Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1072

 

 

 

 

 

 

 

 

    

      2023            09             05                                               2023/ШЦТ/1072

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ренчинханд,

улсын яллагч Б.Энэрэл,

шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн эрүүгийн 2208035811125 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *** овогт ***гийн *** (регистрийн дугаар ***), 19*** оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “***” ХХКомпанид мужаан ажилтай, ам бүл-4, ээж, дүү нарын хамтаар *** дүүргийн *** хороо, *** гудамжны *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

 

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд дурдсанаар): Яллагдагч *** нь 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” нэртэй зочид буудалд “хэрүүл дундуур орж ирлээ” гэх шалтгаанаар ***ийн нүүрэн тус газарт архины шилэн хундага шидэж, баруун хацар, хамрын нуруу, цох, баруун хөмсөгт шарх, зүүн хөмсөг, хамрын нуруу, хүзүүнд зулгаралт, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

    1. Шүүх хуралдаанд шүүгдэгч *** “нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

1.2 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

- Улсын яллагчаас “2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 923 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг”,

- Шүүгдэгчээс “шинжлэн судлуулах баримт байхгүй“ гэв.

    1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “***” нэртэй зочид буудалд үл ялих зүйлээр шалтаглан ***ийн нүүрэн тус газарт архины шилэн хундага шидэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн  болох нь:

- Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн насан хүрээгүй хохирогч ***ийн “...2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх зочид буудалд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн маргалдаад эрэгтэй нь эмэгтэйгээ зодоод байсан. Би эмэгтэйг нь салгаад буудлаас гарах гэтэл тэр залуу архины шилэн хундагаар нүүрэн тус газар шидэж, нүүр болон хүзүү хэсэгт гэмтэл учруулсан. Тэр залуу хамт явж байсан эмэгтэйгээ зодоод байхаар нь би салгах гээд очсон. Тэр залуутай маргалдаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-17 дугаар хуудас),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 14472 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр ***ийн биед баруун хацар, хамрын нуруу, цох, баруун хөмсөгт шарх, зүүн хөмсөг, хамрын нуруу, хүзүүнд зулгаралт, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас),

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (хавтаст хэргийн 60-66 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч *** нь хууль зүйн хувьд Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хор уршигт зориуд хүргэн хохирогч ***ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь хохирогчийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч ***ыг тус зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *** нь “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй” болохыг дурдаж, тэрээр Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” хүсэлт гаргасан болохыг тэмдэглэв.

1.4 Хохирол, хор уршиг.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***ийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр “...миний нүүрэн хэсэг зүсэгдсэн, хамар дээрээ 6-7, духан дээрээ 2, хацар дээрээ 10 орчим оёдол тавиулсан. Маш их гомдолтой байна. Надад баримт байгаа боловч олохгүй байгаа, эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна” гэсэн мэдүүлэг(хавтаст хэргийн 16, 17 дугаар тал), эмчилгээ эрүүл мэндтэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй байна.

Иймд шүүгдэгч ***ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, харин хохирогч *** нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Прокуророос шүүх хуралдаанд оролцуулахаар тусгайлан гаргасан саналгүй байсан бөгөөд Шүүхээс хохирогчид хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй болохыг тэмдэглэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх...” гэсэн дүгнэлт танилцуулсныг шүүгдэгчээс “...хүлээн зөвшөөрч маргаагүй” болно. 

Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 52 дугаар хуудас)-аар *** нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүний биед халдаж зодсон), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон, цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлттэй), шүүгдэгчийн хувийн байдал(үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон, ажил хөдөлмөр эрхэлж, тодорхой орлого олдог) болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгох ял шийтгэж, түүний цалин хөлс, хөрөнгө, бусад орлого олох боломж зэрэгт үнэлэлт хийж торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 120 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг сануулж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн 2208035811125 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***гийн ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 120 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.

 

4. Эрүүгийн 2208035811125 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, хохирогч *** нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг мэдэгдсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл оролцогчид гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч ***т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.БЯМБААБААТАР