Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 121/ШШ2022/0011

 

2022 оны 04 сарын 11-ний өдөр            Дугаар 121/ШШ2022/0011                                   Арвайхээр сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн Б дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Дүгнэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Ц,

            Хариуцагч: Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Д,

            Гуравдагч этгээд Л.Б нарын хоорондын зөрчлийн маргааныг хянан хэлэлцэв. 

     Шүүх хуралдаанд: Дүгнэлт гаргагч Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Ц, хариуцагч Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагва нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Дүгнэлт гаргагч Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Цолмонгэрэл нь Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Д-д холбогдуулан “Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 0045016 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” дүгнэлтийг тус шүүхэд гаргасан.

 2. Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны улсын байцаагч Б.Д нь Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газраас 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 11003779 тоот албан бичгээр харьяаллын дагуу шилжүүлж ирүүлсэн “иргэн Л-н Б нь зохих зөвшөөрөл, эрхийн бичиггүй Бага богд уулнаас зэрлэг сонгино түүж бэлтгэсэн” гэх зөрчлийн тухай гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдогч, гэрчийн мэдүүлэг, холбогдогчийн зөрчлөө хүлээн зөвшөөрч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт зэргийг харгалзан үзээд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Золт овогтой Л-н Б-г 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 0045016 дугаар шийтгэлийн хуудсаар Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 150 нэгж буюу 150.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.

  Холбогдогч Л.Б нь гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр дээрх шийтгэлийн хуудсаар оногдуулсан 150.000 төгрөгийг төрийн сангийн 100100400988 тоот дансанд сайн дураараа төлж барагдуулсан байна.     

3. Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Цолмонгэрэлээс Л.Б-д холбогдох зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн тухай материалыг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр шалгалт, судалгааны хүрээнд хүлээн авч хянаад эрх бүхий албан тушаалтнаас дээрх зөрчлийг хянан шийдвэрлэхдээ мэргэжлийн шинжээч томилж дүгнэлт гаргуулаагүй, дээрх үйлдлийн улмаас ургамлын санд учирсан экологи, эдийн засгийн хохирлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй, Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлд заасан “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэргийн шинжтэй байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Д-ын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр холбогдогч Л.Б-г Зөрчлийн тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.2-т зааснаар 150 нэгж буюу 150.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичиж шүүхэд ирүүлжээ.

4. Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Цолмонгэрэлээс шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Цолмонгэрэл би, тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Д нь “Л.Б нь 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумаас зөвшөөрөлгүйгээр зэрлэг сонгино түүсэн.” гэх зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж холбогдогч З овогтой Л-н Б-д 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.2-т зааснаар 150 нэгж буюу 150.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, зөрчлийг хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн зөрчлийн 15/04/335/168 дугаартай гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэснийг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр шалгалт судалгааны хүрээнд хүлээн авч хяналаа.

Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалд цугларсан:

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Богд сум дахь Сум дундын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Ц.О-ы 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай удирдах албан тушаалтны тогтоол,

Эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа зөрчлийн шинжтэй үйлдэл эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл,

Холбогдогч Л.Б-н 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн нутаг Баруун ханх гэх газраас зэрлэг сонгино түүсэн.” гэх мэдүүлэг, эд зүйл баримт бичиг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар холбогдогч Л.Б-йн зохих зөвшөөрөлгүй түүсэн зэрлэг сонгино нь Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “нэн ховор”, 2.2-т “ховор”, 3 дахь хэсэгт “Нэн ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадваргүй, тархац нэн хязгаарлагдмал, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон /энэ хуулийн хавсралтаар тогтоосон/ ургамал хамаарна.”, Байгалийн ургамлын тухай Монгол Улсын хуулийн хавсралт нэн ховор ургамлын жагсаалтын 69 дүгээрт “Томдохиурт сонгино-Allium macrosternon”, 70 дугаарт “сармисан сонгино- Allium abliquum”, 4 дэх хэсэгт "... Ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамал хамаарна. Ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батална.’’,

Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтын 168 дугаарт “алтайн сонгино-Allium Calamagrostis inexpansa”, 169 дүгээрт “Максимовичийн сонгино-Calamagrostis”, 170 дугаарт “Цагаан цэцэгт сонгино-Turczaninovii”, 321 дүгээрт “Шулуун сонгино /гогод/-Allium linaria”, 322 дугаарт “анхил сонгино /гогод/- Allium odorum”, 324 дүгээрт “Халиар сонгино-Allium victorialis”-ын яг аль нь болохыг мэргэжлийн шинжээч томилж, шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй, дээрх үйлдлийн улмаас ургамлын санд учирсан экологи эдийн засгийн хохирлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй, Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйл “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг нарийвчлан шалгаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Д-н 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр холбогдогч Л.Б-г Зөрчлийн тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.2-т зааснаар 150 нэгж буюу 150.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

