Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2025/0782

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүн: Шүүгч Ц.Одмаа

Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл   

Давж заалдах гомдол гаргасан:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б

Нэхэмжлэгч: “С” ХХК

Хариуцагч: Баянхонгор аймгийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага:

“Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн А/471 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай”

Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр:

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 39 дүгээр шийдвэр

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б, гуравдагч этгээд Г.С, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул

Хэргийн индекс: 111/2025/0007/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “С” ХХК-иас Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдуулан “Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн А/471 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.  Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Сүүн билэгдэл ХХК-ийн Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн А/471 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3.  Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

3.1. Баянхонгор аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 111/ШШ2025/0039 дугаар шийдвэрт дараах үндэслэлийг огт анзааралгүй хэргийг шийдвэрлэсэн байна.

-Баянхонгор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 213/МА2017/00014 дүгээр магадлалын Үндэслэх хэсгийн /5 хуудас/ 2 дах догол мөрөөс “... Г.С-аас өмчлөгчөөр тогтоолгохоор маргаж байгаа зүйл нь хоршооны хуучин бэлтгэлийн агуулах байдаг. Гэтэл тус маргаж байгаа “Гу” хоршооны хуучин бэлтгэлийн агуулахыг 2024 оны 5, 6 дугаар сард Г.С өөрөө хоршооныхоо хүмүүстэй хамтран буулгаж дээврийн төмөр, банз, хаалга, нурууны палк, цонх, рам зэрэг 947.000 төгрөгийн эд хөрөнгийг авч шинээр барих барилгад ашиглахаар авсан байна. Ингээд хэрэглэх боломжтой бүгдийг авч тоногдсон бэлтгэлийн агуулах нь 2004 оноос 2013 хүртэлх 9 жилийн хугацаанд нурсан балгас Эрдэнэцогт сумын төвийн урд хэсэгт байрлах байжээ. “С” ХХК нь 2013 онд Эрдэнэцогт сумын Засаг дарга болон холбогдох албан тушаалтнуудын зөвшөөрлийн дагуу тухайн нурсан балгасыг засаж сайжруулан дээвэр хийж, эзэнтэй болгон жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж, үйл ажиллагаа явуулж, 2015 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн 000307318 тоот гэрчилгээг олгосон болох нь Эрдэнэцогт сумын засаг даргын тодорхойлолт болон байгууллагын газар эзэмших эрхийн 000307318 тоот гэрчилгээ зэргээр тогтоогдож байна” хэмээн шүүхээс үйл баримтыг дүгнэсэн байна.

Баянхонгор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны дугаар сарын 06 дугаар сарын 27-ны өдрийн 213/МА2017/00014 дүгээр магадлалын Үндэслэх хэсгийн 7 дугаар хуудасны 3 дахь догол мөрд “... Иймд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар бэлтгэлийн агуулахыг өмчлөх эрх Г.С-д шилжээгүй байна. Нэхэмжлэлийг “Гу” хоршоо нэхэмжлэл гаргах эрхтэй байтал Г.С гэж хувь хүн нэхэмжлэл гаргасан байна. Хуулийн этгээд “Гу” хоршоог татан буугдсан гэж үзэж байгаа бол маргаантай үүрэг нь Г.С-д шилжсэн эсэх нь тодорхойгүй байгаа, хэрэв хуулийн этгээд татан буугдаагүй бол хуулийн этгээдийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзвэл төлөөлж байгаа тухай нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй... “ гэж дүгнэсэн юм.

-Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 111/ШШ2023/0159 дүгээр шийдвэрийн Үндэслэх хэсгийн 6,5 дахь хэсэгт “... татан буулгасан нь Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн 2007 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2388359 тоот регистрийн дугаартай “Гу” хоршоог татан буулгах шийдвэр, тамга, тэмдгээ хураалгасан тухайн тодорхойлолтоор нотлогдоно” гэж үйл баримтаар дүгнэсэн байна.

-Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 111/ШШ2023/0159 дүгээр шийдвэрийн Үндэслэх хэсгийн 7.2 дахь хэсгийн 2 дахь догол мөрөнд “...Хэргийн оролцогчдын тайлбар, мэдүүлгүүд, Баянхонгор аймаг дахь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар /товчоо/-ын 2002 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ... гэрчилгээгээр .... Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн эзэмшиж буй газрууд давхцалтай нь тогтоогдох хэдий ч хоршооны газар эзэмшүүлэх шийдвэр, түүнийг үндэслэн олгосон баримт бичиг, газрын хувийн хэрэг хадгалагдаагүй, түүнийг тодорхойлох боломжгүй түл ямар хэмжээгээр давхцалтайг шүүх мөн тогтоох боломжгүй юм. Иймд дээрх нөхцөл байдлуудаас ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагчаас 6 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол уг актууд хүчингүй болох... харгалзах шаардлагатай" гэж дүгнэн “С” ХХК-д олгосон Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн газар эзэмшүүлэх 123 дугаар захирамж, газар эзэмших эрхийн 000307318 гэрчилгээг тус тус 6 сарын хугацаанд түдгэлзүүлж шинэ акт гаргахыг даалгасан юм.

3.2. Тэгвэл шүүх 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 39 дүгээр шийдвэрийг гаргахдаа газрын давхцал байхгүй “Гу” хоршоонд олгосон газар эзэмших эрх дуусгавар болсон байсан гэж тодорхойлж дуусгавар болсон байсан захирамжийг хүчингүй болгох боломжгүй гэх дүгнэлтийг өгч байна.

3.3. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 111/ШШ2023/0159 дүгээр хүчин төгөлдөр шийдвэрээр “Гу” хоршоонд олгосон байсан газар нь “...Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн эзэмшиж буй газрууд давхцалтай нь тогтоогдох хэдий ч баримтууд байхгүй учир шүүх шийдвэрлэх боломжгүй байна гэж дүгнээд байгааг Эрдэнэцогт сумын Засаг дарга давхцалыг арилгаж байна. Ийнхүү арилгахдаа дуусгавар болсонд тооцох, хүчингүй болгох хоёрын үр дагавар нь төстэй гэж ойлгон шийдвэрлэж байна гэж харагдаж байна.

3.4. Тэгвэл Баянхонгор аймгийн Засаг дарга маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа энэхүү сумын Засаг даргын шийдвэр нь гарсан үеэсээ хүчингүй илт хууль бус захиргааны акт гэж тайлбарлаж байна. Мөн сумын Засаг даргын нэгэн адил ойлголтоор хүчингүй болгох, илт хууль бус болохыг тогтоох 2 агуулгыг холиод шийдвэрлээд байна.

3.5. Аймгийн Засаг дарга маргаан бүхий захиргааны актаар Эрдэнэцогт сумын Засаг даргын 2024.05.10-ны өдрийн А/44 дүгээр захирамжийг хүчингүй болгохдоо иргэн Г.С-ын гомдлын дагуу хянаад байна.

3.6. Баянхонгор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 213/МА2017/00014 дүгээр хүчин төгөлдөр магадлалаар “...Иймд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар бэлтгэлийн агуулахыг өмчлөх эрх Г.С-д шилжээгүй байна. Нэхэмжлэлийг Гурван-эхт хоршоо гаргах эрхтэй байтал Г.С гэж хувь хүн нэхэмжлэл гаргасан байна. Хуулийн этгээд “Гу” хоршоог татан буугдсан гэж үзэж байгаа бол маргаантай үүрэг нь Г.С-д шилжсэн эсэх нь тодорхойгүй байгаа” гэсэн үйл баримт дурдагдсан бөгөөд Г.С- нь энэ "...хэрэглэх боломжтой бүгдийг авч тоногдсон бэлтгэлийн агуулах ...”-ыг өмчлөх, эрх нь зөрчигдсөн этгээд мөн гэдгийг нотолсон баримтыг гаргаж өгөөгүй юм.

3.7. Өөрөөр хэлбэл, Аймгийн Засаг дарга гомдол гаргах эрхгүй этгээдийн гомдлыг хүлээн авч, эрх нь зөрчигдөөгүй хүний гомдлоор сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгохдоо хууль зүйн үндэслэлээ зөв гаргаж ирж чадаагүй юм.

3.8. Газрын тухай 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасныг баримтлан хүчингүй болгосон гэж тайлбарлажээ. Тэгвэл хэний, ямар хуулийн этгээдийн эрх ашиг сонирхол хэрхэн зөрчигдөөд байгааг бидний зүгээс ойлгохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хангалттай дүгнэлт өгөөгүй, шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

2. Анх иргэн Г.С-аас Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 123 дугаар захирамж, Сүүн билэгдэл ХХК-д олгосон 000307318 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүхээс “...хариуцагчийн ...газар эзэмшигч, ашиглагчийн бүртгэлд байгаагүй тул гуравдагч этгээдэд газрыг эзэмшүүлсэн., нэхэмжлэгчийн ...хоршооны дарга солигдох үед газрын гэрчилгээг үрэгдүүлээд өгөөгүй... гэх тайлбарууд, шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н-ийн ...Газрын хувийн хэрэг архивд хадгалагдаагүй, ... тухайн үед газрын даамал хийж байсан хүний хариуцлагагүй байдал байх гэх мэдүүлэг зэргээс дүгнэвэл Гурван эхт хоршооны эзэмшиж байсан гэх газрын бодит хэмжээг шүүх тогтоох боломжгүй байна ... нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн эзэмшиж буй газрууд давхцалтай нь тогтоогдох хэдий ч хоршооны газар эзэмшүүлэх шийдвэр, түүнийг үндэслэн олгосон баримт бичиг, газрын хувийн хэрэг хадгалагдаагүй, түүнийг тодорхойлох боломжгүй тул ямар хэмжээгээр давхцалтайг шүүх мөн тогтоох боломжгүй” гэж дүгнээд дахин шинэ акт гаргахдаа маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн доорх газарт бусдын өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хүчинтэй байгаа, Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна. гэж заасан зэргийг харгалзах шаардлагатайг дурдан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагчаас 6 сарын хугацаанд дахин шинэ акт гаргахаар маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн, ийнхүү Эрдэнэцогт сумын Засаг даргаас 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/44 дүгээр захирамж гаргажээ.

3. Дээрх сумын Засаг дарын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/44 дүгээр захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус үндэслэн “сумын Засаг даргын 1998 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 19 дүгээр захирамж, “Гу” хоршоонд олгосон газар эзэмших эрхийн 01 тоот гэрээ, гэрчилгээг” тус тус хүчингүй болгожээ.

4. Гэвч маргаан бүхий акт болох Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/471 дүгээр захирамжаар дээрх сумын Засаг даргын А/44 дүгээр захирамжийг хүчингүй болгосон байна.

5. Нэхэмжлэгчээс Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/471 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар маргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийн дагуу хариуцагч байгууллага болох Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг дарга 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/44 дүгээр захирамж гаргаж, шүүхийн шийдвэрт дурдсан газрын давхцалыг арилгасан” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...сумын Засаг дарга хүчин төгөлдөр шийдвэрээр шийдвэрлэсэн асуудлыг эрх хэмжээгээ хэтрүүлэн, хууль зөрчиж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон ... тус “Гу” хоршоо-ны газар эзэмших эрх 2007 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хоршоог татан буулгах шийдвэр гаргах үед Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т заасны дагуу дуусгавар болсон тул сумын Засаг даргын 44 дүгээр захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар албажсан цагаасаа эхлэн хүчин төгөлдөр бус” гэж тус тус тайлбарлан маргажээ.

6. Анхан шатны шүүхээс “... “Гу” хоршоог 2008 оны 3 дугаар сарын 04-ний өдөр татвар төлөгчийн бүртгэлээс хасагдсан төлөвтэй талаар Баянхонгор аймгийн Татварын газрын 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 215 дугаар албан бичиг хэрэгт авагдснаас дүгнэвэл, Гурван-Эхт хоршооны газар эзэмших эрх дуусгавар болсон ... Дуусгавар болсон газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр хүчингүй болгосныг хууль бус гэж үзэж, доод шатны Засаг даргын шийдвэрийг хариуцагч Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно.”, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж тус тус заасны дагуу хүчингүй болгосныг буруутгах үндэслэлгүй” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасантай нийцээгүй байна.

