| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
| Хэргийн индекс | 116/2025/0038/З |
| Дугаар | 221/МА2025/0779 |
| Огноо | 2025-12-11 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2025/0779
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг
Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагчийн төлөөлөгч Б.О
Гомдол гаргагч: “Б” ХХК
Хариуцагч: Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга, Газар геодези, зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагч нар
Гомдлын шаардлага: “Улсын ахлах байцаагчийн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №0048903 тоот “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 116/ШШ2025/0042 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, хариуцагч Г.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг
Хэргийн индекс: 116/2025/0038/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “Б” ХХК нь Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга, Газар геодези, зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагчид холбогдуулан “Улсын ахлах байцаагчийн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №0048903 тоот “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 116/ШШ2025/0042 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.2-т заасныг баримтлан “Б” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: “... Байцаагчийн хувьд гаргах ёсгүй эрхийн акт гаргасан. Харин шүүхээс хэрэглэж буй хуулийн заалтууд нь өнгөрсөн цаг дээр хэрэглэж байгаа хуулийн заалтуудыг одоо зөвшөөрөлтэй байх үеийнх нь хуулийн заалттай харьцуулж дүгнээгүйгээр шүүхийн шийдвэр гарсан учраас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгөөч гэсэн үндэслэлтэй гомдол гаргасан. Гэрээний дагуу ажил хийж тухайн Дорнод аймгийн оршин суугчдын нутгийн иргэдийнхээ гомдлоор хяналт, шалгалт хийгдсэн байдаг. Хяналт, шалгалт хийхдээ аймгийн Засаг дарга нь нийтдээ эрх бүхий албан тушаалтнуудтай 7-9 хүний бүрэлдэхүүнтэй хяналт, шалгалт хийлгэх багийг гаргасан. Энэ дотроо миний хариуцагчаар дуудсан Газрын харилцаа, геодези, зураг зүй, улсын байцаагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч гэсэн эдгээр субъектүүд ажлын хэсэгт орж ажилласан байдаг. Уг хэрэгт 2 байцаагчийн дүгнэлт байгаа. Нэгийг нь нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөөд шийтгэлээ барагдуулсан. 2 дахь дүгнэлттэй маргаж байна. Яагаад өнөөдөр Газар, геодези, зураг зүйн улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг үл зөвшөөрч байгаа вэ гэхээр Зөрчлийн тухай хуулиар энэ тусдаа 2 улсын байцаагчийн хянан шалгах цар хүрээг нь тодорхойлсон. Зөрчлийн тухай хуулийн 8 1 дүгээр зүйлд Газар, геодези, зураг зүйн улсын байцаагч нь Газрын тухай хууль зөрчсөн бол хянан шалгалт хийх юм байна. Мөн хуулийн 7.17 дугаар зүйлд заасан тусгай хамгаалалттай газар нутагт нэгэн этгээд хууль зөрчсөн тохиолдолд зөрчлийн акт ногдуулахаар ингэж хуульчилсан байдаг. Тэгтэл Газар, геодези, зураг зүйн улсын байцаагч нь Газрын тухай хуульд заасан шийтгэл ногдуулах эрхтэй боловч тусгай хамгаалалттай газар нутагт зөрчлийн акт тогтоосон нь үндэслэлгүй юм, тийм ч учраас байцаагчийн гаргасан эрх зүйн акт нь гаргах ёсгүй эрх зүйн акт байжээ гэж гомдол гаргасан. Хэрэгт Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга нь хялбаржуулсан журмаар шийдвэрлэсэн. Бид нар зөрчлийн хэргийг нотлох баримтаар өгсөн. Энэ байцаагч хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд тусгай хамгаалалттай газар нутагт үнэлэлт, шалгалтаа хийгээд “Б” компанид ногдох сахилгын шийтгэврийг ногдуулсан, үүнийг нь хүлээн зөвшөөрсөн. Улсын байцаагчийн гаргаад байгаа зөвшөөрөлгүйгээр дархан цаазтай газар хадлан бэлтгээд байгаа гэдгийг бид нар зөвшөөрөхгүй байгаа. Яагаад вэ гэхлээр “Б” ХХК нь эрх бүхий субъектүүдтэй гэрээ байгуулсан байдаг. Захиргааны гэрээг хэн нэгэн сонирхогч этгээд хүчингүй болгоогүй буюу гэрээ хүчин төгөлдөр байгаа, гэрээнийхээ дагуу гэрээний талууд болох дархан цаазат газар, Хил хамгаалах