Газар, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2022 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 112/ШШ2022/0018
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах би тус аймгийн Есөнбулаг сумын иргэн П.Лаас Шарга сумын Засаг дарга С.Ст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг 2022 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Шарга сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/15 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай
Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие 2019 онд Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн албанаас зохион байгуулсан дуудлага худалдаанд оролцож 990м2 Шарга сумын ахуй үйлчилгээний барилгыг худалдан авсан. Хуулийн дагуу худалдан авсан уг барилга байгууламжийн эзэмшүүлэх асуудлыг Шарга сумын Засаг даргаар удаа дараа хойшлуулж гаргасан захирамжаа хүчингүй болгож, 2022 оны 04 дүгээр сар хүрлээ. 2022 оны 01 дүгээр сарын сарын 27-ны өдрийн А/15 дугаар Шарга сумын Засаг дарга С.Сын захирамж гарсаныг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гардан авсан. Уг захирамжаар дуудлага худалдаагаар худалдаж авсан барилгын газрыг хүчингүй болгосон.
Хариуцагч С.С шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Есөнбулаг сумын иргэн П.Лын нэхэмжлэлтэй, Шарга сумын Засаг даргад холбогдох хэрэгт Шарга сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/15 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн гаргасан захирамжаа бүрэн эрхийн хүрээнд хүчингүй болгоно. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн П.Л тус аймгийн Шарга сумын Засаг дарга С.Ст холбогдуулан Шарга сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/15 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Шарга сумын Засаг дарга С.С нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Энэхүү хүлээн зөвшөөрч байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хариуцагчийн эрхийн хүрээнд байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан. Иймд хариуцагчийн зөвшөөрлөөр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй бөгөөд холбогдох хуулийг зөрчөөгүй байна.
Мөн хариуцагч Шарга сумын Засаг дарга С.С нь би өөрийн гаргасан захирамжаа бүрэн эрхийнхээ хүрээнд хүчингүй болгоно гэсэн байгаа нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д зааснаар Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно гэж заасантай нийцэж байгааг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсарган, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Есөнбулаг сумын иргэн П.Лаас Шарга сумын Засаг дарга С.Ст холбогдуулан гаргасан Шарга сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/15 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хариуцагчийг зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч П.Лаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЗОЛБАДРАХ