| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Сувд-эрдэнэ |
| Хэргийн индекс | 163/2023/0158/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/157 |
| Огноо | 2023-08-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/157
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
улсын яллагч М.Сайнзаяа,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Байгалмаа,
шүүгдэгч Ж.Дашзэвэг нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж.Дашзэвэг холбогдох эрүүгийн 2315000000184 дугаартай, 163/2023/0158/Э индекстэй хэргийг 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Мурийн овогт Жамбалжавийн Дашзэвэг, Булган аймгийн Булган суманд 1968 оны 03 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, Булган аймгийн Сэлэнгэ сумын 4 дүгээр баг, Манхтай гэх газар оршин суух бүртгэлтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн, хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй РД:ГЮ68031276.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Дашзэвэг нь 2023 оны 07 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө 02 цагийн орчим өдөр хохирогч М.Болдсайханыг өөрийн эхнэртэйгээ хардаж, улмаар заазуураар гар хөлийг нь зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2315000000184 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.Дашзэвэг нь 2023 оны 07 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө 02 цагийн орчим өдөр хохирогч М.Болдсайханыг өөрийн эхнэртэйгээ хардаж, улмаар заазуураар гар хөлийг нь зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг хавтаст хэргийн 41 дэх тал, хохирогч М.Болдсайханыг өгсөн мэдүүлэг хавтаст хэргийн 13-14, 16 дахь тал, гэрч З.Чимгээ, Б.Ганцэцэг нарын өгсөн мэдүүлэг, Булган аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №192 дугаартай шинжээчийн дүгнэлт хавтаст хэргийн 31-32 дахь тал зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоосон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Ж.Дашзэвэгийн гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Ж.Дашзэвэг нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ж.Дашзэвэгийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч М.Болдсайхан 675.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны шатанд 350.000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 325.000 төгрөгийг шүүхийн шатанд төлсөн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Ж.Дашзэвэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ж.Дашзэвэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн 26 см урт заазуур нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Мурийн овогт Жамбалжавын Дашзэвэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Дашзэвэгийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван /15/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Дашзэвэг нь цагдан хоригдсон хоноггүй шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Ж.Дашзэвэгээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн 26 см урт заазуур нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Т.Батсайханд даалгасугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Дашзэвэгт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СУВД-ЭРДЭНЭ