5. Хариуцагч Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Д-с шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Богд сум дахь Сум дундын цагдаагийн тасгийн дарга хошууч Ц.О-ы 2021 оны 09 дугаар сарын 04-ний өдрийн “Зөрчлийн талаархи гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай” удирдах албан тушаалтны тогтоолыг хүлээн авч Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн нутаг “Баруун ханх” гэх газраас зэрлэг сонгино түүсэн гэх холбогдогч Л.Батнасанд Зөрчлийн тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар дагуу хялбаршуулсан журмаар торгуулийн арга хэмжээ авч /150000 мянган төгрөг/ зөрчлийн хэрэг бүртгэлийн материалыг аймгийн Прокурорын байгууллагад хянуулахад миний шийдвэрийг өөрчлөх эсэх талаар ямар нэгэн шийдвэр ирүүлээгүй.

Л.Б-ийн зохих зөвшөөрөлгүй түүсэн Зэрлэг сонгиныг сумын Засаг даргын Тамгын газрын Эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хураан авсан хөрөнгө, эд зүйл, хэрэгслийг үнэлэх, худалдан борлуулах, устгах талаар шийдвэр гаргах хэрэгжилтэнд хяналт тавих чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлд шилжүүлж шийдвэрлүүлсэн.

Зөрчлийг шалган шийдвэрлэсний дараа хяналтын прокурор хянаад улсын байцаагчийн шийдвэрт өөрчлөлт оруулах, нэмэлт ажиллагаа явуулах талаар шийдвэр ирүүлээгүй, тухайн зөрчлийг цагдаагийн албан хаагч илрүүлж гэмт хэрэг биш, зөрчил байна гэж үзээд надад ирүүлсэн тул зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгэл оногдуулсан.

Иймд 0045016 дугаартай шийтгэлийн хуудсаар 2021 оны 09 сарын 07-ны өдөр иргэн Л.Б-д 150000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

6. Гуравдагч этгээд Л.Б-с шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын иргэн Л.Б би 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр тус сумын нутгаас зөвшөөрөлгүйгээр сонгино түүсэн зөрчил гаргасны улмаас 09 дүгээр сарын 07-ны өдөр Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 150 нэгж буюу 150000 төгрөгийн торгуулийн арга хэмжээг хуулийн хугацаанд бүрэн төлж барагдуулсан болно. Зөрчлийн хэрэг бүртгэлийн материалыг аймгийн Прокурорын байгууллага хянахад ямар нэгэн шийдвэр ирүүлээгүй.

Л.Бн миний зохих зөвшөөрөлгүй түүсэн зэрлэг сонгиныг сумын Засаг даргын Тамгын газрын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хураан авсан эд зүйл, хэрэгслийг үнэлэх, худалдан борлуулах, устгах талаар шийдвэр гаргах, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлд шилжүүлэн тухайн зөрчлийг цагдаагийн албан хаагч илрүүлж, гэмт хэрэг биш зөрчил байна гэж үзээд надад ирүүлсэн тул хуульд заасны дагуу шийтгэл оногдуулж, зөрчлийн хуулиар торгуулсан.                                                                                                                    Иймд 0045017 дугаартай шийтгэлийн хуудсаар 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр иргэн Л.Б миний 150000 төгрөгөөр торгосон шийтгэлийг хэвээр үлдээж эрүү үүсгэлгүйгээр зөрчлийн тухай хуулиар торгосон шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

Л.Б миний бие Өмнөговь аймгийн Ханбогд суманд эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Би өөрөө Таван толгойн төмөр замын ажил хийдэг тул чөлөө зөвшөөрөл олддоггүй. Гар утас болон цахим сүлжээгүй газар ажилладаг тул миний энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж намайг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр тус захиргааны хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү ” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх прокурор, хариуцагч, гуравдагч этгээдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр прокурорын дүгнэлтийг хангаж шийдвэрлэлээ.

2. Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ц нь тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Дн 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 0045016 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт гаргасан бөгөөд үндэслэлээ “...холбогдогч Л.Б-йн зохих зөвшөөрөлгүй түүсэн зэрлэг сонгино нь Байгалийн ургамлын тухай хуулийн хавсралтад заасан нэн ховор ургамлын жагсаалтын 69 дүгээрт “Томдохиурт сонгино-Allium macrosternon”, 70 дугаарт “сармисан сонгино- Allium abliquum”, Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтын 168 дугаарт “алтайн сонгино-Allium Calamagrostis inexpansa”, 169 дүгээрт “Максимовичийн сонгино-Calamagrostis”, 170 дугаарт “Цагаан цэцэгт сонгино-Turczaninovii”, 321 дүгээрт “Шулуун сонгино /гогод/-Allium linaria”, 322 дугаарт “анхил сонгино /гогод/- Allium odorum”, 324 дүгээрт “Халиар сонгино-Allium victorialis”-ын яг аль нь болохыг мэргэжлийн шинжээч томилж, шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй, дээрх үйлдлийн улмаас ургамлын санд учирсан экологи эдийн засгийн хохирлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй, Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйл “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг нарийвчлан шалгаж шийдвэрлэх үндэслэлтэй...” гэж маргажээ.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, гуравдагч этгээд Л.Б нь 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Бага богдын нуруу гэх газраас зэрлэг сонгино түүсэн зөрчил гаргасныг цагдаагийн алба хаагч илрүүлэн, 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн “Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай” удирдах албан тушаалтны тогтоолоор Мэргэжлийн хяналтын газарт харьяаллын дагуу шилжүүлсэн байна.

4. Улмаар тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Д дээрх гомдол мэдээллийг 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, холбогдогчийн мэдүүлэг, зөрчлөө хүлээн зөвшөөрч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт, гэрэл зураг зэрэг баримтыг үндэслэн Л.Б-д маргаан бүхий “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0045016 дугаар шийтгэлийн хуудсаар зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал алтайн сонгино түүсэн зөрчил гаргасан үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан 150.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

5. Зөрчлийн тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 1-д “3охих зөвшөөрөлгүйгээр, эсхүл зөвшөөрөлд заасан хугацаа, хэмжээ, ургамал түүж бэлтгэх журам зөрчиж: 1.1.байгалийн ховор ургамлыг ахуйн хэрэгцээнд; 1.2.элбэг ургамлыг үйлдвэрлэлийн түүхий эд болгон ашиглах, орлого олох зорилгоор түүсэн, бэлтгэсэн, худалдсан бол хууль бусаар бэлтгэсэн эд зүйлийг хурааж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж,   

6. Мөн Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлд Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргийг хуульчилсан бөгөөд тус зүйлийн 1-д “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус хуульчилжээ.

7. Дээрх хуулиудын заалтаас үзэхэд тухайн зөвшөөрөлгүйгээр түүсэн сонгино нь байгалийн ургамлын аль ангилалд хамаарах, мөн ямар зорилгоор түүснээс шалтгаалан зөрчил үйлдсэн, эсхүл гэмт хэрэг үйлдсэн эсэх нь тогтоогдохоор байна.

8. Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-т зааснаар ургамлыг түүний нөөц, нөхөн сэргэх чадварыг нь харгалзан нэн ховор, ховор, элбэг ургамал гэж ангилах бөгөөд мөн зүйлийн 3-т Нэн ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадваргүй, тархац нэн хязгаарлагдмал, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон /энэ хуулийн хавсралтаар тогтоосон/ ургамал хамаарна, 4-т Ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамал хамаарна. Ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батална. 5-т Энэ зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаас бусад ургамлыг элбэг ургамалд тооцно” гэж тус тус заажээ.

9. Байгалийн ургамлын тухай хуулийн хавсралтад заасан нэн ховор ургамлын жагсаалтын 69-т “Том дохиурт сонгино”, 70-д “сармисан сонгино”, Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтын 168-д “алтайн сонгино”, 169-т “Максимовичийн сонгино”, 170-д “Цагаан цэцэгт сонгино”, 321-д “Шулуун сонгино /гогод/, 322-т “анхил сонгино /гогод/”, 324-т “Халиар сонгино” хамаарахаар зааснаас үзэхэд байгальд ургасан сонгино нь олон зүйл байдаг ба нэн ховор, ховор ургамлын ангилалд 8 зүйл нь хамаарч байна.

10. Гэтэл хариуцагч эрх бүхий албан тушаалтан нь маргаан бүхий шийтгэлийн хуудсанд зохих зөвшөөрөлгүйгээр “ховор ургамал алтайн сонгино” түүсэн гэж бичсэн боловч тус сонгино нь ховор ургамал болохыг нарийвчлан тогтоож, нотолсон баримт зөрчлийн хэрэгт авагдаагүй, энэ талаарх ажиллагааг хийгээгүй болох нь хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

11. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна, 2.1 дүгээр зүйлийн 1-д Хууль захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд заасан шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ, 3.1 дүгээр зүйлийн 2-д Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж бэхжүүлнэ, 4.15 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ, 7.1 дүгээр зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна, 7.1 дүгээр зүйлийн 1.1-д тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх, 1.3-т тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх гэж тус тус хуульчлан заажээ. Дээрх хуулийн заалтын агуулгаас үзэхэд эрх бүхий албан тушаалтан зөрчил шалгах ажиллагаа явуулж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдлыг холбогдох нотлох баримтаар бүрэн гүйцэд тогтоосны дараа тухайн үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэхийг нягтлан үзэх үүрэгтэй.