ерөнхий газрын дэргэдэх хилийн цэргийн ангиуд нь “Б” ХХК-д хадлан хадах зөвшөөрлийг олгосон. Энэ нь хариуцагчийн өөрийнх нь хариу тайлбарт дурдсанаар нотлогдож байдаг. Жишээ нь Дорнод аймгийн дархан цаазтай газар нь гэрээний дагуу 2025 оны 7 дугаар сарын өдрөөс 18-ны өдрөөс 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх зөвшөөрөл олгосон болбол дугаар анги нь болохлоор 2025 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хилийн зурвас бүсэд нэвтрэх зөвшөөрлийг тус тус “Б” ХХК-д олгосон байдаг. Гэтэл улсын байцаагчийн Газар, геодези зураг зүйн байцаагчийн гаргасан дүгнэлт нь зөвшөөрөлгүйгээр дархан цаазтай газар нэвтэрчихлээ гээд байгаа. Эрх зүйн үндэслэл нь захиргааны гэрээ болон тусгай зөвшөөрлөөр үгүйсгэгдэж байгаа юм. Анхан шатны шүүх хурал дээр би хариуцагчаас асуусан “таныг шалгалт хийх гээд очиход эд нар маань зөвшөөрөлтэй гэрээтэй гэдгээ үзүүлээгүй юм уу” гэхэд “намайг шалгалтаар очиход бид нарт үзүүлэх гэрээг өгөөгүй. Гэхдээ зөрчлийн хэрэг шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн үед оролцож байгаа талуудаас нь бид нар гэрээний дагуу, дээрээс нь зөвшөөрлийнхөө дагуу хадлан түймрээс сэргийлсэн хадлан бэлтгэж байсан юм” гэдэг тайлбараа нотлох баримтын хамт өгсөн боловч өнөөдөр энэ шийтгэлийн хуудас гаргасан учраас хүлээн зөвшөөрөхгүй нэхэмжлэлийн шаардлагаа гаргаад явж байгаа юм. Тэгэхлээр байцаагч хуулиар өөрт нь олгогдоогүй эрхийнхээ хүрээнд дархан цаазтай газар зөрчлийн хэрэг үүсгэсэн шийтгэвэр нь өөрөө хууль зөрчсөн байна. Дээрээс нь зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт дээр үнэлэлт, дүгнэлтийг буруу хийж шийдвэрийн хуудас гарчээ. Тийм учраас шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж үзэж байгаа юм. Мөн анхан шатны шүүхээс Газрын тухай хуулийн 53 дугаар зүйл, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 291 дүгээр зүйл зүйлийг хэрэглэсэн нь шийдвэр үндэслэл бүхий гарах нөхцөл байдлыг хангаагүй гэж үзэж байгаа юм. Яагаад гэхлээр байцаагч зөвшөөрөлгүй хадлан бэлтгэсэн байна гэж үздэг. Шүүхээс энэ гэрээг байгуулахдаа тухайн газар нутгийн Засаг даргатай хамтарсан гэрээ байгуулаад, явсан бол үндэслэл бүхий байх байжээ гэдэг дүгнэлтийг хийсэн нь өрөөсгөл юм. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 291 дүгээр зүйлд Засаг даргын эрхийг тодорхойлж өгсөн. Байгаль, цаг уурын хүндрэл тохиолдсон нөхцөлд Засаг дарга тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаатай хамтарч арга хэмжээ авахаар хуульчилсан байдаг. Гэтэл бид нарын зөвшөөрөлтэй, зөвшөөрлийнхөө дагуу бид нар үйл ажиллагаа явуулсан захиргааны гэрээний анхдагч зорилго нь хадлан хадах зориулалттай биш байсан юм. Тийм ч учраас Дорнод Монголын дархан цаазтай тусгай хамгаалалттай газар, хилийн бүсийн зурвас газарт бид нар нэн шаардлагатай гэрээ бол гал түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ургасан өвс болон хадлангийн зориулалтаар хадах, хадахдаа био технологийн аргаар тухайн нутагт сүрэглэн амьдардаг цагаан зээрт зориулж хангалттай хэмжээгээр нь хадах гэсэн ийм зорилготой байсан. Тиймээс нэг гэрээг анхнаасаа хадлан хадах зориулалттай байсан юм шиг шүүх дүгнээд байгаа нь буруу юм. Энэ гэрээ дархан цаазтай газрыг гал түймрийн аюулаас сэргийлэх ийм анхдагч зориулалттай гэрээ байсан. Гэрээ хүчин төгөлдөр байгаа гэрээний талууд болох төрийн, тус төрийн байгууллагуудын зөвшөөрлийн дагуу хадлан хадсан учраас Б ХХК-ийг зөвшөөрөлгүй хадлан хадсан гэдэг үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзээд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүх гомдлын шаардлага түүний үндэслэл, маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2. Гомдол гаргагч “Б” ХХК нь Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга, Газар геодези, зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагч холбогдуулан “Улсын ахлах байцаагчийн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №0048903 тоот “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдол гаргажээ.
