Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 319

 

       Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

      Нэхэмжлэгч: Э-И ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

         Хариуцагч: ЦАНСЦ-т холбогдох,

         Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 5.810.215 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, хариуцагч Я.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч “Насан-Илч” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ““Н-И ХХК нь Увс аймгийн Наранбулаг суманд сумын төвийн албан байгууллагуудыг төвлөрсөн халаалтад холбож, дулаан нийлүүлж эхэлсэн. Манай компани Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу дулаан үйлдвэрлэх түгээх тусгай зөвшөөрлийг 2016 онд авсан. Наранбулаг сумын төсвийн 5 байгууллага болон бусад 7 хэрэглэгчийг дулаанаар хангаж ажилладаг. Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 11 тоот тогтоолоор “Насан-Илч” ХХК-ийн үйлдвэрлэсэн дулааныг Наранбулаг сумын хэрэглэгчдэд түгээх дулааны тарифыг тогтоон, мөрдөн ажиллаж байна. Наранбулаг сумын Цэцэрлэгтэй 2016 оноос хойш жил бүр гэрээ байгуулан, хамтран ажиллаж ирсэн. Дулааны эрчим хүчээр хангах тухай гэрээндээ тус цэцэрлэгийн барилгын эзэлхүүнийг тогтоосон тарифаар үржүүлэн, сар бүр төлөх төлбөрийг тогтоож харилцан гарын үсэг зурж баталгаажуулсан. 2018 онд 2.271,82 м3 эзэлхүүнийг 1.182,5 төгрөгийн тарифаар үржүүлэн төлбөрийг бүрэн авсан. Харин Цэцэрлэг нь 2019 онд байгуулсан гэрээний 3.15, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасан үүргээ биелүүлээгүй сар бүр төлбөрөө дутуу төлж ирсэн бөгөөд одоо нийт төлбөл зохих төлбөрөөс 5.810.215 төгрөгийг дутуу төлсөн. Энэ талаар тус Цэцэрлэгийн захиргаа болон Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын холбогдох албан тушаалтнуудад удаа дараа мэдэгдэж шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрийн үлдэгдлийг төлөхгүй байна. Манай компани болон хэрэглэгч талын хооронд төлбөрөөс бусад асуудлаар ямар нэгэн маргаан гараагүй бөгөөд “Төлбөрийн мөнгөн дүн улсын төсөвт дутуу суусан” гэх үндэслэлээр төлбөрөө төлөхгүй байгаа нь манай компанийн эрх ашгийг зөрчиж байна. Иймд Наранбулаг сумын Цэцэрлэгээс дулааны эрчим хүчээр хангах хэрэглэх тухай гэрээний үлдэгдэл төлбөр болох 5.810.215 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын Цэцэрлэгийн эрхлэгч Я.Цээсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ““Насан-Илч” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай Цэцэрлэг нь “Насан-Илч” ХХК-тай 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр “Дүлааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ” байгуулан төлбөрийг 1 м3-ийн үнийг 926,2 төгрөгөөр тооцохоор тохиролцсон. 2018 онд “Насан-Илч” ХХК нь дахин гэрээ байгуулах санал тавьж халаалтын зардлыг 1 м3-ийн үнийг 1.182,5 төгрөгөөр тооцож нэмэгдүүлэхээр гэрээгээ шинэчилж ирсэн. Тухайн нөхцөлөөр гэрээ байгуулагдсан. Гэтэл манай байгууллага 2018 онд 6.256.600 төгрөгийн халаалтын өртэй гарсан. Улмаар аймгийн Төрийн санд өр үүссэн талаараа танилцуулж, бусад хэмнэгдсэн зардлаасаа өрөө барагдуулах талаар хүсэлт гаргасны дагуу тухайн өр төлбөр төлөгдсөн юм. Ингээд 2019 онд дахин гэрээ байгуулсан. Гэтэл Аудитын байгууллагын зүгээс орон нутгийн дулааны үнэ тарифыг нэмэгдүүлэхгүй байх дээр анхаарч ажиллах талаар албан шаардлага ирүүлсэн. Батлагдсан төсвөөс хэтэрсэн зардлыг манай байгууллага төлөх боломж байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10 тоот тогтоолыг үндэслэж гэрээ байгуулагдах ёстой гэж үзэн Аудитын байгууллагаас албан шаардлага ирүүлсэн болно” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Насан-Илч” ХХК нь хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын Цэцэрлэгт холбогдуулан “Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 5.810.215 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “Насан-Илч” ХХК-ийн захирал Д.Алтанхүү болон Увс аймгийн Наранбулаг сумын Цэцэрлэгийн эрхлэгч Я.Цээсүрэн нарын хооронд 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 04 тоот “Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ” байгуулагдаж, талууд цэцэрлэгийн 2271,82 м.куб хэмжээтэй  барилгыг /1 м.куб-ыг НӨАТ орсон дүнгээр буюу 1182,5 төгрөгөөр/ сарын 2.686.427 төгрөг /5, 9 дүгээр сард 1.343.213 төгрөг/-өөр тооцон нийт 9 сарын хугацаанд дулааны эрчим хүчээр хангахаар тохиролцсон байна.

