Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 1219

 

 

Б.Н, Д.С нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2018/00132 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Н, Д.С нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Б-т холбогдох

 

Орон сууцны үнэд төлсөн 20 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А,  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Н миний бие орон сууцтай болох зорилгоор Б.Б-ын өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 10-11 тоот 2 өрөө 61,34 м.кв Ү-2205063081 тоот бүртгэлийн дугаартай орон сууцыг худалдан авахаар тохиролцож 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр урьдчилгаанд нь 20 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд баримт үйлдсэн. Урьдчилгаа мөнгө төлсөн учир байрандаа 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр нүүн орж амьдарч байна. 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээг байгуулсан. Гэтэл Б.Б нь Голомт банкнаас авсан 74 000 000 төгрөгийн зээлээ төлөөгүй байгаа учир банк шийдвэр гүйцэтгэлээр байрыг чөлөөлүүлэхээр шаардаж байгаа бөгөөд манай гэр бүл орон сууц ч байхгүй, 20 000 000 төгрөг ч байхгүй гудамжинд гарах хэмжээнд хүрсэн тул Б.Б-с 20 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилсөн байна.

Б.Н миний бие орон сууцтай болох зорилгоор Б.Б-ын өмчлөлийн орон сууцыг 90 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс урьдчилгаа 27 000 000 төгрөгийг цувуулан шилжүүлж 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр байрандаа нүүж орсон. 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэрээг нотариат дээр байгуулсан. Гэрээг улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх гэтэл Б.Б нь Голомт банкнаас зээлийн гэрээ байгуулан зээл авч зээлийн гэрээний барьцаа болгон миний худалдан авсан байрыг барьцаалсан тул үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгэж аваагүй. Иймд нэхэмжлэгч нарыг Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 10 дугаар байр 11 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн боловч хариуцагч Б.Б нь дээрх маргаан бүхий орон сууцыг Голомт банкны барьцааны өрөнд шилжүүлсэн тул миний бие орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Б.Б-с байрны урьдчилгаа төлбөрт төлсөн 20 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд бичгээр тайлбар гаргаагүй болно.

 

Шүүх: Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1-д  зааснаар хариуцагч Б.Б-с 20 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Н, Д.С нарт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 258 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 258 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Б.Б нь нэхэмжлэгч Б.Н, Д.С нараас 20 000 000 төгрөг хүлээж аваагүй нь дараах баримтуудаар нотлогдож байна. Б.Н нь Б.Б-тай мөнгө хүлээлгэн өгсөн баримт үйлддэг. Тухайн өдөр Б.Нямдаваа нь Б.Б-т түүний Хаан банкны 5034678356 тоот дансанд нийт 2 000 0000 төгрөгийг цувуулан шилжүүлсэн. Хэрэв нэхэмжлэгч Б.Н нь Б.Б-т 20 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн яагаад Б.Б-ын дансанд 2 сая төгрөг шилжүүлэх болов. Б.Б нь дансандаа 8,9 саруудад 3 саяаас илүү хэмжээний мөнгө байршуулж, үлдэгдэлтэй байгаагүй. Түүнд Б.Нямдаваа нь 20 000 000 төгрөг шилжүүлж өгсөн бол дансанд нь байж болох байсан. 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн "Рус Финанс" ББСБ-аас 45 000 000 төгрөг авч, Сүх-Эрдэнэд байрны урьдчилгаа гэж 25 000 000 төгрөгийг шилжүүлж өгөөд, үлдэгдэл 5 000 000 төгрөгийг мөн 6 дугаар сарын 13-ны өдөр өгч нийт 30 000 000 төгрөгийг өгсөн. Энэ нь байрыг миний нэр дээр "Асиан Сити" ХХК-аас Сүх-Эрдэнийг ажлын хөлсөнд тооцон 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр шилжүүлж өгсөн баримтаар харагдаж байдаг. Би сүүлд 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Голомт банкнаас 74 000 000 төгрөгийн зээл авч 45 000 000 төгрөгийн зээлийг төлсөн. Ингээд Голомт банкны зээлээ төлөх зорилгоор байрыг зарах гээд байранд очих үед Сүх-Эрдэнийн найз гэх Б.Н, Д.С нар нь тэр байранд амьдарч байсан байдаг. Тухайн үед Сүх-Эрдэнэд мөнгө өгсөн гэж ярьж байсан хүмүүс надад хэзээ ч мөнгө өгөх боломжгүй. 2016 оны 8 дугаар сарын 26-нд Б.Н нь зээл авах гээд байна Сүх-Эрдэнэд өгсөн 20 000 000 төгрөгөө тооцуулаад энэ байрыг 90 сая төгрөгөөр авъя мөн зээл авахад урьдчилгаа гэж мөнгө төлсөн баримт хэрэгтэй байна гээд 20 000 000 төгрөгийн баримтыг надад мөнгө хүлээлгэж өгсөн болгож гарын үсэг зуруулсан. Удалгүй дахин урьдчилгаа 30 хувийн төлсөн гэсэн гэрээ хэрэгтэй байна гээд 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн гэрээг байгуулсан. Банк Б.Н-д зээл өгөх боломжгүй гээд буцаасан байдаг. Нэхэмжлэгч Б.Н Д.С нар нь Б.Б-ын өмчлөлийн орон сууцыг худалдан авахаар тохиролцож 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс урьдчилгаа 27 000 000 төгрөгийг цувуулж шилжүүлээд байрандаа 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр нүүж орсон гэж тайлбарладаг. Хэрэв би Б.Н-с 27 000 000 төгрөг авсан гэж үзэж байгаа бол яагаад 27 сая төгрөгийг нэхэмжлэхгүй 20 сая төгрөг нэхэж байгаа нь эргэлзээтэй дээрх 20 саяы төрөгийн баримт Сүх-Эрдэнэд өгсөн мөнгөө надад өгсөн болгож зуруулж дүр үзүүлж хийсэн хэлцэл юм. Дүр үзүүлэн хийсэн баримтаараа мөнгө нэхэмжилж, Сүх-Эрдэнийн төлөх мөнгийг надаас гаргуулж авах санга гэж ойлгож болно.

Анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчсөн байна. Шүүх хурлын тов мэдэгдсэн гэх боловч 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан нотлох баримт гаргуулах тухай хүсэлт, хариуцагчийн зүгээс гаргасан нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд оролцуулах тухай хүсэлтийг шийдвэрлэж шүүх хуралдааныг хойшлуулсан боловч шүүгчийн захирамжийн биелэлтийг хангалгүй 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдааныг явуулсан. Мөн дээрх баримт хэргийн материалыг хариуцагч Б.Б-т танилцуулаагүй. Бусад нотлох баримт бүрдүүлэх гэрч оролцуулах боломж олгохгүй шүүх хуралдаан явуулж илт хохиролтой шийдвэр гаргасан. Хариуцагч шүүхийн шатанд ямар нэгэн тайлбар өгөөгүй байгаа байдлыг харгалзан үзэлгүй, өөрөө хэргийн талаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тайлбар хийх боломж олгоогүй нь хэргийн оролцогчийн тэгш эрхийг хангаагүй байна. Мөн шүүхээс нэхэмжлэгч Д.Соёлмаа гэх нотлох баримтын хүрээнд ямар нэгэн хамааралгүй этгээдэд, Б.Н гэх 20 000 000 төгрөг хүлээлгэж өгсөн эсэх нь эргэлзээтэй, бусад баримтаар нотлогдох боломжгүй этгээдэд Б.Б-с мөнгө гаргуулж олгохоор шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим алдагдсан байна. Мөн шүүхийн шийдвэрийг надад гардуулаагүй, утсаар мэдэгдээгүй, шуудангаар явуулж давж заалдах гомдол гаргах боломжгүй болгож, гомдол гаргах хугацаа сэргээлгэх шалтгаан болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Н, Д.С нар нь хариуцагч Б.Б-т холбогдуулан орон сууцны үнэд төлсөн 20 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн 4 дүгээр талд 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зохигчдын хооронд бичгээр байгуулсан Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Шинэ хотхон Москва гудамж, 10 дугаар байр, 11 тоот хаягт байрлах 61,34 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 90 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ, хэргийн 3 дугаар талд 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 20 000 000 төгрөг бэлнээр хүлээлгэж өгсөн тухай баримт авагдсан байна. Эдгээр бичгийн баримтууд болон талуудын тайлбараас үзвэл нэхэмжлэгч нь хариуцагчид 20 000 000 төгрөгийг бодитойгоор шилжүүлсэн эсэх, уг мөнгийг төлөх үндэслэлтэй эсэх, тухайн үед болсон нөхцөл болох нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шүүх тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нар 20 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагын үндэслэлийг тодруулан дүгнэлт өгөх шаардлагатай. Гэтэл шүүх зохигчид худалдах-худалдан авах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж нэхэмжлэлийн шаардлагад байхгүй, талуудын маргаагүй үндэслэлээр дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нар 20 000 000 төгрөгийг шаардахдаа худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний үр дагаврыг арилгуулахаар, эсхүл анхнаасаа хийгдээгүй, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах аль үндэслэлээр шаардсаныг тодруулах байжээ.

 

            Шүүх хуралдааны товыг шүүх зохих ёсоор мэдэгдсэн байна. Учир нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч оролцсон байх бөгөөд хариуцагчийн дээрх шүүх хуралдаанд оролцсон байдлыг гарын үсэг зуруулж, тов мэдэгдсэн баримттай харьцуулан үзвэл шүүх хуралдаан 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хойшилсон болохыг хариуцагч мэдэх боломжтой тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй тул хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг ханган, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2018/00132 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Б-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                       

                              ШҮҮГЧИД                                     А.МӨНХЗУЛ

 

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