Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1029

 

 

 

 

 

 

   2023            08           28                                        2023/ШЦТ/1029

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ренчинханд,

улсын яллагч Г.Лхагвасүрэн,

шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт ***ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн эрүүгийн 2208030821226 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *** овогт ***ын *** (регистрийн дугаар ***), 19** оны 8 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл-3, аав, ээжийн хамт *** дүүргийн *** хороо, *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

 

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд дурдсанаар): Яллагдагч *** нь 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** тоотод оршин суух хохирогч ***ын байнга амьдрах зориулалттай орон сууцны хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч, Самсунг маркийн 32 инчийн зурагтыг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулж, бусдад 350.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

1.1. Шүүх хуралдаанд шүүгдэгч *** “нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

1.2 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

- Улсын яллагчаас “2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 889 дугаартай яллах дүгнэлтэд дурдсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, камерын бичлэг үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч ***, гэрч *** нарын мэдүүлэг, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлт, ***ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 16-17, 21-22, 27-28, 31-32, 38-40, 115-116, 66 дугаар хуудас),  

-  Шүүгдэгчээс “байхгүй” гэв.

    1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** тоотод оршин суух хохирогч ***ын байнга амьдрах зориулалттай орон байрны хаалганы цоожийг эвдлэн дотогш нэвтэрч “Самсунг” маркийн 32 инчийн зурагтыг хулгайлан авч бусдад 350.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ***ын “...2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** тоот гэртээ ирэхэд байшингийн хаалганы цоож газар унасан, онгорхой байсан. Гэрээс зурагт алга болсон байхаар нь 1000 таксинд явдаг нэг танихгүй ахаас “зурагтаа алдчихлаа, энэ хавиар юм үзэгдсэн үү” гэхэд “өдөр нэг хүн зурагт тэврээд явж байсан, дэлгүүрийн камерыг шүүлгэчих” гэсэн. Ингээд “Болор” дэлгүүрт очоод камерыг шүүлгэхэд 12 цаг 25 минутад зүс таних *** гэгч залуу манай зурагтыг тэврээд явж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас),

- Гэрч ***гийн “...Сонгинохайрхан дүүргийн 14-р хорооны 14-р байранд үйл ажиллагаа явуулдаг “Бум бум” ХХК-н ломбардыг ажиллуулдаг. 2022 оны 8-р сарын 25-ны өдөр ***ын *** гэх хүн 32 инчийн лед самсунг удирдлагатай зурагт авч ирсэн. Энэ зурагтыг 150.000 төгрөгийн барьцаанд тавина гэхээр нь би өөрийнх нь зурагт байна гэж бодоод бас хулгайн эд зүйл зарж борлуулдаг хүн мөн эсэхийг шалгаж үзэхэд хэвийн байсан тул 150.000 төгрөгт барьцаат зээлийн гэрээ үйлдээд нэг хувь бичиж өгсөн. Тэр өдрөөс хойш хоёр удаа сунгалт хийсэн. Хоёр сар гаран хүлээсэн боловч ирэхгүй болохоор нь зурагтыг зарж борлуулж зээлийн төлбөрөө авсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас),

- Камерын бичлэг үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас),

- “Тэнцвэр эстимэйт” ХХКомпанийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Ц-1445 дугаартай “...32 инч ЛСД зурагтыг 350.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 38-40 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт
хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглож, хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүйгээс гадна, иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаалахаар хуульчилж өгсөн байдаг.

Хүний орон байрны халдашгүй байдал буюу хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, эсхүл онгорхой байхад нь аливаа байдлаар сэм орсон бол хууль бус нэвтрэлт гэж үздэг.

Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсхүл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай бөгөөд уг гэмт хэргийн тухайд хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хохирогчийн эд зүйлийг авч буй шүүгдэгч *** үйлдэл нь амар хялбар аргаар мөнгө, эд хөрөнгө олж авах гэсэн шунахай сэдэлтээр гэмт үйлдэлдээ идэвхтэй буюу ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдаж, бусдад 350.000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэх шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч ***ыг тус зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *** нь “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцэж оролцоогүй” болохыг дурдаж, тэрээр Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” хүсэлт гаргасан болохыг тэмдэглэв. 

1.4 Хохирол, хор уршиг

Шүүх зөвхөн бодитоор учирсан хохирлыг хууль ёсны нотлох баримтад үндэслэн гэм буруутай этгээдээс гаргуулан олгож шийдвэрлэх учиртай бөгөөд хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон 350.000 төгрөгийг шүүгдэгч ***аас гаргуулан хохирогч ***д олгож шийдвэрлэв.

Шүүгдэгчээс хохирол төлбөр төлөх завсарлага авах эрхээ эдлэхгүй гэсэн хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан, Прокуророос шүүх хуралдаанд оролцуулахаар тусгайлан гаргасан саналгүй байсан бөгөөд Шүүхээс хохирогчид хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй болно.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад зааснаар шүүгдэгч ***т 03 жилийн хорих ял оногдуулж, хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” гэсэн дүгнэлтийг, шүүгдэгчээс “...хүлээн зөвшөөрч маргаагүй” болно.  

Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 66 дугаар тал)-аар шүүгдэгч *** нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчийг хулгайлах гэмт хэрэг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амар хялбар аргаар мөнгө, эд хөрөнгө олж авах гэсэн шунахай сэдэлтээр бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлан авсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учруулж, хохирлыг төлж барагдуулаагүй), шүүгдэгчийн хувийн байдал (эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаж мэтгэлцээгүй, хийсэн үйлдэлдээ гэмшиж буй байдал) болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ***т 03 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг түүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж заасны дагуу ***ын 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 41 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасах нь зүйтэй юм. (хавтаст хэргийн 98-99, 104, 117-120 дугаар хуудас)

Бусад асуудлын талаар.

Эрүүгийн 2208030821226 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг бичлэг бүхий дискийг хэрэгт хавсарган үлдээх, шүүгдэгч ***ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогт ***ын ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ***т гурван жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч ***ын цагдан хоригдсон дөчин нэгэн хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч ***аас 350.000 төгрөгийг гаргуулж хохирогч ***д олгосугай.

 

6. Эрүүгийн 2208030821226 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг бичлэг бүхий дискийг хэрэгт хавсарган үлдээж, ***ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ***ын эдлэх хорих ялын хугацааг 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Б.БЯМБААБААТАР