Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/585

 

 

 

 

 

 

 

 

   2023         09         11                                     2023/ШЦТ/585

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,

улсын яллагч Ц.Цэрэнбалжир (томилолтоор),

шүүгдэгч ****, түүний өмгөөлөгч С.Уламбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт ****г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн **** дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ **** ажиллаж байсан, одоо цэргийн байнгын тэтгэвэрт, ам бүл-5, эхнэр, дүү, хоёр хүүхдийн хамт **** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байгаагүй, **** (РД:****).

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч **** нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ****: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн нэмж мэдүүлэх зүйлгүй. гэсэн болно.

Хоёр. Эрүүгийн **** дугаартай хэргээс:

1. Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст 2023 оны 04 дүгээр сарын 08-ы өдөр “ BMW-Х5 маркийн ****, Toyota Prius 30 маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслүүд мөргөлдсөн” гэх утгаар бүртгэгдсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 2-3 дахь тал),

 

2. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Уулын зам, Хийморь хотхоны хойд замд 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал (хавтаст хэргийн 3-5 дахь тал), осол хэрэг гарсан газар дээр хэмжилт хийсэн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 4-12 дахь тал),

 

3. Хохирогч ****

ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: 2023 оны 04 дүгээр сарын 08-ны шөнийн 02 цагийн орчимд өөрийн гэр болох Баянгол дүүргийн 20 дугаар хороо 55-12-68 тоотод байх гэрээсээ гарч өөрийнхөө **** улсын дугаартай үзмэн ягаан өнгийн тоёота приус-30 загварын машинаа жолоодож Налайх дүүрэг орох гээд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд уулын арын замаар ганцаараа явж байсан. “Хийморь” нэртэй хотхоны орчимд 60 орчим километр цагийн хурдтай явж байсан. Гэтэл гэнэт урдаас машины гэрэл нэлс гэж орж ирсэн. Тэгээд би ухаан алдсан. Нэг сэрсэн чинь нэг хүн хажууд байсан. “Та битгий хөдлөөрэй, аваарт орчихлоо, эмнэлэг дуудсан байгаа битгий хөдлөөрэй” гэж хэлэхээр нь би “Нөгөө жолооч нь байна уу” гэж асуухад “Шал согтуу байна, би цагдаа эмнэлэг дуудсан байгаа” гэж хэлсэн. Би амьсгаа ч авч чадахгүй бараг үхэж байна гэж бодоод байж байсан. Түргэний машин ирээд намайг эмнэлэг рүү аваад явсан. Зам тээврийн ослын улмаас олон хавирга хугарсан, хүзүү хугаралттай, хоёр өвдөг язарч оёдол тавиулсан гээд нэлээд бэртэж гэмтсэн. Би Гэмтлийн эмнэлэгт 6 хоног хэвтсэн, үргэлжлүүлэн эмчилгээ хийлгүүлж байгаа. Тухайн үед харанхуй байсан боловч замын хажуугийн гэрэлтүүлэг ассан, зам ямар нэгэн халтиргаа гулгаа байхгүй хэвийн байсан. Миний машинд өөр хэн нэгэн хүн байгаагүй. Би маш их гомдолтой байна. Нөгөө осол гаргасан хүнтэй утсаар ярихаар элдэв янзын шалтаг шалтгаан яриад байгаа. Мөн намайг эмнэлэгт хэвтэж байхад манай ээжээс регистрийн дугаарыг минь хүртэл авсан байгаа. Одоогоор надад 2,950,000 төгрөгийг миний эмчилгээнд гэж өгсөн. Би гомдолтой байна. Эмчилгээний зардал болоод бусад хохирлыг төлүүлмээр байна. Миний бие 2022 онд би Жи Эс Би Капитал банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан зээлээр худалдан авч байсан. Машин тухайн банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байгаа. Миний биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлтэд хүзүүнд учирсан гэмтлийг тусгаагүй байна лээ. Надад хүзүүнд учирсан гэмтлийг тогтоосон дүрс оношилгооны шинжилгээ, Гэмтлийн эмнэлгийн өвчний түүх зэрэг эмнэлгийн баримтууд байна. Би дээрх баримтуудаас нэмэлтээр шинжээч томилуулах хүсэлттэй байна. Би бол өөрөө хараагүй. Би ухаан орох үед хажууд байсан хүн согтуу байна гэдгийг хэлсэн. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал),

 

4.Иргэний нэхэмжлэгч ****гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: Миний бие өөрт учирсан хохирлыг буруутай этгээдээс нэхэмжлэхгүй. Миний машиныг **** жолоодож явсан учраас **** өөрөө асуудлыг шийдвэрлэх байх гэж бодож байна. 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш миний машиныг түр унаж хэрэглэж байя гэж хэлээд авсан байсан. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал),

 

5.Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч ****гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр өгсөн: Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. Үүний дагуу гэмт буруутай этгээд болох ****аас хохирогч ****ийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал болох 298.000 төгрөгийг иргэний журмаар нэхэмжилж байна. Буруутай этгээд нь Төрийн сан банк дахь **** дугаартай дансанд тушаадаг. Иймээс 298.000 төгрөгийг дээрх дансанд төлүүлж өгнө үү. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 108-109 дэх тал),

 

6. Гэрч ****ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн: Би тэр өдөр буюу 2023 оны 04 дүгээр сарын 08-ны 02 цагийн орчим уулын замаар өөрийн Тоуоta Crown маркийн **** улсын дугаартай машинаа жолоодоод ганцаараа зүүнээс баруун луу явж байтал хийморь хотхоны харалдаа хойд замд 2 машин мөргөлдөж аваар гарсан байсан би хараад л машинаа замаас гаргаж шороо руу байрлуулж тавиад гүйгээд очтол ВМW машины жолооч өөрөө бууж ирж байсан тэгэхээр нь би тэр жолоочийг гайгүй юм байна гээд Приус машины жолооч руу очиход тэр машинд урд жолоочийн суудал дээр нэг эмэгтэй хүн баруун гар, 2 өвдөгнөөс нь цус гарсан байдалтай “Энэ машин намайг өөдөөс ирээд шууд мөргөчихлөө” гэж хэлсэн би тэр эгчийг шокт орсон эрүүл согтуу нь мэдэгдэхгүй байхаар нь амыг нэлээн дөхөж очоод үнэрлэхэд юм уугаагүй байсан. Тэгээд 10 минутын орчмын дараагаас тэр эгч арай тайвшраад гайгүй болоод ирсэн. Би эхлээд цагдаа руу, дараа нь 103 руу дуудлага өгчхөөд байж байтал 5 минутын дараа цагдаа ирсэн. Би цагдаад нөхцөл байдлыг нь тайлбарлаж өгөөд явлаа шүү гэж хэлээд цаашаагаа гэр лүүгээ машинаа бариад явсан. Би яг нүдээр хараагүй, осол болсны дараа 20-30 секундийн дараа очсон. Намайг машинаасаа буугаад очиход 2 машины тос масло нь яг гоожоод дуусаж байсан. Саарал өнгийн ВМW маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний урд явж байсан, тухайн үед хөдөлгөөн маш сийрэг байсан. Ослын дараа намайг машинаа байрлуулаад буусны дараа миний араас явсан машинууд дөнгөж зөрж явж байсан гэхээр би яг арынх нь машин болж байгаа юм. Намайг машинаасаа буухад ВМW машины жолооч жолоочийн эсрэг тал буюу буруу талаасаа дөнгөж бууж ирж байсан. Тэр ВМW машины жолооч надад юу ч хэлээгүй цагдаагаас над руу залгаад жолоочийг нь байлгаж байгаарай гэж байсан болохоор би тэр жолоочийг харж байсан. Би тэр жолоочид явж болохгүй шүү эндээ байгаарай гэж хэлтэл за ойлголоо, би явахгүй ээ гэж хэлээд ийш тийшээ би машин мөргөчихлөө гэж утсаар яриад байсан. Би ганцаараа явж байсан. Мэдэгдсэн тэр жолооч нэлээн согтуу байсан. Нүд нь улаан болсон, яриа нь согтуу байсан, бас тэр хавийн ус шавхайг туучаад яваад байсан, эрүүл хүн бол тэгж явахгүй л байсан байх. Гадаа харанхуй байсан, цас ороогүй зам халтиргаагүй замын гэрэлтүүлэг ассан. Хийморь хотхоны гэрэлтүүлэг ч гэсэн асаалттай, тэр хавь ер нь л харьцангуй гэрэлтүүлэгтэй байсан. Тэр жолооч ганцаараа явж байсан Приус-30 маркийн машины жолооч ч ганцаараа явж байсан. Би жолоочийг харвал танина. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал),

 

7. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн №1809 дугаартай:

            - Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэж байна. “**** ЗТО 2023.04.08 ФЖ78030201” гэж хаягласан хуруу шилтэй цусанд спиртийн агууламж илрээгүй. гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 35-37 дахь тал),

 

            8. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн хүний биед хийсэн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн №4827 дугаартай:

            - ****ийн биед зүүн 2,3,4,5,6,7-р хавирганы хугарал, хоёр өвдөгт шарх, баруун бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            - Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

            - Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

            - Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

            - Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 42-43 дахь тал),

 

            9. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн хэргийн материалаар хийсэн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн №500 дугаартай:

            - Нэмэлтээр ирүүлсэн материалаас харахад хүзүүний 6-р нугалмын зүүн талын ламин, 7-р нугалмын баруун, зүүн талын ламины хугарал гэмтэл тогтоогдлоо.

            - Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

            - Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

            - Тухайн гэмтэл нь зам тээврийн ослын биед үүссэн байх боломжтой.

            - Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 49-50 дахь тал),

 

10. Шинжээч О.Болороогийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр өгсөн: 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 4827 дугаартай дүгнэлтэд ****ийн биед зүүн 2,3,4,5,6,7-р хавирганы хугарал, хоёр өвдөгт шарх, баруун бугалгад цус хуралт гэмтлүүд тогтоогдсон ба дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэрэгт хамаарна. Тухайн үед ****ийн биед учирсан бусад гэмтлүүдийн оношилгоо, хүзүү, нурууны КТГ, багана нурууны MRI шинжилгээ хийгдээгүй байсан. Дараа нь 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн нэмэлт шинжилгээ хийлгэх материал хүлээж авахад ****ийн дээрх шинжилгээнүүдийг хийлгэж хариуг ирүүлсэн байсны дагуу шинжилгээ хийхэд ****ийн хүзүүний 6-р нугалмын зүүн талын ламин, 7-р нугалмын баруун, зүүн талын ламин хугаралтай байсан. Энэ нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Өмнөх дүгнэлтэд тусгагдсан хавирганы хугарлууд болон бусад гэмтлүүдтэй хамт дээрх хүзүүний гэмтэл нь 1 цаг хугацаанд буюу хэрэг учрал болсон гэх зам тээврийн ослын үед үүссэн байх боломжтой бөгөөд ****ийн биед учирсан нийт гэмтлүүд нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 111-112 дахь тал),

 

11. Техникийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 05/04 дугаартай:

            - ВМW-Х5 маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч **** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Жолооч **** нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а заалт “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;”, 11.3-р заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэснийг тус тус зөрчсөн байна.

            - Тоёота приус-30 маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч **** нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна.

            - Зам тээврийн осол гарахад, замын орчин, байгалийн нөхцөл байдал нөлөөлөөгүй байна.

            - ВMW-Х5 маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч **** нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а заалт, 11.3-р заалтыг тус тус зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байна.

            - Тогтоолд дурдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдсонгүй. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 58-59 дэх тал),

 

12. Яллагдагч ****ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг дээр өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Тухайн үед бороо, цасан шамраг орж байсан учраас зам гулгаатай байсан. Харанхуй шөнө, эргэлттэй асфальтан зам байсан. Үзэгдэх орчин хязгаарлагдмал урд явж байсан тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийж байхдаа тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасан. Хохирогч ****ийн эмчилгээний зардалд ойролцоогоор 5 орчим сая төгрөг гаргаж өгсөн. Мөн тээврийн хэрэгслийг нь худалдан авч өгөхөөр болсон. Баримтыг нь гаргаж өгнө. Уг тээврийн хэрэгслийн эзэмшигч нь эхнэрийн төрсөн ах учраас бид хоорондоо ярьж тохироод төлж барагдуулна. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 99-100 дахь тал),

 

13. Мастер Үнэлгээ ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №11817 дугаартай: **** улсын дугаартай Тoyota prius 30 маркийн авто машиныг 16,366,650 төгрөгөөр үнэлсэн тайлан, авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, хавсралт (хавтаст хэргийн  дахь 177-179 дэх тал),

14. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Жолоочийн лавлагаа, мэдээлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 70-75, 77 дахь тал), албан тушаалын тодорхойлолт (хавтаст хэргийн 120-122 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: Шүүгдэгч **** нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2023 оны 04 дүгээр сарын 08-ны шөнө 02 цаг 10 минутын орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд уулын арын зам “Хийморь” хотхоны хойд замд ВМW-Х5 маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а”, 11.3-р заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч Тоёота приус 30 маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж жолооч ****ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Шүүгдэгч нь хохирогч Энхцэцэгт эмчилгээний зардалд 6,000,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 298,000 төгрөг тус тус төлсөн. Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг хохирогчид төлсөн. Хохирогч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч ****ыг бусдад бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна. гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Уламбаяр: Миний үйлчлүүлэгч согтууруулах ундаа  хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байгаад хохирогч ****ийн автомашиныг мөргөж түүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан, хөнгөн ангиллын гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. гэсэн  дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

1.1 Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч **** нь согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд Уулын арын зам, “Хийморь” хотхоны хойд замд ВМW-Х5 маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон 2023 оны 04 дүгээр сарын 08-ны шөнө 02 цаг 10 минутын үед замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а”-р заалт “жолоочид... согтууруулах ундаа... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, 11.3-р заалт “Эсрэг хөдөлгөөний хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно." гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч, Тоёота приус 30 маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж жолооч ****ийн бие, эрүүл мэндэд нь зүүн 2,3,4,5,6,7-р хавирганы хугарал, хоёр өвдөгт шарх, баруун бугалгад цус хуралт, хүзүүний 6-р нугалмын зүүн талын ламин, 7-р нугалмын баруун, зүүн талын ламины хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь:

- Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст 2023 оны 04 дүгээр сарын 08-ы өдөр бүртгэгдсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 2-3 дахь тал),

- Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Уулын зам, Хийморь хотхоны хойд замд 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал (хавтаст хэргийн 3-5 дахь тал), осол хэрэг гарсан газар дээр хэмжилт хийсэн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 4-12 дахь тал),

- Хохирогч ****ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал),

- Гэрч ****ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн хүний биед хийсэн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн №4827 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 42-43 дахь тал),

            - Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн хэргийн материалаар хийсэн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн №500 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 49-50 дахь тал),

- - Шинжээч О.Болороогийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 111-112 дахь тал),

- Техникийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 05/04 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 58-59 дэх тал),

- Иргэний нэхэмжлэгч ****гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал),

-Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 108-109 дэх тал),

- Яллагдагч ****ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 99-100 дахь тал),

- Мастер Үнэлгээ ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №11817 дугаартай үнэлгээний тайлан, хавсралт (хавтаст хэргийн  дахь 177-179 дэх тал) зэрэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

1.2 Хууль зүйн дүгнэлт:

Хууль зүйн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байдаг.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно. гэж хуульчилсан.

Мөн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих тухай хууль зүйн ойлголт нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд хохирол учруулах шинжээр тодорхойлогдох бөгөөд гэм буруутай этгээдийн үйлдэл, хохирол хор уршгийн хооронд шалтгаант холбоог шаардах ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан” гэж үндсэн шинжийг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “энэ гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” бол хүндрүүлэх шинжээр зүйлчлэхээр тус тус тодорхойлжээ.

Прокуророос шүүгдэгч ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

Хэргийн үйл баримт, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч **** согтуурсан үедээ Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн үйлдэл нь хууль бус ба өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлах, хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учруулсан байх тул болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байх ба хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

 

Түүнчлэн шүүгдэгч нь тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа 1,57 хувийн согтууралтай байсан болох нь жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлээр нотлогдсон.

Шүүгдэгч замын хөдөлгөөнд оролцохдоо согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг баримтлаагүй, анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй хандсан нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

Иймд шүүгдэгч ****ын үйлдлийг согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж үзэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй, хэргийн бодит байдал болон хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.3 Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно. гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно. гэж тус тус заасан ба гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь гэмт хэргийн хохирол буюу шууд үр дагавар болох бөгөөд  эрүүл мэндийн хохирлын улмаас үүссэн зардлыг хор уршигт тооцно. гэж тус тус заасан.

Түүнчлэн Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд хохирогчийн эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх тус тус хуульчилсан. Хохирлын тухайд:

1/ Хохирогч ****ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба эмчилгээтэй холбоотой 6,070,676 төгрөг, эд хөрөнгө буюу авто машинд учирсан хохирол 16,366,650 төгрөгийг тус тус нэхэмжилсэн ба шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч бүх хохирлоо барагдуулж авсан гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч ****ыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

2/ Хохирогч ****ийн эмчилгээ үйлчилгээтэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 04/2143 дугаартай албан бичгээр 298,000 төгрөгийн тусламж үйлчилгээг авсан гэх төлбөрийн мэдээллийг ирүүлжээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлд Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх тухай хуульчилсан ба тус зүйлийн 12.1 дэх хэсэгт дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ: 12.1.1 дэх заалтад гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ. гэж заасан ба шүүгдэгч **** нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд **** дугаартай дансанд 298,000 төгрөгийг 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шилжүүлсэн баримтыг ирүүлсэн тул төлөх төлбөргүй байна.

3/ Иргэний нэхэмжлэгч Д.Батдэнсмаа нь “ВМW-Х5” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй холбоотой хохирол төлбөр нэхэмжлээгүйг дурдах нь зүйтэй.

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            2.1 Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:                      

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ, 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж. тус тус хуульчилсан.

2.2 Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагч санал, дүгнэлтдээ шүүгдэгч ****ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах.санал дүгнэлтийг,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Уламбаяр: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн. Хохирогч нь гомдол саналгүй гэсэн хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү. Улсын яллагчаас жолоодох эрх хасах ялыг 3 жилийн хугацаагаар хасах санал гаргаж байна. Нэмэгдэл ялыг багасгаж өгнө үү. гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

2.3 Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч **** нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаагаар урьд ял шийтгэлгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад  заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

Иймд шүүгдэгч ****ыг согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайг тогтоосон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учруулсан хохирол, хор уршгийг бүрэн төлж барагдуулсан, хохирогч гомдол, саналгүй, хэргийг нааштай байдлаар шийдвэрлэх өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 5 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч түүнд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

            3. Бусад асуудлын талаар:

            Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан хугацаагүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                       ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ****ыг согтуурсан үедээ Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч ****ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жил 5 (тав) сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч ****ад тэнссэн нэг жилийн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жил  5 (тав) сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****ад хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нэг жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэсэн, мөн согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон эрх хязгаарлах албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****ад хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч баривчлагдсан хугацаагүй, цагдан хоригдсон хоноггүй, түүнд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч **** нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч ****ад урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл бичигдвэл шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****ын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ДОРЖСҮРЭН