Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2019/ДШМ/14

 

 

Б.Бд холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                          Даргалагч, шүүгч                          Б.Батзориг

                             Шүүгчид                                     Д.Буянжаргал

                                                                                 Г.Давааренчин                               

                                

                            Оролцогчид

                               Прокурор                                       Б.Энхтулга

                               Шүүгдэгчийн  өмгөөлөгч            С.Энхтайван

                               Хохирогчийн өмгөөлөгч             Ч.Булган

                               Иргэний хариуцагч                     М.Сүхбаатар

                               Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2020/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-н Бд холбогдох эрүүгийн 1931003420226 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1964 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, төмөр замын ашиглалтын техникч мэргэжилтэй, “Монголиан Транс Ложистик” ХХК-ний “Хандгайт” өртөөний орлогч дарга ажилтай, ам бүл 1, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 4-р хороо, Голден парк хотхон 102 дугаар байр 208 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нэг удаагийн шийтгэлтэй,  Боржигон овгийн Банзрагчийн Баярсайхан /РД:УУ65050211/,

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Б нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Сэлэнгэ аймаг, Ерөө сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монголиан Транс Ложистик” ХХК-ний “Хандгайт” өртөөнд 2019 оны 09 дүгээр 24-ний өдөр 16 цагийн үед 2 метр 58 см орчим өндөртэй давхарласан сэндвич хавтан дээрээс тус өртөөнд вагон үзэгч ажилтай Б.Оюунболд нь унаж нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Анхан  шатны  шүүх  Б.Бд  холбогдох  хэргийг  2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хянан хэлэлцээд 42 дугаартай шийтгэх тогтоолоор:

“1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Боржигон овгийн Банзрагчийн Баярсайханыг мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Банзрагчийн Баярсайханд 01 /нэг/ жилийн хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Боржигон овгийн Банзрагчийн Баярсайханы эдлэх 01 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Ялтан Б.Б нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч Б.Номин-Эрдэнэ нь амь хохирогчийн авч байсан цалин тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар хариуцагч байгууллагаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

6. Ялтан Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс цагдан хорьсугай.” гээд, эрх бүхий этгээд давж заалдах гомлол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Яллагдагч Банзрагч овогтой Баярсайхан болон өмгөөлөгч миний хувьд анхан шатны шүүхэд гэм буруугийн талаар маргаангүй бөгөөд Б.Б нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм баримтлаагүйгээс Б.Оюунболдын амь насыг болгоомжгүйгээр хохироохдоо анх удаа тохиолдлын шинжтэй үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох 3 баримтуудаар тогтоогдож байна. Мөн Б.Б гэмт хэрэг үйлдэхдээ 55 настай байсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаагаа хүлээж, хохирогч Б.Номин-Эрдэнэ болон амь хохирогчын гар гэрийнхэнд оршуулгын зардал болон бэлэн мөнгөөр нийт 73.000.000 төгрөг учруулсан бодит хохирлыг хохирогчид төлж гомдолгүй болгосон байна. Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2020/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоолоор Банзрагч овогтой Баярсайханд оногдуулсан нэг жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хуулийн 6 дугаар зүйлийн 5-д заасны дагуу анх удаа тохиолдлын шинжтэй үйлдсэн, хохирол барагдуулсан, хохирогч гомдолгүй байгаа болон яллагдагчийн 54 настай хувийн байдлыг харгалзан үзэж оноосон ял шийтгэлийг хөнгөрүүлэн хорих ялыг тэнсэн харгалзаж өгнө үү гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Эрүүгийн хариуцлагын хувьд шүүгдэгчийг заавал нийгмээс тусгаарлаж хорих шаардлагагүй гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дэмжиж байна. ... Шүүхийн анхны хэлэлцүүлгийн тэмдэглэлд хэлсэн үг нь дутуу орсон байна. Би хохирогчоос “Б.Бд гомдолтой юу гэж” асуухад “Б.Бд гомдолгүй, байгууллагаас нэхэмжлэх зүйл дутуу” гэж хариулж байсан. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дэмжиж, тэнсэн харгалзах ялаар  солиход татгалзах зүйлгүй гэв.

 

Иргэний хариуцагч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хувь хүний зүгээс компани хариуцаж байгаа хүний хувьд ажилтнуудад маань ийм зүйл тохиолдсонд харамсаж байна. Шүүгдэгчид хуулийн хүрээнд тэнсэн харгалзах боломж байдаг бол тэнсэж өгнө үү гэсэн хүсэлттэй байна. ... Бид ийм алдаа гаргасны улмаас иргэний хариуцагч компанийн зүгээс харамсаж, бүхий л шаардлагатай зүйлийг барагдуулсан. Манай компанийн ажилтан Б.Б төмөр замын байгууллагад 26 жил, манай байгууллагад 12 жил ажиллаж байгаа, ганц бие залуу байдаг. Бидний өгсөн үүрэг даалгавраас болж золгүй явдал гарч, нэг нь хоригдсон байх тул тэнсэн харгалзаж өгнө үү гэв.

 

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэлийг оногдуулсан байна гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Шүүгдэгч Б.Бд холбогдох “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Сэлэнгэ аймаг, Ерөө сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монголиан Транс Ложистик” ХХК-ний “Хандгайт” өртөөнд 2019 оны 09 дүгээр 24-ний өдөр 16 цагийн үед 2 метр 58 см орчим өндөртэй давхарласан сэндвич хавтан дээрээс тус өртөөнд вагон үзэгч ажилтай Б.Оюунболд нь унаж нас барсан” гэх хэргийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд 01 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу Б.Бд холбогдох эрүүгийн 1931003420226 дугаартай хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Б.Б нь дээрхи гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Номин-Эрдэнийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгүүд /1-р хх-ийн 12-13, 2-р хх-ийн 36-41-р ху/, иргэний хариуцагч М.Сүхбаатар /1-р хх-ийн 16-р ху/, гэрч Г.Мөнхтуул 1-р хх-ийн 21-22-р ху/, У.Түмэнбаяр /1-р хх-ийн 23-р ху/, Б.Мөнхболд /1-р хх-ийн 25-р ху/, Л.Баттулга /1-р хх-ийн 35-36-р ху/, С.Энхболд /1-р хх-ийн 27-28-р ху/, Ц.Энхбаяр /1-р хх-ийн 26-р ху/, шинжээч С.Бүрэнжаргал /1-р хх-ийн 41-р ху/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч Б.Бы мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 230-231, 2-р хх-ийн 36-41-р ху/, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №10-06-018/40 дугаартай акт /1-р хх-ийн 57-58-р ху/, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №94 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 44-45-р ху/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 46-52-р ху/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1-р хх-ийн 01-11-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд хуульд заасан ял шийтгэл оногдуулсан байна.

 

Гэвч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн, түүнчлэн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч “...гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн тул хохирогчийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй, түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэнэ үү...” гэсэн хүсэлт гаргасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” зааснаар Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэх боломжтой гэж үзлээ.

 

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2020/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоолыын “Тогтоох” хэсгийн 2, 3 дугаар заалтуудыг өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2020/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоолыын “Тогтоох” хэсгийн 2, 3 дугаар заалтуудыг доорхи байдлаар өөрчлөн найруулсугай. Үүнд:

            2 дугаар заалтыг

           “2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэгдсэн этгээдийг нэгдсэн бүртгэлд бүртгэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж,

            3 дугаар заалтыг

            “3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай анид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9  дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурьдсугай” гэж тус тус өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

            2. Шүүгдэгч Б.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

            3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай

 

 

                                       ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                         ШҮҮГЧИД                            Г.ДАВААРЕНЧИН

                                                                                  Д.БУЯНЖАРГАЛ