Ингээд “Тооцооны үлдэгдлийн баталгаа №04” гэсэн баримт, “Насан-Илч” ХХК-ийн Хас болон Төрийн банк дахь дансаар орж ирсэн төлбөрийн мэдээлэл, 2019 оны 1 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал хугацааны “Нэхэмжлэх” гэсэн баримтуудаас үзэхэд Наранбулаг сумын Цэцэрлэгийн 2019 онд дулааны эрчим хүчээр хангуулсны төлбөрийн үлдэгдэл 5.810.215 төгрөг байгаа нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т зааснаар эрчим хүчээр хангах, хангуулах буюу худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хууль болон гэрээний дагуу “Насан-Илч” ХХК нь төлбөрийн үлдэгдлийг хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй.

Харин хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын Цэцэрлэгийн эрхлэгч нь “Бид Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 337 тоот тогтоол, Увс аймгийн Төрийн аудитын газрын 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 02/21УВА-2020/5/СТА-ТШЗ дугаар бүхий албан шаардлагыг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй төрийн байгууллага.  Хэдийгээр гэрээ байгуулсан ч гэсэн төсөвтөө багтаан зарлага гаргах ёстой тул гэрээний дагуу төлбөрийг бүрэн барагдуулах боломжгүй” гэж маргаж байна.

Гэвч Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 11 тоот “Тариф батлах тухай” тогтоол нь 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хэрэгжиж байгаа, “Насан-Илч” ХХК-ийн хувьд тухайн тогтоолын хавсралтад заасан үнээр дулааны эрчим хүчээр Наранбулаг сумын хэрэглэгчдийг хангах үүрэг хүлээсэн этгээд, нөгөө талаас, Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дээрх тогтоол нь хүчин төгөлдөр эрхийн акт байх тул хариуцагчийн татгалзлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 31 дүгээр зүйлийн 31.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын Цэцэрлэгээс худалдах-худалдан авах гэрээний үүрэг 5.810.215 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Насан-Илч” ХХК-нд олгож шийдвэрлэлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Насан-Илч” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 107.913 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын Цэцэрлэгээс 107.913 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Насан-Илч” ХХК-нд олгох нь зүйтэй.  

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 31 дүгээр зүйлийн 31.1-т зааснаар хариуцагч УАНСЦ-ээс худалдах-худалдан авах гэрээний үүрэг 5.810.215 /таван сая найман зуун арван мянга хоёр зуун арван тав/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Н-И” ХХК-нд олгосугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Н-И” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 107.913 /нэг зуун долоон мянга есөн зуун арван гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч УАНСЦ-ээс 107.913 /нэг зуун долоон мянга есөн зуун арван гурав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Н-И” ХХК-нд олгосугай.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.ГЭРЭЛТУЯА