Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 249

 

       Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

       Нэхэмжлэгч: Д.Б-ын нэхэмжлэлтэй, 

        Хариуцагч: Г.М-т холбогдох,

      Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Г.М /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ  нь:

       Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2017 онд Г.М-тай танилцаж, гэр бүлийн харилцаатай байсан ба бидний дундаас 2018 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр охин төрсөн. Бид гэрлэлтээ батлуулаагүй байхад Г.М өөр охинтой явж байсныг мэдээд бидний хооронд маргаан үүсэж, салах шалтгаан болсон. Тухайн үед ажил хийж 2 оюутан дүүгийнхээ төлбөр хийлцэдэг байсан. Намайг 5 сартай жирэмсэн байх үеэс хойш эргэх нь багассан. Одоо охин маань 2 настай. Би өөрийн гэсэн ажилгүй, хүүхдээ хараад ээжийнхээ дэргэд амьдарч байгаа. 2019 оны 10 дугаар сард эвлэрүүлэн зуучлахад хүсэлт гаргасан боловч хоорондоо зохицож чадаагүй. Иймд Г.М-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэжээ.

     Хариуцагч Г.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Д.Б-ын нэхсэн мөнгийг цаг тухайд нь өгсөн. Д.Б надаас “Би хүүхдээ авахуулах гэж байна” гээд 500.000 төгрөг авч байсан. Намайг залилан мэхлэж мөнгө авч дүүгийнхээ сургалтын төлбөрт ашигласан байсан. Түүнээс хойш 2 жилийн дараа ээж нь болох хүн надруу байна, байна утсаар залгаж “Цагдаа, шүүхээр явна” гэж сэтгэл зүйн дарамт үзүүлж, надаас мөнгө нэхэх болсон. Иймд миний бие тэтгэлэг өгөх боломжгүй болно. Өөрийн ээжийн бие муу, би ганцаараа ажил хийдэг. Би Д.Б-тай зохицож боломжоороо мөнгө өгнө гэсэн боловч надтай тохиролцохгүй, надаас сарын мөнгө өндөр нэхэж байгаа болохоор бид тохиролцож чадаагүй. Өөрөө ажил хөдөлмөр эрхэлдэг боловч энэ хүний хүсээд байгаа мөнгө өгч чадахгүй болно. Иймд миний бие тэтгэлэг өгч чадахгүй” гэжээ. 

        Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Г.М-т холбогдуулан, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

    Хариуцагч нь “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан.

   Хэрэгт авагдсан Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 108/003498 дугаар лавлагаагаар 2018 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Д.Б нь охин Б.Ү-ыг төрүүлсэн болох нь тогтоогдож байгаа ба хариуцагч нь Б.Ү-ыг өөрийн хүүхэд болохыг хүлээн зөвшөөрсөн болно.

    Хэдийгээр хариуцагч “Тэтгэлэг төлөх боломжгүй” гэсэн тайлбар гаргаж байгаа боловч Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” гэж, мөн зүйлийн 21.5-д “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т “Эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

      Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Б.Ү-ыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Г.Магсараар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Бадамзулын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 32.011 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Магсараас 32.011 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бадамзулд олгох нь зүйтэй байна.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2018 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн охин Б.Ү-ыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Г.М-аар тэжээн тэтгүүлсүгэй.

      2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 32.011 /гучин хоёр мянга арван нэг/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.М-аас 32.011 /гучин хоёр мянга арван нэг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-лд олгосугай.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.ГЭРЭЛТУЯА