| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2020/00220/и |
| Дугаар | 277 |
| Огноо | 2020-03-31 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 277
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймаг, Улаангом сум, 2 дугаар баг, 2-37 тоотод оршин суух, 1977 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЭ77090705, Хольдог овогтой Цэвээний Цээлэйтогтохын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 5 дугаар хороо, Гордоок Гандангийн А.1-6 тоотод оршин суух, 1980 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ТГ80031813, Ончууд овогтой Минсэлжавын Болдоод холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Цээлэйтогтох, хариуцагч М.Болдоо /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Цээлэйтогтох шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Би М.Болдоотой Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэгт гэрлэлтээ батлуулсан ба бидний дундаас 2008 онд хүү Б.Түвшинбаатар, 2011 онд хүү Б.Одонбаатар нар төрсөн. Бид Улаангом суманд хамт амьдарч байгаад бага хүү минь 2 настай байхад 2013 оны 2 дугаар сараас М.Болдоо Улаанбаатар хот руу явсанаас хойш тус тусдаа амьдрах болсон. Би хүүхдүүдээ өнчрүүлэхгүйн тулд 2013 оны хавар 5 дугаар сард нөхөртэйгээ амьдрахаар Улаанбаатар хот руу 2 хүүхдээ аваад араас нь очсон боловч миний биед гар хүрч, хүүхдүүдээ хайхрахгүй байсан тул буцаж Улаангомд ирж салж амьдарсан. Нөхөр бид нар тус тусдаа амьдарч байсан ч гэсэн би нөхрийнхөө араас сураг тавьж утсаар ярьж, хүлээдэг, хүүхдүүдтэй нь утсаар яриулдаг байсан ба 2017, 2018 оны зун М.Болдоо Улаангомд ирчихээд хүүхдүүдтэйгээ уулзахгүй явсанд нь гомдсон. 2018 оны 8 дугаар сараас хойш 2 хүүхдтэйгээ утсаар ярихаа больж холбоо тасарч, ор сураггүй, харилцаагүй болсон тул нөхрөө шүүхийн журмаар эрэн сурвалжлуулж хаягийг нь олж тогтоосон. Нөхрөөсөө тусдаа амьдрах хугацаандаа сэтгэл санаагаар маш их хямарч 2 хүүхдээ асарч, өрх гэрээ өөд нь татах гээд тасралтгүй барилгын ажил хийж байгаад эрүүл мэнд гэнэт муудаж, толгойн хүчтэй өвдөлт, судасны гэмтэлээс шатгаалсан оношоор ярих чадамжгүй болж, эмчийн хяналтад орсон. Би нөхөртэйгээ амьдрах хугацаанд байнгын сэтгэл санаа, бие махбодийн хүчирхийлэлд орж байсан ба олон жил тус тусдаа амьдрах болсон тул бид нарыг эвлэрүүлэх хугацаагүйгээр гэрлэлт цуцалж, 2 хүүхдийг миний асаргаанд өгч, тэтгэлэг гаргуулж өгнө үү. Одоогоор миний биеийн байдал муу, байнгын өрхийн эмчийн хяналтад байж эмчилгээ, шинжилгээ хийлгэж бариа засал, зүү төөнүүр, уламжлалт эмчилгээнд ордог. Иймд энэхүү хүндэтгэн үзэх нөхцөл байдал болон бага насны 2 хүүхдийг минь харж, хандах хүнгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.2 дахь хэсэгт зааснаар миний гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг хүлээж авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч М.Болдоо шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ц.Цээлэйтогтохын нэхэмжлэлтэй танилцлаа. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. 2 хүүхдээ эх Ц.Цээлэйтогтохын асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Цээлэйтогтох нь хариуцагч М.Болдоод холбогдуулан “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Ц.Цээлэйтогтох 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч уг ажиллагаа амжилтгүй болж, нэхэмжлэгч нь шүүхэд ханджээ. Өөрөөр хэлбэл, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэсэн байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Нэхэмжлэгч, хариуцагч нар 2007 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 2008 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүү Ончууд овогтой Болдоогийн Түвшинбаатар, 2011 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүү Ончууд овогтой Болдоогийн Одонбаатар нар тус тус төрсөн, хүүхдүүд эрүүл бойжиж байгаа нь хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эмчийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
Гэтэл нэхэмжлэгч, хариуцагч нар 2013 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа, хариуцагч М.Болдоо нь тусдаа гэр бүлтэй болсон, цаашид эвлэрэн хэлэлцэх боломжгүй гэх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.6-д зааснаар Ц.Цээлэйтогтох, М.Болдоо нарын гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийн саналыг хүү Б.Түвшинбаатар, Б.Одонбаатар нарыг эх Ц.Цээлэйтогтохын асрамжид үлдээхээр шийдвэрлэлээ.
Мөн Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Б.Одонбаатарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, хүү Б.Одонбаатар, Б.Түвшинбаатар нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг М.Болдоогоор тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Цээлэйтогтох нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс тус шүүхийн шүүгчийн 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 597 тоот захирамжаар чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч М.Болдоогоос улсын тэмдэгтийн хураамжид 210.272 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулахаар тогтоов.
Хэдийгээр шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн боловч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдъя.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Хольдог овогтой Ц.Ц, Ончууд овогтой М.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2008 оны 8 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Ончууд овогтой Б.Т, 2011 оны 5 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Ончууд овогтой Б.О нарыг эх Ц.Ц-ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Б.О-ыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, хүү Б.О, Б.Т нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг М.Б-оор тэжээн тэтгүүлсүгэй.
4. Зохигчид эд хөрөнгийн болон бусад маргаангүй гэснийг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Ц нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс тус шүүхийн шүүгчийн 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 597 тоот захирамжаар чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч М.Б-оос улсын тэмдэгтийн хураамжид 210.272 /хоёр зуун арван мянга хоёр зуун далан хоёр/ төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Сарантуяад даалгасугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА