Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2020/00975

 

 

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Ц нь хариуцагч С.Ө-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. 

 

А.Ц, С.Ө нар 2009 онд танилцан гэр бүлийн харьцаатай байсан бөгөөд тэдний дундаас 2012 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Ө.Ч төрсөн болох нь хүүхдийн төрсний 2 дугаартай гэрчилгээ болон зохигчдын тайлбараар нотлогдож байна. 

 

Ө.Ч нь эх А.Ц асрамжид амьдарч байгаа болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.

 

            Гэр бүлийн тухай хуульд эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй гэж заасан байна. 

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эцэг нь хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь эх нь саад учруулахыг хориглосон байдаг тул С.Өыг хүүхэдтэйгээ уулзах, тодорхой хугацаанд хамт байх зэрэг үйлдэлд А.Ц нь саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг дурдаж байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасан байна.

 

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх” гэж заасан байдаг тул С.Ө-ын  хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй байна. 

 

Иймд С.Ө-оос хуульд заасан хэмжээний тэтгэлгийг гаргуулан хүүхдийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

Нэхэмжлэгч А.Ц-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Өоос 70 200 төгрөгийг гаргуулан А.Ц-д олгож шийдвэрлэв.