3. Хэргийн үйл баримтын талаар:
3.1. Дархан-Цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргааны дарга Х.Д, Хилийн цэргийн 0146 дугаар ангийн захирагч хурандаа Ж.Б нарын хооронд “Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргаа, Хилийн цэргийн 0146 дугаар анги хоорондын хамтран ажиллах гэрээ” байгуулсан байх ба уг гэрээний 1.3-т “Энэхүү гэрээг нэг талаас Дорнод хамгаалалтын захиргаа, нөгөө талаас Хилийн цэргийн 0146 дугаар анги “Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Хил хамгаалах ерөнхий газрын байгаль орчныг хамгаалах болон хил хамгаалах талаар хамтран ажиллах журмын дагуу хамтран ажиллах гэрээг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 2 жилийн хугацаатай байгуулав” гэж заагаад мөн гэрээний 3.12 дахь заалтаар “Ой хээрийн түймэр гарах эрсдэл, шатамхайн зэрэглэл ихтэй Дорнод, Сүхбаатар аймгийн Улсын хилийн шугамын дагуу түймрээс хамгаалах зурвас байгуулах, сэргээх ажлыг гүйцэтгэх” үүргийг Хилийн цэргийн 0146 дугаар ангид хүлээлгэжээ.
3.2. Үүний дагуу Дархан-Цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргааны дарга Х.Д, Хилийн цэргийн 0146 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Б, “Б” ХХК-ийн захирал Б.О нар 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 01 дугаартай “Дорнод Монголын Дархан цаазат газар, хилийн бүсэд түймрээс хамгаалах зурвас татах, хадлангийн зориулалтаар газар ашиглуулах, биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх гэрээ”-г мөн байгуулж, уг гэрээний нийтлэг үндэслэлд Монгол Хятадын хилийн дэглэмийн тухай Монгол Улсын болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын гэрээний 18 дугаар зүйлийн 2 дугаарт улсын хилийн зурваст хил дамнасан тал хээрийн түймэр гарахаас урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэхээр тусгасан байна.
3.3. Улмаар Хил хамгаалах ерөнхий газраас 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 1730, 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 98 дугаартай “Хилийн зурвас, бүсэд нэвтрэх зөвшөөрөл”-ийг нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал Дорнод аймгийн Матад сумын нутагт цэргийн 0146 дугаар ангиас тогтоосон хэсэгт хадлан бэлтгэх зорилгоор улсын хилийн зурвас бүсэд нэвтрэхийг зөвшөөрсөн үйл баримтууд тогтоогдож байна.
3.4. Гэтэл гомдол гаргагч “Б” ХХК нь дээрх тусгай зөвшөөрөлд заасан хугацаанаас өмнө буюу хадлан бэлтгэх хугацаа эхлээгүй, эргэлтийн цэг, координатыг тогтоож тэмдэгжүүлж, хадлангийн талбайн зураглалыг гаргаж өгөөгүй байхад хадлангийн ажлыг эхлүүлж, гэрээг зөрчсөн үндэслэлээр Хил хамгаалах ерөнхий газраас дээрх зөвшөөрлүүдийг цуцалж, Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргаанаас 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 84 тоот албан бичгээр 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 01 дугаартай гэрээг цуцлах болсныг мэдэгджээ.
3.5. Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан Дорнод аймгийн Матад сумын Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/96 дугаар захирамжаар “Б” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, газрыг албадан чөлөөлж, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газар, геодези зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагч 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 2521001224 дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, маргаан бүхий 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0048903 тоот шийтгэлийн хуудсаар “Б” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.2-т заасныг буюу улсын тусгай хэрэгцээний газарт дур мэдэн үйл ажиллагаа явуулсан зөрчил гаргасан гэж үзэж, 5,000,000 төгрөгийн торгууль, хохирол нөхөн төлбөрт 48,444,970,177 төгрөг, шинжилгээний зардал 5,000,000 төгрөгийг тус тус гаргуулахаар шийдвэрлэжээ.
4. Анхан шатны шүүх Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, маргаан бүхий улсын байцаагчийн зөрчилд шийтгэл ногдуулсан шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
4.1. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд “Газрын тухай хууль зөрчих” гээд 10.2-т “улсын тусгай хэрэгцээний газарт дур мэдэн үйл ажиллагаа явуулсан” бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор хуульчилжээ.
4.2. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, нэгдүгээрт улсын тусгай хэрэгцээний газар байх, хоёрдугаарт “дур мэдэн” буюу “зохих этгээдийн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан” үйлдлийг зөрчилд тооцохоор байна.
