| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 188/2023/1018/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/1057 |
| Огноо | 2023-08-28 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Мөнхтүвшин |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/1057
2023 08 28 2023/ШЦТ/1057
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ренчинханд,
улсын яллагч Г.Мөнхтүвшин,
шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн эрүүгийн 2308000001193 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2023 оны 8 дугаар сарын 28, 31-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *** овогт ***гийн *** (регистрийн дугаар ***), 1***оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, ээжийн хамт *** дүүргийн *** хороо, *** гудамж *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд дурдсанаар): Яллагдагч *** нь “Гар утсаа өгч байгаач, ломбардад тавиад буцаагаад аваад өгье” гэж хэлэн хохирогч ***өөс гар утсыг авч, 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” нэртэй ломбардад 550.000 төгрөгөөр барьцаанд тавьж, урьдын харилцааны итгэлийг урвуулан ашиглаж, 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр тус ломбардаас хохирогчийн гар утсыг авч, бусдад зарж бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулан, хууран залилж 1.050.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар.
1.1 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** “...Тухайн өдөр ***өөс “Яаралтай мөнгөний хэрэг гарчихлаа, гар утсаа ломбардад тавиад өгөөч” гээд гуйхад зөвшөөрөөд утсыг нь тавиад тоглоод алдчихсан. “Маргааш нь аваад өгье” гэсэн боловч би ажил хийхээр болсон чинь нөгөө ажил нь худлаа болоод, утсыг нь авч чадаагүй. ***ийг залгахаар нь “Утсыг чинь авч чадсангүй, адилхан гар утас аваад өгнө” гэж хэлэхэд “7 хоногийн хугацаа өгье” гэсэн. Би тэр хугацаанд ажилгүй байсан тул мөнгө олдоогүй, авч өгч чадаагүй. Мөнгөгүй байсан болохоор ***өөс айсандаа холбогдохгүй орхисон. Одоо гэм буруугаа ухамсарлаж байгаа, найзаасаа уучлалт гуйгаад тохиролцсон...” гэв.
1.2 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
- Улсын яллагчаас “2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 865 дугаар яллах дүгнэлтийн хавсралтад тусгагдсан гэмт хэрэг зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч ***ийн мэдүүлэг, “Тэнцвэр эстимэйт” ХХКомпанийн хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт (хавтаст хэргийн 2, 9-10, 20-21, 46-47, 51, 54 дүгээр хуудас)”,
- Шүүгдэгчээс “байхгүй” гэв.
1.3 Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Шүүгдэгч *** нь иргэн ***өд “гар утсаа өгч байгаач, ломбардад тавиад буцаагаад аваад өгье” гэж хэлэн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “Айфон-11 маркийн гар утсыг нь авч 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” нэртэй ломбардад 550.000 төгрөгийн барьцаанд тавьж, улмаар 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хохирогчийн гар утсыг тус ломбардаас авч, бусдад зарж борлуулан бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулан, хуурч 1.050.000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ***ийн өгсөн “...*** найзтай 2023 оны 04-р сарын 23-ны өдөр Цамбагаравын буудлын хойно байрлах тоглоомын газарт уулзсан. Тухайн үед надаас “гар утсаа өгч байгаач, ломбардад тавиад буцаагаад аваад өгье” гэхээр нь зөвшөөрсөн. 550.000 төгрөгөөр ломбардад тавьсан байсан. Миний гар утсыг хэзээ авч өгөх юм бэ, удлаа гэхэд маргааш авч өгчихнө гэж хэлсэн. Тэрнээс хойш удаа дараа залгахад мөнгөгүй байна, маргааш өглөө өгий гэж худлаа ярьсаар сүүлдээ миний дугаарыг блоклоод алга болсон. 14 хоногийн дараа миний утсыг ломбардсан гэх ломбард руу залгахад утсыг чинь яг одоо чөлөөлж авч байна гэхээр нь “ямар хүн байна. Би ярья” гэхэд *** надтай ярьж “утсыг чинь авч байна нөгөө pc-ны газар уулзъя” гэхээр нь очиход байхгүй байсан. Тэрнээс хойш алга болсон...*** манай байрны найзын найз, таньдаг болоод 7-8 жил болж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-10 дугаар хуудас),
- “Тэнцвэр Эстимэйт” ХХКомпанийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Ц-524 дугаартай “Айфон-11 маркийн гар утас нэг ширхэг 1.050.000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 20-22 дугаар хуудас),
- Шүүгдэгч ***ы яллагдагчаар өгсөн “...*** найзтайгаа Цамбагарав үйлчилгээний төвийн цахим тоглоомын газарт 2023 оны 04-р сарын 23-нд таарсан. Би ***өөс “гар утсыг нь ломбардад тавьчхаад буцаагаад 1 хоногийн дараа утсыг нь өгье” гэж хэлсэн. *** надад “Айфон-11” маркийн гар утас өгөхөөр нь аваад Саппора худалдааны төвийн ойролцоо ломбардад 7 хоногийн хугацаатай 550.000 төгрөгөөр барьцаанд тавьж, маргааш утсыг нь авч өгнө гэж хэлээд салсан. Тэр орой нь мөнгөөрөө тоглоод алдчихсан. Надад мөнгө олдохгүй байсан учраас утсыг нь авч өгч чадалгүй 7 хоног болсон. Хугацаа дуусахын өмнө би зар дээрээс хүн хайж байгаад 710.000 төгрөгөөр хүнд зараад 610.000 төгрөгөөр утсыг нь авч, 100.000 төгрөгийг өөрөө авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлсэн бөгөөд шүүгдэгчийн мэдүүлгийн эх сурвалж нь бусад нотлох баримтаар тогтоогдсон, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий мэдүүлэг гэж үзэж нотлох баримтаар үнэлсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийн шинж нь “бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдал бий болгон худал хэлэх, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, цахим хэрэгсэл ашиглах, худал амлах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглах зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бөгөөд гэмт этгээд нь бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөлдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдэл” байдаг.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч *** нь амар хялбар аргаар мөнгө, эд хөрөнгө олж авах гэсэн шунахай сэдэлтээр гэмт үйлдэлдээ идэвхтэй буюу ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч ***ийн эзэмшлийн “Айфон-11” маркийн гар утсыг ломбардад тавьж, бусдад худалдан борлуулж 1.050.000 төгрөгийн хохирол учруулж буй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийг шинжийг хангаж байна.
Тиймээс шүүгдэгч ***ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, тохирсон байх тул шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *** нь “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй” болохыг дурдаж, тэрээр Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” хүсэлт гаргасан болохыг тэмдэглэв.
1.4 Хохирол, хор уршиг.
Шүүх зөвхөн бодитоор учирсан хохирлыг хууль ёсны нотлох баримтад үндэслэн гэм буруутай этгээдээс гаргуулан шийдвэрлэх учиртай бөгөөд хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгч ***аас 1.050.000 төгрөгийг гаргуулан хохирогч ***өд олгож шийдвэрлэсэн ба шүүгдэгчээс “...хохирол төлбөр төлөх завсарлага авах хүсэлт” гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 2023 оны 8 дугаар сарын 31-ны өдрийн 11 цаг 30 минут хүртэл завсарлуулсан.
Энэ хугацаанд шүүгдэгчээс 550.000 төгрөгийг хохирогчийн дансанд шилжүүлсэн талаарх дансны хуулгыг гаргаж өгсөн тул үлдэх 500.000 төгрөгийг түүнээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй юм.
Түүнчлэн шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдэж олсон орлого буюу хохирогч ***ийн “Айфон-11” маркийн гар утсыг ломбардаас чөлөөлөн бусдад худалдан борлуулж орлого олсон болох нь шүүдэгч болон хохирогчийн мэдүүлэг, “***” ХХКомпанийн “Good” ломбардын бичиг (хавтаст хэргийн53 дугаар тал)-ээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар хурааж, улсын орлогод оруулах нь зүйтэй юм.
Прокуророос шүүх хуралдаанд оролцуулах талаар тусгайлан санал гаргаагүй байсан бөгөөд Шүүхээс хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй болохыг тэмдэглэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах...”,
Шүүгдэгчээс “...торгууль оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг танилцуулав.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байх учиртай.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 54 дүгээр хуудас)-аар *** нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шунахайн сэдэлтээр бусдыг хуурч, мэхлэх, худал амлаж, итгэл эвдэх аргаар зохиомол байдал бий болгон төөрөгдүүлэн бусдыг эд зүйлийг өөрийн өмчлөлд авч бусдад зарж борлуулан залилсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй), шүүгдэгчийн хувийн байдал (эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй хүлээн зөвшөөрч оролцсон, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал, 23 настай, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, учруулсан хохирлоос тодорхой хэмжээг төлж барагдуулсан) болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг түүнд сануулж, шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгчийн дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй буюу дээр дурдсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх шударга ёс болон гэм буруугийн зарчимд нийцсэнээс гадна, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас учирсан зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулсан, шүүгдэгч ***ы нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө үгүй, тодорхой орлого олдог эсэх, ажил хөдөлмөр эрхэлдэг талаарх хангалттай баримт аваагдаагүй тул торгох ял оногдуулах үндэслэлгүй юм.
Эрүүгийн 2308000001193 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ***ы иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** овогт ***гийн ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д гурван зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар ***ы гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох нэг зуун мянган төгрөгийг гаргуулан улсын орлогод шилжүүлсүгэй.
6. Эрүүгийн 2308000001193 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл оролцогчид гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч ***д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР