Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2020/01180

 

 

 

Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч Г.Т-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Г.М, Г.Т-д нар 2006 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэр бүл болсныг 2011 оны 03 дугаар сарын 22-ны өдөр бүртгүүлсэн болох нь 0 дугаартай гэрлэлтийн гэрчилгээгээр нотлогдож байна.

 

Гэрлэгчдийн дундаас 2011 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Санчир төрсөн болох нь хүүхдийн төрсний 0 дугаар гэрчилгээгээр нотлогдож байна.

 

Гэрлэгчид хоорондоо таарамжгүй харилцаатай, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүсэж байгаа нөхцөл байдал нь тэдний гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

 

Г.М нь 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-д заасан үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байна.

 

Хүүхдийн насны байдал, амьдарч байгаа болон дасан зохицсон орчин, нөхцөл байдлыг харгалзан үзэж С-ыг эцгийнх нь асрамжид байлгах нь түүний эрх ашигт нийцнэ гэж үзэв.

 

Гэр бүлийн тухай хуульд эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй гэж заасан байдаг тул хүү С-ыг эцгийнх нь асрамжид байлгахаар шийдвэрлэсэн ч эх Г.М дээрх үүргээс чөлөөлөгдөхгүй юм.

 

Мөн Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх гэж заасан байдаг тул Г.М-ийн хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй байгааг дурдаж байна.

 

Зохигчдын хооронд шүүхээр шийдвэрлүүлэх эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдаж байна.