| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2020/00277/и |
| Дугаар | 290 |
| Огноо | 2020-04-03 |
| Маргааны төрөл | Эцэг эх байх эрх хассан , |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 290
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т.Ж-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: УӨ.Ц-т холбогдох,
Эх байх эрх хасуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Ж, хариуцагч Ө.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 175 дугаар шийдвэрээр Б.С-ын асран хамгаалагчаар тогтоолгосон. Би Б.Сү-ын авга эгч нь юм. Миний дүү Т.Б 2006 оны 3 дугаар сарын 06-ны өдөр зуурдаар нас барж, түүний хүү Б.С миний ээж н.Д-тэй цуг амьдарч байсан ба Б.С-ын ээж Ө.У нь төрсөн хүү Б.С-ын эцгийг амьд байхад буюу 2005 оны 3 дугаар сард орхиод явснаас хойш би ээжтэйгээ Б.С-ыг 14 жил асран хамгаалж, өсгөн хүмүүжүүлж байна. Ө.У нь хүү Б.С-ыг 1 нас, 2 сартай байхад орхиод явснаас хойш одоог хүртэл хүүхэдтэйгээ эх хүний хувьд нэг ч удаа хайрлах, хамгаалах байтугай харицаа тогтоохыг оролдож байгаагүй. Цаашид хүүхдийн хамгааллын эрхийн хүрээнд эх Ө.У-ийн эх байх эрхийг хасч өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ө.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие 2003 онд Т.Б-тэй гэр бүл болсон. Нөхөр Т.Б архи ууж агсам, согтуу тавьж бас цохидог байсан. 2004 онд намайг 24 настай байхад согтуугаар зодож гэмтэл учруулж, би нүүрэндээ 8 оёдол тавиулан, мэс засалд орж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Тэр цагаас хойш би хүүхдээ аваад Өмнөговь сумын Орлогын гол гэх газар төрлийн айлдаа очоод байж байхад араас нөхөр Т.Б ах н.Г-ын хамт ирээд хүүхдээ булаагаад аваад явсан. Тэр үед би хүүхдээ ахындаа унтуулж орхиод усанд яваад ирэхэд ахынхаа хамт аваад явсан байсан. Өөрөө намайг гол дээр байхад ирээд хэрэлдчихээд “Хүүхэд ирж авах юм бол хохь чинь болно шүү” гээд явсан. Тэгээд би хамаатны айлдаа ирэхэд хүүхэд аваад явчихсан байсан. Тэр үед унаа байхгүй байсан тул араас нь явж чадаагүй. Би одоог хүртэл хүүхэдтэйгээ уулзъя гэж боддог боловч айгаад уулзаж чададгүй юм. Тэр цагаас хойш олон жил өнгөрсөн ч надад нөхөр Т.Б-ийг нас барсан талаар хэн ч хэлээгүй, би сүүлд мэдсэн. Сүүлд миний толгойд гэмтэл гарч ирж, үс халцарч толгой муутай болсон боловч хүүхдээ бодоод Т.Б зодсон талаар юу ч бодож явдаггүй. Миний хүүхэд өдий болтол амьд, сэрүүн өсөж бойжиж яваад танд баярлалаа. Надад ямар ч гомдол тэмцэл байхгүй. Хүүхдийг эрүүл өсгөж байгаа эмээ н.Д, авга эгч Т.Ж хоёрт маш их баярлалаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрч байна” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Т.Ж нь хариуцагч Ө.У-т холбогдуулан “Эх байх эрх хасуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Иргэн Т.Б, Ө.У нар 2003 онд гэр бүл болж, тэдний дундаас 2004 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүү Булгадар овогтой Б.С төрсөн байх ба түүний эцэг Т.Б 2006 оны 3 дугаар сарын 06-ны өдөр нас барсан болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний болон нас барсны гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч Ө.У нь нөхөр болон хүүгээсээ 2005 оны 3 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд хүү Б.С-ын авга эгч Т.Ж нь 2006 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 175 дугаар Увс аймаг дахь Сум дундын шүүхийн шийдвэрээр хүүгийн асран хамгаалагчаар тогтоогджээ.
Мөн хариуцагч нь хүүтэйгээ энэ хугацаанд нэг ч удаа уулзаж байгаагүй, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, эх байх үүргээ биелүүлээгүй болох нь талуудын тайлбар болон хүү Б.С-ын шүүхэд өгсөн тайлбараар тус тус тогтоогдож байх тул шүүх Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.12-т заасны дагуу хариуцагчийн эх байх эрхийг хасах нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Т.Ж-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.У-ээс 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Ж-аад олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.12-т зааснаар Зөөд овогтой Ө.У-ийн 2004 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, регистрийн дугаар ОЮ04211112, хүү Булгадар овогтой Б.С-ын эх байх эрхийг хассугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Т.Ж-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.У-ээс 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Ж-аад олгосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын гурван өдрийн дотор хувийг Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Сарантуяад даалгасугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА