Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 214

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

Улсын яллагч В.Төгсбаяр,

Шүүгдэгч Д.Ганзориг, түүний өмгөөлөгч Д.Барсүрэн /ҮД:0-147/, Г.Алтанчимэг /ҮД:0-146/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Урт овогт Дамдинжамцын Ганзоригт холбогдох эрүүгийн 201626010582 дугаартай, 188/2016/0249/Э индекстэй хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, 2-808 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, Урт овогт Дамдинжамцын Ганзориг /РД:АЗ87011115/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Ганзориг нь 2016 оны 02 дугаар сарын 19-ний шөнийн 02 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна байрлах иргэн Ш.Сугаржавын эзэмшлийн гражны дээврийг эвдлэн нэвтрэн орж “Приус-30” маркийн автомашины урд хойд 2 ширхэг гупер, урд, хойд 4 ширхэг гэрэл, батерей зэрэг нийт 3,845,000 төгрөгийн эд зүйлийг хулгайлах гэмт хэргийг 69-59 УНГ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл, тусгайлан бэлтгэсэн багаж ашиглан, агуулах саванд нэвтэрч үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар. Үүнд:

Шүүгдэгч Д.Ганзоригийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн: “… 2016 оны 02 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 02 цагийн үед 69-59 УНГ улсын дугаартай Приус-20 маркийн машинтай явж байгаад Сонгинохайрхан дүүргийн Цамбагаравын ард талын замын хажууд байрладаг гражийн дээврийн дээд талын баруун өнцөг нь эвдэрсэн байхаар нь банзыг нь гараараа сөхөж ороход Приус-30 маркийн цагаан өнгийн машин байсан. Машины гурвалжин цонхыг тоосгоор хагалж хаалгыг нь онгойлгоод дотор нь орж суудлын хойно байдаг батерей, урд хойд гупер, урд хойд 4 гэрлийг өөрийн авч орсон дорцовоор тайлж хулгайлж авсан. Гупер дээр байдаг нэмэлт тоноглол гэрлийг хамтад нь аваад гражийн дээврээр буцаж гарсан. Уг гражийн хойд тал нь намхан учир хулгайлан авсан зүйлээ гаргаж тавихад хялбар байсан. Хулгайлан авсан урд хойд 4 гэрэл, батерей, хойд гуперийн хамт ажиллуулах гэж байсан засварын газартаа бөөнд нь 1,500,000 төгрөгөөр үл таних хүнд худалдсан. Хэрэг болохоос хэд хоногийн өмнө Мөнхтөрөөс Приус-20 маркийн хойд гуперийг 350,000 төгрөгөөр зээлээр авсан байсан өрөндөө  Приус-30 маркийн хулгайлан авсан урд гуперийг өгсөн. …Би 21 цагийн үед тэр хавиар явахад жолооч нь Приус-30 маркийн машинаа гаржид хийж байсан. Шөнө 02 цагийн үед очиж үзэхэд дээврийн дээд өнцөг нь цөмөрсөн байхаар нь эвдэн орсон. …69-59 УНГ улсын дугаартай Приус-20 маркийн машин манай найз охин Ариунгэрэлийн машин. 2016 оны 03 дугаар сарын 20-ны үеэр Да хүрээ зах дээр 3,500,000 төгрөгөөр худалдаж Сугаржавд учруулсан хохирлоо төлсөн. …Энэ машин бусдад зарагдсан байна лээ. …Би тэр үед граж руу орохдоо 12,10,14-ийн дорцовоо авч орон түүгээр сэлбэгийг тайлж авсан. …Мөнхтөр энэ хэрэгт ямар ч хамаагүй, түүнд машины эд анги хулгайлан авсанаа хэлээгүй. …Хялбар аргаар мөнгө олох гэж хулгай хийсэн. …Би архи уудаггүй, хэрэг үйлдэхдээ эрүүл байсан. …Гэм буруугаа ойлгож байгаа дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй. Сугаржавын машинаас хулгайлан авсан зүйлийнхээ хохирлыг барагдуулсан.

Тухайн үед хэрэг үйлдсэнийхээ дараа 1 дүгээр хорооллын арын гражнуудын дунд жалга руу тоосгыг шидсэн, одоо надад байхгүй. …Автомашины дугуй тайлдаг дугуйн дорцов биш зүгээр багажинд байдаг сул жижиг оврын дорцов байсан. Мөн тоосгоны хагархайтай хамт хаясан. Одоо надад байхгүй. … ”  гэсэн мэдүүлэг /1хх-ийн 91-93, 2хх-ийн 42 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Хохирогч Ш.Сугаржавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр үйлдвэрлэгдсэн тоёота цагаан өнгийн приус-30 маркийн автомашин худалдан авсан. …2016 оны 02 дугаар сарын 18-ны орой 21 цагт машинаа грашиндаа тавиад өглөө 10 цагт грашаа онгойлгоход миний машины жолооч талын гурвалжин шилийг хагалж машины урд хойд гупер, урд хойд их гэрэл хосоор нь, приус-30 маркийн автомашины батерей комоор нь хулгайлсан байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. Манай грашийн баруун хойноос дээврийг нь цөмөлж банзыг нь сугалаад орсон байсан. …Урд гупер зах зээлийн үнэлгээгээр 550,000 төгрөг, хойд гупер 450,000 төгрөг, урд их гэрэл хосоороо 500,000 төгрөг, гурвалжин шил 100,000 төгрөг, ком батерей 1,000,000 төгрөг, крылоны дохио хосоороо 140,000 төгрөг, дохионы доод дөрвөлжин таг хосоороо 80,000 төгрөг, гуперын доод сетка 100,000 төгрөг, хойд сетка 80,000 төгрөг, чирэгчний таг 15,000, приус эмблем 30,000 төгрөг байна лээ. …Манай грашийн дээврийг сөхөж ороод хулгай хийсэн гэж хэлдэг боловч бетоноор цутгасан дээвэр байсан. Ганзориг автомашины эд анги хулгайлсан хохирол мөнгийг барагдуулсан боловч граш болон түүнтэй холбоотой гарсан зардлаас 1,100,000 төгрөг нэхэмжилсэн. Ганзориг надад Хан-Уул дүүргийн цагдаа дээр байхдаа 592,800 төгрөг өгсөн одоо үлдэгдэл 500,000 төгрөгийг гаргуулж авах мөн грашийн дээврийг эвдээд орохдоо граш дотор бүтээсэн байсан угаалгын машины 2 ширхэг тагийг хагалсан байсан засварын мөнгө ойролцоогоор 200,000 төгрөг болох байх. Эдгээр зардлуудаа гаргуулан авчих юм бол гомдол санал байхгүй. ... гэсэн  мэдүүлэг /1хх-ийн 29-31, 238-239 х/

 

Гэрч З.Төмөртулга-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 02 дугаар сарын 21-ний орой хаах гэж байтал нэг жижигхэн бор залуу ирээд машины урд талын гупер солиулмаар байна гэхээр нь ах нь мэдэхгүй Мөнхтөрөөс асуу гэсэн, тэгээд Мөнхтөртэй утсаар ярьж байгаад машиныхаа урд гуперыг солиулаад гарсан. …2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр манай ажил дээр цагаан өнгийн гупер авч ирж өгсөн. Өмнө нь сольсон машины гуперын оронд өгч байгаа юм гэсэн. …” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 34 х/

 

Гэрч Т.Батчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Манай засварын төв Япон улсаас машин худалдан авч импортоор оруулж ирэн зардаг. 2016 оны 02 дугаар сарын 24-ний орой 18 цагийн орчим нөхөр Мөнхтөрийн гар утас дуугарсан, намайг авахад Ганзориг ажил дээр чинь ирчихлээ хүрээд ир гэсэн. Би тухайн үед хамт явна гээд ажил дээр хамт ирэхэд манай галч байсан. Ганзориг манай нөхөр хоёр цагаан өнгийн Приус-30 маркийн автомашины урд гупер бариад орсон. Би араас нь дагаж ороод наад гупер чинь ямар учиртай вэ гээд манай нөхөр хар Приус 20-н гуперээр сольсон гупер гэсэн. Тэгэхэд нь би юу ч гэсэн тэмдэглээд авна гээд Ганзоригоос машины дугаарыг нь асуугаад Ганаа хар Приус-20 маркийн автомашиын урд гуперээр солив гээд данс хөтөлдөг дэвтэр дээр бичсэн. …” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 35х/

 

