Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1010

 

 

 

 

 

 

 

 

    2023            08             24                                               2023/ШЦТ/1010

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жавхлантөгс,

улсын яллагч Д.Түмэнжаргал,

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн эрүүгийн 2208019711062 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *** овогт *** *** (регистрийн дугаар ***), *** оны 8 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, *** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа худалдагч хийдэг, ам бүл-5, хойд эцэг, эх, дүү нарын хамт *** дүүргийн *** хороо, *** тоотод оршин суух, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 694 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн.

 

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд дурдсанаар): Яллагдагч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 06-ны өдөр шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Hyundai Sonata-YF маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор ***тэй үл ялих зүйлээр шалтаглан маргаж, түүний баруун шуу газарт хазаж “баруун шуунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугуйнд зулгаралт, баруун гарын сарвуу, зүүн хацарт зулгаралт, зүүн шуунд цус хуралт, хүзүүнд зөөлөн эдийн няцрал” бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

    1. Шүүх хуралдаанд шүүгдэгч *** “мэдүүлэг өгөхгүй” гэв.

1.2 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

- Улсын яллагчаас “2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 843 дугаартай яллах дүгнэлтэд дурдсан хохирогч ***, гэрч  ***, *** нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8290 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Т.Чимэддоржийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 28-30, 42-43, 45-46, 54-55, 61 дүгээр хуудас/”,

- Өмгөөлөгчөөс “Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд /2 дугаар хавтаст хэргийн 9-11, 14-17 дугаар хуудас/”,

- Шүүгдэгчээс “шинжлэн судлуулах баримт байхгүй“ гэв.

    1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 06-ны өдрийн шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Hyundai Sonata-YF маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор ***тэй марган үүсгэж, түүний баруун шуу хэсэгт хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн  болох нь:

- Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ***ийн “...Тухайн өдөр 00 цагийн орчимд Баянхошуунаас 1 дүгээр хороолол чиглэлд дүү ***ын Соната-7 машинтай таксинд явж байсан. Цэргийн ангийн автобусны буудлын наад талаас 3 хүн гараа өргөхөөр нь зогсоход хашааны булангаас дахиад олон хүн гараад ирсэн. Машинд 7 хүн суухаар нь “Ийм олон хүн авахгүй, машины пүрш хугархай, явахгүй” гэж хэлсэн. Урд сууж байсан залуу “Яв гэж тушааж байна” гээд куртикнээс татаад урсан. Гарыг нь тавиулах гээд баруун гараараа түлхтэл урд сууж байсан эмэгтэй нь хазсан. Урд сууж явсан нэг эмэгтэй л халдсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 28-30 дугаар хуудас),

- Гэрч ***ийн “...2022 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 22 цагийн үед ***, ***, *** бид согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад такси барих гээд зогсож байтал саарал өнгийн Соната-7 маркийн автомашин зогссон. Би машины урд талын буюу жолоочийн эсрэг талын суудалд суугаад нөгөө хэд ард багтахгүй байхаар нь ***г өвөр дээрээ суулгасан. Жолооч “Олон хүн суулгахгүй, өөр машин барьчих, буу” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас),

- Гэрч ***ын “...21 дүгээр хороолол орох гээд такси барихад саарал өнгийн Соната-7 маркийн тээврийн хэрэгсэл зогссон. Бид 6 ард нь суухад багтахгүй байсан учир ***, *** нар урд талын суудалд давхралдаж суусан. Тухайн тээврийн хэрэгсэлд ***оос өөр эмэгтэй хүн байгаагүй...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 8290 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр ***ийн биед баруун шуунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугуйнд зулгаралт, баруун гарын сарвуу, зүүн хацарт зулгаралт, зүүн шуунд цус хуралт, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (1-р хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас),

- Шинжээч эмч Т.Чимэд-Очирын “...Баруун шуунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугуйнд зулгаралт гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүдийн хэлбэр дүрснээс нь харвал хазах үйлдлийн улмаас үсэх боломжтой байна. Баруун гарын сарвуу, зүүн хацарт зулгаралт, зүүн шуунд цус хуралт, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 61 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч *** нь хууль зүйн хувьд Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хор уршигт зориуд хүргэн хохирогч ***ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч ***ийг тус зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа”, өмгөөлөгчөөс “...хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай” оролцсон болохыг тэмдэглэв.

1.4 Хохирол, хор уршиг.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***ийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр эмчилгээ, эрүүл мэндтэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй тул шүүгдэгч ***ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Прокуророос шүүх хуралдаанд оролцуулахаар тусгайлан гаргасан саналгүй байсан бөгөөд Шүүхээс хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй болно.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийг торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал...”, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...улсын яллагчийн дүгнэлтэд дурдсан торгох ялын хэмжээ, хугацааны дотор шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус танилцуулав.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шүүхийн шийдвэрийн хуулбар (1-р хавтаст хэргийн 246 дугаар хуудас, 2-р хавтаст хэргийн 1-5 дугаар хуудас) зэргээс үзэхэд шүүгдэгч *** нь урьд нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээн дуусгавар болсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын эрүүл мэндэд халдаж хохирол учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй гэх дүгнэлттэй, хохирогч баримтаар нэхэмжилсэн зүйлгүй), шүүгдэгчийн хувийн байдал (эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй, хүлээн зөвшөөрч оролцсон, 21 настай, хувиараа хөдөлмөр эрхэлж, тодорхой орлого олдог) болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэж, түүний цалин хөлс, хөрөнгө, бусад орлого олох боломж зэрэгт үнэлэлт хийж торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг сануулж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 Эрүүгийн 2208019711062 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогт ***ийн ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.

4. Эрүүгийн 2208019711062 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл оролцогчид гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч ***д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.БЯМБААБААТАР