| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 114/2025/0023/З |
| Дугаар | 221/МА2026/0006 |
| Огноо | 2025-12-26 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2026/0006
| Дугаар 221/МА2026/0006 | Улаанбаатар хот |
Л.Б***ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х***,
Хэргийн оролцогчид
Нэхэмжлэгч Л.Б***,
Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга,
Нэхэмжлэлийн шаардлага: Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 01-А/204 дүгээр захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 114/ШШ2025/0044 дүгээр шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г***,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ч***,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х***, Г.Н***,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х***,
Хэргийн индекс: 114/2025/0023/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Л.Б***аас шүүхэд хандан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 01-А/204 дүгээр захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан.
2. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 114/ШШ2025/0044 дүгээр шийдвэрээр “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тус тус баримтлан Л.Б***ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01-А/204 дугаартай “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжийн Л.Б***ид холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах агуулга бүхий гомдол гаргасан. Үүнд:
...Нэхэмжлэгч Л.Б***ийн газар эзэмших эрх хуулийн дагуу үүссэн эсэхтэй хариуцагчийн зүгээс маргахгүй.
Монгол Улсын дээд шүүхийн 2018 оны “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тайлбарласан байдаг. Нэхэмжлэгч 2018 онд инженер-геологийн судалгааны дүгнэлт, 2020 онд архитектур төлөвлөлтийн даалгавар, 2020 онд барилгын эскиз зургийг тус тус хийлгэснээр өөрөөр гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй, барилга байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй.
...Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуурамчаар үйлдсэн /нөхөж үйлдсэн/ гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Нэхэмжлэгчээс дээрх нотлох баримтуудыг шүүх хуралдааны нотлох баримт гаргаж өгөх үе шатанд гаргасан бөгөөд шүүгч хариуцагчийг нотлох баримттай бүрэн танилцах боломжоор хангалгүй, шүүхэд гаргах хүсэлт байхгүй бол цааш үргэлжлүүлье, нотлох баримт шинжлэн судлах үе шат дээр танилцахыг хэлсэн. Хариуцагчийн зүгээс эдгээр нотлох баримтуудтай танилцсаны үндсэн дээр хүсэлт гаргаж болзошгүй тул нотлох баримттай танилцсаны дараа хүсэлт гаргах эсэхээ шийдвэрлэх талаар дуулгасан боловч шүүгчээс шүүх хуралдааныг үргэлжлүүлж, нөхөж үйлдсэн гэх нотлох баримтыг шинжлэн судлуулах, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг гаргаж чадаагүй.
Захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа холбогдох нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, нэхэмжлэгчээс гаргасан хариу тайлбарыг үндэслэн аймгийн Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 01-А/204 дүгээр захирамжаар Л.Б***ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.
Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41.б-д “эмч, эмнэлгийн байгууллагын гаргасан магадалгаагаар энэ хуулийн 6.1.41.a-д заасны дагуу эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнийг асарсан;” гэж заасны дагуу эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хүндэтгэн үзэх шалтгаанд тооцох боловч шүүхэд гаргасан нотлох баримтаас харахад гэрээр асарч байсан нь тогтоогддог тул энэ нь хүндэтгэн үзэх шалтгаанд тооцогдохгүй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж, давж заалдах гомдлыг эсэргүүцэж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
3. Маргаан бүхий Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 01-А/204 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Л.Б***ийн тус аймгийн Дархан сумын 3 дугаар багийн Тосгон 13 дугаар цэцэрлэгийн зүүн талд байрлах, үйлчилгээний зориулалттай 755 м.кв газрын эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр хүчингүй болгон шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Энэ газар бол шууд барилга барих хэмжээний хуурай газар биш. Дархан сумын 4 дүгээр багт 4 дүгээр сургуулийг барихад ямар их ус намагтай байсныг бид мэдэж байгаа. Тийм учраас барилгын зөвлөх инженерүүдээс зөвлөмж авсан. Тэгэхэд 7-8 баллын газар хөдлөлтийг тэсвэрлэх боломжгүй, намгархаг байна гээд 2018, 2023 онуудад инженер геологийн судалгааны дүгнэлт гаргуулж, гэрээ байгуулж хөрсөн дээр шинжилгээ хийлгэж байсан. Энэ үед маш их усархаг учраас дахин хөрсөнд шинжилгээ хийх шаардлагатай байсан учраас бат суурьтай, чанартай барилга барихын тулд судалгааны дүгнэлтүүдийг гаргуулж байсан. Тус газарт 4 тал хашаа барьсан... Барилгын эскиз зураг гаргасан. Ерөнхий архитектор холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авсан, Зургийн төсөвт 10,500,000 төгрөгийн зардал гарсан. Нэмэлт гэрээгээр зурагтаа өөрчлөлт оруулсан. Анх 2 давхар барилга барих төлөвлөгөөтэй байсан боловч усархаг, намгархаг газар учраас зоорины байгууламж хийхээр зургаа дахиж гаргуулсан. “Дархан дулааны сүлжээ” ТӨХК-иас зөвшөөрөл авах гэсэн боловч “...4 дүгээр сургуулийн халаалтын асуудлыг шийдвэрлээгүй байна, тийм учраас танай техникийн нөхцөлийг одоо өгөх боломжгүй. гээд хойшлуулж байсан... маргаан бүхий захирамжийг эрх бүхий албан тушаалтан гаргахдаа хууль дээдлэх, төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т хуульд үндэслэх" тусгай зарчмуудыг тус тус зөрчсөн... Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар бодит нөхцөл байдлыг тогтоох, 25 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримтыг цуглуулах, 26 дугаар зүйлд зааснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй иргэн Л.Б***аас ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгож, холбогдох баримтуудыг гаргуулан авах, тухайн цаг хугацаанд Ковид-19 цар тахлын нөхцөл байдал нөлөөлсөн эсэх, өөр хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг харгалзан үзэх зэргээр сонсох ажиллагааг бүрэн гүйцэт явуулах ёстой байсан. Гэвч энэхүү үүргээ бүрэн гүйцэт хэрэгжүүлээгүй маргаан бүхий захиргааны актыг гаргасан...” хэмээн тайлбарлан маргажээ.
5. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар газар эзэмшигчийн эрхийг цуцлах үндэслэлийн урьдач нөхцөл нь “газраа зориулалтын дагуу ашиглаагүй” байх, ийнхүү ашиглаагүй нь “хүндэтгэн үзэх шалтгаангүй” байх, “хуанлын дараалласан 2 жил” байх бөгөөд захиргаа шийдвэр гаргахын өмнө Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” хэмээн заасанчлан газар эзэмших эрхийг цуцлах үндэслэл, нөхцөл бүрдсэн эсэхийг бүрэн судалж тогтоох үүрэгтэй.
6. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, нэхэмжлэгч Л.Б*** нь маргаан бүхий газрыг Дархан-Уул аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 01/А/351 дүгээр захирамжаар иргэн Ш.Э***оос шилжүүлэн авч эзэмших эрхтэй болсон бөгөөд маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр тухайн газар нь 3 тал хашаатай, хашаанд монгол гэр, нойлын нүх ухсан байдалтай.
Нэхэмжлэгчээс хуульд заасан журмын дагуу шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаар Л.Б*** нь тухайн газрыг эзэмших эрхтэй болсноос хойш 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр “Г” ХХК-тай инженер геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, үйлчилгээний барилгын зураг төсөл боловсруулахад зориулсан инженер-геологийн судалгааны дүгнэлтийг хийлгэсэн.
2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “Д” ХК-д зургийн үнэ 9900 төгрөгийн, мөн өдөр “Мэдээлэл холбооны сүлжээ”-нд 27500 төгрөгийг төлсөн.
2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “С” ХХК-тай Зураг төсөл боловсруулах гэрээ /ЗТ2020/18 дугаар/-г байгуулж, 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Архитектур төлөвлөлтийн 20/7 дугаар даалгавар гаргуулан авч,
2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын зөвлөх инженер П.Д-оос “барилгын суултад өгөгдөх хөрсийг бүрэн байдлаар солих, барилга баригдах талбайд усны зайлуулалт хийх, хөрсийг бэхжүүлэх, цементжүүлэх, селикатжуулах бусад химийн бэхжүүлэлт зэрэг арга хэмжээг авах шаардлагатай” гэсэн зөвлөгөө авах зэргээр маргаан бүхий газрыг зориулалтын дагуу ашиглахад шаардлагатай бэлтгэл ажлыг гүйцэтгэж байсан болох нь тус тус тогтоогдож байх бөгөөд энэхүү үйл баримттай холбогдуулан анхан шатны шүүх “...нэхэмжлэгчийн өөрийн эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглахад шаардлагатай бэлтгэл ажлыг хангасан хугацааг газраа 2 жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй нөхцөл байдал бүрдсэн гэж үзэхгүй...” хэмээн дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Улсын дээд шүүхээс газрын эрх зүйн маргааныг хяналтын журмаар хянан шийдвэрлэх байдлаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тайлбарлан хэрэглэж, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтоосон Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 001/ХТ2024/0076, 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 001/ХТ2025/0045 дугаар тогтоолуудад нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр болсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
7. Үүнтэй холбогдуулан, хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуурамчаар үйлдсэн /нөхөж үйлдсэн/ гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. ...Нэхэмжлэгчээс дээрх нотлох баримтуудыг шүүх хуралдааны нотлох баримт гаргаж өгөх үе шатанд гаргасан бөгөөд шүүгч хариуцагчийг нотлох баримттай бүрэн танилцах боломжоор хангалгүй, ... нөхөж үйлдсэн гэх нотлох баримтыг шинжлэн судлуулах, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг гаргаж чадаагүй” гэх үндэслэлийг дурдсан байх боловч хэрэгт авагдсан эдгээр баримтууд нь хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан шийдвэр гаргах ажиллагааны хүрээнд урьдчилан хийсэн байвал зохих нөхцөл байдлыг тогтоох үүрэгт хамааралтай атал уг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үндэслэлээ анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах, хүчингүй болгох үндэслэл болгон тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй.
8. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 114/ШШ2025/0044 дүгээр шийдвэр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА