Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
Хэргийн индекс | 152/2020/00079/и |
Дугаар | 233 |
Огноо | 2020-03-24 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 233
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч.Э-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ХХНУТХГНХЗ-д холбогдох,
Тус захиргааны даргын 2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн Б-01 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа, хариуцагч Б.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, гэрч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Би Ханхөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны үйлчлэгчийн албан тушаал дээр 5 сар ажиллаж байгаад 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс тус хамгаалалтын захиргааны ногоон байгууламж сахиулын албан тушаалд томилогдсон. Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу гэрээний хугацаа 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон бөгөөд 2 тал гэрээний хугацаанд өөрчлөлт оруулахаар санал гаргаагүй тул гэрээний хугацаа сунгагдсан гэж ойлгож байсан. Гэтэл хамгаалалтын захиргааны дарга урьдчилан ямар нэг хэлбэрээр мэдэгдэхгүйгээр ажлаас чөлөөлсөн. Иймд Ханхөхийн нурууны улсын тусгай хамгаалалтай газар нутгийн хамгаалалтын захиргааны даргын 2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн Б-01 дугаар тушаалыг хүчингүй болгож, намайг ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.
Хариуцагч “Ханхөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа”-ны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ханхөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны бүтэц, орон тоог Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн А/09 тоот тушаал, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/631 тоот тушаалуудаар 20 хүний бүрэлдэхүүнтэй баталсан байдаг. 2018, 2019 онуудад цалингийн сан хүрэлцээтэй байсан тул тус Хамгаалалтын захиргаа 3 гэрээт ажилтан авч ажиллуулж байсан. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн өгсөн зөвлөмжөөр Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-д заасны дагуу батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан ажиллахыг үүрэг болгон зөвлөсөн билээ. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Дотоод аудитын хорооноос Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-д батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан ажиллах талаар зөвлөмж өгч байсан бөгөөд 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 14 тоот тогтоолоор албажуулан ирүүлсэн. 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хурлаар дээд байгууллагаас батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан ажиллах тухай зөвлөмж ирснийг танилцуулж, гэрээт ажилтнуудаас цомхтгох тухай хурал дээр мэдэгдэж байсан. 2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр хамт олны хурал хийж гэрээт ажилтнаас цомхотгох тухай танилцуулж, хуралд оролцсон нийт ажилтнуудын олонхийн саналаар Ч.Э-ийг ажлаас чөлөөлсөн тушаал нь үндэслэлтэй гэж үзэж байна” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Эрдэнэчимэгээс хариуцагч “Ханхөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа”-нд холбогдуулан “Тус захиргааны даргын 2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн Б-01 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч “Ханхөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа”-ны дарга Б.Цэлмэгдалай нь “Манай байгууллага 20 хүний орон тоотой бөгөөд Ч.Эрдэнэчимэгийг гэрээний үндсэн дээр авч ажиллуулж байсан. Өмнөх онуудад захиргааны үндсэн ажилчдын нэмэгдэл, урамшууллыг олгохгүйгээр гэрээт ажилчиддаа цалин олгодог байсныг яамнаас буруу гэж үзэж, зөвхөн батлагдсан орон тооны хязгаартаа багтаан ажиллах, захиргааны ажилчдын авах ёстой цалин, урамшууллыг бүрэн олгох чиглэл өгсөн. Ч.Эрдэнэчимэгт 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хамт олны хурал дээр энэ асуудлыг танилцуулсан ба түүнийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан.
Нэхэмжлэгч Ч.Эрдэнэчимэгийн 1051324 тоот нийгмийн даатгалын дэвтрийн 26-27 дугаар талд бичигдсэн бичилтээс үзэхэд түүнийг 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдөр тус захиргааны үйлчлэгчийн ажлаас чөлөөлж, ногоон байгууламж хариуцсан ажилчнаар томилсон байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нар Ч.Эрдэнэчимэгийг 3, 3 сарын хугацаатай гэрээт ажилчнаар ажиллаж байсныг үгүйсгээгүй бөгөөд нэхэмжлэгч нь хэргийн 24-25 дугаар хуудаст авагдсан 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн “Хөдөлмөрийн гэрээ”-г Б.Цэлмэгдалай даргын ажилд томилогдоогүй байхдаа байгуулсан мэтээр гарын үсэг зурсан нь Байгаль орчин, аялал жуулчлын сайдын 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Б/20 тоот тушаалаар нотлогдож байгаа тул уг гэрээ хүчин төгөлдөр бус, мөн уг гэрээнд зурагдсан гарын үсэг Ч.Эрдэнэчимэгийнх биш гэж, 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн “Хөдөлмөрийн гэрээ”-нд захиргааны дарга гарын үсэг зурсан боловч Ч.Эрдэнэчимэг тухайн гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй гэж тус тус маргасан тул шүүх уг “Хөдөлмөрийн гэрээ”-нүүдийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй боловч Ч.Эрдэнэчимэгт 2019 оны 1-12 дугаар сарыг дуустал хугацаанд цалин, хөлс олгож, ажиллуулж байснаа талууд үгүйсгээгүй тул шүүх тэдний хооронд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.1.2, 359 дүгээр зүйлийн 359.1-т заасан “Хөлсөөр ажиллах гэрээ” амаар байгуулагдсан гэж дүгнэв.
