Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 318

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

          Нэхэмжлэгч: Ю.А-ийн нэхэмжлэлтэй, 

          Хариуцагч: Н.Б-үүд холбогдох,

         Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ю.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Бунжаа, хариуцагч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Ю.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Н.Б-тэй 2009 онд сайн дурын үндсэн дээр гэр бүл болсон. Бид хоёр гэр бүл болоод бидний дундаас 2012 онд хүү Б.Б, 2014 онд охин Б.Б нар төрсөн. Эхний 3 жил бид хоёрын амьдрал сайхан, хүний дайтай амьдарч байсан. 2012 оноос эхлэн нөхөр Н.Б маань архи уух нь ихдэж, агсам согтуу тавьж, намайг байнга зодож цохих, хэл амаар доромжлох зэрэг үйлдэл гаргадаг болсон. Би Н.Б-үүг засрах байх гэж 10 гаруй жил харлаа. Сүүлийн үед нөхөр Н.Б маань архи уух нь улам ихсэж, улам зан ааш нь хувирч, намайг болон хүүхдүүдээ зодож цохих нь ихссэн. Согтуу үедээ хүүхдүүдээ хүртэл зоддог, хэл амаар доромжилдог болсон. Сүүлийн үед “Өөрийнхөө амь насыг хорлоно” гэж намайг байнга айлгадаг болсон. 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр “Өөрийнхөө амийг хорлоно” гээд хутгаар хоолойгоо зүссэн. Тэгээд би айгаад цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр Н.Б-үүд өөрт нь арга хэмжээ авсан. Намайг Н.Б-ийн ээж болон эгч, дүү нар нь “Хүүгийн “Амь нас хорлоно” гээд байгаа нь чамаас болж байна” гээд намайг дарамталсаар байгаа. Мөн би 2017, 2019 онуудад шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргаж байсан боловч нөхөр Н.Б маань дахин эхнэр, хүүхдээ зодохгүй дутагдалаа ойлгон, гэмшиж байгаа гэснээс бид хоёр эвлэрч байсан. Мөн би Н.Б-ийн ах, дүү нарын дарамтад байнга амьдарч байсан. Одоо цаашид Н.Б-тэй амьдрах ямарч боломж, нөхцөл байхгүй байгаа тул гэрлэлтээ цуцлуулахаар танай шүүхэд хандаж байна. Иймд Н.Б бид хоёрын гэрлэлтийг цуцлан, хоёр хүүхдийг миний асрамжид өгч, хүү Б.Б, охин Б.Б нарт хуулийн дагуу тэтгэлэг тогтоож өгнө үү” гэжээ.  

         Хариуцагч Н.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие 2009 онд Ю.А-той гэр бүл болсон. Тухайн үед эхнэр маань жирэмсэн байсан бөгөөд манай том охин Б.Д миний хүүхэд биш боловч би өөрийнхөө хүүхэд шигээ өсгөж хүмүүжүүлсэн. Бид хоёр 10 жил амьдрах хугацаанд сайндах муудах үе байсан. Тухайн үед би дандаа уужуу тайван хандаж ирсэн. Эхнэр маань уурлахаараа “Сална” гэж хэлээд төрж, өссөн гэрлүүгээ байнга явдаг байсан. Би үргэлж өөрийгөө буруутгаж, уучлалт гуйгаад авч ирдэг. Би 10 жил ханилахдаа юугаар ч дутаагаагүй бөгөөд эхнэр Ю.А бие муутай, эрүүл мэндийн асуудлаас шалтгаалан ажил хөдөлмөр огт эрхэлж байгаагүй. Би амьдрал ахуйгаа дээшлүүлэхийн тулд байнгын хичээж ирсэн. Ажлынхаа хажуугаар таксинд явдаг. Мөн цалингийн зээл авч, гэрээ иж бүрэн тохижуулж, ногоо тариалах талбай авсан. Эхнэр маань уурлаад явахдаа гэрийнхээ эд хогшилыг аваад явсан. Би гурван хүүхдээ хүнийх, өөрийнх гэж ялгаж өсгөөгүй, өнчрүүлэх хүсэл бодолгүй байсан учраас өдийг хүртэл тэсэж тэвчсэн. Эцэст нь хөдөлмөрлөж, хайрласан нь буруутана гэж бодсонгүй. Муудалцах үед хэлсэн үгийг нь уурандаа хэлсэн байх гэж бодоод уучилж өнгөрөөдөг байсан. Эхнэр Ю.А намайг хүнд хагалгаанд орсон хэвтэрт байхад сална гэж хэлээд орхиод явсан. Эхнэр Ю.А надаас салах хүсэлтэй байгаа тул хуулийн дагуу шийдэж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ. 

                Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

         Нэхэмжлэгч Ю.А нь хариуцагч Н.Б-үүд холбогдуулан “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

      Ю.А Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид 2017, 2019 онд хандаж байсан байх ба Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэсэн байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

       Нэхэмжлэгч, хариуцагч нар 2005 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 2012 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүү Овоонхон овогтой Б.Б, 2014 оны 5 дугаар сарын 03-ны өдөр охин Овоонхон овогтой Б.Б нар тус тус төрсөн, хүүхдүүд эрүүл бойжиж байгаа нь хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эмчийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

      Гэтэл хариуцагч Н.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн амгалан тайван байдал алдагдуулж, зохисгүй зан авир гаргадаг шалтгаанаар нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байх ба хариуцагчийн энэхүү үйлдэл нь хэрэгт авагдсан “Саатуулагдсан хүний мэдээлэл”, Увс аймгийн Прокурорын газрын тогтоолоор тогтоогдож байгаа бөгөөд уг үйлдэл нь хүүхдүүдийн хүмүүжил, хөгжилд ноцтой хохирол учруулж болзошгүй гэж үзлээ.

        Иймд гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4, 14.6-д зааснаар Ю.А, Н.Б нарын гэрлэлтийг цуцалж, хүүхдийн санал, талуудын тайлбарыг үндэслэн хүү Б.Б, охин Б.Б нарыг эх Ю.А-ийн асрамжид үлдээхээр шийдвэрлэлээ.

      Мөн Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Б.Б, охин Б.Бнарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Н.Б-ээр тэжээн тэтгүүлэхээр тогтоов.  

      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ю.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 208.080 төгрөгөөс 194.403 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 13.677 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас, хариуцагч Н.Б-ээс 194.403 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ю.А-д олгох нь зүйтэй.

          Хэдийгээр шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн боловч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдъя. 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-т зааснаар Овоонхон овогтой Н.Б, Их зуутраг овогтой Ю.А нарын гэрлэлтийг цуцалсугай.

       2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2012 оны 8 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Овоонхон овогтой Б.Б, 2014 оны 5 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин Овоонхон овогтой Б.Б нарыг эх Ю.А-ийн асрамжид үлдээсүгэй.

     3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү  Б.Б, охин Б.Б нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Н.Б-ээр тэжээн тэтгүүлсүгэй.

       4.  Зохигчид эд хөрөнгийн болон бусад маргаангүй гэснийг дурдсугай.  

    5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.

        6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ю.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 208.080 /хоёр зуун найман мянга ная/ төгрөгөөс 194.403 /нэг зуун ерэн дөрвөн мянга дөрвөн зуун гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 13.677 /арван гурван мянга зургаан зуун далан долоо/ төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас, хариуцагч Н.Б-ээс 194.403 /нэг зуун ерэн дөрвөн мянга дөрвөн зуун гурав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ю.А-д олгосугай.   

     7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Увс аймгийн Сагил сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Сарантуяад даалгасугай.  

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Н.ГЭРЭЛТУЯА