| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 101/2019/05341/И |
| Дугаар | 183/ШШ2020/00882 |
| Огноо | 2020-04-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 183/ШШ2020/00882
| 2020 оны 04 сарын 09 өдөр | Дугаар 183/ШШ2020/00882 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: К.ХЗХ-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч: О.Т -д холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11 538 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Т. нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр манай хоршоотой 6/18 тоот зээлийн гэрээ байгуулж, 10 000 000 төгрөгийг 2.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай хэрэглээний зээл авсан. Энэ хугацаанд үндсэн зээлээс 1 900 000 төгрөг, зээлийн хүүнээс 2 100 000 төгрөг төлсөн бөгөөд 2018 оны 10 сарын 31-ний өдрөөс хойш гэрээний үүргээ берэн биелүлээгүй болно. 2019 оны 12 сарын 10-ны өдрийн байдлаар О.Т.ийн нэмэгдүүлсэн хүү 573 033 төгрөг, үндсэн зээлийн хүү 2 865 167 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 8 100 000 төгрөг нийт 11 538 200 төгрөг болсон байна. Иймд хариуцагч О.Т-сзээлийн гэрээний үүрэгт 11 538 200 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. К.ХЗХ, О.Т. нарын хооронд анх 2014 оны 7 сарын 02-ны өдөр Барьцаат зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 13 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2.8 хувийн хүүтэй зээлж авсан байдаг. Уг зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь нийт 15 937 817 төгрөгийг төлсөн байдаг. Зээлийн гэрээ 2016.06.21-ний өдөр дууссан бөгөөд энэ үед 12 200 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Үүнээс хойш 2018.01.01-ний өдрийг хүртэл 6 262 000 төгрөгийг төлсөн. Хариуцагч нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлөгдсөн төлбөрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т зааснаар зөв хасаж тооцоогүй бөгөөд дээрх төлбөрийг үндсэн зээлээс хасаж тооцвол, 2018.1.1-ний өдрийн байдлаар 5 380 000 төгрөгийн үлдэгдэлтэй байх байсан. Ингээд дээрх зээлийн гэрээний хугацаа дууссан хэдий нэхэмжлэгч талаас дахин 10 000 000 төгрөгийг зээлдүүлсэн мэтээр гэрээ байгуулж, О.Т.өөр гарын үсэг зуруулсан нь бодит байдалд нийцээгүй. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний дагуу мөнгө шилжээгүй тул уг гэрээний дагуу шаардах эрхгүй юм. Харин сүүлд байгуулсан гэх зээлийн гэрээний дагуу төлсөн 4 000 000 төгрөгийг зээлийн үлдэгдэл төлбөр болох 5 380 000 төгрөгөөс хасаж, зээлийн үлдэгдэл төлбөр 1 380 000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж үзэж байна гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч КХЗХ нь хариуцагч О.Т.д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11 538 200 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...О.Т. нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр манай хоршоотой 6/18 тоот зээлийн гэрээ байгуулж, 10 000 000 төгрөгийг 2.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай хэрэглээний зээл авсан... гэж зээлийн гэрээ холбогдох баримтуудыг ирүүлжээ.
Харин хариуцагчийн төлөөлөгч татгалзлын үндэслэлээ ...2014 оны 7 сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний дагуу хариуцагч О.Т. нь 13 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай зээлсэн. 2018 оны 1 сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний дагуу мөнгө шаардах эрхгүй...Өмнөх зээлийн үлдэгдлийг төлж барагдуулсан нөхцөл байдлыг харгалзан үзэх хэрэгтэй... гэж маргажээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч КХЗХ, хариуцагч О.Т. нарын хооронд 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 167/14 тоот барьцаат зээлийн гэрээ болон байгуулагдаж, уг гэрээгээр О.Т. нь 13 000 000 төгрөгийг, сарын 2.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 10 000 000 төгрөгийг 2.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай тус тус зээлдэн авахаар зээлийн гэрээ тус бүрийг бичгээр байгуулсан боловч зээлдүүлэгч нь 2018 оны 1 сарын 10-ны өдрийн гэрээний дагуу 10 000 000 төгрөг бэлнээр бус өмнөх зээлд суутгасан үйл баримт тогтоогдсон байна. /хх-ийн 10, 62/
Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болгож О.Т.ийн өмчлөлийн 93-76 улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг барьцаалжээ. /хх-10,11, 63/
Шүүх 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 167/14 тоот барьцаат зээлийн гэрээг хуульд заасан үндэслэл журмын дагуу, хуулиар тогтоосон бүхий л шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэснээр нэхэмжлэгч КХЗХ нь дээрхийг шаардах эрхтэй байна.
Талуудыг хооронд байгуулагдсан гэрээний хугацаа 2016 оны 6 сарын 21-ний өдөр дууссан хэдий ч 2018 оны 01 сарын 10-ны өдрийн байдлаар тооцоо нийлсэн гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд энэ хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг хуульд зааснаар шаардах эрхтэй байна.
Тодруулбал, уг зээлийн үндсэн төлбөрт 9 250 000 төгрөг, хүүгийн 750 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан болох нь хавтаст хэргийн 62-р талд авагдсан зээлийн картын тооцооллоор тогтоогдож байх ба уг тооцоо нийлснээс хойш хариуцагчийн зээлийн төлбөрт төлсөн нийт 4 000 000 төгрөгийг үндсэн зээлээс хасч, зээлийн үлдэгдэл төлбөрт 5 250 000 төгрөг, хүү 750 000 төгрөг, нийт 6 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Харин талуудын байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 10 000 000 төгрөгийг 2.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлсэн гэх зээлийн гэрээний дагуу олгогдоогүй 10 000 000 төгрөгнөөс зээл, зээлийн хүү тооцох үндэслэлгүй байна.
Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн 5 250 000 төгрөг, хүүгийн 750 000 төгрөг, нийт 6 000 000 төгрөгийг /9 250 000 -4 000 000+750 000/ хангаж, үлдэх 5 538 200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Т-сзээлийн гэрээний үүрэгт 6 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч КХЗХ-д олгож, илүү нэхэмжилсэн 5 538 200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 199 561 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч О.Т-сулсын тэмдэгтийн хураамжинд 110 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч КХЗХ-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