4.3. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Монгол Улс тусгай хэрэгцээний газартай байна. Улсын тусгай хэрэгцээний газарт дараахь газар хамаарна”, 16.1.1-д “улсын тусгай хамгаалалттай газар” гэж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг дараахь байдлаар ангилна” гээд 1-д “дархан цаазат газар” гэж тус тус заасан.
4.4. Маргаан бүхий Дорнод аймгийн Матад сумын 6 дугаар баг, хил орчмын нутаг дэвсгэр нь Дорнод Монголын дархан цаазат газар байх тул Зөрчлийн тухай хуульд улсын тусгай хэрэгцээний газар гэж заасанд хамаарч байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэсэн.
5. Харин анхан шатны шүүх “... тусгай хамгаалалттай газар нутагт хадлан бэлтгэх урьдчилсан нөхцөл бүрдээгүй буюу байгаль цаг уурын хүндрэл тохиолдсон үйл баримт тогтоогдоогүй бөгөөд дээрх үндэслэлээр хадлан бэлтгэх гэрээг сумын Засаг даргатай байгуулах хуулийн шаардлагыг хангаагүй ... 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн гэрээ нь Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1, 5.6 дугаар зүйлийн 1-д зааснаар сонгон шалгаруулалтын журмаар газар ашиглах эрх олгох зохицуулалтад нийцээгүй бөгөөд газар ашиглах, хадлан бэлтгэх эрхийг хуулийн дагуу үүсгээгүй ... иймд “гэрээ байгуулсан”, “нэвтрэх зөвшөөрөл олгосон” үйл баримтаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах, хадлан бэлтгэсэн үйл ажиллагааг зөвтгөхгүй” гэж хуулийг буруу тайлбарлаж, гомдлыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болж чадаагүй байна.
5.1. Учир нь, гомдол гаргагч “Б” ХХК нь Дархан-Цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргааны дарга Х.Д, Хилийн цэргийн 0146 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Б, “Б” ХХК-ийн захирал Б.О нар 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 01 дугаартай “Дорнод Монголын Дархан цаазат газар, хилийн бүсэд түймрээс хамгаалах зурвас татах, хадлангийн зориулалтаар газар ашиглуулах, биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх гэрээ” болон Хил хамгаалах ерөнхий газраас 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 1730, 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 98 дугаартай “Хилийн зурвас, бүсэд нэвтрэх зөвшөөрөл”-ийн дагуу Дорнод аймгийн Матад сумын нутагт улсын тусгай хэрэгцээний газарт нэвтэрсэн байх тул “дур мэдэн үйл ажиллагаа явуулсан” гэж үзэх боломжгүй.
5.2. Нэхэмжлэгчийн хувьд хадлан бэлтгэх хугацаанаас өмнө дээрх газарт нэвтэрч үйл ажиллагаа явуулсан, гэрээний заалт зөрчсөн, үүний улмаас гурван талт гэрээ, хилийн зурвас бүсэд нэвтрэх зөвшөөрлийг хүчингүй болгосон үйл баримт байгаа, энэ нь гаднаасаа зөрчил мэт харагдавч Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил гэж үзэх нөхцлүүд дээрх байдлаар тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл “Б” ХХК-ийг улсын тусгай хэрэгцээний газарт дур мэдэн үйл ажиллагаа явуулсан зөрчил гаргасан гэж шийтгэл ногдуулах үндэслэлгүй байна.
5.3. Тодруулбал, “дур мэдэн” гэдэг нь зохих этгээдэд мэдэгдээгүй, эрх бүхий этгээдээс зөвшөөрөл аваагүй байхыг ойлгох бөгөөд маргаан бүхий улсын тусгай хэрэгцээний газарт “Б” ХХК нэвтэрч, хадлан хадах талаар Дархан-Цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргаа болон Хилийн цэргийн 0146 дугаар анги мэдэж байсан, эрх бүхий этгээд холбогдох зөвшөөрлийг олгосон болох нь хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар тус тус тогтоогдож байх энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд зааснаар Газрын тухай хууль зөрчсөн, мөн зүйлийн 10.2-т “улсын тусгай хэрэгцээний газарт дур мэдэн үйл ажиллагаа явуулсан” зөрчил үйлдсэн гэж үзэхээргүй байна.
Иймд улсын байцаагчийн №0048903 тоот “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” шийтгэлийн хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” захиргааны үйл ажиллагааны үндсэн зарчимтай нийцээгүй байх тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 116/ШШ2025/0042 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.2-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Б” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хангаж, Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газар геодези, зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагчийн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №0048903 тоот “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, гомдол гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан гомдол гаргагч “Б” ХХК-д олгож, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш тав хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
еРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