7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34.2-д “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 34.3-д “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж тус тус заасан.

8. Дээрх хуулийн зохицуулалтын дагуу анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл, хариуцагчийн татгалзлын үндэслэл, газар эзэмших эрх болон эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон сумын Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгосон аймгийн Засаг даргын захирамжийн хууль зүйн үндэслэлд хамаарах нотлох баримтыг хэргийн оролцогчдын хүсэлт, өөрийн санаачилгаар бүрэн цуглуулсны үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэх ёстой.

9. Гэтэл анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулаагүй, шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

10. Тодруулбал, Эрдэнэцогт сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/44 дүгээр захирамж нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасныг тус тус үндэслэн “Гу” хоршоонд олгосон газар эзэмших гэрээ, гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх боловч нөгөө талаар нэхэмжлэгчээс Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 159 дүгээр шийдвэрийг биелүүлж сумын Засаг дарга дээрх А/44 дүгээр захирамжийг гаргасан гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийн дагуу хариуцагч байгууллага болох Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг дарга 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/44 дүгээр захирамж гаргаж, шүүхийн шийдвэрт дурдсан газрын давхцалыг арилгасан” гэж тайлбарлаж байх боловч сумын Засаг даргын А/44 дүгээр захирамж нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүрээнд гарсан гэж үзэх баримт хэрэгт байхгүй.

11. Хэрвээ сумын Засаг даргын А/44 дүгээр захирамж анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлж гарсан бол уг шийдвэрийг аймгийн Засаг дарга урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хүчингүй болгох эрхтэй эсэх, эдгээр нөхцөл байдлуудыг бүрэн тогтоож үндэслэл бүхий дүгнэлт өгөх шаардлагатай байжээ.

12. Өөрөөр хэлбэл, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 159 дүгээр шийдвэрээр “С” ХХК-д газар эзэмших эрх олгосон сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 123 дугаар захирамжийг түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэхдээ маргаж буй газрын дээрх бусдын өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хүчинтэй байгаа талаар харгалзан үзэхийг дурдсан боловч сумын Засаг дарга шинэ акт гаргахдаа хэргийн оролцогчдын маргаагүй үндэслэлээр буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг баримтлан акт гаргасан нь ойлгомжгүй байх тул сумын Засаг даргаас энэ талаар тодруулах шаардлагатай.

13. Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд газрын давхцал байхгүй гэж тайлбарлаж байх боловч Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 159 дүгээр шийдвэрээр “...нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын эзэмшиж буй газрууд давхцалтай нь тогтоогдож байна” гэж дүгнэсэн байгаагаас үзвэл газрын давхцлын асуудлыг нэг мөр тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байна.

14. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “сумын Засаг даргаас эзэнгүй барилгын эзнийг тодруулахаар  2 жилийн хугацаанд эрэн сурвалжилсан боловч эзэн нь олдоогүй, ингээд сумын 80 жилийн ойн хүрээнд сарлагийн сүүгээр Европ чанарын бяслаг үйлдвэрлэх төсөлд “С” ХХК оролцож шалгарсан бөгөөд үйл ажиллагаагаа явуулахаар 4 газраас маргаан бүхий газрыг сонгосон, ингээд бид тухайн газрын хог хаягдлыг цэвэрлэн, газар эзэмших эрх авсан” гэж тайлбарлаж байх боловч “С” ХХК-ийн газар эзэмших эрх анх хэрхэн үүссэн талаар баримт хэрэгт байхгүй, өөрөөр хэлбэл, уг газрыг төсөл, сонгон шалгаруулалтаар авсан гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

15. Нэгэнт анхан шатны шүүх маргааны үйл баримттай холбоотойгоор нотлох үүргээ бүрэн хэрэгжүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн энэ тохиолдолд давж заалдах шатны шүүх уг ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 39 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                              ШҮҮГЧ                                             С.МӨНХЖАРГАЛ

                              ШҮҮГЧ                                              Ц.ОДМАА

                              ШҮҮГЧ                                               О.ОЮУНГЭРЭЛ