Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2020/01273

 

2020 оны 04 сарын 22 өдөр                      Дугаар 102/ШШ2020/01273                         Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

 Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 2 дүгээр хороо, 2 дүгээр хороолол-8 өөрийн байранд байрлах, ЦТ ТӨХК, Баянгол 2 төвийн нэхэмжлэлтэй,

 

 Хариуцагч:Баянгол дүүргийн 2 дүгээр хороо, Даваа 2 дугаар гудамжны 2 тоотод оршин суух, регистр 2, П.Б-д холбогдох

 

1 200 799 төгрөг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Туяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг нар оролцов.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ЦТ ТӨХК, Баянгол 2 төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний 343145 дугаартай 3052247 кодтой хэрэглэгч П.Б нь цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрөө 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 1 200 799 төгрөгийг төлөлгүй, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний /АХУЙ-2.2.9/-т заасныг зөрчиж хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй байгууллагыг хохироож байна. Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрөө төлөхийг хэрэглэгчийн бүртгэлтэй утасны дугаарт мессежээр удаа дараа илгээж, Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.1-т заасныг үндэслэн хэрэглээг түдгэлзүүлэх зэрэг шат дараалласан арга хэмжээнүүдийг авсан боловч одоог хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул хэрэглэгчтэй байгуулсан Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний 3.1.13-т заасан эрхийн дагуу шүүхэд шилжүүлж байна.Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний 343145 дугаартай, 3052247 кодтой хэрэглэгч П.Б-өөс цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр 1 200 799 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Манайх хариуцагч П.Б-өөс 2019 оны 11 сарын 29-ны өдрөөс 2020 оны 3 сарын 27-ны өдрийн хоорондох цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрийг нэхэмжилсэн байгаа.Манайхаас айлын хашаанд байсан шидийг гадагшлуулж гадна шон дээрээс заалт авах боломжтой болсон.Шидийг гадагш байрлуулах үед цахилгааны төлбөрийг өмнөх сарын төлбөртэй дундчилж тооцсон. Энэ айл шалны халаалт хэрэглэдэг, шид гадагшлуулж байх хугацаанд манай ажилтан энэ айлын тоолуурыг олоогүй гэсэн.Бичилтийг хэрхэн хийсэн талаар та манай борлуулалтын хэсэгт нэг хүрч ирээд ярилцъя гэхэд хөдөө ажилтай учраас очиж чадахгүй  гэж хэлсэн.Энэ айл шөнийн тарифын хөнгөлөлт эдэлсэн, шөнийн тарифын хөнгөлөлт нь 220-ийн цахилгааны хэрэглээтэй айлд 700 кв, 380-ийн цахилгааны хэрэглээтэй айлд 1500 кв үнэгүй байдаг.Энэ айл 700 кв хүртэл хэрэглэсэн ба энэ хэрэглээ нь хөнгөлөгдсөн.Манайхаас хөнгөлөлтөө үзүүлээд хэмжилтээ хийгээд явсан.