Хөлсөөр ажиллах гэрээний хувьд талууд гэрээний дуусах хугацааны талаар тохиролцоогүй бол ажил, үйлчилгээний онцлог, зорилгоос шалтгаалан хоорондоо тохиролцон хэдийд ч дуусгавар болгох, эсхүл хөлс төлөх хугацаа тохиролцоогүй бол арван дөрөв хоногийн өмнө хөлсийг төлснөөр тус тус гэрээг цуцалж болохоор Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.2, 365 дугаар зүйлийн 365.1.5-д тус тус заажээ.
Ч.Эрдэнэчимэгийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараас үзэхэд түүнд хамгийн сүүлд 2019 оны 12 дугаар сард ажлын хөлсийг бүрэн төлсөн байх ба дээрх хуулийн дагуу гэрээг цуцлах боломжтой тул “Ханхөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа”-ны даргын 2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн Б-01 тоот тушаалыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөн нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь “Ч.Эрдэнэчимэгийг 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн хамт олны хурлаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”-тай танилцуулаагүй”, мөн “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар 30 хоногийн өмнө мэдэгдээгүй” гэж маргаж байгаа ч Ч.Эрдэнэчимэгийн хөдөлмөрлөх эрхийг дээр дурдсан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу шийдвэрлэх үндэслэлгүй бөгөөд Ч.Эрдэнэчимэгт энэхүү зохицуулалт хамаарахгүй байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн А/09 тоот тушаал, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/631 тоот тушаалуудаар “Ханхөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа”-ны орон тоог 20 байхаар тогтоосон байхад хэргийн 51 болон 54 дүгээр хуудаст авагдсан 2018, 2020 оны “Хан хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны бүтэц, орон тоо” гэсэн баримтаар уг байгууллага сайдын баталсан орон тооны хязгаарт багтаан ажиллаагүй, энэ хугацаанд “Гэрээт ажилчин” гэсэн орон тоог 3-аар нэмэгдүүлэн ажиллуулж байсан нь нотлогдож байна.
Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Дотоод аудитын хорооноос 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хийсэн “Танилцуулга”-д хариуцагч байгууллагыг батлагдсан орон тооны хязгаараас давсан орон тоотой ажиллаж байсныг тогтоож, уг танилцуулгыг 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр баталгаажуулж ирүүлжээ.
Уг хорооны 2020 оны 14 тоот тогтоолын хавсралтын 1 болон 2 дахь хэсгүүдэд “Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т зааснаар батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажилчдын цалин хөлсийг тогтоох заалтыг хэрэгжүүлэх, орон тоог батлагдсан хэмжээнд ажиллуулах”, “Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д зааснаар батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” хэмээн чиглэл өгсний дагуу орон тооны асуудлыг 2019 оны 10, 12 дугаар сард байгууллагын хамт олны 2 удаагийн хуралдааны үеэр танилцуулж байсан нь гэрч Ө.Мягмарцэрэн, Ч.Батсүх нарын шүүхэд өгсөн мэдүүлэг, хэргийн 43 дугаар талд авагдсан 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хурлын тэмдэглэлээс харагдаж байна.
Нэхэмжлэгчээс “Надад өмнө нь ямар нэгэн хэлбэрээр орон тоо хасагдахыг танилцуулж, мэдэгдэж байгаагүй” гэх тайлбар гаргаж байгаа боловч уг 2 удаагийн хуралдаанд Ч.Эрдэнэчимэг байлцсан, мөн тэрээр өөрийнх нь орон тоо хасагдахыг мэдэж байсан, мэдэх боломжтой байсан нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Нөгөө талаас, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-т зааснаар “Хүндэтгэн үзэх үндэслэл” буюу сайдын баталсан орон тоо, цалингийн сангийн хязгаарт багтаан ажилчдыг ажиллуулах зайлшгүй шаардлагын улмаас 2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн Ч.Эрдэнэчимэгийг “Ногоон байгууламж хариуцсан ажилтан болон сахиул”-ын үүрэгт ажлаас чөлөөлсөн тус захиргааны даргын шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.
Иймд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 365 дугаар зүйлийн 365.1.5-д заасныг баримтлан хариуцагч “Ханхөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа”-нд холбогдох “Тус захиргааны даргын 2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн Б-01 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэгч Ч.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
“2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Ч.Батсүх мал тооллогын комисст орж, ажиллаж байсан тул тухайн өдөр болсон хамт олны хурлын тэмдэглэлийг тэрээр хөтлөөгүй” гэж марган нэхэмжлэгч талаас Увс аймгийн Өндөрхангай сумын Цэцэрлэг багийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 196, 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 221 тоот тодорхойлолтууд, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/30 тоот тогтоолыг хавсралтын хамтаар ирүүлсэн боловч гэрч Ч.Батсүх “Би өглөөгүүр ажилдаа ирээд хуралд оролцож, тэмдэглэл хөтөлсөн, харин үдээс хойш мал тооллогын ажилд оролцсон” гэж мэдүүлсэн, мөн Цэцэрлэг багийн Засаг даргын 2020 оны 221 дүгээр тодорхойлолтод “... 11.00 цагаас 17.00 цагийн хооронд 19 өрхийн мал тоолсон, бүрэлдэхүүнд Ч.Батсүх байсан” гэж дурдсан байх тул Ч.Батсүхийн хөтөлсөн хурлын тэмдэглэл, түүний шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг нотлох баримтаар үнэлсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ч.Эрдэнэчимэг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар түүний урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Ч.Эрдэнэчимэгт олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 365 дугаар зүйлийн 365.1.5-д заасныг баримтлан хариуцагч “ХХНУТХНХЗ”-нд холбогдох “Тус захиргааны даргын 2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн Б-01 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэгч Ч.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ч.Э-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч Ч.Э-т олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА