Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 279

 

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч П.Болор, Л.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Б.Л-ийн нэхэмжлэлтэй, 

         Хариуцагч: Ц.Б-д холбогдох,

         Гэм хорын хохирол 1.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Л, хариуцагч Ц.Б, иргэдийн төлөөлөгч Т.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

          Нэхэмжлэгч Б.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2019 оны 11 дүгээр сарын 13-ны орой Ц.Б-ийн машинд сууж яваад авто осолд орж, хүнд болон хөнгөн гэмтэл авсан. Тухайн үед Ц.Б миний гэмтлийг бүрэн хариуцаж, хохирлыг арилгаж эмчилгээний зардлыг гаргаж өгнө гээд “1.500.000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор гаргаж өгнө” гэж гэрээ бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлсэн болно. Ц.Б-ээс гэрээний үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч элдэв шалтаг зовлон ярьж, үүргээ биелүүлэхгүй байгаа тул Ц.Б-ээс эмчилгээний зардал болох 1.500.000 төгрөг гаргуулж өгнө үү. Надад цаашдаа Улаанбаатар хот руу явж томографт орох, бусад шинжилгээ хийлгэх шаардлагатай байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл хугацаанд биеийн байдал дээрдэхгүй байна. Мөнгө төгрөг байхгүйн улмаас би эмчилгээ хийлгэж чадахгүй байгаа ба надад одоохондоо эм тариа авч хэрэглэсэн зүйл байхгүй. Ц.Б надад мөнгө өгчихвөл би эмчилгээгээ хийлгэх боломж гарна” гэжээ.

      Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр н.Батпүрэв гэдэг айлд очоод нэг шил архи уугаад тэднийхээс гараад явах гэхэд эхнэр Б.Л нь миний машинд орж суусан. Би “Машинаас буу” гэж хэлсэн боловч тэрээр буугаагүй ба автозам руу орох үедээ шонгийн мод мөргөж, осол гаргасан нь үнэн. Би жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан тул баривчлах шийтгэл хүлээсэн. Үүүний дараа төрсөн ах маань нас барж, уй гашуу давхцсан учир энэ хүний хохирлыг тухайн үед барагдуулж өгч чадаагүй. Гэхдээ би боломжоороо 70.000 төгрөг өгсөн. Надаас нэхэмжлээд байгаа 1.500.000 төгрөгийг өгөх боломжгүй байгаа тул үнийн дүнгийн хэмжээг нь багасган тогтоож өгнө үү” гэжээ. 

       Иргэдийн төлөөлөгч Т.А шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Ц.Б нь Б.Л-т учруулсан хохирлыг төлөх нь зүйтэй” гэжээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Б.Л нь хариуцагч Ц.Б-д холбогдуулан гэм хорын хохирол 1.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

          Хэрэгт авагдсан 33-1847 дугаар бүхий “Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн материал”-аас үзэхэд зөрчилд холбогдсон Ц.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутагт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 01-48 УНП улсын дугаартай “Ниссан Влуйвэрд” загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад гэрлийн шон мөргөж, зам тээврийн осол гаргасан болох нь тогтоогджээ.

       Хэдийгээр Ц.Б-ийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нотариатаар баталгаажуулан хийж өгсөн баримтад: “Ц.Б би 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 01-48 УНП улсын дугаартай машинтай шонгийн мод мөргөөд миний хойно сууж явсан Б.Л-ийн биед нь гэмтэл учруулсан тул эмчилгээний зардлыг, хохирлыг 2019 оны 12 дугаар сарын 01-ний дотор барагдуулж өгнө” гэсэн байгаа боловч дээрх зөрчлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогч Ц.Б “Автомашиндаа ганцаараа байсан” гэж мэдүүлсэн байх ба уг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хохирогчоор Б.Л тогтоогдоогүй, харин Увс аймгийн Улаангом сумын Хот тохижилт, үйлчилгээний газрын мэргэжилтэн Т.Д хохирогчоор тогтоогдсон байна.

         Өөрөөр хэлбэл, Б.Л-ийн биед учирсан гэмтэл нь Ц.Б-ийн гаргасан зам тээврийн ослын улмаас үүссэн эсэхийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогоогүй, энэхүү үйл явдлын хооронд шалтгаант холбоо үүсээгүй байхад Б.Л-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

         Түүнчлэн хэрэгт авагдсан Увс аймгийн Прокурорын газрын 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 82 тоот “Хариу мэдэгдэх хуудас”-аас үзэхэд зөрчлийн хэргийг хааж шийдвэрлэсний дараа буюу 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Б.Л-ийн биед гэмтэл учирсан эсэхийг тогтоолгохоор шинжээчийн дүгнэлт гаргуулсан боловч түүний биед учирсан гэмтэл нь “гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн дүгнэлт гарсан тухай дурдагджээ.

        Энэ тухай нэхэмжлэгч нь “Би шинжээч эмчид 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш үзүүлж, толгойн томограф хийлгэсэн баримтаа өгөөгүй учир ийм дүгнэлт гарсан” гэж тайлбарлаж байгаа ба нэхэмжлэгч Б.Л дахин Увс аймгийн Цагдаагийн газар болон Прокурорын газарт хуулийн дагуу гомдлоо гаргаж, уг асуудлыг дахин шалгуулах нь зүйтэй байна.

         Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-т заасныг баримтлан хариуцагч Ц.Б-д холбогдох гэм хорын хохирол 1.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Л-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

          Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Л-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-т заасныг баримтлан хариуцагч Ц.Б-д холбогдох гэм хорын хохирол 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Л-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Л-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.950 /гучин найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Н.ГЭРЭЛТУЯА

 

ШҮҮГЧИД                                          П.БОЛОР

 

                                                              Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