Манайх тоолуурын заалт хэмждэг тусгай багажтай. Дундаж бичилтийг өмнөх сарынх нь дунджаас хараад бичсэн байсан.Энэ заалтыг багажаар хэмжиж авдаг учраас худлаа гарах үндэс байхгүй, 2020 оны 4 сарын 9-нд шүүхэд шилжүүлсний дараа 1 200 799 төгрөгөөс 650 000 төгрөгийг шилжүүлсэн байна.Одоо нийт үлдэгдэл нь 550 799 төгрөгийг П.Б-өөс гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч П.Б шүүхэд гаргасан тайлбартаа:Манайх 2019 оны 11 дүгээр сард 181 929 төгрөг, 12 дугаар сард 273 572 төгрөг, 2020 оны 1 дүгээр сард 191 455 төгрөг нийт 650 000 төгрөг төлсөн, 2020 оны 2 дугаар сард гарсан 639 184 төгрөг, 2020 оны 3 дугаар сард гарсан 347 019 төгрөгийг хэт өндөр гарсан гэж үзэж байна. Манайх Утаагүй Улаанбаатар уриалгыг дэмжиж иргэнийхээ үүргийг биелүүлэх зорилгоор гэртээ цахилгаан халаагуур тавьсан.Мөн цахилгааны хэрэглээ багасгахын тулд плитка, халуун тогоо болон цахилгаан их хэрэглэдэг зүйлсийг сольж гал тогоогоо газаар бүрэн тохижуулаад 2 жил болж байна.Цахилгаан халаагуур хэрэглэснээр утаа гаргахгүй цэвэр тохилог болсон.Энэ хугацаанд өвөл сар 180 000-200 000 гаруй төгрөг цахилгааны төлбөрт төлдөг.Гэтэл 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр ирсэн цахилгааны төлбөр 639 200 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ирсэн 347 019 төгрөг маш өндөр гарсан байна.Уг асуудлаар Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвд хандсан боловч хариуцсан инженер нь байхгүй, өөр инженер түрүү сарын цахилгааны төлбөрийг дунджаар бичсэн, одоо ингэж өндөр гарсан гэсэн. Дэлхий нийтээр Сovid-19 өвчний улмаас хол хорио тавьж, эдийн засгийн хүндрэлтэй үед ингэж биднийг хохироож болохгүй байх.Мөн цахилгааны төлбөр маш ойлгомжгүй байна. 1квт цахилгаан 116 төгрөг, шөнийн төлбөр 89 төгрөг байдаг.Гэвч цахилгааны төлбөр бичсэн хүснэгтэд ойлгомжгүй төлбөр маш их байна.Жишээ нь:Түлээ нүүрсний зардал 49.52 төгрөг, үйлдвэрлэл импортын зардал 55.07 төгрөг, дамжуулалтын зардал 9.59 төгрөг, түгээлт халаалтын зардал 31.66 төгрөг.Мөн сэргээгдэх эрчим хүчний төлбөр 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 4 404 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 14 490 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 42 929 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 60 258 төгрөг, 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 45 763 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 56 751 төгрөг гэжээ.Миний ойлгож байгаагаар цахилгаан станцад үйлдвэрлэсэн 1квт цахилгааны гэж бүх зардал ороод 116 төгрөг юм.Гэтэл энэ бүх мөнгө хаанаас хэрхэн яаж авдгийг би ойлгохгүй байна.Ард түмэн бид хэрэглэсэн цахилгааны төлбөрөө төлөх ёстой болохоос олон ойлгомжгүй төлбөрүүдийг төлөх ёсгүй гэж үзэж байна гэжээ.

