Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 321

 

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

          Нэхэмжлэгч:  “Т банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: С.З,

          Хариуцагч: П.Т нарт холбогдох,

         Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 6.962.794,1 төгрөг, зээлийн хүү 202.719 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.738 төгрөг, нийт 7.167.251,1 төгрөг гаргуулах, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч С.З, П.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

         Нэхэмжлэгч “Т банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус банкны Увс салбарын харилцааны менежер Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч С.З, П.Т нар 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Т. банкны Увс салбараас 162000495519 тоот зээлийн гэрээ байгуулан 10.000.000 төгрөгийн зээлийг жилийн 10,71 хувийн хүүтэй, 33 сарын хугацаатайгаар мал, мах худалдан авах болон сэлбэг хэрэгсэл худалдан авах зориулалтаар авсан бөгөөд зээлийн барьцаанд SSANGYONG D-50 маркийн 00-85 УВА улсын дугаартай, том оврын ачааны автомашин, 8 ханатай битүү шалтай гэр тус тус барьцаалсан. Зээлдэгч С.З, П.Т нар зээлийн гэрээний дагуу зээл болон хүүгийн төлбөрийг бүрэн төлөх үүргээ биелүүлэхгүй, банкны ажилтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, зээлийн гэрээний 3.2-т заасан үүргээ байнга зөрчсөөр өнөөдрийг хүрлээ. Иймээс С.З, П.Т нартай байгуулсан зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т заасныг үндэслэн 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 6.962.794,1 төгрөг, зээлийн хүү 202.719 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.738 төгрөг, нийт 7.167.251,1 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Дээрх төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлдэгчийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

      Хариуцагч С.З, П.Т нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Бид Т. банкнаас 2018 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 33 сарын хугацаатай 10.000.000 төгрөгийн зээл авч, сард 350.000 төгрөг төлж байсан. Мөн тус банкнаас П.Т миний бие 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 250.000.000 төгрөг зээл авч, сард 902.000 төгрөг төлж байсан. Улс оронд гарч буй короновирустай хобогдон ачаа бараа олдохгүй, ачаа тээврийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж, зээлээ төлж чадахгүйд хүрээд байна. Энэ үйл ажиллагаа хэвийн байдалд орж, хил гааль нээгдэж, ачаа тээвэр хэвийн явагдаж эхэлмэгц сар бүр боломжоороо төлж, банкийг хохиролгүй болгоно. Жич: Т. банкнаас хот хорооноос гарч буй ачаагаа харилцан тохиролцон тээвэрлэж, энэхүү зээлийн төлбөрөөс хасалт хийлгэх хүсэлтэй байна” гэжээ. 

         Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч С.З, П.Т нарт холбогдуулан “Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 6.962.794,1 төгрөг, зээлийн хүү 202.719 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.738 төгрөг, нийт 7.167.251,1 төгрөг гаргуулах, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

       Хариуцагч С.З, П.Т нар “Т банк” ХХК-тай 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 162000495519 дугаартай “Зээлийн гэрээ”[1] байгуулж, 10.000.000 төгрөгийг жилийн 10,71 хувийн хүүтэй, 33 сарын хугацаатай авсан, мөн өдрийн мөн дугаартай “Барьцааны гэрээ”[2]-ээр зээлийн барьцаанд 8 ханатай битүү шалтай Монгол гэр, 00-85 УВА улсын дугаартай, SSANGYONG D-50 маркийн, 1993 онд үйлдвэрлэгдсэн, аралын KPNKCELT3PP000018 дугаартай ачааны автомашиныг тус тус барьцаалсан байна.

         Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хэдийгээр зээлийн гэрээний хугацаа 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дуусах боловч зээлдэгч нь гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, эргэн төлөлт хийхгүй байгаа нь нэхэмжлэгч болон хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байх тул “Т. банк” ХХК нь хариуцагч нараас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй байна.

       Хариуцагч С.З, П.Т нар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн үнийн дүнгийн хувьд маргаан байхгүй гэдгээ илэрхийлсэнийг дурдах нь зүйтэй.

        Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч С.З, П.Т нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 7.167.251,1 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т банк” ХХК-нд олгож шийдвэрлэлээ.  

       Түүнчлэн хариуцагч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1-т зааснаар С.З, П.Т  нарын зээлийн барьцаанд тавьсан 8 ханатай битүү шалтай Монгол гэр, 00-85 УВА улсын дугаартай, SSANGYONG D-50 маркийн, 1993 онд үйлдвэрлэгдсэн, аралын KPNKCELT3PP000018 дугаартай ачааны автомашинаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Т. банк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 129.626 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.З, П.Т нараас 129.626 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т банк” ХХК-нд олгох нь зүйтэй.  

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

       1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч С.З, П.Т нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 7.167.251,1 /долоон сая нэг зуун жаран долоон мянга хоёр зуун тавин нэг/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т банк ХХК-нд олгосугай.

      2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1-т зааснаар С.З, П.Т нарын зээлийн барьцаанд тавьсан 8 ханатай битүү шалтай Монгол гэр, 00-85 УВА улсын дугаартай, SSANGYONG D-50 маркийн, 1993 онд үйлдвэрлэгдсэн, аралын KPNKCELT3PP000018 дугаартай ачааны автомашинаас үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

       3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Т банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 129.626 /нэг зуун хорин есөн мянга зургаан зуун хорин зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Т, С.З нараас 129.626 /нэг зуун хорин есөн мянга зургаан зуун хорин зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банк ХХК-нд олгосугай.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.ГЭРЭЛТУЯА

 

 

 

 

 

 

 

 


[1] Хэргийн 9-10 дугаар тал,

[2] Хэргийн 11-12 дугаар тал,