12. Тодруулбал, хариуцагч эрх бүхий албан тушаалтан нь зөрчлөөр хураагдсан сонгино нь нэн ховор, ховор, элбэг ургамлын алинд хамаарахыг тогтоох зорилгоор үзлэг хийх, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийлгэх зэрэг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр бүлэгт заасан зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх ажиллагааг хийж, улмаар шинжээчийн дүгнэлтээс хамааран Л.Б-н зөвшөөрөлгүйгээр сонгино түүсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хянан шалгах явцад гэмт хэргийн шинжийг илрүүлсэн бол холбогдох баримтыг харьяаллын дагуу шалгуулахаар прокурорт даруй шилжүүлэх” гэж зааснаар харьяаллын дагуу шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байхад эдгээр нөхцөл байдлыг нягтлан шалгахгүйгээр зөрчлөө хүлээн зөвшөөрч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх холбогдогчийн хүсэлт, цагдаагийн албан хаагчийн баримтжуулсан холбогдогчийн мэдүүлэг, эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай тэмдэглэл, фото зураг /ямар ургамал болох нь мэдэгдэх боломжгүй шуудайтай зураг/-ийг үндэслэл болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж торгох шийтгэл оногдуулсан нь хууль бус, энэ талаарх прокурорын дүгнэлт үндэслэлтэй байна.

13. Мөн хариуцагч болон гуравдагч этгээдийн “...зөрчлийн хэрэг бүртгэлтийн материалыг аймгийн прокурорын байгууллагад хянахад шийтгэлийн хуудсыг өөрчлөх эсэх талаар ямар нэгэн шийдвэр ирүүлээгүй...” гэсэн агуулга бүхий тайлбар үндэслэлгүй.  

14. Учир нь, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1-д прокурорын зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад хяналт тавих бүрэн эрхийг тодорхойлон заасан, мөн Прокурорын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Прокурор зөрчлийн хэрэг бүртгэлтэд хяналт тавихдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, ...12.1.6-д Зөрчлийн хэрэг бүртгэлтэд хуулийн хэрэгжилтийг шалгах гэж зааснаар прокурор нь эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэр хуульд нийцсэн эсэхэд хяналт шалгалт хийх бүрэн эрхтэй байх бөгөөд энэ зөрчлийн хэргийн тохиолдолд Улсын ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөхийн 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталсан “Хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд зүйлийг шийдвэрлэх ажиллагаа, хууль тогтоомжийн дагуу явагдаж байгаа эсэхийг шалгах шалгалтын тухай” удирдамж болон хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд эрх бүхий албан тушаалтны хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулсан шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг шалгаад хүчингүй болгуулах дүгнэлт гаргасан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7-д заасантай нийцжээ.  

15. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзвэл гуравдагч этгээд Л.Б-д Зөрчлийн тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг зөрчсөн гэж үзэж, шийтгэл оногдуулсан нь дээр дурдсан холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байх тул прокурорын дүгнэлтийг хангаж, маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.

16. Харин прокурорын дүгнэлтэд “...ургамлын санд учирсан экологи эдийн засгийн хохирлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй” гэх үндэслэлээр хариуцагчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь Зөрчлийн  тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, зөрчлийн улмаас учирсан хохирол барагдуулах, хор уршгийг арилгах арга хэмжээнд зарцуулж, үлдсэн хэсгийг улсын төсөвт төвлөрүүлнэ” гэж заасан тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.7 дугаар зүйлийн 1-д заасан зөрчилд хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах талаар тусгайлан заагаагүй, иймд тус зөрчилд хамаатуулан шалгаж байгаа тохиолдолд эрх бүхий албан тушаалтан нь байгальд учирсан хохирол, ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоох ажиллагааг хийх шаардлагагүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3.1, 106.3.12-д заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2, 3, 4, 5, Зөрчлийн тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7-д заасныг баримтлан прокурорын дүгнэлтийн шаардлагыг хангаж, Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Д-н 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 0045016 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т заасны дагуу прокурор, хариуцагч, гуравдагч этгээд нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ө.БОЛОРЧИМЭГ