Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 222

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

          Нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

Улсын яллагч Р.Энхтуяа,

Шүүгдэгч Н.Батцэнгэл, түүний өмгөөлөгч Ш.Пүрэвсүрэн /ҮД:1043/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржин овогт Нямсүрэнгийн Батцэнгэлд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626012518 дугаартай, 188/2016/0258/Э индекстэй хэргийг 2016 оны 12 дугаар сарын 06-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1997 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй ам бүл 3, эгч, дүүгийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 10-12 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Боржин овогт Нямсүрэнгийн Батцэнгэл /РД:ПЮ97052418/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Н.Батцэнгэл 2016 оны 10 дугаар сарын 28-наас 10 дугаар сарын 29-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баян-Уулын 1-3 тоотод оршин суух иргэн Г.Дарьсүрэнгийн байшингийн вакум цонхыг хагалж нэвтрэн орж компьютерийн өсгөгч, арьсан цүнх, вэб камер, зургийн аппарат, LG маркийн гар утас зэрэг эд зүйлс хулгайлан, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар.

 

1.Шүүгдэгч Н.Батцэнгэлийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би гэрээт цэрэгт орох гээд өргөдлөө өгсөн байсан. 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хот руу гарч замын автобусаар 2 хоног явж 10 дугаар сарын 21-ний 16 цагийн үед ирсэн. 013 дугаар цэргийн ангид цэрэг татлага явагдаж байсан учир бүртгүүлж бичиг баримтаа хураалгаад тэндээ зааланд нь нэг хоносон. Маргааш өглөө нь цэрэг татлагаар Төв аймгийн 016 дугаар цэргийн ангид очиж тэндээ 4-5 хоног гэрээт цэргүүдтэй хамт казармд байрласан. 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр найз Энх-Дашнямтай чатаар холбогдож уулзаад 3, 4 дүгээр хорооллын интернэт тоглоомын газар хоносон. 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн өглөө Энх-Дашням гэр рүүгээ яваад би ганцаараа очих газар байгаагүй тул 3, 4 дүгээр хорооллын орц, байрны саад зэрэг газруудаар байж байгаад орой нь Баянхошууны Баруун салаанд  байдаг өвөө Банчаагийнд очихоор явсан. Би 3-4 жилийн өмнө Банчаа өвөөгийнд очиж байсан тул тэдний гэрийг олоогүй нилээн удаан хайсан боловч олоогүй, сүүлдээ даараад аргаа ядаад нэг эзэнгүй шар байшингийн цонхыг нь хагалж ороод тэндээ унтсан. 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 09-10 цагийн орчим тэр айлаас гарахдаа тэр айлаас компьютерийн залгуурууд, Dell гэсэн бичигтэй өсгөгч 2 ширхэг, том өсгөгч 1 ширхэг, түүний дагалдах 2 ширхэг өсгөгч, хар өнгийн арьсан цүнх 1 ширхэг, компьютерийн товчлуур нь зай авдаг товчлуур нь эвдэрсэн гар, дотор нь олон тооны залгуурууд хийсэн улаан болон хар өнгийн цүнх 2 ширхэг зэргийг аваад явж байхад танихгүй 2 ах намайг дуудаад хаанаас хаа хүрч яваа юм юу авч яваа юм үнэмлэхээ үзүүлчих гэхээр нь би хулгай хийсэн гэдгээ шууд хэлсэн. …Би эхэндээ зүгээр хоноод явна гэсэн бодолтой байсан боловч мөнгөгүй болоод замынхаа зардлыг олох гээд мөнгө олох зорилгоор тэр айлаас хулгай хийсэн. Надад хотод хамаатан садан байхгүй, Ховд аймагт манай эгч л байгаа. Аав, ээж байхгүй нас барсан. …Би 2013 онд Ховд аймагт хулгайн гэмт хэрэгт холбогдож байсан. … ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

2.Хохирогч Г.Дарьсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 18 цагийн үед Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо 24а-208 тоотод байрлах гэр лүүгээ нөхөрын хамт явсан. 2016 оны 10 дугаар сарын 29-ний өглөө 10 цаг өнгөрч байхад манай гэрийн баруун хойд талын Оюунаа гэх эмэгтэй над руу утсаар залгаж 2 цүнхтэй эд зүйл авсан хүн танай хашааг даваад гараад урагшаа явж байна гэсэн. Тэгэхээр нь манай гэрийн баруун талд байдаг Ишжамц руу утсаар залгаж танай гэрийн ойролцоо 2 цүнхтэй эд зүйл барьсан хүн явж байвал та саатуулж байх боломж байна уу, гэхдээ та ганцаараа битгий яваарай хажууд чинь хүн байна уу гэхэд Дүгэрээ байна гэж хэлсэн. Тэгээд би 102 дугаар луу залгаж манай гэрт хулгай орсон юм шиг байна гэж мэдэгдсэн. …Баян-Уулын амралтын 1-3 тоотод байрлах өвлийн сууцнаас алдагдсан эд зүйлээ бүрэн бүтэн тоо ширхэгээр нь цагдаагийн байгууллагаас хүлээн авсан. …Хагарч эвдэрсэн вакум цонхоо нөхөн төлүүлээгүй байгаа учир цонхоо бүрэн бүтэн болгуулмаар байна. ...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 21-22 х/,

 

3.Гэрч Ш.Ганбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би эхнэрийн хамт баруун салааны Баян-Уулын 1-3 тоот байрлах өвлийн сууцандаа 12 цаг блдж байхад ирэхэд 2 цагдаа түрүүлээд ирсэн байсан. Манай байшингийн ертөнцийн зүгээр зүүн талын вакум цонхыг хагалсан байдалтай байсан. Шинжээчтэй цагдаа нар ирээд хамт дотогш ороод гэрийнхээ эд зүйлийг шалгаж харахад доод өрөөний баруун урд буланд байсан авдар доторх эд зүйлийг бүгдийг нь гаргаж хаяад, гал тогооны өрөөний эд зүйл эмх цэгцгүй, 00-ын өрөөнд ороод харсан чинь гадуур өмсдөг урт пелник доороо дэвсээд дээгүүр нь улаан өнгийн хөнжил нөмөрөөд хоносон юм шиг байсан. Манай хүүхдийн компьютерийн эд зүйлс, боодол 50 шинэ шинэ CD, хар, цэнхэр өнгийн 2 цүнх, вэб камер 1 ширхэг алдагдсан байна. …” гэсэн мэдүүлэг / хх-ийн 26-27 х/

 

4.Гэрч Л.Ишжамцын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Тухайн өдөр өглөө Дариа над руу утсаар залгаад манай хашаанаас нэг залуу 2 цүнх үүрээд гараад явчихлаа танай гэрийн ойролцоо явж байгаа байх та хараад өгөөч гэж хэлсэн. Би гэрээсээ гараад харсан чинь манай гэрээс өнгөрөөд урдхан талд 2 цүнх үүрсэн 18-20 орчим насны залуу ганцаараа алхаад явж байсан. Би буцаагаад Дариа гэх хүн рүү утсаар нь залгаад нөгөө хүн чинь манай гэрийн урд талд явж байна гэж хэлсэн чинь Дариа хүн байвал хамт очоод саатуулж бай би хотын гэрээсээ одоо гарч байна цагдаа дуудсан байгаа гэж хэлсэн. Тэгээд би ой идэвхитэн хамгаалагч Дүгэрээтэй хамт автомашинаа асаагаад нөгөө 2 ширхэг цүнх барисан залуугийн араас  хөөж очиж бумбатын амны рашааны яг доохно талд гүйцэж түрүүлээд урд нь автомашинаараа хашиж зогсоод Дүгэрээ тэр залуу дээр очиж бичиг баримт чинь байна уу гээд шалгаж үзээд нөгөө залуугийн барьж явсан 2 цүнхийг нь онгойлго гээд цахилгааныг нь татаж онгойлгоход компьютерийн хэрэгсэл харагдаж байсан. …Цүнх барьж явсан залууг автомашинтай 2 цагдаа ирээд аваад явсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 х/

 

5.Гэрч Н.Дүгэрсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ …2016 оны 10 дугаар сарын 29-ний өглөө 10 цагийн үед Ишээгийн гэрт орж ирээд сууж байсан чинь Дариа гэгч утсаар залгаад манай гэрээс нэг залуу 2 цүнхтэй эд зүйл аваад танай гэрийн ойролцоо явж байгаа байх саатуулаад байж бай гэж хэлсэн юм шиг байна лээ.  Ишээ бид хоёр портер машинаа асаагаад бумбатын рашаан руу явж байтал замд нэг залуу 2 цүнхтэй  эд зүйл авч байгаа харагдахаар нь араас нь гүйцэж очоод хаанаас хаа хүрч байгаа залуу вэ наад цүнхтэй эд зүйл чинь юу юм бэ гэсэн чинь би гүнтээс өвөөгийндөө очоод явж байна гэж хэлсэн. Би дөхөж очоод цүнхтэй эд зүйлээ харуулдаа гэхэд цахилгаанийг нь татаж харуулахад компьютерийн гар, хар өнгийн утас, залгуур, CD, хэрэгсэл зэрэг эд зүйлс байхаар нь чи түр хүлээж бай чамайг шалгуулна гэхэд ахаа би яараад байна гэж хэлсэн. Удалгүй цагдаа нар ирээд аваад явсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 х/

 

6.Гэрч Б.Нямдаваагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Тухайн өдөр ачит 117 дугаар чиглэлд тус дүүргийн 7,9,24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт авто эргүүлийн үүргийг ахлагч И.Энхбаярын хамт үүрэг гүйцэтгэж явахад тус дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт  09 цаг 30 минутын үед Баян-Уулын амралтын хажууд манайхаас хүн 2 цүнхтэй эд зүйл аваад явчихлаа гэж хүн хэллээ гэсэн ачит 10-аас дуудлага ирүүлснийг дуудлага өгсөн хүн болох Дарьсүрэнтэй утсаар холбогдож, …цүнхтэй эд зүйл аваад явж байсныг харсан гэх хүнтэй утсаар холбогдож асуухад манай гэрээс урагшаа уулын замаар рашааны зүүн талаар явсан гэж хэлсэн. Жолооч Энхбаярын хамт уг дуудлагын дагуу Баян-Уулын амралтын бумбатын рашааны зүүн талаар явж байтал 2 цүнхтэй эд зүйл барьсан нэг залуу түүний хажуу талд портер автомашинтай 2 хүн уулзаад зогсож байсан. Очиж уулзаад энэ юун эд зүйл вэ чамайг хэн гэдэг юм гэхэд намайг Батцэнгэл гэдэг би өчигдөр шар байшинтай айлын цонхыг нь хагалж дотогш орж хоноод өглөө гарахдаа аваад гарсан хулгайн эд зүйл байгаа юм гэж хэлж байсан учир Батцэнгэл гэх залууг дагуулж хэрэг болсон гэх Баян-Уулын 1-3 тоот хаягтай газарт очиж үзэхэд 2 давхар шар өнгийн байшин байсан ба урд талын нэг цонх нь хагарсан байдалтай байсан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 х/

 

7.Шинжээчийн ¹6518 тоот дүгнэлт

1.Шинжилгээнд ирүүлсэн 1,2 дугаартай гарын мөр, Н.Батцэнгэлийн гарын дардас нь шинжилгээнд тэнцэнэ.

2.1 дугаартай гарын мөр нь Н.Батцэнгэлийн баруун гарын ядам хурууны хээтэй тохирч байна. ... Шинжээч, цагдаагийн хошууч Б.Мөнхбат /хх-ийн 38 х/

8.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-10 х/

9.Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 75-76 х/ зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзсэн.

 

Прокуророос Н.Батцэнгэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар буюу бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн болно.

 

Хулгайн эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 14 х/, түр хураан авсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 19 х/, хохирлыг мөнгө хүлээлгэн өгсөн баримт, шүүгдэгч байшинд нэвтрэн орохдоо хагалсан цонхны үнэ 100,000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан баримтууд /хх-ийн 99-101 х/ зэргээр хохирогч өөрийн алдагдсан эд зүйлийг болон гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын мөнгийг бүрэн хүлээн авсан болох нь тогтоогдож байх тул Н.Батцэнгэлийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн.

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 х/-аар Н.Батцэнгэл нь урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй болох нь нотлогдон тогтоогдсон.

 

Н.Батцэнгэл гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Н.Батцэнгэл нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж их биш, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг өөрийн сайн дураар нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзсэн болно.

 

            Н.Батцэнгэлийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад төлөх хохирол, төлбөргүй, нийт 43 хоног цагдан хоригдсон хугацааг тогтоолд дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1.Боржин овогт Нямсүрэнгийн Батцэнгэлийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Н.Батцэнгэлийг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих  ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Н.Батцэнгэлд оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Н.Батцэнгэлд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, нийт 43 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Батцэнгэлд оногдуулсан 02 /хоёр/ жил хорих ялыг тэнсэж, 01  /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал, хүмүүжилд хяналт тавихыг Ховд аймгийн цагдаагийн газарт даалгасугай.

 

6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Батцэнгэлд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.ДАШДОНДОВ