Гэрч Д.Нандин-Эрдэнэ-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Манай ах Ганзориг багадаа Архангай аймгийн Тариат өссөн. Бага насаа хөдөө мал дээр өсөж Архангай аймгийн Тариат сумын 10 жилийн сургуульд сурч байгаад бага ангиасаа сургуулиасаа гарсан. Улаанбаатар хотод 2015 оноос эхлэн амьдарч байгаа, манай том ах Зоригтбаатартай хамт барилгын ажил хийдэг байсан. Манай ах Ганзориг дуугүй, томоотой, архи огт хэрэглэдэггүй, чөлөөт цагаараа үндэсний бөхөөр барилдаж тэр чиглэлээр хичээллэх сонирхолтой, хүнд итгэмтгий, гэнэн цайлган зантай. Ямар шалтгаанаар гэмт хэрэг хийсэн талаар мэдэхгүй байна. Манайх хөдөө өөрсдийн гэсэн малтай дутагдах зүйлгүй боломжийн амьдралтай. Ганзориг ах найз охинтой болоод одоо хамт амьдарч байгаа, 3 сартай жирэмсэн. …” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 36-37 х/

 

Гэрч Л.Эрдэнэбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би Ганзориг гэх хүнийг зүс танина. Миний ажилладаг “Приус Сервис”-ийн захирал Мөнхтөртэй найз нөхдийн холбоотой байх. …2016 оны 02 дугаар сарын сүүлээр Ганзориг хар өнгийн Приус-20 маркийн автомашинтай ирээд захирал Мөнхтөр гражд байсан гаалийн бичигтэй хар өнгийн Приус-20 маркийн автомашины гуперыг тайлаад Ганзоригийн унаж явсан машины гуперыг солиод өг гэсэн. Би засварт орж ирж байгаа автомашиныг засах л үүрэгтэй, төлбөр тооцоог захирлын эхнэр нь хийдэг. …” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 15-16 х/,

 

Б.Мөнхтөрийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн: “…Ганзоригийг 1 жилийн өмнөөс таних болсон. Манай засварын газраар машинаа засуулдаг байсан. Ганзориг надаас 2015 оны 11 дүгээр сараас хойш наклад, амаржин, жолооны аппарат зэрэг ойр зуурын сэлбэг худалдан авч байсан. …2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гэртээ байж байхад Ганзориг миний гар утас руу залгаж ажил дээр чинь ирчихлээ хүрээд ирээч гэсэн. Эхнэрийн хамт яваад очиход Ганзориг хар гуперын оронд Приус-30 маркийн машины урд гуперыг өрөндөө авчих уу гэсэн. …Ганзоргийн унаж явсан машины хойд гупер хагархай байсан учир задалсан машинаас хойд гуперийг 350.000 төгрөгөөр 2016 оны 02 дугаар сарын 19-ний үеэр худалдаж авсан. Тэр авсан гуперын оронд 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Приус-30 маркийн машины урд цагаан өнгийн гупер баричихсан ирээд нөгөө гуперынхээ оронд авах уу гэж ирсэн.  …” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 79-80 х/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 7-10 х/

Гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 11-19 х/

Эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 154 х/

Д.Ганзоригийн бусдад учруулсан хохирлын тооцоо /2хх-ийн 11 х/

Туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 37-41 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Д.Ганзориг нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ “12,10,14”-ийн дорцовоо авч орон түүгээр сэлбэгийг тайлж авсан, хамтран амьдрагчийнхаа автомашиныг ашигласан, Ш.Сугаржавын эзэмшлийн авто граж руу нэвтрэн орж үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Д.Ганзоригт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь түүний үйлдэлд тохирсон, ял оногдуулах үндэслэлтэй байна.  

 

Хохирогч Ш.Сугаржав нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрт нийт 3,960,000 төгрөгийн сэлбэг хэрэгсэл, бэлэн мөнгийг хүлээн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирлын мөнгө төлсөн баримт /1хх-ийн 155 х/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 159 х/, мөнгө хүлээн авсан баримт /2хх-ийн 43 х/, хохирлын талаар нэхэмжлэх зүйлгүй тухай утсаар ярьсан тэмдэглэл /2хх-ийн 58 х/ зэрэг баримтуудаар нотлогдож байх тул Д.Ганзоригийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

 

Д.Ганзориг урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 96 х/-аар тогтоогдсон.

 

Д.Ганзориг хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн хамтран амьдрагч Б.Ариунгэрэлийн эзэмшлийн 69-59 УНГ улсын дугаартай Приус-20 маркийн автомашиныг ашигласан болохыг Б.Ариунгэрэл мэдээгүй болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, Иргэний нэхэмжлэгч Б.Ариунгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Ганзориг гэх хүнийг 2015 оны 01 дүгээр сараас эхлэн таньдаг болоод одоо хамт амьдарч байгаа гэр бүлийн баталгаа байхгүй. Одоо 8 сартай жирэмсэн 9 дүгээр сарын дундуур төрнө. …Би 2006 оны хар өнгийн Тоёота Приус-20 маркийн автомашинтай байсан. …Мөнгөний хэрэг гараад банк бус санхүүгийн байгууллагад 2,500,000 төгрөгийн барьцаанд тавьсан байж байгаад дахин мөнгөний хэрэг гараад 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Бат-Өлзийгийн Отгонбаяр гэх хүнд зараад  банк бус санхүүгийн байгууллагад өгөх ёстой байсан өрөө өгөөд үлдсэн мөнгийг үрээд дууссан. …Би 69-59 УНГ Приус-20 маркийн автомашинаар хулгайн гэмт хэрэг хийхдээ хулгайлсан эд зүйлийг тээвэрлэсэн талаар мэдээгүй.  …” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 4-5 х/ зэргээр нотлогдон тогтоогдсон.

 

Уг тээврийн хэрэгслийг Дархан-Уул аймгийн иргэн С.Сүнжидмаа худалдан авч түүний эзэмшилд шилжсэн болох нь С.Сүнжидмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотын Да хүрээ авто тээврийн худалдааны төвийн хуучин автомашины зардаг хэсгээс нэг ченжээс худалдан аваад тэр өдрөө шууд авто тээврийн газар очоод өөрийн нэр дээр шилжүүлээд 28-32 ДАР улсын дугаар олгосон. Тэгээд тэр өдрөө Дархан руу гарсан. …Миний өөрийн эзэмшлийн автомашин одоо Дархан-Уул аймагт байгаа, өөрийнхөө эд хөрөнгийг битүүмжилнэ гэдэгтэй санал нийлэхгүй байна.  …” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 7-8 х/, Тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх-ийн 164 х/ зэргээр тогтоогдож байгаа.

 

С.Сүнжидмаагийн эзэмшилд шилжсэн байгаа дээрх автомашиныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасан шаардлагыг хангуулах зорилгоор мөрдөн байцаалтын шатанд битүүмжилсэн болох нь Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /2хх-ийн 25 х/-р тогтоогдож байгаа.

 

Тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч нар уг автомашиныг хулгайн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан болохыг мэдээгүй, хэрэгт ямар нэгэн байдлаар оролцоогүй, уг автомашиныг хууль ёсны дагуу бусдад шилжүүлсэн, эзэмшилдээ авсан болох нь тэдгээрийн тайлбарууд болон бусад баримтуудаар нотлогдож байх тул гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдсан гэх С.Сүнжидмаагийн эзэмшилд байгаа Тоёото Приус маркийн 28-32 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж улсын орлогод оруулах хууль зүйн үндэслэлгүй тул уг автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож битүүмжлэлээс чөлөөлөх нь зүйтэй байна.

 

Харин Д.Ганзориг нь хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ хулгайлсэн эд зүйлээ хэргийн газраас зөөж тээвэрлэхэд дээрх автомашиныг ашигласан, уг автомашиныг үнэлгээний байгууллагаас 6,800,000 төгрөгөөр үнэлсэн байх тул уг тээврийн хэрэгслийн үнэ 6,800,000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар Д.Ганзоригийн хувьд оногдох хөрөнгөөс гаргуулж улсын орлогод оруулах хуульзүйн үндэслэлтэй байна.

 

Д.Ганзориг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Д.Ганзориг нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж их биш, гэм буруугаа олйгож гэмшиж байгаа байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг өөрийн сайн дураар нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хуульд заасан хорих ялыг оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзсэн болно.

 

            Д.Ганзоригийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад төлөх хохирол, төлбөргүй, шүүгдэгчийн хойшлуулшгүй ажиллагааны улмаас 3 хоног баривчлагдсан хугацааг тогтоолд дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.Урт овогт Дамдинжамцын Ганзоригийг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Д.Ганзоригийг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 02 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Д.Ганзоригт оногдуулсан 02 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Д.Ганзоригт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирлын төлбөрт 3,960,000 төгрөгийг төлж барагдуулсан, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, нийт 3 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Ганзоригт оногдуулсан 02 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хорих ялыг тэнсэж, 02 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал, хүмүүжилд хяналт тавихыг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2‑т зааснаар Д.Ганзоригоос 6,800,000 /зургаан сая найман зуун мянган/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар С.Сүнжидмаагийн эзэмшлийн Дархан-Уул аймгийн Хонгор сум, Салхит өртөөний 5-2-12 тоот хаягт байгаа Тоёота Приус-20 маркийн 28-32 ДАР улсын дугаартай автомашин /үнэлгээ 6,800,000 төгрөг/-г битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Д.Ганзоригт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй.

                

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ДАШДОНДОВ