 

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Батболд шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас манай өрхийн цахилгааны төлбөр болох 2019 оны 11 сарын 29-ны өдрөөс 2020 оны 3 сарын 27-ны өдөр хүртэл нийт 1 200 799 төгрөг нэхэмжилсэн байна.Манайх 2019 оны 11 сард 184 929, 2019 оны 12 сард 273 572, 2020 оны 01 сард 191 455 төгрөг нийт 650 000 төгрөгийг төлж барагдуулсан.Цахилгааны төлбөр хэт их гарсан байна гэж үзэж байна.Манайх утаагүй Улаанбаатар уриалгыг дэмжиж иргэнийхээ үүргийг биелүүлэх зорилгоор гэртээ цахилгаан халаагуур тавьсан.Мөн цахилгаан хэрэглээгээ багасгах гэж гал тогоонд хэрэглэх плитка, халуун тогоо болон цахилгаан хэрэгслүүдээ сольж гал тогоогоо газаар бүрэн тохижуулсан.Ингээд бид 2 жил болж байна.Цахилгаан халаагуур хэрэглэснээр утаа гарахгүй цэвэр тохилог болсон.Энэ 2 жилийн хугацаанд өвөл 1 сард төлөх цахилгааны төлбөр 180,000-200,000 гаруй төгрөгийг төлдөг.Гэтэл 2020 оны 02 сарын 28-нд ирсэн цахилгааны төлбөр 639,000, 2020 оны 03 сарын 27-ны цахилгааны төлбөр 347,019 төгрөг гарсан.Цахилгааны төлбөр маш их гарсан гэж үзэж байна.Уг асуудлаар Баянгол дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвд хандсан боловч манайхыг хариуцсан инженер нь байхгүй, байсан өөр нэг инженер нь тайлбарлахдаа түрүү сарын цахилгааны төлбөрийг дундчилж бичсэн гэх тайлбар өгсөн.Мөн цахилгааны төлбөр маш ойлгомжгүй байна.Баянгол дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвд 1 квт цахилгааны төлбөр 116 төгрөг, шөнийн төлбөр 1 квт 89 төгрөг гэж бичсэн байдаг.Гэвч цахилгааны төлбөр бичсэн хүснэгт дээр бичсэн ойлгомжгүй төлбөр маш их байна.Жишээ нь:Түлш нүүрсний зардал-49,52, үйлдвэрлэл импортын зардал 55.07, дамжуулалтын зардал 9,59, түгээлт хангалтын зардал 31,66, мөн СЭХ дэмжих төлбөр 2019 оны 09 сарын 30-нд 4404 төгрөг, 2019 оны 10 сарын 28-нд 14,490 төгрөг, 2019 оны 11 сарын 29-ны өдөр 42,929 төгрөг, 2019 оны 12 сарын 27-нд  60,258 төгрөг, 2020 оны 1 сарын 31-ний өдөр 45,763 төгрөг, 2020 оны 2 сарын 28-нд 105,091 төгрөг, 2020 оны 3 сарын 27-нд 56,751 төгрөг гээд энэ төлбөр сар бүр нэмэгдээд яваад байдаг.СЭХ-ийн төлбөр буюу сэргээгдэх эрчим хүчний төлбөрийг сар бүр авдаг.Энэ нь энэ мэтчилэн сар болгон тогтмол нэмэгдээд яваад байдаг.Би цахилгаан сэнс хэрэглээгүй, усан цахилгаан станц ажиллуулаагүй.Би яагаад энэ мөнгийг өгөөд байгаа юм бэ? гэдгийг сайн ойлгохгүй байна.Миний ойлгож байгаагаар цахилгаан станцад үйлдвэрлэсэн 1 квт цахилгааны үнэ бүх зардал нь ороод 116 төгрөг гэж ойлгож байгаа.Гэтэл энэ бүх мөнгийг хаанаас хэрхэн, яаж авдгийг ойлгохгүй байна гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ЦТ ТӨХК, Баянгол 2 төв нь хариуцагч П.Б-өөс 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөр буюу цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний үүрэгт 1 200 000  гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан боловч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийнхээ шаардлагыг багасган П.Б-өөс 550 799 төгрөгийг гаргуулна гэж шаардаж байна.

 

Улаанбаатар ЦТ ТӨХК, Баянгол 2 төв нь П.Б-тэй 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг 3 жилийн хугацаатай байгуулсан байна.

 

Дээрх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.6-д “Төлбөрийн нэхэмжлэлд цахилгаан эрчим хүчний төлбөр тусгагдахаас гадна шугам болон трансформатор дахь алдагдал, чадлын итгэлцүүрээс хамааруулж тооцсон төлбөр, нөхөн тооцооны төлбөр, хугацаа хэтрүүлсний алданги, дараа төлбөрт үйлчилгээ үзүүлсэн бол үйлчилгээний төлбөр хураамж, үнийн урамшуулал, нэмэлт төлбөр, НӨХТ, телевиз, хогны төлбөрүүд, баримтын үнэ зэрэг төлбөрүүд тусгагдсан байна” гэжээ.

 

Нэхэмжлэгч байгууллагаас шүүхэд ирүүлсэн хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлангаас үзэхэд П.Б-ийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөр дээр сар болгон СЭХ дэмжих төлбөр гэж тодорхой мөнгөн дүнг нэмж тооцсон байна.

 

Талуудын хооронд хийгдсэн эрчим хүчээр хангах гэрээнд СЭХ дэмжих төлбөрийн талаар дурдаагүй атлаа П.Б-өөс СЭХ дэмжих төлбөрийг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т зааснаар хэрэглэгч нь эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй байх тул П.Б нь хэрэглэсэн эрчим хүчний үлдэгдэл төлбөрийг төлөх нь зүйтэй байна.

 

Иймд нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн дүн 550 799 төгрөгөөс СЭХ дэмжих төлбөр гэх 252 041 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдсэн 298 758 төгрөгийг П.Б-өөс гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33 369 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Б-өөс 9613 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэв.